Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
Хэргийн индекс | 166/2022/0291/Э |
Дугаар | 2022/ШЦТ/310 |
Огноо | 2022-09-27 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0291/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч Д.Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2218000000316 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны ** дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ********************, урьд нь Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д.Э-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д.Э- нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим ************************************ гэртээ Д.Д.Б-гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Прокурорын ярьж байгаа бүгд зөв. Маргах зүйл байхгүй.” гэв.
Эрүүгийн 2218000000316 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Д.Б-гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр болох Д.Д.Э- нь гэртээ буюу ************************************тоотод архи уугаад согтуу байдалтай байсан. Орой 21 цагийн орчимд том хүү Э-, дунд хүү О- нарт уурлаж тэднийг цохиод загнаад байсан. Мөн хүүхдүүдийн гар утсыг эвдэлсэн... Д.Э- намайг үснээс барьж зулгаагаад нүүр болон толгой руу гараараа олон удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 12/,
Насанд хүрээгүй хохирогч Э.О- өгсөн: “...Миний ашиглаж байсан Самсунг Эс-10 маркийн гар утас болон ах Э.Э-ын ашиглаж байсан айфоне-8 маркийн гар утаснуудыг манай аав Д.Э- би та нарт утас авч өгсөн болохоор миний утас гээд хураан авсан. Бас ах гартаа барьж явсан чихэвчээ шидээд өрөөнөөс гараад явахад аав уурлаад араас нь очиж цохисон. Энэ үед манай ээж Д.Б- очиж салгахад ээжийн зүүн талын эрүү рүү нь нэг удаа хүчтэй цохисон. Ингээд ээжийн амнаас цус гараад шүд нь унасан байсан. Ингээд бид нар гэрээс гарах гэхэд аав уурлаад ах бид хоёрын гар утсыг шалан дээр хүчтэй шидээд эвдэлсэн” гэх мэдүүлэг /хх 21-22/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Э- өгсөн: “...Аав босож ирээд намайг юм шидлээ гэж уурлаад зүүн шанаа хэсэгт алгадаж, зүүн гар руу өшиглөж, баруун нүд рүү гараараа цохисон. Ингээд манай ээж болох Д.Б- өрөөнд орж ирээд аавыг салгаад тэр хоорондоо маргалдаад аав Д.Э- ээж Д.Б-гийн зүүн талын эрүү рүү нэг удаа хүчтэй цохиод үсдээд больсон. Энэ үед ээжийн шүд унасан байсан.” гэх мэдүүлэг /хх 27-28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Д.Д.Б-гийн биед дээд зүүн 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-1 шүд үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувь алдагдуулна. /хх 36-37/,
Шүүгдэгч Д.Д.Э-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны хуулга /хх 80-93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 94-98/, зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.Д.Э- нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим ************************************ гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Д.Б-гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч Э.О-, Э.Э- нарын гар утсыг шидэж эвдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д.Э- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Д.Б-гийн өгсөн: “... Орой 21 цагийн орчимд том хүү Э-, дунд хүү О- нарт уурлаж тэднийг цохиод загнаад байсан. Мөн хүүхдүүдийн гар утсыг эвдэлсэн... Д.Э- намайг үснээс барьж зулгаагаад нүүр болон толгой руу гараараа олон удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 12/, насанд хүрээгүй хохирогч Э.Э.О-ийн өгсөн: “...ах гартаа барьж явсан чихэвчээ шидээд өрөөнөөс гараад явахад аав уурлаад араас нь очиж цохисон. Энэ үед манай ээж Д.Б- очиж салгахад ээжийг зүүн талын эрүү рүү нь нэг удаа хүчтэй цохисон. Ингээд ээжийн амнаас цус гараад шүд нь унасан байсан.” гэх мэдүүлэг /хх 21-22/, насанд хүрээгүй хохирогч Э.Э.Э-ын өгсөн: “...Аав босож ирээд намайг юм шидлээ гэж уурлаад зүүн шанаа хэсэгт алгадаж, зүүн гар руу өшиглөж баруун нүд рүү гараараа цохисон. Ингээд манай ээж болох Д.Б- өрөөнд орж ирээд аавыг салгаад тэр хоорондоо маргалдаад аав Д.Э- ээж Д.Б-гийн зүүн талын эрүү рүү нэг удаа хүчтэй цохиод үсдээд больсон. Энэ үед ээжийн шүд унасан байсан.” гэх мэдүүлэг /хх 27-28/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн “Д.Д.Б-гийн биед дээд зүүн 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүд үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 5 хувь алдагдуулна. /хх 36-37/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.
Шүүгдэгч Д.Д.Э-, хохирогч Д.Д.Б- нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн тул хууль ёсны эх нөхөр байна. /хх 75/,
Шүүгдэгч Д.Д.Э- эхнэр Д.Д.Б-г үл ялих зүйлээр шалтаглан зодож хүч хэрэглэсэн үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.
Иймд шүүгдэгч Д.Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.Д.Б- нь “...хохирол төлбөрт 1100000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Э-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Iphone-8 маркийн гар утас 1 ширхэг, Samsung S-10 5g маркийн гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Д.Б-д буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан тул шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Э-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Э- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Iphone-8 маркийн гар утас 1 ширхэг, Samsung S-10 5g маркийн гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Д.Б-д буцаан олгосугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ