Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 3714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоотод оршин суух, 1976 онд төрсөн 42 настай, Булгадар овогт Цэрэнгийн Мөнхтуяа

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоотод оршин суух, 1995 онд төрсөн 23 настай, Булгадар овогт Мөнхтуяагийн Түвшинсайхан

Хариуцагч: Баянгол дүүргийн тойргийн 45 дугаартай нотариатч Саргажин овогт Батжаргалын Мөнхзул.

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Хас банк ХХК

2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, итгэмжлэлийг үндэслэн Л.Дондовсамба, Хас банк ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Хас банк ХХК-нд даалгах нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Мөнхтуяа, өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагч Б.Мөнхзул, Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, Э.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Мөнхтуяа миний бие хүү М.Түвшинсайханы хамт Баянгол дүүрэг 19 дүгээр хороо хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг өмчилдөг. Орон сууцыг А.Батбаатарт 15.000.000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Мөнхзул дээр очиж А.Батбаатарын заавраар Л.Дондовсамбад итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэл хийх үед Л.Дондовсамба ирээгүй. А.Батбаатар нь Дагвааг дагуулж ирсэн, нотариатч үүнийг мэдсэн мөртлөө Л.Дондовсамбыг байлцуулалгүй итгэмжлэл хийсэн. Л.Дондовсамбын гарын үсэг зурах хэсэгт би гарын үсэг зурсан. Завхан аймгийн Хас банкны салбараас А.Батбаатар, Л.Дондовсамба нар 40.000.000 төгрөгийн зээл авсанг дараа нь мэдсэн. Энэ хүмүүст 15.000.000 төгрөгний зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос 40.000.000 төгрөгийн барьцаанд орон сууцыг барьцаалахыг зөвшөөрөөгүй. Мөн итгэмжлэлд 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж болно гэж заагаагүй байхад байрыг хэт өндөр зээлийн төлбөрт барьцаалсан. Итгэмжлэлд зээлийн үнийн дүнг заах, заахгүй байхын үр дагаврыг надад тайлбарлаж өгөөгүй. Мөн итгэмжлэлд зээлийн үнийн дүнг тодорхой тусгуулаагүйн улмаас хэт өндөр зээлийн төлбөрт байрыг барьцаалахад хүргэсэн. Нотариатын тухай хуулийн 19.3-т иргэн хуулийн этгээдээс эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалахад нь үйлчлэх тэдний эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаварыг урьдчилан сануулж зөвлөгөө өгөх, 19.4-т нотариатаар гэрчлүүлэх баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянах чиг үүрэг, ХЗДХС-ын 2003 оны 216 дугаар тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 4.2.1-т заасны дагуу итгэмжлэлд түүнийг олгогчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэгдсэн этгээдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, ямар тодорхой үйлдэл хийх эрх олгож байгаа зэргийг дэлгэрэнгүй бичнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй. Иймд 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн итгэмжлэл, түүнийг батлах үйл ажиллагаа нь Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй, хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байна. Бид Л.Дондовсамбад орон сууцыг 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих эрх олгоогүй, итгэмжлэлд тэгж заагаагүй байхад Л.Дондовсамба нь Хас банк ХХК-тай төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. Хас банк ХХК нь итгэмжлэлийн агуулга, хэлбэр түүнд төлөөлүүлэгчийн хүсэл зориг хэрхэн илэрч байгааг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдлэх эрхийг нарийвчлан шалгаж зээл олгох ёстой байтал барьцаагаар хангагдах зээлийн хэмжээ нь тодорхой бус итгэмжлэлд үндэслэн миний орон сууцыг 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан нь төлөөлүүлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл Хас банк ХХК нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх бүрэн боломжтой атал Л.Дондовсамбатай баталгаат ипотекийн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 69.2, 56.1.1, 56.1.8-т заасны дагуу баталгаат ипотекийн гэрээг хүчингүй болгох нэг үндэслэл нь юм. Баталгаат ипотекийн гэрээний 4.2.1-т үндсэн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл банкны зөвшөөрөлгүй барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, бусад байдлаар шилжүүлэх, давхар барьцаалуулах зориулалтын бусаар ашиглах эрхгүй гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг зөрчиж байх тул Иргэний хуулийн 171.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Мөн ипотекийн гэрээнд төлөөлүүлэгчийн нэр, оршин суугаа газрыг заагаагүй байх тул баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Завхан аймгийн сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 тоот шийдвэрээр Л.Дондовсамба, А.Батбаатар нараас 52.774.228 төгрөг гаргуулж Хас банкны Завхан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт заагаагүй тул шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 тоот шийдвэрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож зогсоосон. Өөрөөр хэлбэл Л.Дондовсамбын Хас банктай байгуулсан 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхэд саад болох үндэслэлгүй гэж үзэж байна. Үүний дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тогтоолоор төлбөр төлөгч А.Батбаатар, Л.Дондовсамба нарын оршин суугаа хаяг, түүний өмчлөлийн хөрөнгийг олж тогтоохыг эрэн сурвалжлах ажиллагаа хариуцсан ажилтанд даалгасан. Мөн ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албанаас Ц.Мөнхтуяа надад ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4/1566 тоот албан бичигт төлбөр төлөгч Л.Дондовсамба, А.Батбаатар нарын зээлийн үүрэгт барьцаалсан таны дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02158 шийдвэрээр хүчингүйд тооцсон тул төлбөр төлөгчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосон гэж заасан. Мөн Л.Дондовсамба банкаас зээл авсны дараа 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зээл төлж барагдуулах баталгаа гаргасан бөгөөд уг бичигтээ миний бие Л.Дондовсамба нь иргэн Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нарын Баянгол дүүрэг 19 дүгээр хороо хд 84 дүгээр байр 5 тоот 2 өрөө байрыг 2013 оны 04 дүгээр сарын 03-нд итгэмжлэхээр 1-3 жилийн хугацаатай төлж барагдуулахаар Хас банкны 40.000.000 төгрөгийг зээлд тавьсан. Зээлийг өөрийн биеэр бүрэн төлж барагдуулахаа батламжилж байна гэсэн. Иймд Хас банк ХХК, Л.Дондовсамба, А.Батбаатар нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний төлбөрийг барьцаа хөрөнгөөр бус Л.Дондовсамба, А.Батбаатар нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Л.Дондовсамба зээлээ төлөх бичиг хийж өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй, Л.Дондовсамба хаягтаа байхгүй түүнийг шийдвэр гүйцэтгэлийн газраас эрэн сурвалжилж байгаа. Дээрхи үндэслэлээр М.Түвшинсайхан бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хас банк ХХК-нд бидний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн. Иймд 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн итгэмжлэл нь Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тул 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Л.Дондовсамба, Хас банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Хас банк ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Мөнхзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нотариатч Б.Мөнхзул би 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нараас Л.Дондовсамбад өөрсдийн 2 хүний өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот 48 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах, лавлагаа авах зэрэг эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчилсэн. Итгэмжлэлийг гэрчлэхэд Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дахь хэсгийг үндэслэж нотариатын үйлдэл хийдэг. Нотариатч итгэмжлэлийг гэрчлэхэд төлөөлүүлэгчийг заавал биеэр байлцуулах бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасны дагуу Ц.Мөнхтуяа итгэмжлэлд гарын үсэг зурсан байна. Итгэмжлэл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл. Орон сууцны хамтран өмчлөгч нь насанд хүрээгүй этгээд байсан тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар М.Түвшинсайханы эх Ц.Мөнхтуяа төлөөлж гарын үсэг зурсан. Итгэмжлэлийг гэрчлэхэд зөвхөн төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг нотариатч гэрчилдэг бөгөөд төлөөлөгч биеэр байлцах шаардлагагүй, төлөөлөгч итгэмжлэлийг хүлээн авснаар эрхээ хэрэгжүүлэх эсэхээ өөрөө шийддэг, эрхээ хэрэгжүүлснээр үүсэх үр дагавар нь төлөөлүүлэгчид бий болдог. Төлөөлүүлэгч хаана амьдарч байгаа, гадаадад ч амьдарч байж болох хэнээр ч төлөөлүүлж эрхээ хэрэгжүүлж болох бөгөөд энэ нь төлөөлүүлэгчийн өөрийн сонголт учир нотариатч хэнд ямар эрхээ өгч байгаад нь хязгаарлалт тавьж болохгүй. Нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдэд нотариатч үйлдлийн үр дагаврыг тухай бүрд нь тайлбарлаж өгдөг. Ц.Мөнхтуяа итгэмжлэлийг зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлж итгэмжлэлийг гэрчлүүлсэн байх бөгөөд энэ нь өөрийнх нь гарын үсгээ зурж зөвшөөрсний дагуу хаанаас ч хэдэн ч төгрөгийн зээл авах боломжтой байхаар эрхээ өгсөн байна. Итгэмжлэлд орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах лавлагаа авах гэж төлөөлүүлэгчийн эрхийг тодорхой бичсэн байна. М.Түвшинсайхан нь Ц.Мөнхтуяагийн өөрийг нь төлөөлөн эрх олгосон үйлдлийг хууль бус гэж үзэж байвал Ц.Мөнхтуяагаас нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэл дараах шаардлагыг хангасан байвал зохино гээд 64.2.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх гэсний дагуу итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаж итгэмжлэлийг гэрчилсэн. Хуулинд төлөөлөгч төлөөлүүлэгч хоёулаа заавал биеэр байлцаж итгэмжлэлийг гэрчлүүлэх тухай заагаагүй. Итгэмжлэл үйлдэхэд төлөөлөгч заавал биеэр нотариатч дээр ирэх шаардлагагүй, төлөөлүүлэгч хаана байгаа, хэнээр ч төлөөлүүлэх эрхтэй. Итгэмжлэл нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлж эрхээ олгож байгаа баримт болохоос талууд биеэр байлцаж хийгддэг гэрээ биш. Гэрээ гэрчлэхэд тавигдах шаардлага итгэмжлэл гэрчлэхэд хамаарахгүй. Итгэмжлэлд үнийн дүнг тодорхой заах гэдгийг тайлбарлаж өгөөгүй гэж байна. Итгэмжлэл хийхдээ төлөөлүүлэгчээс барьцаалбарыг хэдэн төгрөгийг барьцаанд тавих, ямар банкнаас зээл авч байгаа вэ гэдгийг заавал асуудаг. Тэр бол зуршил болсон зүйл. Хэрвээ энэ хүн итгэмжлэлдээ орон сууцаа 15.000.000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрч байна, ийм эрхийг өгнө гэж байхад нь нотариатч тийм юм байдаггүй юм гэсэн утгатай зүйл тайлбартаа бичсэн байна лээ. Хүнийг тэгж гүтгэж болохгүй. 15.000.000 төгрөгийн барьцаанд тавина гэж байхад нь би тийм юм байхгүй чи зөвхөн зээлийн барьцаанд тавина гэж бич гэж хэлэхгүй. Тэгээд ч итгэмжлэлд заавал зээлийн хэмжээг тавих хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл нотариатч заавал зээлийн хэмжээ, банкыг бич гэж шаардахгүй. Ц.Мөнхтуяагийн бичсэн итгэмжлэлийг л гэрчилсэн. Нэхэмжлэгч тал Нотариатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4-т зааснаар нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаварыг сануулж, зөвлөгөө өгөх, ямар тодорхой үйлдэл хийх эрх олгож байгааг дэлгэрэнгүй бичнэ гэдгийг хэрэгжүүлээгүйгээс бидний эрх ашиг зөрчигдөж байна гэсэн. Гэтэл Нотариатын тухай хуулийн 19.3, 19.4 гэсэн заалт байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр хаяг, итгэмжлэл олгосон он сар өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ гэж заасан. Энэ итгэмжлэлээр орон сууцыг барьцаалуулах эрхийг олгосон. Тодорхой бичнэ гэдэг нь энэ орон сууцыг барьцаалах юм уу, худалдах юм уу, бэлэглэх юм уу гэдгийг тодорхой бичнэ гэж байгаа болохоос биш барьцаалах гэдэг дээр заавал тэдэн төгрөгт барьцаална гэж бичсэнээр тодорхой болохгүй. Зээлийн барьцаанд тавихад энэ хүн төлөөлж өмнөөс чинь гэрээ байгуулна, гэрээнд гарын үсэг зурна гэдгийг тодорхой тайлбарлаж өгсөн. Итгэмжлэлээ өөрийн сайн дурын үндсэн дээр үйлдээд гарын үсэг зурж гэрчлүүлсэн. Барьцаалбар үйлдэх эрхийг олгосон нь итгэмжлэлд Барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах гээд шууд утгаар маш ойлгомжтой тусгаж эрхээ өгсөн байгаагаар нэхэмжлэлийн шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Хас банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, Э.Мөнх-Эрдэнэ нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Түвшинсайхан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би 2013 онд 17 настай насанд хүрээгүй байхад ээж Л.Дондовсамба гэх хүнд миний зөвшөөрөлгүйгээр итгэмжлэл олгосноос болж эрх ашиг зөрчигдөж байна. Итгэмжлэл хийхдээ миний зөвшөөрлийг заавал авсан байх ёстой гэдэг үндэслэлийг тавьдаг. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдийг түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлөх бөгөөд итгэмжлэлд гэр бүлийн гишүүн болох М.Түвшинсайханыг төлөөлж түүүний эх Ц.Мөнхтуяа итгэмжлэл олгож, үйлдэл хийхийг зөвшөөрсөн нь М.Түвшинсайханы зөвшөөрлийг бичгээр авсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэхээргүй байна. Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нар нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот хаягт байршилтай 48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг Л.Дондовсамбад олгосны дагуу банк Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нарын нэрийн өмнөөс төлөөлөгч Л.Дондовсамбатай 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1690001118-1 тоот баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нараас олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан бөгөөд хөрөнгийн өмчлөгч буюу төлөөлүүлэгч нар нь итгэмжлэлд гарын үсэг зурж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3 дахь заалтад заасны дагуу өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр илэрхийлж Л.Дондовсамбад дээр дурьдсан бүрэн эрхийг олгож нотариатаар гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл хуульд заасан зохих журмын дагуу хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр Л.Дондовсамбад бүрэн эрх олгогдсон байх тул түүнийг бүрэн эрхгүй этгээд гэж үзэн, бүрэн эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл хийснээ мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй юм. Барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээгээр зөвхөн Ц.Мөнхтуяагийн орон сууцыг барьцаалаагүй. Үүнээс гадна дахиад 2 хөрөнгө барьцаалсан тул гуравдагч этгээдийн өмнөөс гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд талууд нотариатаар хүсвэл гэрчлүүлж болно. Хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд заавал тухайн орон нутгийн нотариатаар гэрчлүүлэх ёстой гэх хууль зүйн шаардлага байхгүй. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа Л.Дондовсамба нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хас банк ХХК-иас авсан зээл болох 40.000.000 төгрөгийг гаргаж өгнө гэж баталгаа бичиж өгсөн талаар тайлбарладаг. Үүнээс харвал Ц.Мөнхтуяа итгэмжлэл олгосны дараа орон сууцыг 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг мэдэж байсан. Банкны зүгээс хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн орон сууцыг 40.000.000 төгрөгийн барьцаанд банкинд тавьсныг мэдэж байсан мөртлөө өнөөдөр мэдэж байгаа юм шиг тайлбарлаж байна. Банк итгэмжлэлийг үндэслэн Ц.Мөнхтуяагийн өмнөөс Л.Дондовсамбатай гэрээ байгуулсан. Итгэмжлэлд зээлийн барьцаанд тухайн орон сууцыг тавих эрхийг олгож байна, барьцаалбар үйлдэх, барьцааны гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах гэж заасан учраас бүрэн эрх олгогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг баримталж нэхэмжлэл гаргадаг. Энэ нь хоёр тусдаа ойлголттой, хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг иш татаад байна. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл эсхүл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үндсэндээ 4 үндэслэлийг иш татаж нэхэмжлэл гаргаад байгаа хэрнээ яг аль үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх барьцааны эрхийг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа мөртлөө яагаад Иргэний хуулийн 153, 160 дугаар зүйл дээр очиж нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүд хэрвээ байвал барьцааны эрх дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэй. Эдгээр заалтын алинд нь хамаарч байна гэхээр алинд нь хамаарч байгааг өмгөөлөгч нь хэлж чадахгүй байна. Үндсэн үүрэг дуусгавар болоогүй байхад барьцааны эрх яаж дуусгавар болохыг нэхэмжлэгч талаас өөрөө гаргаж ирж хэлдэггүй учраас барьцааны эрх дуусгавар болгох барьцааны эрхээс чөлөөлөх үндэслэл бүрдэхгүй байна. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй гэж заасан. Нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргадаг. Энэ тохиолдолд бүрэн эрхгүй этгээд Л.Дондовсамба нь хариуцахгүй юм бол Ц.Мөнхтуяа өөрөө хариуцах юм биш үү гэсэн хууль зүйн үндэслэл байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нар нь хариуцагч Баянгол дүүргийн тойргийн 45 дугаартай нотариатч Б.Мөнхзул, Хас банк ХХК-нд холбогдох 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, итгэмжлэлийг үндэслэн Л.Дондовсамба, Хас банк ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Хас банк ХХК-нд даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нар нь 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байрны 5 тоот хаягт байрлах Ү-2205031543 улсын бүртгэлийн дугаар бүхий 48 мкв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг Завхан аймаг Улиастай 2 дугаар баг Жаргалант нарлаг энгэр 4-17 тоотод оршин суух Лувсанцэрэнгийн Дондовсамбад 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна.

Итгэмжлэл хийх үед М.Түвшинсайхан 17 нас 5 сар 8 хоногтой байсан ба Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар түүний эх Ц.Мөнхтуяа итгэмжлэлд төлөөлж гарын үсэг зурсан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь орон сууцыг 15.000.000 төгрөгний зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос 40.000.000 төгрөгийн барьцаанд барьцаалахыг зөвшөөрөөгүй. Итгэмжлэлд зээлийн үнийн дүнг заах, заахгүй байхын үр дагаврыг нотариатч надад тайлбарлаж өгөөгүй

хариуцагч Б.Мөнхзул итгэмжлэлд төлөөлүүлэгч Ц.Мөнхтуяа өөрийн болон насанд хүрээгүй хүүхэд М.Түвшинсайханы өмнөөс гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлж итгэмжлэлийг гэрчлүүлсэн

хариуцагч Хас банк ХХК итгэмжлэлд Ц.Мөнхтуяа болон насанд хүрээгүй хүүхэд М.Түвшинсайханыг төлөөлж ээж Ц.Мөнхтуяа гарын үсэг зурсан байсан. Итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан тул банк итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй барьцааны гэрээ байгуулсан гэж тус тус тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нар нь 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Л.Дондовсамбад өөрсдийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх гарын үсэг зурах, лавлагаа авах эрхийг итгэмжлэн олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна.

Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх, хугацаа бичигдсэн байна.

Нэхэмжлэгч нь орон сууцыг 15.000.0000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон байхад нотариатч үнийн дүнг бичээгүй гэж тайлбарладаг боловч тэрээр өөрөөс олгосон бүрэн эрхийг итгэмжлэлд дурьдаж нотариатч гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 7-д заасныг зөрчөөгүй байна.

Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлийн 7.2-т итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлах үүрэгтэй гэж заасан ба итгэмжлэлд шаардлагатай бол орон сууцыг хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд тавих үнийг төлөөлүүлэгч өөрөө бичих эрхтэй байна.

Ц.Мөнхтуяа нь Л.Дондовсамбад итгэмжлэл олгохдоо зээлийн хэмжээг бичээгүйд нотариатчийг шууд буруутгах үндэслэл тогтоогдоогүй, итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг тул Ц.Мөнхтуяа Л.Дондовсамбад итгэмжлэл олгосноор Л.Дондовсамбадгэрээ байгуулах эрх үүсжээ.

Л.Дондовсамба, А.Батбилэг нар нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж Хас банкны Завхан Ханжаргалант тооцооны төвөөс 40.000.000 төгрөг зээлдэж, Л.Дондовсамба нь нэхэмжлэгч Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нараас олгосон итгэмжлэлээр орон сууцыг барьцаалж №1690001118-1 Баталгаат Ипотекийн гэрээ байгуулсан байна.

Төлөөлөгч Л.Дондовсамба нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байрны 5 тоот 48 мкв талбай бүхий орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг зурах барьцаалбар үйлдэх гарын үсэг зурах тухай нэхэмжлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд Хас банк ХХК-нд орон сууцыг барьцаалах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нар нь дээрх зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон тул Хас банк ХХК-ийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Б.Мөнхзул, Хас банк ХХК-нд холбогдох 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, итгэмжлэлийг үндэслэн Л.Дондовсамба, Хас банк ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Хас банк ХХК-нд даалгах тухай нэхэмжлэгч Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэрэгт нэхэмжлэгчээс сум дундын 12 дугаар шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Ц.Мөнхтуяагаас А.Батбаатарт олгосон итгэмжлэл, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хас банк ХХК, Л.Дондовсамба, А.Батбилэг нарын байгуулсан зээл, ипотекийн гэрээг баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн гэх үндэслэлээр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч үндэслэлээ өөрчилсөн боловч нэхэмжлэлийн шаардлага хэвээр тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Б.Мөнхзул, Хас банк ХХК-нд холбогдох 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, итгэмжлэлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, итгэмжлэлийг үндэслэн Л.Дондовсамба, Хас банк ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1690001118-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол хд 84 дүгээр байр 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Хас банк ХХК-нд даалгах тухай нэхэмжлэгч Ц.Мөнхтуяа, М.Түвшинсайхан нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856.000 төгрөгнөөс 498.350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 357.650 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА