Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

 

2022          10            12                                                        2022/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох 2229000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн хойш 92 километрт байрлах Үнэгт гэх газарт иргэн М.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан баруун хөлөн тус газарт нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун тойгны дотор даруулган холбоосны суналт, дунд чөмөгний булууны ясны эдийн няцрал, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн хойш 92 километрт байрлах Үнэгт гэх газарт иргэн М.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан баруун хөлөн тус газарт нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун тойгны дотор даруулган холбоосны суналт, дунд чөмөгний булууны ясны эдийн няцрал, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

1.2 Нотлох баримтын үнэлгээ

  Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

 Хохирогч М.Т-ийн: “...Би уг Нэю Ланд Броуд ХХК-нд ажиллаж байгаад 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймаг руу явчихаад 09 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд Ханбогд суманд ирээд өдөр 13 цагийн орчимд ажлынхаа кемп дээр очсон. Манай ажил 13-15 цагийн хооронд үд амардаг юм. Намайг очиход хамт ажилладаг хүмүүс цайндаа орчихоод амарцгааж байсан. Тэгээд би очоод 15 цагт ажилдаа гараад ажлын талбай дээр ажиллаж байгаад шороо гаргуулах гээд ковш дуудсан чинь ковшны оператор ажиллахгүй байгаа гэхээр нь кемп хариуцаж байсан Пүрэвбатаас ковшны түлхүүр асуусан чинь автогрейдэрь /зам тэгшлэгч машин/-ийн оператор Б ковшны хэрэг байхгүй гээд манай компанид ажиллаж байсан ковшны жолоочийг нь буцаачихсан байсан. Тэгэхээр нь би Б ах дээр очоод "Та ковш хэрэггүй гэж хэлсэн юм уу, та өөрөө ирээд шороогоо янзалчих" гэж хэлсэн чинь Б ажлаа дуусгаагүй шууд кемпийн байр луу явчихсан. Тэгэхээр нь би араас яваад очсон чинь Б автогрейдэрээ зогсоод тавьчихсан байхаар нь "та яасан бэ" гэж асуусан чинь "чи муу бацаан уур хүргэлээ, худлаа яриад хов зөөж гүйлээ" гэж надад хэлчихээд кемпийн хажууд байх саравч руу явчихаар нь би оффис руу орох гээд явж байтал араас "ажлаа хийж чадахгүй мангар бацаан, хов зөөж гүйлээ, би ажлаасаа гарлаа" гээд араас бахираад байхаар нь "би таньтай маргалдмааргүй байна, ажлаа хийвэл хий, хийж чадахгүй бол боль" гэсэн чинь өөдөөс дахиж "чи мангар бацаан, ажлаа хийж чадахгүй" гэх мэтээр доромжилоод байхаар нь би саравч руу нь очоод Б-ийн зүүн хөлний хэсэг рүү нь хөлөөр нэг удаа жийсэн чинь хөл алдаад цайны сав түшээд зогссон. Тэгснээ цайны саван дээр байсан том бөөрөнхий төмрийг аваад над руу шидсэн чинь тэр төмөр нь миний баруун хөлний өвдөг хэсэгт оночихсон. Яг өвдөг хэсэгт төмөр оноход би хөл алдаад газарт суусан чинь манай найз Эрдэнэтуяа Б-г барьж аваад салгахаар нь би босож очоод Б-г тэврээд авсан чинь Б газраас 2 ширхэг чулуу аваад намайг дахиж цохих гээд байсан. Тухайн үед миний хөл гишгэж болохгүй би Б-аас зүүгдээд хөлөө чирээд зогсож байхад манай хамт ажилладаг хүмүүс гарч ирээд Б бид 2-ыг салгасан. Тэгээд миний хөл гишгэж болохгүй өвдөөд байхаар нь компанийн машинтай Ханбогд сум руу ирж эмнэлэгт үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8- р хуудас/,

Гэрч Б.Пүрэвбатын: “...Тухайн өдөр би Ханбогд сумаас зүүн хойд зүгт 94 км зайд Үнэгт гэх газарт байрлах кемпдээ байж байгаад 15 цагийн орчимд сүлжээнд гарч утсаар ярих гээд явсан. Намайг сүлжээнд гарах гээд явж байхад манай жолооч араас машинтай хүрч ирээд кемп дээр хүмүүс зодолдоод байна гэхээр нь би буцаад очсон чинь Т өрөөндөө орчихсон юу болсон талаар асуухад “би Б-г ковшоор элс түрээд өг гэж гуйсан чинь Б би чадахгүй гэж хэлчихээд кемп руу яваад өгсөн Тэгэхээр нь би араас нь дагаад кемп рүү очсон чинь тэнд очиж дахиж маргалдаж байгаад Б над руу төмөр аваад шидсэн чинь тэр нь миний баруун талын өвдөг хэсэгт оноод хөл хөдөлж чадахгүй байна” гэж Төмөрбулаг надад хэлсэн. Тэгэхээр нь би Т-ийн өрөөнөөс гарч байгаад Б-тай уулзаад “чи яагаад хүүхдийн хөл рүү төмрөөр цохиж байгаа юм бэ? Үг хэл амаараа учраа олохгүй яасан юм бэ?” гэж хэлэхэд Б өөдөөс “манай ар гэрт жаахан асуудал гараад би уураа барьж дийлэхгүй цохьчихлоо, би гэртээ харьчихаад ирмээр байна надад 5 хоногийн чөлөө өгчих” гэж хэлж байсан. Тэгээд би Т, Б нарыг жолоочтойгоо хамт 09 дугээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд Ханбогд сум руу Т-ийн хөлийг үзүүлчихээд ир гээд явуулсан чинь тэр шөнө Б нь Ханбогд сумын төвд үлдээд Т жолоочийн хамт буцаад кемп дээр ирсэн. Тэгээд маргааш нь өглөө нь босоод ирсэн чинь Т-ийн хөл хөдөлж болохгүй байгаад байхаар нь би Ханбогд сум руу өөрийн биеэр авч ирээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р хуудас/,

Гэрч Г.Эрдэнэтуяагийн: “....Тухайн өдрийн өглөө ажилдаа гараад өдөр 13 цаг амарчихаад 15 цагаас ажилдаа гараад 16 цагийн орчимд би Т-тай хамт ажлаа хийгээд байж байхад хамт ажилладаг Б гэх хүн бид 2-ыг яваад ковш аваад ир гэсэн тэгэхээр нь кемп рүү очоод ерөнхий инженер Пүрэвбаттай уулзаад ковш авах гэсэн чинь Б өөрөө ковшны хэрэг байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 буцаж талбай дээр очоод Б-д "та ковш хэрэг болохгүй гэж ерөнхий инженерт хэлсэн байна" гэж хэлчихээд бид 2 кемпийн байр луу буцаж очоод байж байхад араас Б хүрээд ирэхээр нь Т урдаас нь очоод "яасан ах, юу болсон бэ" гэж асуусан чинь өөдөөс нь "та нар худлаа ярьж хов зөөлөө" гээд уурлаад байсан. Тэгээд Т бид 2-ыг оффисын байр луу орох гэж байхад араас "та 2 муу бацаан, ажлаа хийж чадахгүй байж худлаа хов зөөлөө" гэх мэтээр хараагаад байсан тэгсэн чинь Төмөрбулаг Б-ийн араас нь очоод хөлнийх хэсэг рүү нэг удаа хөлөөрөө жийсэн чинь хөл алдаад босож ирээд цайны саван дээр байсан том бөөрөнхий төмрийг Т руу аваад шидсэн чинь тэр төмөр нь Т-ийн хөл рүү оночихсон чинь тэр 2 дахиад барьцалдаж аваад муудах гээд байхаар нь би голоор нь орж тэр 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 12410 дугаартай “1 .М.Т-н биед баруун тойгны дотор даруулган холбоосны суналт, дунд чөмөгний булууны ясны эдийн няцрал, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. б.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

Яллагдагч Г.Б-ийн: “...09 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хийж байгаад орой 17 цагийн орчимд зам дээр ажиллаж байхдаа ковш хэрэгтэй болохоор нь Т-ийг даргаас ковшоо 1 цаг гуйчих миний ажил ковшгүй бол болохгүй байна гэж хэлсэн чинь өөдөөс “чи өөрөө өглөө ковш хэрэггүй гээж хэлсэн биз дээ” гэхээр нь би “би өглөө ковш хэрэггүй гэж хэлээгүй дарга нар ярилцаж байгаад 4-5 хоногийн өмнө ковшийн оператор ажлаа хийж чадахгүй байхаар нь буцаасан” гэж хэлсэн чинь “пизда минь хийвэл хий, хийж чадахгүй бол зайл” гэх мэтээр хараагаад байхаар нь кемп рүү очиж даргатай уулзах гээд явсан чинь араас хүрч ирээд намайг “пизпа минь зайлаач зайл гэж хэлээ бизд”” гэж хараагаад байсан. намайг очиход дарга эзгүй байхаар нь саравчинд очиж цай уух гээд тонгойтол араас хүн өшиглөөд би хөл алдаад босоод ирсэн чинь өөдөөс маргалдаад зууралдаад байхаар нь би цайны савны таган дээр байсан төмрийг аваад Т руу шидсэн чинь баруун талын хөлийнх нь өвдөг хэсэгт оночихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Г.Б-г Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүнд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүүлсэн байх тул шүүгдэгч Г.Бямбааг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх саналыг  шүүгдэгч Г.Бямбаа нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч М.Т нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА