Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч О.О***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1251 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С*** овгийн О***ийн О***, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр У*** хотод төрсөн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, гурван хүүхдүүдийн хамт С*** дүүрэг, *** дугаар хороо, Т*** дүгээр гудамж, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.О***нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудал дээр иргэн Э.Ж***д “жолооны В үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийнхөө 5025669455 дугаартай данс руу 750,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Сансар овгийн Оюунцэцэгийн Отгонзаяа нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудал дээр иргэн Э.Ж***д “жолооны В ангиллын үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн 5025669455 дугаартай данс руу 750,000 төгрөг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Э.Ж***ы “...Би хамаатны н.М*** гэх хүүхэд саяхан 19 нас хүрсэн ба би өөрт нь хэлэхгүйгээр жолооны үнэмлэх гаргуулж өгөх гээд эхнэр Дэлгэржаргалын сууж төгссөн Төгс сайн жолооны курст ажилладаг О.О***гэх эмэгтэйгээс энэ талаар асуухад 750,000 төгрөгөөр өгчих, жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсний дагуу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эхнэр н.Д***ын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудал дээр машин дотор уулзаад жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсний дагуу өөрийн 50264664220 данснаас 5025669455 дугаартай О.О***ийн данс руу 750,000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш утсаар ярихад захиралтайгаа ярьсан байгаа. Удахгүй гаргаж өгөх мэтээр хүлээлгэж ямар нэгэн холбоогүй болохоор Төгс сайн авто сургууль дээр очиход О.О***г 2022 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан жолооны үнэмлэх сургалтад сууж шалгалт өгөхгүйгээр өгөх боломжгүй гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

-Гэрч Б.Д***ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгс сайхан авто курст ажилладаг О.О***гэх хүнтэй танилцсан. Уг хүнтэй холбогдоход В ангилал жолооны үнэмлэх гаргаж өгөх боломжтой эсэх талаар тодруулахад гаргаж өгөх боломжтой гэсний дагуу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн нөхөр н.Ж***ы хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, дүүргийн автобусны буудал дээр машин дотор О.О***тай уулзсан ба манай нөхөр интернет банкаар 750,000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгө авсны дараа О.О***тай утсаар холбогдоход Төгс сайн жолооны захиралтайгаа ярьсан байгаа. Удахгүй гаргаж өгнө гэхээр нь хүлээж байгаад тэсэхгүй жолооны курсийн захиралтай очиж уулзахад О.О***гэх эмэгтэйг 2022 оны 04 сард ажлаасаа гарсан, манайд ажиллахгүй байгаа. Ийм зүйл огт байхгүй, жолооны үнэмлэх гаргуулж авах ямар нэгэн зүйл байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

-Хохирогч Э.Ж***ы ХААН банкны дансны хуулга (хавтаст хэргийн 18 дахь тал), яллагдагч О.О***ийн ХААН банкны дансны хуулга (хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч О.О***мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар: “...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Э.Ж***, н.Д*** нарт жолооны сургалтад суухгүйгээр гаргаж өгнө гэж өөрийн ХААН банкны *** дугаартай данс руу 750,000 төгрөг шилжүүлж авч залилсан. Би өөрийн хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна. Би ажил хийж бусдад учруулсан хохирлоосоо 600,000 төгрөг шилжүүлсэн. Одоо 150,000 төгрөгийн хохирол өгөх дутуу байгаа...” гэж (хавтаст хэргийн 59 дэх тал) мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “... мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо бүрэн төлсөн ...” гэсэн болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.О*** нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.  Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.О***ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.О***г “залилах” гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Ж*** нь “Гомдол саналгүй” хэмээн мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.О***г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “…О.О***д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч О.О***нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах”  гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч О.О***д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.… ” гэв.

Шүүгдэгч: “...цагийн ажлаа байнга тогтмол хийж байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.О*** нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч О.О***ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дахь тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 27-50 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч О.О***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүх шүүгдэгч О.О***д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.О***нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.С*** овгийн О***ийн О***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах” гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О***д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О***д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.О***д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.О***нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.О***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА