| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/04038/и |
| Дугаар | 3632 |
| Огноо | 2018-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 3632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Скайтел плаза 3 дугаар давхар Скаймедиа корпораци ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Зүүн Ард Аюуш 6 дугаар гудамж 169 тоотод оршин суух, 1978 онд төрсөн 40 настай, Их Монгол овогт Наранбаатарын Бадрал
Үйлчилгээний төлбөрт 77.764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх, хариуцагч Н.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Г.Батмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Бадрал нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17534 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг Скаймедиа Корпораци ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Н.Бадрал нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.1-д заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тасалбар болгон Скаймедиа Корпораци ХХК-иас зогсоосон. Гэсэн хэдий ч 2015 оны 5, 6 сарын үйлчилгээний төлбөр болох 74.264 төгрөгийг төлж барагдуулаагүй. Түүнтэй 2016 онд утсаар ярьж төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Хариуцагч нь түрээсийн байранд амьдарч байгаад нүүсэн бол Скаймедиа Корпораци ХХК дээр биечлэн очиж гэрээг цуцлах үүрэгтэй байсан. Энэ хүний нэр дээр суурь хураамж гараад яваад байгаа. Гурвалсан үйлчилгээний төлбөрт 74.264 төгрөг гарсан. Холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд 3.500 төгрөгний зардал гарсан. Н.Бадрал түрээсийн байранд амьдарч байсан, тэндээс нүүсэн талаар холбогдох баримтууд хэрэгт байхгүй. Хариуцагч өөрийн татгалзалын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Бадрал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Бадрал миний бие 2013 оны 10 дугаар сард 3 дугаар хороололд байрлах Очир хотхоны 93 тоот орон сууцыг иргэн Сайханаа гэгч эмэгтэйгээс 1 жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцож 1 жилийн төлбөр болох 7.200.000 төгрөг төлөөд тухайн байрыг түрээслэсэн. Түрээслэсэн байр нь кабелийн телевизгүй байсан тул Скаймедиа компанитай гэрээ байгуулан кабелийн телевизийн эрх авч сар болгон 50.000-80.000 төгрөгийн төлбөр тооцоог гаргаж тухай бүр нь төлж байсан. Миний бие 2014 оны 05 дугаар сарын 01-нд тус байрнаас гарч өөр газар луу нүүхээр болсон тул түрээслэгч н.Сайханаатай ярьж төлбөр тооцоог дуусган байр хүлээлгэж өгсөн. Түрээсийн байрнаас нүүснээс хойш 2 жилийн дараа буюу 2016 онд Скаймедиа ХХК-наас ярьж та төлбөрөө төл гэхэд нь би түрээсийн байранд амьдарч байснаа хэлсэн. Энэ төлбөр нь намайг байрнаас нүүснээс хойш 2015 оны 5, 6 сарын төлбөр тул надад хамаагүй. Гэхдээ гэрээг цуцлаагүй нь миний буруу юм бол тал мөнгө 40.000 төгрөгийг төлөх саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК нь хариуцагч Н.Бадралд холбогдох үйлчилгээний төлбөр 74.264 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг нийт 77.764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Бадрал нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Скаймедиа корпораци ХХК-тай скаймедиа үйлчилгээний гэрээ /өрх/ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар нотлогдож байна.
Скаймедиа үйлчилгээний гэрээ /өрх/ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Н.Бадрал нь скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, 2015 оны 5, 6 сарын үйлчилгээний төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн нэхэмжлэх гэсэн баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагч нь байр түрээслэн амьдарч байсан, энэ хугацаанд түрээсийн байрнаас нүүсэн тул төлөхгүй гэж маргадаг боловч тэрээр үйлчилгээ авах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан, гэрээ цуцлах хүсэлт гаргаагүй, гэрээ хүчин төгөлдөр, тайлбарыг нотолсон баримтгүй байна.
Гэрээний 3.2.1-т зааснаар хэрэглэгч нь тухайн сард ашигласан үйлчигээний төлбөрөө дараа сарын 7-24-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байх тул түүнээс үйлчилгээний төлбөр 74.264 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь нотариатын зардал 3.500 төгрөг нэхэмжилсэн боловч нотолсон баримтгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд хариуцагч Н.Бадралаас 74.264 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК-нд олгож, үлдэх 3.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Н.Бадралаас74.264 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК-нд олгож, үлдэх 3.500 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Бадралаас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА