Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 3715

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байр 57 тоотод оршин суух, 1971 онд төрсөн 47 настай, Амчин овогт Тогтохын Энхбат

Хариуцагч: Баянгол дүүрэг 22 дугаар хороо Зүүн наран 13 дугаар гудамж 32 тоотод оршин суух, 1972 онд төрсөн 46 настай, Жаргал овогт Сономцэрэнгийн Батцэцэг

Зээлийн гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Энхбат, хариуцагч С.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аман гэрээ хийж С.Батцэцэгт 2.950.000 төгрөг, дараа нь цувуулж 1 сая, дахин 1 сая төгрөгөөр нийт 5.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. С.Батцэцэг хүнсний дэлгүүр ажиллуулдаг тул дэлгүүрээс нь хүнс, барааны зүйл авч байсан. Бэлнээр өгсөн мөнгө, авсан барааг тооцож 2.324.260 төгрөг болсон. Гэхдээ энэ мөнгийг би хүүнд тооцсон тул 5.500.000 төгрөг гаргуулж өгнө үү. Надаас зээлсэн мөнгөө 2 сарын дараа өгнө гэсэн боловч худлаа ярьсаар өдий хүрсэн. Бид хоёр бичгээр гэрээ хийгээгүй. С.Батцэцэг 3.175.740 төгрөгийг ондоо багтааж өгвөл болж байна. Түүнээс оны дараа 2019 оны 05 дугаар сард төлнө гэж байвал би зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч С.Батцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Энхбатаас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөнгө зээлсэн. Нийтдээ 5.500.000 төгрөг зээлдэж авсан нь үнэн. Би дэлгүүр ажиллуулдаг. Өдрийн орлогоосоо цувуулж төлж байсан. Манайхаас Т.Энхбат хүнсний бараа авч байсан. Т.Энхбатад өгсөн мөнгө, барааг бид хоёр тооцож түүнд нийтдээ 2.324.260 төгрөг төлсөн байна. Одоо үлдэгдэл 3.175.740 төгрөгийг 2019 оны 05 дугаар сард төлж барагдуулна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Энхбат нь хариуцагч С.Батцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигч 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөнгө зээлдүүлсэн, энэ өдрөөс хойш нэмж зээл өгсөн, зээлийн нийт дүн 5.500.000 төгрөг гэдгийг зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байна.

Зээлдүүлэгч Т.Энхбат гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 5.500.000 төгрөгийг зээлдэгч С.Батцэцэгт шилжүүлсэн, хариуцагч С.Батцэцэг гэрээний үүрэгт 2.324.260 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан тэдний тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 5.500.000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн, гэрээний хугацаанд төлсөн 2.324.260 төгрөгийг хүүнд тооцон хассан гэж тайлбарласан боловч тэрээр хуульд зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн, тэрээр зээлийн гэрээний хүүг шаардах эрхгүй байх тул 2.324.260 төгрөгийг үндсэн зээлээс хасаж /5.500.000-2.324.260=3.175.740/ үлдэх 3.175.740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч С.Батцэцэгээс 3.175.740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Энхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.324.260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн109.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч С.Батцэцэгээс 3.175.740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Энхбатад олгож, үлдэх 2.324.260 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Батцэцэгээс 65.762 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Энхбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА