Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0577

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, өмгөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0014/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр:Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан “Х” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар “Х” ХХК-д олгогдсон 2.2 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь үндэслэлийн тухайд: Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/399 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгасан байдаг. Гэвч нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Маргаан бүхий актын сонсох ажиллагааны үед ямар нэгэн газар ухаж үйл ажиллагаа явуулсан талаар баримт байдаггүй. Гэтэл шүүхийн үзлэгээр газар ухсан байдалтай байгаа нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь маргаан бүхий акт гарснаас хойш үйл ажиллагаа явуулж, ухсан эсэх талаар нарийвчлан судлан үзэлгүйгээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй.

3.2. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалт болон 26 дугаар зүйлийн 26.1.10 дахь хэсгийн тухайд: Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арra хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсийн дэглэмийг заасан байдаг. Нэхэмжлэгч “Х” ХХК нь тус ойн хамгаалалтын бүсийн газарт үйл ажиллагаа явуулахгүй, орц гарцаа шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч газар ашиглах гэрчилгээ авахдаа зориулалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” гэж авсан байдаг. Энэ нь ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 26 дугаар зүйлийн 26.1.10 дахь хэсгүүдтэй тус тус зөрчилдөж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” гэсэн зориулалтаар өөрчлөх боломжтой юм. Гэтэл үүнийг шүүх харгалзан үзэлгүй, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд “Х” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, талбайн байршил ойн сангийн талбайд хэсэгчлэн давхацсан гэсэн үндэслэлээр тус компанийн 2.2 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхэрээ бүсчлэл, Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын ам, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хойд талд байрлах 2.2 га газрыг “Х” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/399 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг 3 жилээр сунгасан байна. Ийнхүү газар ашиглах эрхийг сунгасантай холбоотойгоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулжээ.

2.4. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

2.5. Өөрөөр хэлбэл, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/510 дугаар тушаал гарах хүртэл хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа болоогүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.6.Түүнчлэн хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны лавлагаа болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь ойн сантай хэсэгчлэн давхцаж буй нь тогтоогдож байх боловч маргаан бүхий энэ тохиолдолд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь буруу байна.

2.7. Учир нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий газарт дээрх хуульд заасны дагуу ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоох учиртай.

2.8. Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь байгаль, үндэсний онцлог бүхий түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага” гэж байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үзмэр, үзвэр үйлчилгээ, жуулчны мэдээллийн төв зэрэг жуулчинд зориулсан үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдийг” ойлгоно гэж заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно”, 6/-д “байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах;”, 7/-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” 5/-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хориглоно гэж тус тус хуульчилсан.

2.9. Дээрх зохицуулалтуудыг зорилго, агуулгаар нь системчлэн тайлбарлавал, байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт тогтоц бүхий газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго нь Аялал жуулчлалын тухай хуулийн зорилтоос тодорхой харагдах бөгөөд энэхүү зорилго нь тухайн газрыг ашиглахгүйгээр хэрэгжих боломжгүй. Тиймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах, ийнхүү ашиглуулахдаа ямар барилга, байгууламж барьж болох талаар Аялал жуулчлалын тухай хуультай харилцан уялдаатайгаар зохицуулсан.

2.10. Нөгөөтээгүүр хуульд зааснаар “Дархан цаазат газар” нь бусад ой бүхий газраас онцлогтой учраас тусгай хамгаалалтад авч, түүнийг ашиглахад тусгай дэглэм шаардагдах тул тус газарт орших ойн сан бүхий газрын дэглэмийг Ойн тухай хуулиар бус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоодог байна. Ийнхүү тусгай дэглэм бүхий тусгай хамгаалалттай газар нутагт байрлах ойн сан бүхий газартай холбоотой шийдвэр гаргахдаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэгжүүлсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаан бүхий актын үндэслэл болсон хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай харьцуулан шинжилж, тайлбарлаж, хэрэглэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсэгт “Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН