Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Б.Ц***, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02417 1564 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О*** овгийн Б***ийн Ц***, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, А***  ХХК-д харуулын ажилтай, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Х*** дүүрэг, *** дугаар хороо, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Ц*** нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүй-7 худагт байрлах хуушуурын D-27 гэрт үйлчлүүлэхээр орохдоо хохирогч Ж.С***ын 4,000,000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 13 про макс маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, О*** овгийн Б***ийн Ц*** нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүй-7 худагт байрлах хуушуурын D-27 гэрт үйлчлүүлэхээр орохдоо хохирогч Ж.С***ын “iPhone-13 pro max” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Ж.С***ын “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй 7 худагт байрлах хуушуурын D-27 дугаартай гэрт бор халзан морьтой, хөх цамцтай, цагаан шляп малгайтай, инээхээр шүд муутай хүн орж ирээд 10 хуушуур авсан. Тэгээд 10 хуушуураа савлаж байгаад уг хүнд өгөөд явуулсан. Гарсны дараа тэр хүний сууж байсан газар миний утас ай фоне 13 про макс голд цэнэглэж үлдээсэн байсан бөгөөд алга болсон байсан. Тэр хүнээс өөр хүн гэрт орж ирээгүй. Мэдсэн даруйдаа энэ хавиар хайж байгаад цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дахь тал),

-Гэрч Ө.Н***ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүй долоон худаг дээр хуурай ах Б.Ц***ийн хамт наадам үзээд явж байтал ах Б.Ц*** хуушуурын гэр уруу хуушуур аваад ирье гээд явсан. Тэгээд удалгүй хуушуур авчирч хоёулаа хуушуураа идээд байж байтал Б.Ц*** энэ утсыг авбал ав гээд надад шар өнгөтэй ай фоне маркийн гар утас өгсөн. Тухайн утас 3 ширхэг камертай утас байх шиг байсан. Тэгээд тухайн үедээ би согтуу халамцуу байсан учир нөгөө утсаа халааснаасаа тухайн өдөр гээгдүүлсэн байсан. Хүй 7 худгийн хаана гээгдүүлсэн байсан. Хүй 7 худгийн хаана гээгдүүлсэн гэдгээ мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1400 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...хуучин хэрэглэж байсан айфоне 13 про макс гар утасны үнэлгээний дүн 4,000,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Ц***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...гар утас хулгай хийсэндээ харамсаж байна. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг өгч хохиролгүй болгосон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж (хавтаст хэргийн 39 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдсан байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгов.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ц***ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох iPhone-13 pro max гар утсыг 4,000,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 4,000,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.Ц***ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ц***ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Ц*** нь хохиролд 2,300,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 1,700,000 төгрөгт тооцон морь өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.       Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Ц***д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Ц*** нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулж, төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Ц***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.Ц*** нь үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинж чанартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба улсын яллагчтай тохирсон ялыг оногдуулж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж өгнө үү” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Ц***д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 52-53 дахь тал), Аргалант-Богд ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгч Б.Ц***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилтод нийцнэ гэж үзлээ.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.О*** овгийн Б***ийн Ц***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.Ц***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц***д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.5 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Ц***д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ц***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА