| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914002180159 |
| Дугаар | 2019/ДШМ/038 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2019/ДШМ/038
Г.Ад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Г.А
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ад холбогдох эрүүгийн 1914002180159 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Г.А, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ахмадын ордон дотор Ю.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Агийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Зайсан овогт Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Ад буцаан олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.А гаргасан давж заалдах гомдолдоо: ...Миний бие нь өөрийн гэм бурууг бүрэн ойлгож гэмшиж байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял нь миний хувийн байдал, ар амьдралыг харгалзан үзээгүй. Миний бие бага насны 2 хүүхэдтэй. Том охин Г.Анхцэцэг нь 2013 оны 6 дугаар сарын 25-нд төрсөн, 5 настай. Бага охин А.Ариунцэцэг 2017 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн, 1 настай, бага охин цэцэрлэгийн насанд хүрээгүй би гэрээр хардаг. Том охин 6 дугаар цэцэрлэгт хүмүүждэг. Хүүхдээ гэрээр хардаг учир нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэх боломжгүй байдалд байна. Гэтэл шүүхийн тогтоолд миний хувийн байдлыг биш өөр Ж.Лхамхүү гэх хүний хувийн байдлыг анхаарч үзсэн байгааг би ойлгохгүй байна. Иймд шүүхийн тогтоолыг хянан хүүхдүүдээ харах боломжоор ханган торгох ялыг доод хэмжээг оногдуулж өгнө үү гэжээ.
Прокурорын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Нийтэд тустай ажил хийлгэх ялыг сайн ойлгоогүй байсан, хүүхэд харах хүнгүй тул торгох ялаар сольж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Агийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ахмадын ордонд шүүгдэгч Г.А, хохирогч Ю.Э нар нь өөр хоорондоо зүй бус харьцаа үүсгэн үснээсээ зулгаалцаж улмаар Г.А нь Ю.Эы үснээс нь зулгааж, хүзүүг нь дарах зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Дээрхи үйл баримт нь Эрүүгийн 1914002180159 дугаартай хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ю.Э, гэрч Г.М, Л.М нарын мэдүүлэг, “...Ю.Эы биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар...” шинжилгээний дүгнэлт гаргасан Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 156 тоот дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай, тэдгээрийг шүүх үнэлэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.Агийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Харин Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасны дагуу хохирогч П.Эы зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг анхаарч Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцоогүй орхигдуулсан хэдий ч шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй буюу хохирлыг төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулсан нь шүүгдэгч Г.Агийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Г.А нь “... торгох ялыг оногдуулахад хүндрэлтэй, төлж чадахгүй...” болохоо илэрхийлсэн болох нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байх тул торгох ял оногдуулахыг хүссэн шүүгдэгч Г.Агийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/127 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хавтаст хэргийн 069 дүгээр талд авагдсан шүүгдэгч Г.Агийн хувийн байдлын талаарх тодорхойлолтыг, Ж.Лхамхүүгийн... тодорхойлолт гэж буруу бичсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1 -т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/127 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР
Б. БОЛОР-ЭРДЭНЭ