Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 3631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Сүхбаатарын талбай 5 хаягт байрлах Голомт банк ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Харанга төв 2 давхарт байрлах Эрүүл мах ХХК

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо бэтүб хийд байр 8/4-4 тоотод оршин суух, 1978 онд төрсөн 40 настай, Боржигин овогт Энхтайваны Гантулга

Гэрээний үүргийн биелэлтэд 246.635.295.30 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Хишигдаваа, хариуцагч Эрүүл мах ХХК-ийн захирал Д.Цэрэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигдаваа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүл мах ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ1105110532 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 250.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй 42 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ 1105110532 тоот ипотекийн гэрээгээр дараахь хөрөнгийг барьцаалсан. Үүнд Э.Гантулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017940 дугаартай Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат Бакула ренбүчигийн гудамжны 8/4 тоот хаягтай 286 мкв талбайтай 2, 3 давхар үйлчилгээний зориулалттай, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БДГ1105110532тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дуусах боловч 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 677 хоногийн хугацаа хэтрэлт үүссэн бөгөөд үндсэн зээлд 235.085.046.32 төгрөг, үндсэн хүү 9.680.351.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.869.897.62 төгрөг нийт 246.635.295.30 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний 4.2.1 болон 4.2.4-т заасныг үндэслэн банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүл мах ХХК нь эхлээд үндсэн зээлээ төлөх ёстой гэж байгаа боловч журмандаа зээлийн хугацаа дуусаагүй бол үндсэн зээл, үндсэн хүү, торгуулийн хүү авах ёстой байдаг. Иймд хариуцагч Эрүүл мах ХХК-наас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.635.295.30 төгрөг гаргуулж, Э.Гантулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017940 дугаартай Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат Бакула ренбүчигийн гудамжны 8/4 тоот хаягтай 286 мкв талбайтай 2, 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Эрүүл мах ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Д.Цэрэндорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүл мах ХХК нь төсөл бичиж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өгсөн. Төсөл дэмжигдэн Голомт банк ХХК нь зээл олгох шийдвэрийг 2015 онд гаргасан. Банк зээл олгох гэсээр янз бүрийн бичиг баримт хөөцөлдсөөр 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл мах ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Данснаас бид зээлийн мөнгийг дураараа авдаггүй. Голомт банк хяналт тавьдаг байсан. Тухайлбал барилгын зоорь угсралтын ажил хийх, барилга дээр ажилласан байгууллагын мөнгө өгөх гэж байна гэх мэтээр заавал нотлох баримтаа үзүүлэн санхүүжилтээ авдаг байсан. Зээл намар орой олгогдсоноос төлөвлөж байсан бүх ажил хийгдэж боломжгүй болсон. Хэрвээ эрт олгогдсон бол ядаж л барилгаа төлөвлөсөн хугацаанд оруулж, цааш үйл ажиллагаа явагдаж, түүнээсээ зээлээ төлөөд, ашиг хүртээд явах бүрэн боломж байсан. Барилгын ажилд 170.000.000 орчим төгрөг орсон. Өвөл болж барилгын ажил зогссон. Банкнаас зээл авсан болохоор төлөх нь тодорхой. Манайх хувцас оруулж ирсэн, ангилан ялгалт хийгдэж байна. Эдгээр хувцасыг зарж зээлээ төлнө. Зээлийн үүрэгт 69.935.493 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 14.914.953.68 төгрөг төлсөн. Эхний жил график төлөлтөөр 22.561.649 төгрөг төлсөн. Би хүмүүсээс асуухад эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг авдаг гэсэн. Гэтэл Голомт банк 33.458.896 төгрөгийг дандаа хүүнд авсан байдаг. Миний тооцсоноор эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг тооцож авах ёстой гэж үзээд үндсэн зээлээс хасагдсан бол 202.626.150 төгрөг үлдсэн байх ёстой. Хүүнд төлөгдсөн 33.458.896 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Э.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрүүл мах ХХК нь ЖДҮХ сангийн зориулалатаар 250.000.000 төгрөгийн зээл авч, уг зээлээр миний эзэмшлийн газар дээр махны үйлдвэр барих байсан. Зээлдэгч Эрүүл мах ХХК нь Хөдөө аж ахуйн яаманд материал өгч, зээл олгох шийдвэр хавар гарсан боловч банк зээл авах гэж байгаа Эрүүл мах ХХК-ний 50 хувийг намайг эзэмш тэгвэл зээл олгоно гэсний дагуу компаний гишүүнээр банкны шаардлагын дагуу оруулсан. Хэсэг хугацааны дараа банк 40 хувь болгож өөрчил гэсний дагуу дахин өөрчлөлт хийлгэсэн гэх мэтээр бичиг цаастай зууралдсаар мөн зээл судалж байна гэх шалтгаанаар цаг хугацаа алдсаар хүйтний улирал болж тэр жилдээ барилгын сууриа тавиад, бусад ажлаа хийж чадаагүй. Энэхүү барилга болон ажлын хөлс 100.000.000 орчим төгрөг болсон бөгөөд үлдсэн мөнгийг Ц.Цэрэндорж аван захиран зарцуулсан. Дараа жил нь барилга үргэлжлүүлэн барих гэсэн боловч мөнгө байхгүй гэх шалтгаанаар барилга бариагүй. Зээл төлөлт хийж байгаа л гэж байснаас ийм хэмжээнд орсон гэдгийг би мэдээгүй. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Голомт банкны 1105110350 тоот данснаас Голомт банк ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад 11.900.000 төгрөгийг татан авч зээл төлөлт хийсэн. Хэдийгээр банкны санаачлагаар Эрүүл мах ХХК-ний хувьцаа эзэмшигч болсон ч гэсэн миний данснаас банк өөрийн дураар авирлаж 11.900.000 төгрөгийг авч болохгүй л байсан. Тухайн үед зээлийг эрт олгосон бол Эрүүл мах ХХК-ний төлөвлөсөн ажил бүрэн хийгдэх боломжтой байсан. Миний хувьд газар дээрээ барилга бариулж, тодорхой хэмжээний ашиг хүртэх зорилготой байсан бөгөөд барилга нь баригдахаар барьцаа хөрөнгөө сольж гэрээ хийнэ гэж Д.Цэрэндоржтой ярилцан барьцааны гэрээнд өөрийн эд хөрөнгийг барьцаалсан. Миний хувьд банкнаас зээл аваад зээл төлөх нь үүрэг гэдгийг маш сайн ойлгож байна. Банк гэрээнд дурьдсанаар зээлийг гэрээг цуцлах нь хууль зүйн үндэслэлтэй боловч гэрээ цуцлахгүйгээр Эрүүл мах ХХК гэрээнд заасан хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зээл төлөх боломж олгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Эрүүл мах ХХК, Э.Гантулга нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 246.635.295.30 төгрөг гаргуулж, Э.Гантулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017940 дугаартай Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат Бакула ренбүчигийн гудамжны 8/4 тоот хаягтай 286 мкв талбайтай 2, 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

Зохигчийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 250.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй 42 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд Э.Гантулгын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат /15171/ Бакула ренбүчигийн гудамжны 8/4 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 286 мкв талбайтай 2, 3 дугаар давхарыг барьцаалж, Э.Гантулга нь гэрээний үүргийг тогтоосон хугацаанд бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцах үүрэг хүлээж Батлан даалтын гэрээ тус тус байгуулсан болох нь зээл болон ипотек, батлан даалтын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээл болон ипотек, батлан даалтын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч Голомт банк Хас банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Зээлийн гэрээний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Эрүүл мах ХХК-ийн зээлийн дансанд 250.000.000 төгрөгийн гүйлгээ буюу зээл олгох ажиллагаа хийгдсэн байна.

Хариуцагч Эрүүл мах ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийг хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.1.1-д зээл, зээлийн хүүний төлбөрийг хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчсөн буруутай байна.

Хариуцагч Эрүүл мах ХХК нь гэрээний үүрэгт төлсөн 69.935.493 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэж тайлбарласан боловч гэрээний 3.1.2 банк тухайн нөхцөлд өөрөөр шийдсэнээс бусад тохиолдолд зээлдэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй, 3.1.3 зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хавсралт №1-д дурьдсан графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж гэрээгээр тохирсон тул түүний хугацаа хэтрүүлж төлсөн төлбөрийг үндсэн зээлд тооцон хасах боломжгүй байна.

Хариуцагч Э.Гантулга нь шүүхэд шүүхийн шийдвэр гараагүй байхад данснаас мөнгө татан авч зээл төлөлт хийсэн, өөрийн дураар авирласан гэх тайлбарыг ирүүлсэн боловч Батлан даалтын гэрээгээрзээлдэгч Эрүүл мах ХХК-ийг нийт 250.000.000 төгрөгийн зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцах үүргийг хүлээсэн байх тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Эрүүл мах ХХК-наас гэрээний үүрэгт 246.635.295.30 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгож, барьцаа хөрөнгө Э.Гантулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017940 дугаартай Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат Бакула ренбүчигийн гудамжны 8/4 тоот хаягтай 286 мкв талбайтай 2, 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч Э.Гантулгын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, түүнд энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Эрүүл мах ХХК-наас 246.635.295.30 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Гантулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017940 дугаартай Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат Бакула ренбүчигийн гудамжны 8/4 тоот хаягтай 286 мкв талбайтай 2, 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.461.326.48 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мах ХХК-наас 1.391.126.48 төгрөг, хариуцагч Э.Гантулгаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА