Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2018/01000/И |
Дугаар | 19 |
Огноо | 2019-01-09 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 19
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т овогт Г-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УАЗД-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17.066.079 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухайнэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2016 оны 10 дугаар сарын04-ний өдрийн 30 тоот шүүгчийн захирамж гарч, хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулан, аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, төрийн захиргааны ангиллын ажлын байраар хангахаар шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 186 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Уг шийдвэрүүдийг хуулийн хугацаанд гүйцэтгэхгүй явсаар байж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал дуудан уулзаж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон. Гэтэл уг тушаал нь хууль бус болохыг шүүх тогтоож хүчингүй болгосон. Ингээд дахин 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга С.Батжаргал дуудан уулзаж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон. Урьд нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 101 тоот шүүхийн шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны цалин 26.469.433 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч одоо болтол авч чадаагүй байна. Иймд миний 2017 оны 12 дугаар сарын 28-наас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /9 сар х 1.896.231=17.066.079 төгрөг/ нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н би дараах тайлбарыг гаргаж байна. 2017 оны 12 дугаар сарын 28-наас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийгг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний цалингаар тооцож олгох боломжто йгэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч УАЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааныцалин хөлстэй тэнцэх олговор 17.066.079 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний цалингаар тооцож олгох боломжтой гэж маргаж байна.
Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/428 дугаар захирамжаар Г.Б-ийг тус аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зохигчид эвлэрсэн байхтул Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улмаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг биелүүлж, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр Г.Б-ийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ,үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь зохигчдын тайлбар болон Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/52 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны цалингаа нэхэмжилдэг боловч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр шийдвэрээр Г.Б-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны цалинг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Иймд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал буюу хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон өдрийг хүртэлх хугацааны цалинг хариуцагч байгуулагаас гаргуулах нь зүйтэй.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байх тул хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Б-ийн нийгмийн даатгалын дэвтрийн болон цалингийн тодорхойлолтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуусталх 8 сар 19 хоног ажилгүй байсан хугацааны цалин нийт 16.845.591 /1 сарын дундаж цалин хөлс 1.896.231 төгрөг х 8 сар = 15.169.848 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 88.197 төгрөг х 19 хоног = 1.675.743 төгрөг/ төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох тус аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 220.488 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг албан тушаалд томилогдохоос өмнөх хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны цалингаа нэхэмжилж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтний цалингаар тооцож олгох боломжтой гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Г.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 16.845.591 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 242.178 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох тус аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгох нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 07-11-ний өдрүүдийн хооронд Авилгатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа сургалтад хамрагдахаар албан томилолтоор явж байна. Иймд шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Гэвч хүсэлтэд дурдсан үйл явдлыг нотлох сургалтын төлөвлөгөө болон албан томилолттой холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох тус аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуусталх 8 сар 19 хоног ажилгүй байсан хугацааны цалин нийт 16.845.591 /арван зургаан сая найман зуун дөчин таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 220.488 /хоёр зуун хорин мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж,хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.280 /хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 242.178 /хоёр зуун дөчин хоёр мянга нэг зуун далан найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ