Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 3749

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуаран 28 дугаар байр 2-1 тоотод байрлах Нью Энержи стар ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо Гранд плаза 1304 тоотод байрлах Эй даблью пи ХХК

  Гэрээний үүргийн биелэлтэд 117.996.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нью Энержи стар ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нью Энержи стар ХХК болон хариуцагч Эй даблью пи ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр NES-17-24 дугаар Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ талаар талууд маргаан байхгүй. Гэрээний дагуу хариуцагч Эй даблью пи ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөд явдаг байсан боловч сүүлийн худалдан авалт хийсэн төлбөрөө төлөлгүй тодорхойгүй шалтгаанаар хойшлуулдаг. 2018 оны 09 дүгээр сарын байдлаар үлдэгдэл төлбөр 78.664.250 төгрөг байна. Хариуцагчийн зүгээс төлбөрөө хэрхэн барагдуулах талаар удаа дараа ярилцаж, тохиролцож байсан ч тухайн тохиролцоондоо хүрэлгүй харилцагчаа хүнд байдалд оруулсаар ирсэн. Энэ хугацааны алданги 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр NES-17-24 дугаар Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.2, 7.3-т зааснаар 0,5 хувиар тооцож төлөхөөр заасан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 2018 оны 09 дүгээр сарын 10-ны хооронд 5 сар /150 хоног/ гэж үзвэл 58.998.187 төгрөг болж байна. Манай компани хариуцагчийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй эс үйлдлийн улмаас ашиг олох бус банкны зээлийн хүү, валютын өсөлт зэрэг тооцоолоогүй өндөр алдагдалд орсоор байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 78.664.250 төгрөг, алданги 39.332.125. төгрөг нийт 117.996.375 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч тал 20.000.000 төгрөг төлсөн тул Эй даблью пи ХХК-наас 97.996.375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Эй даблью пи ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Нью Энержи стар ХХК-ийн удирдлагатай уулзаж нэхэмжилсэн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Одоогийн байдлаар бид 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг төлөөд байна. Үлдэгдэл төлбөрийг 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар ажиллаж байна. Иймд бид эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нью Энержи стар ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Эй даблью пи ХХК-нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 117.996.375 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 97.996.375 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Зохигчийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр худалдагч нь чанарын шаардлага хангасан Газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөлөөр нийлүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч худалдан авсан барааны үнийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Хариуцагч Эй даблью пи ХХК нь гэрээний 2.1-д заасан худалдан авагч нь гэрээнд заасан тоо хэмжээгээр болон тогтоосон хугацаанд уг бүтээгдэхүүнийг өөрийн эзэмшилд хүлээн авч гэрээний нөхцөлийн дагуу төлбөрийг төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай тул нэхэмжлэгч нь гэрээний 4.2 гэрээний дагуу урд сард авсан бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 5-нд төлбөрийг төлж барагдуулах бөгөөд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн гурав дахь хоногоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож худалдагч талд алданги төлөх, 7.3 худалдан авагч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч талд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлөх гэж зааснаар хэтрүүлсэн хугацааны алдангийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 20.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасаж нэхэмжилсэн, хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжилсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Иймд хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй тул хариуцагч Эй даблью пи ХХК-наас гэрээний үүргийн биелэлтэд 58.664.250 төгрөг, алданги 39.332.125 төгрөг нийт 97.996.375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нью Энержи стар ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч Эй даблью пи ХКК-ийн захирал Т.Билгүүнсоёлд энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 23.6-д зааснаар хариуцагч Эй даблью пи ХХК-наас 97.996.375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нью Энержи стар ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747.932 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эй даблью пи ХХК-наас 647.932 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нью Энержи стар ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА