Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 316

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Шгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03132 дугаар шийдвэртэй, С.Шгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “” ХХК, Т.Б нарт холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 146 040 620 төгрөг гаргуулах,

Хариуцагч нь нэхэмжлэгч С.Шгээс 109 842 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Т.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Т.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, Д.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Тэрэлжид байрлах “Баянгол” нэртэй хүүхдийн зуслангийн 1 блок буюу уулзалтын байрны угсралтын ажлыг нийт 24 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцон хийсэн. Дараа нь нэмж ажилчдын байрны дээврийн ажилд 5 000 000 төгрөгөөр 8х8 хэмжээтэй 6 барилгын газар шорооны ажилд 3 000 000 төгрөг, хэв хашмал суурийн ажлыг 9 000 000 төгрөгөөр, уулзалтын байрны прон тооны өрлөгийг 2 000 000 төгрөгөөр тус тус хийж 2015 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн.

2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр дахин саун душны барилгын газар шорооны ажлыг 1 000 000 төгрөгөөр, суурийн хэв хашмал бетон цутгалтыг 35 000 000 төгрөгөөр, өрлөг дүүргэлтийг 30 800 000 төгрөгөөр, дээврийн цутгалтыг 35 000 000 төгрөгөөр, сүүлд 8х8 хэмжээтэй 1 барилгын дээврийн цутгалтийг 1 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын нийт төлбөрт 43 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн ажлын нийт төлбөрт 128 700 000 төгрөгөөр хийж, зуслангийн барилгыг нийт 171 700 700 төгрөгөөр хийж хүлээлгэн өгсөн. Үүнээс нийт 119 127 580 төгрөгийг хүлээн авсан.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Итгэлт эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт өртөг 236 168 200 төгрөг болсон учир хүлээн авсан 119 127 580 төгрөгийг хасч 144 040 620 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 2 000 000 төгрөг нийт 146 040 620 төгрөгийг нэхэмжилсэн юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.Штэй 2015 оны 3 дугаар сарын сүүлээр харилцан тохиролцож “Баянгол хүүхдийн зуслангийн гэр бүл уулзалтын байр”-ны карказын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулах болсон. Уг ажил 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хийгдэж дууссан ба ажлын хөлсөнд нийт 24 288 500 төгрөг төлсөн. Ажилчдын байрны дээврийн ажлын хөлс 5 000 000 төгрөг байхаар тохирсон. Ажлыг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хийж дууссан ба 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн. 8х8 хэмжээтэй 6 барилгын хэв хашмал суурийн ажлыг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба ажлын хөлс 9 000 000 төгрөг төлсөн.

Саун душны хэв хашмал суурийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, шалны ажлыг 2015 оны 7 дугаар сарын 28-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгасан тул ажлын хөлсөнд нийт 5 000 000 төгрөг төлсөн. Саун душны хананы өрлөгийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хийж хөлс 4 400 000 төгрөг төлөгдсөн, дээврийн цутгалтын ажлыг нь 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөрт хийгдэж хөлсөнд 5 000 000 төгрөг төлсөн. 23 ортой амрах 7 барилгын суурийн хэв хашмал бетон 35 000 000 төгрөг, өрлөг дүүргэлт 30 800 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцон ажлын хөлсийг төлж дуусгасан. Амрах 7 барилгын дээврийн цутгалтын ажлыг нэг бүрийг 5 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ч 3 барилгын дээврийн ажил гүйцэтгэсэн тул 15 000 000 төгрөгийг төлсөн.

Харин 7 барилгын дээврийн цутгалтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 35 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч 5 барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг ажлаас 2 дээврийн цутгалт хөлдөж ашиглах боломжгүй болсон. Иймд энэ 7 барилгын дээврийн цутгалтын ажлаас 4 дээврийн цутгалтын барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзэж байгаа тул хөлс 20 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. 8х8 хэмжээтэй газар шороо 1 000 000 төгрөг, 23 ортой барилгын газар шорооны ажилд 7 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцохдоо газар шорооны ажлын хөлс гэж тохироогүй. Энэ нь өөрөө тухайн барилгын суурийн ажлын нэг хэсэг юм. Мөн уулзалтын байрны пронтоны өрлөгийн 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, уг нэхэмжлэлийн үнийн дүнгээс тусад нь бодож С.Шд төлсөн. 119 650 500 төгрөгийг барилгын ажлын хөлсөнд төлсөн. Дахин төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Ш ажлыг гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүйн гадна хучилтын бетоны арчилгааг хийгээгүйн улмаас 23 ортой амрах байрны 1, 3 дугаар байрны хучилтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарыг дуустал туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцсон. Уг ажлыг гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүйн улмаас дээврийн хучилтын бетон бүхэлдээ хөлдсөн. Түүнчлэн дараагийн үе шатны ажил хийгдэхгүй зогссон. Үүнээс болж 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх ажил хойшлогдож алдагдалд орж, дээрх ажлыг дахин шинээр хийх шаардлагатай болж, барилгын материалын үнэ 22 576 800 төгрөг, тээврийн хөлс 400 000 төгрөг, түрээсийн тоног төхөөрөмж 2 335 200 төгрөг, ажиллах хүч 12 000 000 төгрөг, буулгалты зардалд 4 128 000 төгрөг, НӨАТ-т 4 144 000 төгрөг, нийт 45 584 000 төгрөгийн зардлын тооцоо гарсан.

Уг бригад нь ажилчдын амрах байрны дээврийн ажлыг 2015 оны 6 сард хийсэн. Барилгыг улсын комисст 2015 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгсөн, удаагүй байхад чанарын шаардлага хангаагүйн улмаас ажилчдын амрах байрны дээврээс дусаал гоожиж коридор, 2 өрөөний тааз, ханын замаск, эмүльс хуурч унасан. Эдгээрийг шинээр хийж гүйцэтгэхэд ажиллах хүч 3 267 000 төгрөг, барилгын материал 9 059 287 төгрөг, НӨАТ 1 232 628 төгрөг, нийт 13 558 915 төгрөгийн зардлын тооцоо гарсан. Мөн уурын зуухны бүс бетоны ажлыг 2015 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн боловч  барилгын дээврийн бүс бетон бүхэлдээ хөлдөн үе шатны ажил хийгдэхгүй зогссон. Энэ ажлыг гүйцэтгэх пронтоны өрлөгө буулгах, бүс бетон буулгахад 5 952 000 төгрөг, ажиллах хүч 7 952 000 төгрөг, материалын үнэ 5 903 850 төгрөг, машин ашиглалтын 1 752 000 төгрөг, НӨАТ 1 560 785 төгрөг, нийт 17 168 635 төгрөгийн зардлын тооцоо гарсан.

Мөн 23 ортой амрах 2, 7 дугаар байрны хучилтын ажлыг хийхээр тохиролцож хөлсөө авсан боловч хийж гүйцэтгээгүй тул 7 дугаар байрны хучилтыг бид өөрсдөө хийж, 2 дугаар байрны дээврийн ажил хийгдээгүй, тухайн барилгын ажлын хөлс 10 000 000 төгрөгт тооцоо гарсан. Үүнээс гадна барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа материал эвдэж, дахин ашиглах боломжгүй болсноос 23 530 480 төгрөгийн зардал гарсан тул нийт 109 842 030 төгрөгийг С.Шгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус цогцолборын 23 ортой хүүхдийн амрах байр буюу 7 байрны суурь, өрлөг дээврийн хучилтын мужаан, арматурын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс 2 дугаар барилгын мужаан, арматурын ажлыг хийж амжаагүй. Мөн 1, 3 дугаар байрны мужаан, арматурын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд бетоны ажлыг “” ХХК-ийн ажилчид хийсэн. Манай бригад хийгээгүй. Ажилчдын амрах байрны дээврийн ажлыг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. Тухайн барилгыг хүлээлгэж өгөхөд баруун урд талын усны цоргоноос ус шүүрч байсныг зассан, тус барилгын дээвэр 4 цорготой эдгээрийг бөглөн усны насоссоор 10 тн ус асган шалгаж хүлээлгэн өгсөн. Уг барилга борооны улиралд дусаал дусаагүй, харин 11 сард өвлийн эхэн сард бороо ороогүй байхад дусаал дуссан гэдэг нь үндэслэлгүй байна.

Уурын зуухны барилгын ажлыг тухайн үед хийх талаар тохиролцоогүй байсан ба тус барилгын багана, дун нурууны мужаан, арматурын ажлыг “” ХХК-ийн ажилчид хийж чадахгүй байсан учраас манай бригадаар ажлаа сольж хийсэн. Энэ нь 23 ортой 1, 3 дугаар байрны бетон хучилтын ажлаар сольсон бөгөөд уурын зуухны бүс бетоны ажлыг хийхэд Т.Б улсын комисст хүлээлгэн өгөх шаардлагатай байна, мөнгө орох гэж байгаа учир танай бригад хийж өгөөч гэж гуйж хийлгэсэн болно. 23 ортой 2 дугаар байрны дээврийн хучилтыг захиалагч материал нийлүүлээгүй учир бид хийгээгүй. Харин 7 дугаар байрны мужаан арматурын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Тус зуслангийн ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагч талаас ямар нэгэн тоног төхөөрөмж авч хэрэглээгүй, өөрийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөөр гүйцэтгээд хүлээлгэн өгсөн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Боос 54 573 120 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93 467 500 төгрөг болон “” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.Шгээс 109 842 030 төгрөг гаргуулах Т.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 046 103 төгрөг, хариуцагчаас төлсөн 707 160 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Боос 420 816 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан. С.Ш ахлагчтай бригад 23 ортой амрах 7 байрны суурь, 7 өрлөг, 7 хучилт, саун душны байрны суурь өрлөг хучилт, гэр бүл уулзалтын байрны карказ, суурь пронтоны өрлөг, ажилчдын амрах байрны дээврийн ажил, 8 ортой 6 байрны хэв хашмал зэргийг 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 31 хүртэл хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Дээрх ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эхэлсэн боловч дараах ажлыг  гүйцэтгээгүй дутуу орхисон. Үүнд: 23 ортой амрах 7 барилгын дээврийн цутгалтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэх байтал 5 барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч 2 барилгын дээврийн ажил буюу 1, 3 байрны дээврийн цутгалт хөлдөж ашиглах боломжгүй болж, 2 ба 7 дугаар байрны хучилтыг хийгээгүй.

Түүнчлэн, уурын зуухны бүс бетоны ажлыг хийсэн ч уг ажил шаардлага хангаагүйгээс гадна бүс бетонын арчилгааг хийгээгүйн улмаас дээврийн бүс бетон бүхэлдээ хөлдөн дараагийн үе шатны ажил зогссон. Гэр бүл уулзалтын байр, саун душны байрны шалыг цутгасан ч чанарын шаардлага хангахгүй хагарч цөмөрсөн. Ажилчдын амрах байрны дээврийн ажил хийсэн ч бороо, цас ороход дээврээс ус нэвтэрч орсон гэх зэрэг барилгын наад захын шаардлага хангахааргүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь хэрэгт авагдсан “Бат-Испрайрин” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, Их барилгын зөвлөх ТББ-ын албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдоно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулж барилгын ажил дутуу хийсэн, чанарын шаардлага хангаагүй учир 109 842 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шаардлага гаргасан. Уг шаардлагатай холбогдуулан тухайн маргаан бүхий барилгын ажилд шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хангаж, “Итгэлт-Эстимейт” ХХК-иас дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт үндэслэл муутай гарсан тул хариуцагчийн дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, “Эм Эм Инженеринг” ХХК, Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон боловч “Эм Эм Инженеринг” ХХК нь зохигчид эвлэрэхээр болсон тул дүгнэлт гаргахгүй гэсэн. Шинжээч шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэж ирүүлэх үүрэгтэй бөгөөд эвлэрэх болсон гэж дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэлгүй байхад шүүх дээрх тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний төвийг давхар шинжээчээр томилсон атлаа дээрх байгууллагын дүгнэлт ирээгүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрсөн. Шинжээч томилуулах хүсэлтээсээ хариуцагч тал татгалзаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл тогтоогдож байна. Мөн ямар үндэслэлээр шүүх хариуцагчаас 54 573 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож байгааг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Т.Б, Р.З, “У” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт 144 040 620 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 2 000 000 төгрөг, нийт 146 040 620 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.З, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Хариуцагч Т.Б болон “У” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Зуслангийн цогцолбор барилгын ажлын гүйцэтгэлд 119 650 500 төгрөгийг төлсөн, тохиролцож хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас дахин шинээр хийхэд нийт 109 842 030 төгрөгийн зардлын тооцоо гарсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ажлын үр дүнг хүлээн авсан тал хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх агуулгаар дүгнэж С.Шгийн нэхэмжлэлээс 52 573 120 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд ажил гүйцэтгэгч С.Ш нь захиалагчийн өмчлөлд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон үр дүнг шилжүүлээгүйн улмаас 109 842 030 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн зуслангийн цогцолборт хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний тооцоог хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийн дагуу “Итгэлт-Эстимэйт” ХХК №189/01 дугаар дүгнэлтийг ирүүлжээ. /1хх138-139, 141, 163-189/

 

Хариуцагч тал шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хангалттай хийгдээгүй, бодитой бус дүгнэлт гарсан, тухайн барилгын ажлын гүйцэтгэл доголдолтойн улмаас улсын коммист хүлээлгэн өгөх боломжгүй болсон, мөн сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотой дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон “Эм эм инженеринг” ХХК-ийг шинжээчээр томилжээ. Гэвч шинжээч нь зохигчид эвлэрэх болсон тул хэмжилт хийж, дүгнэлт гаргах боломжгүй гэж шүүхэд албан бичгээр мэдэгдсэн. Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хувьд шинжээчээр ажиллаж, дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй буюу энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна. /1хх235-236, 2хх1-3, 7/

 

Энэ нь хэргийн оролцогчоос тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч томилуулахаар гаргасан хүсэлт бүрэн шийдвэрлэгдсэн буюу шүүгчийн захирамж биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, талууд шинжээч томилуулах хүсэлтийг дахин гаргаагүй агуулгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

 

Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой. Нөгөө талаар дахин шинжээчийн дүгнэлт хийлгэж болох талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасныг анхаарах байжээ.

 

Ийнхүү анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430 820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА