Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1261

 

 

       2022             10             11                                                              

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч: Д.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Л,

шүүгдэгч: Э.Х, түүний өмгөөлөгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт Э.Х-д холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Э-ийн Х /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын ***ний өдөр **** аймаг төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Их наран 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй, тодорхой оршин суух хаяггүй, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 59 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжинд талийгаач Я.Э-ыг  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүний самсунг А-51, самсунг А-5 маркийн 912.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор талийгаачийн цээжин хэсэгт нь гараараа 1 удаа цохиж хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагааж, гавлын суман заадас даган дух яс, зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, хугарал дагасан хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорхи тархмал цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, хоёр тал бөмбөлгийн дагуу завсар, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зулайн зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорхи цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулж, уг хэргийн улмаас амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 59 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Э-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийгөө хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүний самсунг А-51, самсунг А-5 маркийн 912.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогчийн цээжин хэсэгт нь гараараа 1 удаа цохиж хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагааж, “гавлын суман заадас даган дух яс, зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, хугарал дагасан хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорхи тархмал цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, хоёр тал бөмбөлгийн дагуу завсар, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зулайн зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорхи цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж, уг хэргийн улмаас амь насыг хохироосон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн үед манай ахын ажлын болох ажилтан над руу залгаад танай ах чинь цус харвасан байдалтай Баянхошууны гудамжнаас олдсон байна. 3-р эмнэлэг дээр түргэнээр ирсэн байна яаралтай 3-р эмнэлэг дээр очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би 103 руу залгаад Баянхошууны гудамжнаас Я.Э гэж хүн авчирсан хүний утсыг өгөөч гэсэн чинь одоо өгөх боломжгүй байна гэсэн тэгээд гэрээсээ гараад машиндаа суугаад явж байхад нэг утаснаас залгасан тэр хүн түргэний жолооч болж байсан. Би тэр хүнээс ахынхаа талаар асуусан чинь танай ах нь айлд байсан өглөө маш их бөөлжсөн байсан цус харвасан байдалтай байхаар нь 3-р эмнэлэгт хүргэж өгсөн гэхээр нь би юу айл юм болоо гэсэн чинь 2 хөгшин гудамжинд согтуу хэвтэж байхаар нь гэртээ оруулж хонуулаад түргэн дуудсан гэсэн тэгсэн. Тэгээд би 3-р эмнэлэг дээр очсон чинь манай ахыг маш хүнд байна тархиндаа хүнд гэмтэлтэй байна гадны нөлөөтэй байна одоо Гэмтлийн эмнэлэг рүү авч явъя гэсэн удалгүй түргэний машин ирээд манай ахыг аваад явсан би хамт түргэний машинд суугаад явсан. ... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-р хуудас/,

               -Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19:40 минутын орчим дэлгүүр орох гээд өөрийн эзэмшлийн тоёота маркийн 00-00 ААА  дугаартай саарал өнгийн автомашиныг жолоодоод гэрээсээ гарсан. ...Баянхангай дэлгүүр орох гээд явж байтал замын ертөнцийн зүгээр баруун талын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа нэг эрэгтэй нилээн махлаг биерхүү согтуу хүн хөл дээрээ тогтож чадахгүй 2 тийшээ найгаад явж байхыг харсан.... цагаан өнгийн приус 20 маркийн машин гудамжнаас гарах гэж байгаа юм шиг ухарч зогссон. Тухайн гудамжнаас 2 бага зэрэг халамцуу эрэгтэй хүн алхаад ирэхээр нь юу болов гэж асуусан чинь тэр хүн энэ нэг хоёр юм хүний дээгүүр гараад нидрээд хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дууд гэсэн чинь эмнэлэг авч явна гэж хэлээд аваад явсан... тухайн мөргүүлсэн гээд байгаа хүн анх намайг дэлгүүр орох гэж байхад таарсан согтуу хүн мөн байсан... зам дээр цус мэт зүйл харагдаагүй... согтуу хүн /талийгаач/ нүүр ам нь зүгээр ямар нэгэн шарх, цус гэх мэт зүйл болоогүй зүгээр байсан 2 гартаа юм бариагүй баруун гараа өмдний халаасандаа хийчихсэн байсан. Намайг гудамж руу баруун гар тийш эргэх гэтэл өөдөөс нэг цагаан өнгийн тоёота приус маркийн машин ухрахаар нь би зогссон юм. Тэгсэн жолооч нь бууж ирсэн тэр үед машины урд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүн дээшээ харчихсан толгойн замын уруугаа буюу ертөнцийн зүгээр баруун тийшээгээ харчихсан хэвтэж байсан. Тухайн хүн нь түрүүхэн надтай зөрж өнгөрсөн хүн мөн байсан. Хохирогчийн нүүр ам зүгээр байсан. Анх харсан байдлаасаа өөрчлөгдөөгүй толгойн нь тонгойчихсон 2 талаас нь цагаан машины жолооч болон зорчигчтой сугадаад машиндаа оруулж байсан. Зам дээр цус гоожсон зүйл байгаагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-65-р хуудас/,

               -Гэрч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Э.Х тай хамт пиво уусан ... нөгөө согтуу хүнийг угтаад зам хөндлөн гарахаар нь би бас араас нь дагаад гарсан. Тэгээд замын нөгөө талд гарах үед нөгөө согтуу хүн ч хойноос ирээд бид 3 халз өөд өөдөөсөө тарах үед Э.Х үгийн зөрөөгүй нөгөө хүний хувцаснаас татаж байгаад цээж рүү 2 гараараа түлхэх үед нөгөө согтуу хүн биеийн ар хэсгээр толгойгоороо саваад газарт нилээн хүчтэй унасан. Унах үедээ пид гэсэн чанга чимээ гарахаар нь би айгаад чи чинь яаж байгаан юм бэ? хүн алчихлаа гэсэн чинь Э.Х хувцаснаас хэд татаж байснаа үхээгүй байна амьсгаатай байна гэсэн. Тэр үед би маш их айсан болохоор Э.Х ыг тэр хүнтэй үлдээгээд Хайрхан 15 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд түрүүлээд алхаад явсан. Яг намайг явах үед Э.Х тэр согтуу хүнийг босооч гээд татаад өмднийх нь халаас руу нь гараа хийгээд байсан. Тэгсэн удалгүй араас Х  ирээд бид 2 хамт тухайн гудамжаараа алхаж байхад Х  ер нь буцаж очиж нөгөө хүнээ нэг харъя гээд буцаад алхаад явахаар нь би араас нь дагаад явсан. Нөгөө согтуу хүн Хайрханы 15 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрийн асфальтан хэсэгт дээшээ харчихсан толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу газрын уруу хэсэг рүү харчихсан ямар нэгэн хөдөлгөөн байхгүй хэвтэж байсан. Тэгээд бид 2 хэвтэж байсан хүн рүү дөхөөд ойролцоогоор 5-6 метрийн зайтай ирэхэд Зүүн салааны төв замаас тухайн гудамж руу нэг цагаан өнгийн тоёота приус маркийн машин ороод ирэхээр нь Х  бид 2 хоёр гараа өргөөд хөөе наана чинь хүн байна дайрлаа гэсэн чинь тэр машины жолооч хараагүй юм шиг байсан. Урд хоёр дугуйныхаа голоор хэвтэж байсан хүний хөл хэсгээс хүзүү хүртэл дээгүүр гарчихсан байсан. Хэвтэж байсан хүний толгой нь цухуйчихсан байсан... Х  надад тэр хүний 2 утсыг авчихсан нэг нь том нэг нь жижиг утас байсан гэж ярьж байсан. ... Х  энэ асуудлын талаар хүнд ярьж болохгүй гэж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй...Х  би энэ хүнтэй уулзаадахъя гэж хэлээд очсон. Яг өөдөөс нь тулж очоод тухайн хүний цамцны баруун урд талаас нь татахад нөгөө хүн бүтэн эргээд Х ын өөдөөс харж таарсан чинь Х  2 гараа атгаж байгаад цээж хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь нөгөө хүн замын уруу хэсэг яг ар дагзаараа саваад газарт дээшээ хараад унасан... Камерын бичлэгт байгаа цагаан захтай хөх жинсэн хүрэмтэй, хар өмдтэй хүн бол Х  мөн байна. Ногоон хүрэмтэй эрээн өмдтэй хар саравчтай малгайтай хүн бол би мөн байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84-р хуудас/,

               -Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Х  эхнэр хүүхдээсээ салчихсан танайд хоноё гээд ирсэн. Тэрнээс садан төрлийн холбоо байхгүй. Анх ирснээсээ хойш байнга манайд байгаа хааяа ганц нэг хоног ирэхгүй байж байгаад хүрээд ирдэг. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна байна ямар ч байсан нэг орой манай нөхөр Н  гаднаас орж ирээд Х  энэ 2 утсыг 20.000 төгрөгөөр ав гэнээ гэж орж ирэхээр нь би юун утас юм бэ? гэсэн чинь Х ын найзынх нь утас гэнээ тэр авч бай 20.000 төгрөгийг чинь буцааж өгөхдөө авъя гэж байна гэхээр нь 20.000 төгрөг өгөөд нөгөө 2 гар утсыг нь авсан. ... маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Х  ирээд манай найз утсаа зарахаар болсон чи 50.000 төгрөг нэмж өгөөд авчих гээд шаналгаад байсан... би 50.000 төгрөг өгсөн. Тэр өдрийн орой билүү маргааш билүү надаас дахиад 50.000 төгрөг нэхсэн. 100.000  төгрөгийн ийм 2 гар утас хаанаас ч авахгүй шүү гээд байсан. Би нийт 120.000 төгрөгөөр 2 утсыг авсан...манай нөхөр Х  хоёр хамт архи уусан учир нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-124-р хуудас/,

               -Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-аас 11-ний хооронд жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэгээд 11-ний өглөө 9 цагийн үед санагдаж байна хамгийн сүүлийн дуудлага орж ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хайрханы 13-87 тоотод очиход 40 орчим настай эрэгтэй гэрийн буйдан дээр дээшээ харсан байрлалтай хурхирсан байдалтай байхаар нь зүрхний цохилт, даралт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багассан, даралт тодорхойгүй байсан нарийн хэмжээнүүдийг нь одоо санахгүй байна өвчний түүх дээр бичсэн байгаа. Мөн намайг очиход их хэмжээгээр бөөлжсөн бөөлжсөндөө хахсан хий огиулсан байхаар нь бөөлжилтийн эсрэг тариа хийж хүчилтөрөгч өгч 3 дугаар эмнэлэгт харвалт гэсэн онош тодруулахаар аваачиж өгсөн. ...хохирогч ямар нэгэн зүйл хэлж яриагүй ухаангүй байсан. Архи үнэртэж байсан, биеийн аль нэг хэсгээс цус гарсан зүйл байгаагүй, цамцыг нь дээшээ сөхөөд үзэхэд гэдэсний хүйсээс дээшээ 2-3 см урттай зулгарсан шинэ шархтай байсан. Толгой хэсэгт ил харагдах шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 148-149-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:  

               “...1. Г.Э-ын цогцост гавлын суман заадас, дух яс, зүүн ухархайн дээд хана хүрсэн хугарал, хугарал дагасан хэсгийн хатуу хальсан дээрх, тархины зүүн тал бөмбөлгийг тархмал хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, хоёр тал бөмбөлгийн дагуу завсар, баруун тал дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зулайн зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус хуралт, зүүн хацар, яс, зүүн ухархайн гадна ханын хугарал, баруун бугалга, шуу, сарвуу, хэвлий, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, хэвлий, зуун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.   

               2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Эдгээр гэмтлүүдээс гавал Тархины битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай.

               3. Талийгаач короновирусын халдвар, хоёр талын уушгины хатгаа, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний томрол, зүүн ховдол, ховдол хоорондын таславчийн зузаарал өвчтэй байна.

               4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

               5. ГССҮТ-ийн 2647 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2021-04-21-ний 0620 цагт нас баржээ.  

               6. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.

               7. Талийгаач нь эмнэлэгт эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн учир химийн шинжилгээ хийх шаардлагагүй” гэх дүгнэлт 1хх-ийн 208-2015-р хуудас,

               -Шинжээч эмч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...талийгаачид учирсан гэмтлүүд цохих цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачид автомашинд мөргүүлсэн дайруулсан гэх гэмтлүүд тогтоогдохгүй бөгөөд талийгаач гавал тархины битүү гэмтэл цохилтын улмаас толгойгоороо савж унах, өргөн том талбайтай зүйл зүйл мөргөж унаснаас үүссэн гэмтлүүд байна. гавал тархины битүү гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бусад гэмтлүүд нь тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой учраас дүгнэлтэд дээр нийлүүлээд олон удаагийн үйлчлэлээр гэж гаргасан. ...талийгаачийн хувьд гавлын суурь хэсэгт ямар нэгэн гэмтэлгүй гавлын орой хэсэг буюу зулай хэсгийн суман заадас салсан хугарал уг хугарал нь дух яс зүүн ухархайн дээд хана хүрсэн байснаас үзэхэд өргөн талбайтай зүйлд цохигдох зэрэгт үүсэх гэмтэл бөгөөд ийм тохиолдолд хуйханд гэмтэл цөмөрсөн шарх үүсэх магадпал багатай учир хэргийн газарт цус гарах боломжгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 221-224-р хуудас/,

               -2021.05.10-ны өдрийн шинжээч үнэлгээчдийн дүгнэлт, үнэлгээний: ... “самсунг А51-685.000, Самсунг А5-227000 нийт 912.000 төгрөг” үнэлсэн тайлан /1хх-ийн 229-231-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, О.Б, Н.Э, О.Н, М.А нарын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 0000 дугаартай:

               “...1. Я.Э-ын биед гавлын суман заадас даган дух яс, зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, хугарал дагасан хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорхи тархмал цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, хоёр тал бөмбөлгийн дагуу завсар, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зулайн зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорхи цус хуралт, зүүн хацар яс, зүүн ухархайн гадна ханын хугарал, баруун бугалга, шуу, сарвуу. хэвлий, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогджээ.

               2. Дээрх гэмтлүүдээс гавлын суман заадас даган дух яс, зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, хугарал дагасан хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорхи тархмал цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, хоёр тал бөмбөлгийн дагуу завсар, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зулайн зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорхи цус хуралт гэмтлүүд нь хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дагзны хэсгээр хатуу хучилттай зам дээр савж унаснаас үүссэн байх боломжтой. Зүүн хацар яс, зүүн ухархайн гадна ханын хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун бугалга, шуу, сарвуу, хэвлий, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, хэвлий, зүүн шилбэн дэх зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

               3. Талийгаачид учирсан гавлын суман заадас даган дух яс, зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, хугарал дагасан хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорхи тархмал цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, хоёр тал бөмбөлгийн дагуу завсар, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хацар яс, зүүн ухархайн гадна ханын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Талийгаачид зам тээврийн ослын улмаас үүсдэг өвөрмөц болон хэв шинжит гэмтлүүд тогтоогдоогүй байх боловч баруун бугалга, шуу, сарвуу, хэвлий, уун, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, хэвлий, зүүн шилбэн дэх алт гэмтлүүд автомашинд шүргэгдэх үед үүсгэгдсэн байх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Талийгаач Я.Э-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний тэмдэглэлд... зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн урд гадаргууд том хэмжээний няцралтай, эдийн гүнд мөн цус хуралт, няцралтай, эдийн бүтэц алдагдсан, зулай, чамархайн дэлбэнгээр мөн олон тооны цус харвалт, няцралтай, эд улбайсан... гэснээс харахад талийгаачийн амь насыг аврах боломж багатай байсан байна. Талийгаачид эмнэлгийн тусламж оройтсон, хугацаа алдсан гэж үзэхээр зүйл тогтоогдохгүй байна.

               6. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0000 дугаартай болон 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

               7. 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сovit-19-н түргэвчилсэн оношлуураар коронавирусын халдвар сөрөг гарсан боловч талийгаач Я.Э нь коронавирусын халдварыг хэзээ авсныг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Өвчний түүхийн хуулбараас харахад талийгаач нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс халуурч эхэлсэн байна. Талийгаачид ковид өвчний эсрэг үрэвсэл дарах, дархлаа сэргээх. цус шингэлэх, амьсгал, зүрх-судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг эмчилгээ хийсэн байна.

               8. Талийгаач Я.Э нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин. зүрхний томрол, зүүн ховдол, ховдол хоорондын таславчийн зузаарал өвчтэй, коронавирусын халдвартай байсан байх боловч талийгаач эдгээр өвчний улмаас нас бараагүй болно. Талийгаач нь гавал тархины амь насыг аврах боломж багатай хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 217-227-р хуудас/,

               -Си Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл: “...2021-04-10_19-45-00_19-59- 59_САМ1.аvi, бичлэг нь нийт 33 минут 20 секундын бичлэг байх ба бичлэгийн баруун дээд хэсэгт байрлах огнооны тэмдэглэлээр 2021-04-10 19:39:19 секундэд бичлэг эхэлж 19:59:46 секундэд дуусаж байна  19.58.49 секундэд зорчих хэсэг рүү орж 19:59:00 секундэд зорчих хэсгийн нөгөө талд гарах үед явган хүний замаар хойноос урагш чиглэлтэй ирж байсан цагаан мөртэй бараан өнгийн хүрэм, бараан өнгийн өмд, гуталтай, хар өнгийн цамцтай, маскгүй хүн тухайн 2 хүний голоор гарах үед цэнхэр өнгийн цагаан дотортой хүрэм, бараан өнгийн саравчтай малгай, хар өнгийн цамц, өмд, гуталтай, гартаа хуванцар сав барьсан, цагаан маск ирүүн доогуураа зүүсэн эрэгтэй хүн голоор нь гарсан цагаан мөртэй бараан өнгийн хүрэм, бараан өнгийн өмд, гуталтай, хар өнгийн цамцтай хүний мөрнөөс нь барьж аваад Хайрханы 15 дугаар гудамж руу чирч байснаа татаж газарт буюу замын зорчих хэсэг дээр унагаагаад улаан өнгийн хашааны цаагуур орж орж байна. Энэ үед хүн татаж унагаасан хүнтэй хамт явж байсан хүн араас нь алхаж хашааны цаагуур орж камерын бичлэгээс гарч байна. ...20:01:27 секундэд Т.Приус-20 маркийн 00-00 АААдугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урд талаас хойш чиглэлтэй явж камерын бичлэгт орж ирээд Хайрханы 15 дугаар гудамж руу эргэж ороод 20:01:36 секундэд улаан өнгийн хашааны цаагуур орж зогсож байна. 20.02.01 секундэд тухайн тээврийн хэрэгсэл хойш ухарч 20.02.05 секундэд зогсох үед 2 давхар улаан өнгийн байшингийн гаднаас хөдөлсөн 53-79 /серийн дугаар тодорхой харагдахгүй/ дугаарын тээврийн хэрэгсэл уулзвар дээр ирж зогсож байна. Энэ үед Т.Приус-20 маркийн 00-00 ААА дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгаар цайвар өнгийн малгай, хүрэмтэй, хар бараан өнгийн өмд, гуталтай хүн бууж, харин жолооч талын урд хаалгаар цайвар өнгийн малгай, цагаан масктай хүн бууж гудамж руу орж хашааны цаагуур орох үед тухайн гудамжнаас зөрөөд цэнхэр өнгийн цагаан дотортой хүрэм, бараан өнгийн саравчтай малгай, хар өнгийн цамц, өмд, гуталтай, гартаа хуванцар сав барьсан, цагаан маск ирүүн доогуураа зүүсэн эрэгтэй хүн, Хар саравчтай малгай, цагаан маск, бараан өнгийн хүрэм, цагаан саарал цамц, цоохор өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүний хамт гудамжнаас гарч ирж хойноос ирж зогссон буюу тухайн 2 хүнийг буулгасан 53-79 /серийн дугаар тодорхой харагдахгүй/ тээврийн хэрэгсэл дээр ирж жолоочтой гараараа дохиж ярилцаад байж байхад 20:03:13 секундэд Т.Приус-20 маркийн 00-00 АААдугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээс буусан 2 хүн ямар нэгэн юм баруун хойд талын хаалгаар хийгээд 20.03.20 секунтэд хөдөлж байна.... гэх тэмдэглэл /1хх-н 25-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Э.Х ын яллагдагчаар өгсөн: “... би өмнө нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй миний ярьсан зүйлс бүгд үнэн зөв, би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэж /4хх-ийн 126-р хуудас/ мэдүүлж байсан.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 143-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 144-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 145-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 146-р хуудас/ гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 147-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 148-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 149-163-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 28-р хуудас/, зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр н.Н ын гэрт очсон. н.Н  эхнэртэйгээ пиво уугаад сууж байсан. Бид 3 тэр пивыг хувааж уусан. Би согтоод унтаад өгсөн. Тэгээд дахин пиво авах гээд дэлгүүр гарсан. Тэр үед хохирогчтой таарсан. Тэгээд хохирогчийг татаж унагаагаад утсыг нь аваад яваад явсан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өглөө хөл хорионы өдөр байсан. Тухайн өглөө унтаж байхад гэрт дуудлага ирсэн. Н.Э-ын ар гэр мөн үү, энэ хүн 3 дугаар эмнэлэгт ухаангүй байна гэсэн. Тэр өдөр хөл хорио тогтоосон байсан ч гэсэн машинаа унаж гарсан. Шууд 3 дугаар эмнэлэг дээр очиход түргэний машинаар н.Э ирсэн байсан. Хүлээж авсан эмчтэй нь уулзахад ойр дотны хүн мөн үү гэж асуусан, мөн гэхэд сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэсэн. Цус алдсан зүйл алга байна, гэмтлийн шинжтэй байна гэсэн. Тэгээд яриад удаагүй байтал түргэний машинаар ирсэн. Тэр мөчид би ахыгаа харсан. Ах маань ухаан балартсан, амнаас нь цагаан хөөс гарсан байдалтай байсан. Ингээд шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очсон. Тэгээд яаралтай арга хэмжээ авч эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн. Би тухайн үед 103 руу залгаж ахыг хаанаас авч ирсэнг тодруулж асуусан. Тухайн өдөр ээлжинд явж байсан эмч ажлаасаа буусан гэж хэлээд гар утсыг нь өгсөн. Тэгээд холбогдоход Баянхошууны тэндээс ахыг авч ирсэн гэж хэлсэн. Ингээд ах маань эмнэлэгт байж байгаад өвчнөө даахгүй нас барсан. Анхан шатны шүүх хурал жилийн өмнө болсон. Талийгаачийг оршуулах зардлыг нэхэмжилсэн. Эмчилгээний зардал нэхэмжлээгүй, өнөөдөр ч гэсэн нэхэмжлэхгүй. 8.028.299 төгрөг буюу өмнөх нэхэмжилж байсан зүйлийг нэхэмжилж байна гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 000 дугаартай дүгнэлтээр: Талийгаач нь гавал тархины амь насыг аврах боломж багатай хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэсэн байх бөгөөд хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Э.Х хохирогч Я.Э-ын биед гараараа цохин түүнийг толгойгоор нь газар унагааж дээрх хохирол хор уршгийг бий болгосон байгаа үйлдэл нь хууль бус юм.

Учир нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Э.Х ийн, хохирогч Я.Э-ын эрүүл мэнд, амь насны эсрэг дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Э.Х нь хохирогч Я.Э-ын эд зүйл болох гар утсыг авах зорилгоор хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үйл явдлыг бүрэн ухамсарлах боломжгүй гэдгийг мэдсээр байж дээрх үйлдлийг хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор;” , 2.7хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж;” гэсэн хүндрүүлэх шинжэд хамаарна гэж дүгнэсэн.

Мөн түүнчлэн дээрх шинжээчийн дүгнэлтээр хохирогч хүнд гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд авто осол болон бусад өвчин үхэлд хүргэх шалтгаанд нөлөөлөөгүй гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийн санаа зорилго үйлдлийн шинжийн хувьд дээрх зорилгоо хэрэгжүүлэх үүднээс хохирогчийг нэг удаа цохиж унагаасан нөхцөл байдлаас нь харахад хүнийг алах зорилгогүй байсан гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтуудад заасан “бусдын биед хүнд хохирол санааай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л нь “хохиролд 8,028,299 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгдэгч Э.Х ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн  508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.гэж тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-д хохирлын бодит зардал болох 8,028,299 төгрөгийг шүүгдэгч Э.Х аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Үйлдсэн хэргийн хувьд шүүгдэгч Э.Х согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн үед амь хохирогчийн утсыг нь авах зорилгоор биед нь халдаж талийгаачийг аспалтан зам дээр дагзаар нь унагасан байдаг. Энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, удаа дараа гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Улсын яллагчийн хувьд яагаад ингэж зүйлчилсэн бэ гэхээр шүүгдэгч гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн бөгөөд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчилсэн. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө олохын тулд ийм хэрэг хийсэн. Ар гэрийн болон хувийн нөхцөл байдал таныг ийм гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Өрх толгойлж явсан хүний хувьд үүнийг ухамсарлах боломжтой байсан. Хохирогчийн хувьд 12 хоног эмчлэгдэж байгаад нас барсан. Нас барахдаа ковид өвчин туссан бөгөөд энэ өвчний хүндрэл нөлөөлсөн гэж тогтоогддог. Шүүгдэгч Э.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч хохирол төлбөрт 8.029.550 төгрөг нэхэмжилж байгаа, энэ төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн нийт 536 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг гар утас хураагдсан. Хүүхдүүд нь насанд хүрсэн бөгөөд насанд хүрсэн гэдгийг мэдүүлж байна. Хэрэгт авагдсан сидиг хэрэгт хавсаргаж шийдүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Х д 8 жилийн хорих ял эдлүүлэх, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Зүйлчлэл дээр маргаагүй. Улсын яллагч ялын саналаа үндэслэлтэй тайлбар хэллээ. Өмгөөлөгчийн хувьд маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Э.Х нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Ажил хөдөлмөр хийгээгүй нийгмээс тусгаарлагдсан байсан тул хохирлоо төлж чадаагүй. Э.Х ын хувьд аав, ээж нь хорвоогийн мөнх бусыг үзсэн. Эцэг өөр 2 ах байдаг боловч энэ хүмүүстэй холбоогүй байдаг тул хохирол төлбөртөө дэмжлэг авч чадаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс тодотгож хэлэх нь зүйтэй байх. Э.Х нь анхнаасаа тухайн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч ирсэн. Мэдүүлгээ өөрчилж байгаагүй байдаг бөгөөд бүх нөхцөл байдлыг үнэн зөвөөр мэдүүлж байсан нь түүний зан байдлыг харуулж байгаа. Үйлдсэн хэрэг, тухайн үйлдлийн улмаас учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэл тогтоогдож байна. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял авч, үүнийгээ 2 жилээр тэнсүүлж байсан. Үүнээс хойш гэмт хэрэгт холбогдож байгаагүй явж байгаад энэ хэрэгт холбогдсон. Энэ хүн өөрийнхөө үйлдэл, зан байдалд дүгнэлт хийгээд засарч хүмүүжээд явж чадна гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 6 жилийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Уг 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Би анхны шүүх хурал жилийн өмнө болоход хэлж байсан. Хүний алтан амь гэдэг бол юугаар ч орлуулалшгүй зүйл. Энэ хэрэг жил 6 сар сунжирч байна. Ах маань ч гэсэн цаашаа сэтгэл амар явмаар байгаа байх. 72 настай ээж минь хүртэл энэ хэргийг хурдан шийдээсэй гэж хүсэж байгаа. Анхны шийдвэр 16 жил байсан. 2-3 удаагийн шүүх хурлаар давж заалдаж өнөөдрийн шүүх хурал болж 8 жил болж байгаа юм байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг шударгаар шийдвэр гаргаж энэ хэргийг эцэслэн дуусгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч: Хохирогч талаас уучлалт гуйж байна, эрхэм шүүгч нар минь хорих хугацааг минь багасгаж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч: Уг нь сайхан залуу байна. Энэ хүүхэд цохиод явсны дараа машины асуудал гарсан байна. Гэхдээ гэм буруутай байна, залуу хүн харамсалтай байна. Хүний амь нас хохироосон бол авах ёстой ялаа авах ёстой. Тэгэхээр гэм буруутай байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дээрх зүйл анги 5-12 жилийн хорих ял шийтгэлтэй.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтуудад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл /хүндрүүлэх нөхцөлтэй үйлдэгдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ /хохирогч нас барсан/, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Э.Х д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох... гэж зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг А-51 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг А-5 маркийн гар 1 ширхэгийг тус тус уг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-д буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс нийт 536 хоног цагдан хоригдсон хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцож хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Д овогт Э-ийн Х ыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч энэ гэмт хэргийн улмаас нарсан барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Э.Х д 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Э.Х д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосугай

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Х ын цагдан хоригдсон 536 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хассугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Э.Х аас 8.028.299 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-д олгосугай.

         

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг А-51 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг А-5 маркийн гар 1 ширхэгийг тус тус уг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-д буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

          7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Э.Х ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА

 

                                ШҮҮГЧ                                        Г.АЛТАНЦЭЦЭГ

                            

                   ШҮҮГЧ                                     Б.БАТАА