Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 888

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел Уул 4-82 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ86122808, Шангас овогтой Батчулууны Янжинхорлоогийн нэхэмжлэлтэй, 

       Хариуцагч: Увс аймаг, Өмнөговь сум, 3 дугаар багт оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ84093018, Зөөд овогтой Самтангийн Гантөмөрт холбогдох,

           Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Янжинхорлоо /цахимаар/, хариуцагч С.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Б.Янжинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Гантөмөртэй багаасаа үерхэдэг байсан бөгөөд бие биедээ сэтгэлтэй байсан. 2004 онд миний бие Улаанбаатар хотод оюутан болж ирсэн. С.Гантөмөр нь 2004 онд цэрэгт явсан. Миний бие 2007 оны 9 дүгээр сард Увс аймагт оюутны амралтаараа очоод С.Гантөмөртэй тааралдаж, бие биедээ сэтгэлтэй байсан учир үерхэж эхэлсэн. Бид үерхэж байх хугацаандаа хүү Я.Анхбаярыгаа 2007 оны 11 сард олж, Улаанбаатар хотод 2008 оны 1 дүгээр сард ирэхдээ жирэмсэн ирж, хүү Я.Анхбаярыгаа 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрүүлсэн. С.Гантөмөр нь 2013 оныг хүртэл надтай байнга холбоотой, утсаар ярьж, “Би чамтай сууна” гэж ярьдаг байсан ба төрсөн хүүхэд Я.Анхбаяртайгаа төрснөөс нь хойш нэг ч удаа уулзаагүй. Хүү маань одоо 10 настай. Миний бие хүүгээ сургуулийн амралтаар нь зун Увс аймгийн Өмнөговь сум руу 3 удаа хамаатан руугаа явуулж, С.Гантөмөрийг уулз гэхэд нэг ч удаа уулзаагүй. Хүү Я.Анхбаяр маань миний асрамжид надтай хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел Уул 4-82 тоотод амьдардаг. Хүүгээ төрснөөс нь хойш нэг ч удаа уулзахгүй, үр хүүхдээ гэсэн сэтгэл гаргахгүй байгаа учир хүү Я.Анхбаяртаа аав С.Гантөмөрөөс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул С.Гантөмөрөөс хууль ёсны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч С.Гантөмөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Дариймаатай гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлж өсгөн, өнөөдөр хүртэл сайн сайхан амьдарч байгаа. Би энэ Б.Янжинхорлоо гэх бүсгүйг огт таньж мэдэхгүй. Энэ хэргийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Одо бүхэл бүтэн 10 жилийн дараа хэлдэг юм гэж юу байхав. Я.Анхбаярыг миний хүүхэд биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Янжинхорлоо нь хариуцагч С.Гантөмөрт холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэдийгээр хариуцагч нь “Энэ миний хүүхэд биш, би тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байна” хэмээн маргаж байгаа боловч хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

              Нөгөө талаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10262 дугаар дүгнэлтээр 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Шангас овогтой Янжинхорлоогийн Анхбаяр /регистрийн дугаар УК08280830/ нь С.Гантөмөрийн хүүхэд мөн болох нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

         Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Шангас овогтой Янжинхорлоогийн Анхбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Гантөмөрөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Янжинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гантөмөрөөс 33.148 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Янжинхорлоод олгох нь зүйтэй байна.

          Хүү Я.Анхбаяр Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/13 тоот “Хүн амын амьжиргааны 2018 оны доод түвшинг тогтоох тухай” тогтоолын хавсралтад зааснаар Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшин 198.600 төгрөгөөр тогтоогдсон байгааг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг дээрх үнийн дүнгээс тооцож, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

        Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Шангас овогтой Янжинхорлоогийн Анхбаяр /регистрийн дугаар УК08280830/-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Гантөмөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Янжинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.182 /гучин гурван мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гантөмөрөөс 33.148 /гучин гурван мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Янжинхорлоод олгосугай.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА