Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1306

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Мягмардорж, шүүгдэгч А.А*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1440 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М*** Улсын иргэн, М*** овгийн А***ийн А***, *** оны *** дугаар сарын ***-ны хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Х*** зоогийн газарт угаагч ажилтай, ам бүл хоёр, ээжийн хамт С*** дүүрэг, *** дугаар хороо, М*** дугаар гудамж, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.А*** нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б***тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар эрүүл мэндэд нь “зүүн тохой, зүүн шуунд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М*** овгийн А***ийн А*** нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б***тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар эрүүл мэндэд нь “зүүн тохой, зүүн шуунд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Б.Б***ын “...н.Н***тай тааралдаад манай гэр рүү явахаар болоод гудамжинд бид хоёр нэгнийгээ түлхээд барилцаж аваад ноцолдоод тоглоод явж байхад танихгүй залуу надтай маргалдсан ба би юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна, ирээд надтай барилцаж аваад ноцолдоод дээр доороо ороод нэгнийгээ нэг нэг цохиод салсан ба бу тухайн залуугаас холдоод явах гэж байхад надтай маргалдаж цохилцсон залуу над руу пивоны шил шилсэн ба уг шил нь яг миний толгойг чиглээд ирж байхаар нь би зүүн гараараа пивоны шилийг хаасан ба пивоны шил хагараад миний зүүн гарын шуунд хэд хэдэн газар зүсэгдсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 6 дахь тал),

-Гэрч н.Д***ийн “...Б.Б***ын хамт гэр рүүгээ харих гэж явж байгаад замдаа манай нөхрийн хуурай ах н.Н***тай тааралдаад тэр хоёр гудамжинд нэгнийгээ түлхээд ноцолдоод явж байхад Од караокены гадна зогсож байсан 20 орчим насны залуу манай нөхөр рүү дайраад улмаар хоорондоо маргалдаад ноцолдоод дээр доороо орж байгаад салсан ба манай нөхөр рүү пивоны шил шидсэн. Тэгээд манай нөхрийн зүүн гарын шууны хэсэгт оноод гараас нь цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 11081 дугаартай “...Б.Б***ын биед зүүн тохой, зүүн шуунд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 15-16 дахь тал),

-Шинжээч эмч О.Н***ийн “...Б.Б***ын биед үүссэн зүүн шуунд шарх гэмтэл нь пивоны шилээр онож хагарах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

-Шүүгдэгч А.А***ы мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Од караокед ганцаараа 0.5 литртэй Сэнгүр нэртэй пиво ууж байгаад тухайн ууж байсан пиво аяганд хийгээд гадаа гарч тамхи татаад байж байтал 2 үл таних залуу зодолдоод байхаар нь очиж салгахаар очсон чинь 168-170 орчим өндөртэй, бордуу царайтай залуу нь миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиод миний хоёр хөлөөс барьж аваад унагаагаад миний цамцнаас зуураад намайг боосон чинь хоёр үл таних эмэгтэй хүн хүрч ирээд бид хоёрыг салгасан миний уур хүрээд ууж байсан аягатай пиво тухайн үл таних залуугийн зүүн тал хэсэг рүү нь шидсэн чинь аяга нь хагарчихсан. Тэгээд тухайн залуу нар руу улам их дайраад байхаар нь өөрийн биеэ хамгаалаад тухайн залуутай харилцан зодолдож эхэлсэн. Би тухайн залууг тийм их зодож цохисон зүйл байхгүй. Тэр залуу нь намайг нэлээн хэдэн удаа цохиж гурван удаа газар унагааж өшиглөсөн чинь нөгөө хоёр эмэгтэй ирж дахин салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч А.А*** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар: “...Од караокед орж хоёр пиво уусан ба гадаа тамхи татах гээд гарахад гудамжинд хоёр эрэгтэй хүн хоорондоо зодолдоод байх шиг дээр доороо гарчихсан байхаар нь би салгах гээд очиход Б.Б*** гэх залуу намайг цохиод бид хоёр хоорондоо ноцолдоод би гараараа хэд хэдэн удаа цохиод түлхсэн. Тэгээд салаад ойролцоогоор 4-5 орчим алхмын зайнаас пивоны шил шидээд гарыг нь оноод гар хэсэг нь өнгөц зүсэгдсэн өөр маргаан зодоон болоогүй...” гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

1.3.      Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А*** нь бүрэн бус дунд боловсролтой, М*** хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.      Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 11081 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.А***ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б***ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч А.А*** нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч Б.Б***ын эрүүл мэндэд нь “зүүн тохой, зүүн шуунд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.А***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б*** нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч А.А***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч Б.Б*** эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1.Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч А.А***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.А*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 36-42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал),  Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 44-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А***д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч А.А***д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.М*** овгийн А***ийн А***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А***д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А***д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.А***д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.​​​​​​​

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА