Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1343

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Сувданчимэг, хохирогч Л.Б***, шүүгдэгч У.А*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02252 1394 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б*** овгийн У***ийн А***, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр У*** хот, Н*** дүүрэгт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа оёдолчин ажилтай, ам бүл долоо, нөхөр хүүхдүүдийн хамт С*** дүүрэг, *** дугаар хороо, Х*** дүгээр гудамж, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У.А*** нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 9-133а тоотод Б.М***тай “гар утсаа авахгүй, сэтгэлгүй юм бэ, яагаад манай гэрийн тог тасалсан юм” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хамтран амьдрагч Л.Б***н толгойн тус газарт гараараа цохих, үсдэж чирэх зэрэг байдлаар бие махбодод нь халдаж, эрүүл мэндэд нь “дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч У.А*** нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 9-133а тоотод Б.М***тай “гар утсаа авахгүй, сэтгэлгүй юм бэ, яагаад манай гэрийн тог тасалсан юм” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хамтран амьдрагч Л.Б***н толгойн тус газарт гараараа цохих, үсдэж чирэх зэрэг байдлаар бие махбодод нь халдаж, эрүүл мэндэд нь “дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Л.Б***н “...2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагч болон хүүхдүүдийн хамт өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 9-133а тоотод байх гэртээ байж байсан чинь орой 20 цаг өнгөрч байхад хажуу айлын У.А*** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой манай гэрт орж ирээд хамтран амьдрагч Б.М***ыг тог тасалсан байна гээд дайраад байсан. Би У.А*** гэх хүнд манайх танай тогийг таслаагүй, одоо боль гэсэн чинь У.А*** миний үснээс зулгаагаад намайг газар чирээд гэрээс гаргасан. Тэр үед манай хамтран амьдрагч Б.М*** болон У.А***ийн гэрээс нэг эмэгтэй гарч ирээд салгасан. Тэгээд удалгүй У.А*** дахин манай гэрт орж ирээд эвлэрье эвлэрье гээд миний толгой, нүүр хэсэгт гараараа цохиод байсан. У.А*** нь манай гэрээд гараад хашаан дотроо гэрийг чинь шатаана, ална та нарыг гээд орилоод яваад байсан...Миний биед учирсан гэмтлийг манай хажуу айлын У.А*** гэх эмэгтэй намайг гараараа үсдэж чирсэн, мөн гараараа миний дух, толгой, нүүр хэсэгт 2-3 удаа цохиж учруулсан...Манай хамтран амьдрагч Б.М*** болон У.А***ийн гэрээс нэг эмэгтэй гарч ирсэн. Өөр хүн байхгүй байсан. 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би болон Б.М*** бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай амнаас нь архи үнэртэж байсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. У.А*** надаас уучлалт гуйгаад бид хоёр хоорондоо эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 26, 28 дахь тал),

- Гэрч Б.М***ы “...21-22 цагийн орчим хамар хашааны У.А*** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манайд орж ирээд намайг гар утсаа авахгүй, сэтгэлгүй юм бэ, яагаад манай гэрийн тог тасалсан юм гээд над руу дайраад модон сандал шидэх гэхээр нь чи гарыг нь барьж аваад сандлыг нь авсан. Тэгсэн манай эхнэр Л.Б*** чи яагаад манай нөхөр рүү дайраад байгаа юм гээд орноос босоод ирсэн чинь нүүр хэсэгт нь гараараа цохиод үснээс нь зулгаагаад доош дараад байсан. Тэр үед манай эхнэр Л.Б*** болиоч У.А***ийн үснээс нь зулгаагаад байхаар нь Гэрэлээ гэж дууддаг эмэгтэй бид хоёр салгасан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 30 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9651 дугаартай шинжээчийн “...хэсэг газрын үзлэгт: духны зүүн урд хэсгээс зулайн хуйхны баруун ар хэсэг хүрсэн 17*8 см, зүүн чамархайн хуйх 8*5 см зайд цайж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, биед өөр ил харагдах гэмтэлгүй. ДҮГНЭЛТ: .Л.Б***н биед дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- Шүүгдэгч У.А***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан 9 дүгээр гудамж, 133а тоотод амьдардаг. Манай хашааг хамт хувааж авсан авсан Б.М***ых руу 2022 оны 07 дугаар сахын 03-ны өдөр гэрт нь согтуу ороод эхнэр Л.Б***тай муудалцсан ба эхнэртэй нь муудалцаад үсдээд мангасдаад биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Би хэрэг болсны дараа уучлалт гуйж эвлэрсэн. Би хөдөө явж байгаад гэртээ ирэхэд цахилгаан тасраад хөлдөөгчид байсан мах үнэр орчихсон байхаар нь цахилгаан салгачихсан байх гэж бодоод уурлаад улмаар Л.Б***г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч У.А*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.А*** нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9651 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч У.А***ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Л.Б***н эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Л.Б*** нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч Л.Б***н эрүүл мэндэд нь “дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч У.А*** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Л.Б*** нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч У.А*** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч Л.Б*** эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч А.У.А*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Хохирогч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч У.А*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал), хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), ХААН банкны харилцагчийн дансны хуулга (хавтаст хэргийн 54-55 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 56-60 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 61-62 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А***т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

 Шүүгдэгч У.А***т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.А*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боржгон овгийн Улаанхүүгийн А*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А***т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А***т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.А***т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.А*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.А***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА