Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Б.А*******, түүний өмгөөлөгч С.Мө*******,

Шинжээч С.Т*******,

Гэрч Ч.У******* /онлайнаар/,

Шүүгдэгч М.Э*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт М*******ын Э*******д холбогдох эрүүгийн 2207 00168 0191 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, -ны өдөр, ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, хувиараа тээврийн хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *******,*******,, тоотод оршин суух бүртгэлтэй боловч, , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

Б******* овогт М*******ын Э*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                                                                                                                                                                      

Шүүгдэгч М.Э******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 03 цагийн орчим хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын авто машины зогсоолд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Архи байвал мөнгөөр нь авъя” гэх шалтгаанаар Б.А*******тай маргалдаж, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохиж биед нь зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын цөмөрсөн хугарал /Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал/, тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  холбогдсон гэмт хэргийн талаар хэргийн оролцогч нар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч М.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Б.А******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гадаа гараад очиход У******* гээд манай найзтай машинтай нь хамт хүрч ирсэн байсан. Би очоод “сайн уу юу байна” гээд яриад байж байтал Э******* гэх залуу хүрч ирээд “машины гэрлээ унтраачих гэж хэлэхээр нь гэрлээ унтраасан. Б ирэхдээ 1 шил архитай хүрч ирсэн байсан бөгөөд авчирсан архийг нь хараад энэ залуу зарчих гэсэн. Тэгэхээр нь “тийм зүйл байхгүй, мэлхий хадны тийшээ дэлгүүр онгорхой байсан, тийшээ очоод авчихгүй юу” гэж Б хэлсэн. Тэгээд бид хэд зогсож байтал хүрч ирээд “би архиа зарчих гэж хэлж байна” гээд зандрах маягтай хэлэхээр нь “тийм зүйл байхгүй, бид нар өөрсдөө хэрэглэх гэж авсан” гэж хэлсэн. Гэтэл “чи яагаад пээдийгээд байгаа юм, та хэд намайг барчихна гэж бодоод байгаа юм уу” гээд зандрах маягтай яриад эхэлсэн. Б бид хоёрыг зогсож байтал наад архинаасаа нэг хийгээд өгчих гэхээр нь хийж өгөөд зогсож байтал дүү нь хүрч ирсэн. “Хэрүүл уруулаар яах юм бэ, бие биедээ буулт хийгээд хэрүүлгүй салъя тэгэх үү” гэтэл дүү рүүгээ “би одоо эд нарт бууж өгдөг хүн мөн үү” гэж хэлээд уурлаж байсан. Миний хажууд зогсож байсан Бийг мөргөөд хавираад унагаах шиг болсон. Эргэж хараад намайг юу хийхийн завдалгүй шууд цохисон. Би нэлээд манарсан байдалтай, нүүр ам цус болсон шооконд ороод зогсож байтал Э******* гэх залуу хоёр гурван хүний нэр хэлээд “гараад ир, одоо ална” гэж байсан. Тэгээд тэндээс хүн ирэх гэж байна гэж бодоод бид нар зугтсан. Би хажууд байсан хашаагаа даваад зугтсан, тэр үед би цамцаа урсан байсан. Нэлээд цаагуур зугтаж тойроод гэр лүүгээ би орсон. Манай ангийнхан юу болов гэхээр нь хажуу талын гэрийн залуу цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд манай ангийн охидууд энэ хүний амарч байсан гэр лүү нь орсон юм шиг байсан. Тэр гэрт нь байсан залуу “манай Т гээд найз цохисон юм шиг байна, бид нар нэлээд согтуу байна, өглөө архиа гаргачхаад энэ талаар ярилцъя” гэж хэлсэн байсан. Эхнэр нь хүрч ирээд “юу болж байгаа юм, гайгүй юу зүгээр үү” гээд миний хамрын цус арчаад хотоос найзаа дуудаад гэмтлийн эмнэлэг хүргэж өгнө гэж авч яваад кино үйлдвэр дээр буд би тэндээс найзыгаа дуудаад гэмтэл рүү очоод хөмсөгнийхөө доод талд 3 оёдол тавиулсан. Эмч нүдний ухархай жоохон доргилт авахад хугардаг, томографийн зураг авхуул гэж хэлэхэд нь би  эмнэлгээс гарч ирээд эхнэр лүү нь яриад “намайг томографийн зураг авхуул гэж байна. Би зураг авхууллаа мөнгийг нь өгчихнө биз дээ” гэж ярьтал би нөхөртэйгөө яриад байх юм гээд утсаа тасалсан. Буцаж эргээд Э******* нөхөр нь над руу залгаад “чи хэдийг авах гээд байгаа юм, энэ хэрэг дууссаны дараа уулзана биз дээ” гээд над руу уурлаж зандрах маягтай ярихаар нь би ээж рүү яриад, цагдаа дагуулаад очъё гэсэн. Тэгээд би  цагдаа руу залгаад ээжтэй цуг өдөр Налайхад очсон...” гэв.

 

Гэрч Ч.У******* /онлайнаар/ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр орой би найзыгаа хүргэж өгөөд явж байсан. Очиход А******* гэх нэг сургуулийн төгсөгч залуу байж байсан. А******* уух юмтай гарч ирээд машины гадаа юм яриад ууцгаагаад бөөндөө хамт байсан. Миний машины гэрэл  асаалттай байтал нэг залуу хүрч ирээд машиныхаа гэрлээ унтраачих дэх үү гэхээр нь тэгье гээд унтраасан. Архи байна уу байвал мөнгөөр авъя гэж байсан. Байхгүй байна гэтэл хийгээд өгчих гэхээр нь бид нар хийж өгсөн. Дахиж хийж өгөөд юм яриад зогсож байтал Б, тэр залуу хоёр хоорондоо маргалдаж зөрчилдөж байсан. Би машин руугаа эргээд суудлынхаа доороос тамхи авах гэж байтал пид пад гээд явчихсан. Машинаас өндийгөөд харсан чинь Б газар унаж, тэр залуу эргэж хараад А*******ыг цохиж байсан. Тэгээд орилоод бүгдийг нь дууд, эд нарыг энд нь алаад хаячихъя гэж байсан. Наашаа хүрч ирэхээр нь би гүйгээд явчихсан...” гэв.

 

Шинжээч С.Т******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бын А*******ыг биеэр үзэж дүгнэлт гаргасан. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Энхбаясгалангийн тогтоолоор Бын А*******ыг өөрийнх нь биеэр үзэж дүгнэлтийг гаргасан. Өөрийн биеэр үзлэг хийж дүгнэлтдээ бичсэнээс гадна өөрийнх нь авчирсан 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын бичиг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн М эмнэлгийн толгойны компьютер томограф шинжилгээний хариу, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн О нүдний эмнэлгийн эмчийн үзлэг зэргийг дүгнэлтдээ тусгаж, нийлүүлж дүгнэж дүгнэлтийг гаргасан байна. А*******ын биед зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлтийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буюу 3 хоногийн дараа гаргасан. Үүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн материалд авагдсан нэмэлт материалаар 08/шэ/18 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтийг гаргасан. Нэмэлт дүгнэлтэд өмнө нь үзлэг хийсэн 262 дугаартай дүгнэлт дээр нэмэгдээд иргэний эрүүл мэндийн дэвтэр буюу амбулаторийн картыг үндэслэж нэмэлт дүгнэлт гаргасан. Иргэний эрүүл мэндийн дэвтэрт 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нүдний эмчийн үзлэгт “ухархайн дотор ясны хугарал, гэмтлийн дараах зүүн нүдний ухархайд хугарал” гэсэн онош тавигдаад 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр У-ийн мэдээгүйжүүлэх эмчийн үзлэг, У-ийн нүдний мэс заслын тасгийн эмнэлгээс гарах үед бичигдсэн дүгнэлт гарсан. 2022 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 02-ны өдөр Гэмтлийн дараах зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал хийгдэж, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгээс гарсан гэх бичиг байна. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Б.А*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт дээд сургуульд хамт сурч төгссөн найзуудынхаа хамтаар ирсэн юм... орой 03 цагийн орчимд араас амралтын газраас ирж байгаа найзыгаа тосохоор амралтын газрын зогсоолын ойр орчимд хүлээж байтал манай найз Б ирсэн... би Бтэй юм яриад зогсож байтал амралтын газарт амарч байсан үл таних хар цамц, саарал өмд, хар фудволка, хар пүүз өмссөн залуу хүрч ирээд “зарах архи байна уу, байвал өгчих” гээд хэлэхээр нь бид нарт зарах архи байхгүй, Мэлхий хадны тэр хувьд дэлгүүр байна лээ тэндээс очоод авчих гэж хэлээд хэсэг юм ярьж зогссон... манай найз Б “хэдүүлээ маргалдаад яахав, больчих хөгшөөн” гээд хэлтэл танихгүй залуугийн дүү нь гэх нэг залуу хүрч ирээд “ах яагаад байгаа юм" гэсэн... Тэгтэл нөгөө залуу “би хүнд багтаад байдаг болцон л юм байна л даа, би буулт хийхгүй” гэсэн зүйл хэлээд Бийг нэг удаа толгойгоороо мөргөөд, хавсарч газар унагахаар нь би Б рүү очих гээд эргээд хартал үл таних залуу миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгтэл миний зүүн талын хөмсөг орчмоос цус гараад эхэлсэн... Би зүүн хөмсөгнийхөө доод хэсэгт 3 оёдол тавиулсан...” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т гэдэг газарт очиж амарсан юм. ганц нэг шил архи хувааж уучхаад би унтаад өгсөн... Өглөө сэртэл манай ангийн Б.А*******ын нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь юу болсныг асуутал “шөнө нэг балай юм юу болсон юм хөгшөөн” гээд очсон чинь цохичихлоо” гэж хэлсэн. Тэр залуу нь хажуугийн гэрт амарч байсан, өндөр, махлаг залуу байсан гэж хэлсэн... Үүний дараа А*******ыг эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсны дараа нэлээн хэдэн цагийн дараа үд дунд болж байхад Т гэж дуудаж байсан залуу бид нар дээр ирээд “танай найз чинь хааччихсан юм, ганц цохиулчхаад ямар бааштай юм, хэдийг авмаар байгаа юм” гэсэн зүйлс яриад байсан...” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны амралтад явсан найзуудынхаа араас очихоор болсон юм... Би хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт 03 цагийн орчимд очиход манай найз А*******, О нар намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид гурав уулзаад амралтын газрын зогсоол дээр юм яриад зогсож байтал тус амралтын газарт амарч байсан... танихгүй залуу хүрч ирээд зарах архи байна уу, байвал өгчих, мөнгөөр нь авъя гэж байсан. Бид нарт зарах архи байхгүйгээ хэлээд явуулах гэтэл над руу уурлаад чи намайг буцаах гэлээ гээд уурлаад байсан... араас нь дүү нь гэх... залуу хүрч ирээд “манай ахыг яаж байна аа” гэсэн. Энэ үед анх архи асуугаад байсан хар хувцастай залуу миний уруул хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөөд унагаачихсан. Дараа нь манай найз А*******ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод хөмсөгнөөс нь цус гаргачихсан...” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э******* ах бид нар 1 литрийн Эдэн гэх нэртэй архи хувааж ууж дуусгаад унтаж амрах гээд байж байх үед гэрийн хаалгаар машины гэрэл тусаад анивчуулаад байсан. Тэгтэл Э******* ах би гараад уулзаад хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд удаад байхаар нь би ардаас нь гараад очтол дөрвөн залуу Э******* ахыг тойрчихсон архи тойруулаад уугаад байх шиг байсан. Тэгснээ гэнэт муудалцаад уучлалт гуй гээд байсан. Тэгэхээр нь би шууд явж очоод манай ах яахаараа та нараас уучлалт гуйдаг юм бэ гэж хэлсэн чинь архины шилээр далайсан... тухайн залуу шууд Э******* руу архины шилээ шидчихсэн тэгсэн Э******* ахын мөр хэсэгт онох үед Э******* ах очоод тэр архины шил шийдсэн залууг шууд мөргөөд унагаачихсан. Тэгсэн хажууд нь зогсож байсан гурван залуу зугтах үед нь нэгийг нь ардаас нь далайгаад цохих шиг болсон... цохиулсан залуу нь хар өнгийн малгайтай цамцтай 1 метр, 80 см хавьцаа өндөртэй залуу байсан. Маргааш нь нүд нь бага зэрэг хавдчихсан, бага зэрэг язарчихсан байсан...”  /хх-20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.У******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай найз Д.Б намайг найзууд руугаа очмоор байна, намайг хүргээд өгчих гээд гуйхаар нь би найзыгаа хүргэж өгөхөөр болоод орой 23 цаг өнгөрч байхад хороо, Т рүү хөдөлсөн. Тэгээд орой 03 цагийн орчимд Д.Бий найзууд дээр Т гэх амралтын газарт очсон... тэр амралтын газарт амарч байгаа бололтой өндөр махлаг залуу гарч ирээд бид хэд дээр ирээд “архи байвал мөнгөөр нь авъя” гэсэн. Тэгэхээр нь манай архи ууж байсан хэд “Байхгүй, энэ л байна” гээд хэлсэн чинь “тэгвэл нэг хийгээд өгчих” гээд архи хийж өгөөд юм яриад зогсож байтал тэр залуу бид нарыг өдөөд байгаа ч юм шиг, дээрэлхэх гэсэн ч юм шиг сонин зүйлс яриад архи байвал өгчих, тамхи байвал өгчих гэсэн зүйлс яриад байж байтал манай найз Д.Б “архи байхгүй" гээд тайлбарлах гээд хэсэг юм ярьсан. Тэгтэл тэр залуу гэнэт Д.Бийг толгойгоороо мөргөөд унагаачихсан. Тэгээд хажууд нь ойрхон зогсож байсан Б.А*******ын нүүр рүү цохичихсон... Миний биед хэн ч гар хүрээгүй...” /хх-36/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 262 дугаартай дүгнэлтэд:

  1. Б.А*******ын биед зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-25-26/ гэх шинжээч эмчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд:

  1. Иргэний эрүүл мэндийн дэвтэрт бичигдсэнээр У-н Нүдний мэс заслын тасагт 2022 оны 05 дугаар сарын 30-с 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэвтэн зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал хийгдсэн байна.
  2. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Үзүүлэгч Б.А*******ын зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь хэмжээний хувьд том байр учир хүндрэлээс урьдчилан сэргийлэх ухархайн ханыг сэргээх мэс засал хийх шаардлагатай байжээ.” /хх-28-29/ гэх нэмэлт шинжилгээний дүгнэлт,

 

Ял шалгах хуудас /хх-23/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-61, 60, 67/,

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хны дансны хуулга зэрэг бичгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “... шүүгдэгч М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Хавтаст хэрэгт цугларсан хохирогчоос гаргаж өгсөн баримтуудаар 2,432,800 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс бензиний 180,000 төгрөгийг нэхэмжилсэн тусдаа баримтууд байсан. Энэ 180,000 төгрөгийн 4 ширхэг баримтын хугацаа нь эмнэлэгт үзүүлээд явсан, эмчилгээ хийлгэж байсан цаг хугацаанаас хойш байгаа тул нотлох баримтаас хасаж тооцох нь зүйтэй байна. 180,000 төгрөгийн баримтыг хасаад 2,332,800 төгрөгийг шүүгдэгч нь хохирогч Б.А*******ад төлөх төлбөртэй гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 5 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хүртэлх хугацаанд Э******* гэм буруу дээрээ маргаж, хохирол төлбөр төлөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, мөрдөгчөөрөө дамжуулж хялбаршмаар байна гэж өөртөө ашигтай байдлыг бий болгох гэсэн оролдлого байсан гэж харлаа. Энэ гэм буруу дээрээ маргаж байгаа асуудал нь ямар ямар үйл баримтаар тогтоогдоод байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. ын хэлж байгаа зөв юм уу, А*******ын хэлж байгаа зөв юм уу, бусад гэрчийн мэдүүлэг зөв юм уу, шинжээчийн дүгнэлт үнэн юм уу худлаа юм уу гэдэг асуудал байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар харахад Э******* нь өөртөө дүгнэлт хийсэн зүйл огт алга, өнөөдрийг хүртэлх хугацаанд гэм буруу дээрээ маргасаар л байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч М.ын гэм буруугийн шатан дээр өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтээ гаргая. Хэрэг явдал болсон асуудал дээр ын зүгээс нэг зүйл дээр маргадаггүй. Хэрэг болох үед Б гэх хүнтэй маргалддаг гэдэг. Э******* хоёр хүн цохисон асуудал дээр маргадаггүй. Энэ хүртэл маргах болсон шалтгаан нь мөрдөн шалга ажиллагааны явцад хийх ёстой зүйлүүдийг хийгээгүйгээс энэ хүнд эргэлзээ төрөөд байгаа. Хоёр хүн цохисон гэдэг дээр маргадаггүй. Цохиулсан гээд байгаа хүн ирээд танилцахдаа У******* гэж хүн танилцсан. Би У******* гэх хүнийг цохисон гэдэг байдлаар өдийг хүртэл яриад байгаа. Энэ эргэлзээ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр болоогүй тул уг эргэлзээ арилгах талаар маргаан мэтгэлцээнийг явуулсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.А*******ын биед хүндэвтэр гэмтэл гарсан. Үүн дээр маргахгүй, шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа.... Гэм буруугийн шатан дээр хохирогч А*******ад учирсан гэмтэл хууль ёсны нотлох баримтаар нэг мөр тогтоогдсон. Гэрч У******* эргэлзээтэй асуудлыг мэдүүлж, хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой мэдүүлгийг өглөө. Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйл алга, нэгэнт хууль ёсны үндэслэл бүхий баримтууд хавтаст хэрэгт цугларсан гэж үзэж байгаа...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч М.Э*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Э******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 03 цагийн орчим хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын авто машины зогсоолд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Архи байвал мөнгөөр нь авъя” гэх шалтгаанаар гэрч Д.Б, хохирогч Б.А******* нартай маргалдаж, хохирогч Б.А*******ын  нүүрэнд цохиж зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Б.А*******ын өгсөн: “...Э******* гэх залуу хүрч ирээд “машины гэрлээ унтраачих гэж хэлэхээр нь гэрлээ унтраасан. Б ирэхдээ 1 шил архитай хүрч ирсэн байсан бөгөөд авчирсан архийг нь хараад энэ залуу зарчих гэсэн. Тэгэхээр нь “тийм зүйл байхгүй, мэлхий хадны тийшээ дэлгүүр онгорхой байсан, тийшээ очоод авчихгүй юу” гэж Б хэлсэн. Тэгээд бид хэд зогсож байтал хүрч ирээд “би архиа зарчих гэж хэлж байна” гээд зандрах маягтай хэлэхээр нь “тийм зүйл байхгүй, бид нар өөрсдөө хэрэглэх гэж авсан” гэж хэлсэн. Гэтэл “чи яагаад пээдийгээд байгаа юм, та хэд намайг барчихна гэж бодоод байгаа юм уу” гээд зандрах маягтай яриад эхэлсэн. Б бид хоёрыг зогсож байтал наад архинаасаа нэг хийгээд өгчих гэхээр нь хийж өгөөд зогсож байтал дүү нь хүрч ирсэн. “Хэрүүл уруулаар яах юм бэ, бие биедээ буулт хийгээд хэрүүлгүй салъя дэх үү” гэтэл дүү рүүгээ “би одоо эд нарт бууж өгдөг хүн мөн үү” гэж хэлээд уурлаж байсан. Миний хажууд зогсож байсан Бийг мөргөөд хавираад унагаах шиг болсон. Эргэж хараад намайг юу хийхийн завдалгүй шууд цохисон. Би нэлээд манарсан байдалтай, нүүр ам цус болсон шооконд ороод зогсож байтал Э******* гэх залуу хоёр гурван хүний нэр хэлээд “гараад ир, одоо ална” гэж байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.У*******ын өгсөн: “...нэг залуу хүрч ирээд машиныхаа гэрлээ унтраачих тэгэх үү гэхээр нь тэгье гээд унтраасан. Архи байна уу байвал мөнгөөр авъя гэж байсан. Байхгүй байна гэтэл хийгээд өгчих гэхээр нь бид нар хийж өгсөн. Дахиж хийж өгөөд юм яриад зогсож байтал Б, тэр залуу хоёр хоорондоо маргалдаж зөрчилдөж байсан. Би машин руугаа эргээд суудлынхаа доороос тамхи авах гэж байтал пид пад гээд явчихсан. Машинаас өндийгөөд харсан чинь Б газар унаж, тэр залуу эргэж хараад А*******ыг цохиж байсан. Тэгээд орилоод бүгдийг нь дууд, эд нарыг энд нь алаад хаячихъя гэж байсан. Наашаа хүрч ирэхээр нь би гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг,

Шинжээч С.Т******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...А*******ын биед зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлтийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буюу 3 хоногийн дараа гаргасан. ...2022 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 02-ны өдөр Гэмтлийн дараах зүүн нүдний ухархайн дээд болон дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал хийгдэж, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгээс гарсан гэх бичиг байна. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө сэртэл манай ангийн Б.А*******ын нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь юу болсныг асуутал “шөнө нэг балай юм юу болсон юм хөгшөөн” гээд очсон чинь цохичихлоо” гэж хэлсэн. Тэр залуу нь хажуугийн гэрт амарч байсан, өндөр, махлаг залуу байсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз А*******, О нар намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид гурав уулзаад амралтын газрын зогсоол дээр юм яриад зогсож байтал тус амралтын газарт амарч байсан... танихгүй залуу хүрч ирээд зарах архи байна уу, байвал өгчих, мөнгөөр нь авъя гэж байсан. Бид нарт зарах архи байхгүйгээ хэлээд явуулах гэтэл над руу уурлаад чи намайг буцаах гэлээ гээд уурлаад байсан... араас нь дүү нь гэх... залуу хүрч ирээд “манай ахыг яаж байна аа” гэсэн. Энэ үед анх архи асуугаад байсан хар хувцастай залуу миний уруул хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөөд унагаачихсан. Дараа нь манай найз А*******ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод хөмсөгнөөс нь цус гаргачихсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ардаас нь гараад очтол дөрвөн залуу Э******* ахыг тойрчихсон архи тойруулаад уугаад байх шиг байсан. Тэгснээ гэнэт муудалцаад уучлалт гуй гээд байсан. Тэгэхээр нь би шууд явж очоод манай ах яахаараа та нараас уучлалт гуйдаг юм бэ гэж хэлсэн чинь архины шилээр далайсан... тухайн залуу шууд Э******* руу архины шилээ шидчихсэн тэгсэн Э******* ахын мөр хэсэгт онох үед Э******* ах очоод тэр архины шил шийдсэн залууг шууд мөргөөд унагаачихсан. Тэгсэн хажууд нь зогсож байсан гурван залуу зугтах үед нь нэгийг нь ардаас нь далайгаад цохих шиг болсон... цохиулсан залуу нь хар өнгийн малгайтай цамцтай 1 метр, 80 см хавьцаа өндөртэй залуу байсан. Маргааш нь нүд нь бага зэрэг хавдчихсан, бага зэрэг язарчихсан байсан...”  гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай “Иргэний эрүүл мэндийн дэвтэрт бичигдсэнээр У-н Нүдний мэс заслын тасагт 2022 оны 05 дугаар сарын 30-с 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэвтэн зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал хийгдсэн байна, Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх нэмэлт шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Э******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгэхээр нь би шууд Б гэх залуугийн дух хэсэг рүү мөргөөд унагаасан. Тэгсэн над руу барьж байсан архины шилээ шидсэн. Тэгэхээр нь би шууд хажууд нь зогсож байсан. У******* гэх залууг цохиод авсан. Тэгсэн тухайн залуу газар унаад босож ирээд шууд зугтаачихсан. Би танилцсан залууг цохьсон. А*******ыг би цохиогүй ” гэх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн заалтын дагуу шүүгдэгчийн М.ын гэрч У*******ыг цохьсон, Хохирогч А*******ыг цохиогүй гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг мэдүүлгийг  үйл баримтын үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч М.Э*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

           

Иймд шүүхээс шүүгдэгч М.Э******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч М.Э*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд гурван төрлийн санкцтай. Ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх үүднээс зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь нэг талаар асуудал болно. Үүнтэй холбоотой торгуулийн ялыг өндөр хэмжээгээр тогтоох буюу 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн торгох ялын доод хэмжээ нь 450 нэгж байгаа. Прокурорын зүгээс энэ торгох ялыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж байгаа нь өөрөө шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэж байна гэж үзэж байгаа тул тухайн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түүний авч байгаа орлого, цалин хөлстэй нь холбогдуулан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг олгож шийдвэрлэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан түүнд тухайн зүйлд заасан 1,500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.А*******ад гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой 2,350,000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Б.А*******ын нэхэмжилсэн 85,000 төгрөгийн хохирлыг нотолсон нотлох баримтгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б******* овогт М*******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э*******д 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э*******д оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.Э******* нь хохирогч Б.А*******ад 2,350,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.А******* нь шүүгдэгч М.Э*******ас 85,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарсан эмчилгээтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД