Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 3630

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 13в байр 5 тоотод оршин суух, 1951 онд төрсөн 67 настай, Их монгол овогт Эмээлжигжидийн Намсрай

Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 29 дүгээр байр 6 тоотод оршин суух, Сартуул овогт Дэлгэрийн Мөнхбат

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо Эм би жи мед ХХК

Гэрээний үүрэгт 1.000.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хохиролд 46.000.000 төгрөг, узелийн тусгай картыг гаргуулж, сөрөг шаардлагын үнийн дүнгээр барилгын үнийг бууруулж, барилгын үнийг 4.454.000.000 төгрөг болгох тухай сөрөг шаардлагатай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхтөр, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Намсрайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Э.Намсрай болон түүний хүүхдүүд нь Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны 86 тоот хаягт байршилтай 2829 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2205054885 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр өмчилдөг байсан. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар болж Э.Намсрай өөрийн хүүхдүүдээс зөвшөөрөл, итгэмжлэл, захиран зарцуулах бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Д.Мөнхбатад худалдсан. Э.Намсрай, Д.Мөнхбат нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 4.500.000.000 төгрөгөөр худалдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг шударгаар, зохих ёсоор, бодитой биелүүлхээр харилцан тохиролцож Д.Мөнхбат банкны зээл авангуут төлбөрөө төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Д.Мөнхбат нь Эм би жи мед ХХК-ийн нэр дээр шилжүүлж төлбөрөө бүрэн төлөх саналыг Э.Намсрайд тавьсаны дагуу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж үл хөдлөх хөрөнгийг Эм би жи мед ХХК-ийн нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн. Улмаар Эм би жи мед ХХК нь төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай албан бичгийг нэхэмжлэгч Э.Намсрайд ирүүлж түүний өмнө төлбөрийн үүргийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Д.Мөнхбатаас татгалзаж байна. Хариуцагч Д.Мөнхбат, Эм би жи мед ХХК-наас 1.000.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тодорхой хэмжээний төлөлт хийсэн. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 90.000.000 төгрөг, гэрээ байгуулахад барьцаанд үлдээсэн 50.922.000 төгрөг, барилгын үнэд цувуулж төлсөн 102.609.000 төгрөг нийт 243.531.000 төгрөгийг үнийн дүнгээс хасаж тооцлоо. Иймд хариуцагч Эм би жи мед ХХК-наас 756.469.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул сөрөг нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэв.

 

Хариуцагч Эм би жи мед ХХК, Д.Мөнхбат нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнхбат нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Үйлчилгээний зориулалттай бар худалдах, худалдан авах гэрээг Э.Намсрайтай байгуулсан бөгөөд тус гэрээгээр Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 86 тоот хаягт байршилтай 2829 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг Э.Намсрайгаас худалдан авч, барилгын үнийг банкнаас зээл авсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон. Капитрон банк 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бидэнд зээл олгох шийдвэр гаргасан хэдий ч газрын гэрчилгээ гаралгүй саатсаны улмаас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Капитрон банк зээлийн санхүүжилтээ буцаан татсан юм. Банкнаас зээл авах асуудлыг яаралтай дахин хөөцөлдөж банкнуудад хандсаны үр дүнд 2018 оны 06 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан ба тус зээлийг авахдаа барилга болон барилга доторх эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүдийг хамтад нь үнэлүүлэн байж зээл авах болзлыг хангаж авсан. Банкны үнэлгээгээр барилгын үнэлгээ дангаараа 3,0 тэрбумаас хэтрэхгүй байсан буюу барилгад дангаараа олдох боломжит зээл 2,4 тэрбумаас хэтрэхгүй байсан тул барилга доторхи суурилуулсан эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг давхар үнэлүүлэн зээл авахаас өөр аргагүй байсан. Ингээд банкнаас зээл авсан даруйд 3,5 тэрбум төгрөгийг нэхэмжлэгч Э.Намсрайд төлсөн. Э.Намсрай нь татварт төлөх ёстой байсан Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар болох 90.000.000 төгрөгөө биднээс гаргуулсан ба дараа суутган тооцно гээд мөн төлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлд хөрөнгө борлуулсан этгээд өөрөө хариуцаж төлөхөөр заасан тул нэхэмжлэгч Э.Намсрай тус татварыг бүрэн хариуцах ёстой. Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээг байгуулахын өмнө барьцаа болгож 50.000.000 төгрөгийг Э.Намсрайд бид мөн төлсөн. Бид банкны зээл гартал барилгын үнээс 2018 оны 04 дүгээр сараас эхлэн боломжоороо төлж эхэлсэн ба 2018 оны 04, 05 дугаар сард 62.609.000 төгрөгийг төлсөн. Банкнаас зээл авсаны дараа 3,5 тэрбумыг нэхэмжлэгчид өгснөөс хойш барилгын үлдэгдэл төлбөрийг бид үйл ажиллагааны орлого, санхүүгийн байдлаа харгалзан сар бүр 20.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж, 4 жилийн дотор төлж дуусгах саналыг нэхэмжлэгч талд тавьсан боловч бидэнд тодорхой хариу өгөлгүйгээр шүүхэд ханджээ. Санал тавьснаас хойш бид нэхэмжлэгч Э.Намсрайд саналынхаа дагуу 2 сарын хугацаанд сар тутам 20.000.000 төгрөг буюу нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Сар бүр төлсөн 20.000.000 төгрөгийг ямар нэг маргаангүйгээр хүлээн авч байсан. Нөхцөл байдал ийм байхад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж нэхэмжлэлийн үнийн дүнг 1.000.000.000 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг хариуцагч бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Намсрайн өмнөөс дараа суутгахаар төлсөн, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар болох 90.000.000 төгрөг, гэрээ байгуулахад барьцаа хэмээн төлүүлсэн 50.000.000 төгрөг, барилгын үнээс цувуулан төлсөн 102.609.000 төгрөг, нийт 242.609.000 төгрөгийг нэхэмжлэгч хасч тооцоогүй байна. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс дээрх төлбөрийг хасч тооцвол барилгын үнийн үлдэгдэл 757.391.000 төгрөг байна. Бидний зүгээс 757.391.000 төгрөгийг сар бүр 20.000.000 төгрөгөөр төлөлт хийж 4 жилийн дотор багтаан төлж дуусгах саналтай гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Намсрай нь хариуцагч Д.Мөнхбат, Эм би жи мед ХХК-нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 1.000.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Эм би жи мед ХХК нь нэхэмжлэгч Э.Намсрайд холбогдох хохиролд 46.000.000 төгрөг, узелийн тусгай картыг гаргуулж, сөрөг шаардлагын үнийн дүнгээр барилгын үнийг бууруулж, барилгын үнийг 4.454.000.000 төгрөг болгох тухай сөрөг шаардлагыг тус тус гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагч Д.Мөнхбатаас татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж хариуцагч Эм би жи мед ХХК-наас 756.469.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Э.Намсрай, хариуцагч Д.Мөнхбат нар нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол ЭТӨЧ гудамж, 86 тоот хаягт байршилтай 2829 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 827 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар эзэмших эрхийг 3.000.000 төгрөгөөр үнэлж нийт үнэ 4.500.000.000. төгрөгөөр худалдахаар тохиролцож Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын Улаанбаатар хөрөнгө зууч ХХК-иар зуучлуулж нэхэмжлэгч Э.Намсрай, МБС мед ХХК-ийн захирал Д.Мөнхбат, Монгол хюндай эмнэлгийн дарга Д.Баасанжав нар Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол ЭТӨЧ 86-д байрлах 2829 мкв талбай бүхий 6 давхар объектыг барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 5 жилийн хугацаатай түрээсээр эзэмших, сарын түрээсийн төлбөрт 50.922.000 төгрөг төлөхөөр тохиролцон түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байхдаа хариуцагч Д.Мөнхбат, Э.Намсрай нар уг объектыг 4.500.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Эм би жи мед ХХК нь шилжүүлэн авсан байна.

Хариуцагч Эм би жи мед ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Э.Намсрайд Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол ЭТӨЧ гудамж 86 тоот хаягт байрлах 000573742 гэрчилгээний дугаартай Ү-2205054885 бүртгэлийн дугаартай 2892 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 4.500.000.000 төгрөгийг компани бүрэн хариуцаж төлөх тухай албан бичгийг хүргүүлж, энэ өдрөө Э.Намсрай нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх хөрөнгийг Д.Мөнхбат нь Эм би жи мед ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд тавьсан хоригийг цуцлах өргөдөл гаргасан байна.

Эм би жи мед ХХК нь гэмтэл согог, сэргээн засах, ерөнхий мэс засал дотор, нүүр амны мэс заслын чиглэлээр уг объектод үйл ажиллагаа явуулдаг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болно.

Дээрх үйл баримтад талууд маргаагүй байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар 90.000.000 төгрөг, гэрээ байгуулахад барьцаа хэмээн төлүүлсэн 50.000.000 төгрөг, барилгын үнээс цувуулан төлсөн 102.609.000 төгрөг, нийт 242.609.000 төгрөгийг нэхэмжлэгч хасч тооцоогүй. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс дээрх төлбөрийг хасч тооцвол барилгын үнийн үлдэгдэл 757.391.000 төгрөг-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбарласан байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүн 1.000.000.000 төгрөгнөөс дээрх үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар 90.000.000 төгрөг, барьцаа 50.922.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 102.609.000 төгрөг нийт 243.531.000 төгрөгийг хасч тооцон 756.469.000 төгрөг нэхэмжилсэн тул энэ үнийн дүнг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Эм би жи мед ХХК нь нэхэмжлэгч Э.Намсрайд холбогдуулж хохиролд 46.000.000 төгрөг, узелийн тусгай картыг гаргуулж, сөрөг шаардлагын үнийн дүнгээр барилгын үнийг бууруулж, барилгын үнийг 4.454.000.000 төгрөг болгох тухай сөрөг шаардлагыг гаргасан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр сөрөг нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Эм би жи мед ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгаланд энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагч Д.Мөнхбатаас татгалзсан болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Эм би жи мед ХХК-наас 756.469.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Намсрайд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.157.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эм би жи мед ХХК-наас 3.940.295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Намсрайд олгосугай.

3. Нэхэмжлэгч Э.Намсрайд холбогдох 46.000.000 төгрөг, узелийн тусгай картыг гаргуулж, сөрөг шаардлагын үнийн дүнгээр барилгын үнийг бууруулж, барилгын үнийг 4.454.000.000 төгрөг болгох тухай хариуцагч Эм би жи мед ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг буцаасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д зааснаар хариуцагч Эм би жи мед ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагч Д.Мөнхбатаас татгалзсан болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА