| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1714000000186 |
| Дугаар | 2019/ДШМ/039 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2019/ДШМ/039
Х.Ц, Л.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******, ******* түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******
Шүүгдэгч Л.Л, Х.Ц
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар эсэргүүцэл болон хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлоор Л.Л, Х.Ц нарт холбогдох эрүүгийн 1714000000186 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х.Ц, жолооч мэргэжилтэй, урьд 2001 оны 12 сарын 25-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
Монгол Улсын иргэн, Л.Л, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Л.Л нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Х.Цтой бүлэглэн Н.Быг зодож, хүнийг алах гэмт хэрэгт,
Шүүгдэгч Х.Ц нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Л.Лтай бүлэглэн Н.Быг зодож, хүнийг алах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Л.Л, Х.Ц нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Галзад овогт Л.Лг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лгийн 2017 оны 12 сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 сарын 27-ны өдөр хүртэл нийт 469 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 2019 оны 03 сарын 27-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Х.Цг шүүх хуралдааны танхимаас суллаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн нооцон цамц, ягаан өнгийн дотоож, нойлын цаас, хөрс шороотой холилдсон цус мэт зүйл, хатсан цус, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, дугуй тавцантай 3 хөлтэй сандал зэргийг тус тус устгаж, бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 5 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, LG-F 430L маркийн гар утсыг хохирогч *******д олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Х.Цгийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн 58-58 БНА улсын дугаартай автомашин, шүүгдэгч Л.Лгийн эзэмшлийн toyoto prius 20 маркийн 47-58 УНТ улсын дугаартай автомашин зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Ц. Л.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалын баримт авагдаагүй, шүүгдэгч Х.Ц нь энэ хэргийн учир 469 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Улсын яллагч ******* 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар эсэргүүцэлдээ:
...Шүүх ялтан Х.Ц, Л.Л нарын бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт хууль ёсны цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад ...
...Л.Лгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, Х.Цгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь хэдий Л.Л нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө эрс зөрүүтэй мэдүүлсэн хэдий ч түүнийг бүхэлд нь нотлох баримтын хэмжээнд үнэлэн Х.Цоггоогийн үйлдэл оролцоог тодорхойлсон нь үндэслэлгүй.
Хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар Л.Л Х.Ц нар нь амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг хожимдож үзүүлсэн буюу эмчлүүлэлгүй удаасан нь Л.Л, Х.Ц нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон төдийгүй амь хохирогчийн нас барсан гэх үхлийн шалтгаанд шүүгдэгч Х.Цгийн ямар үүрэг оролцоотой байсныг дан ганц Л Лгийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр амь хохирогчийн амьд байхдаа бичсэн тухайн болсон явдлын талаар ярьсан бичлэг болон мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хэрэгт авагдсан материалуудад үнэлэлт дүгнэлт өгснөөр хэргийн эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй юм.
Мөн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хэрэгт хууль бсны дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан нотлох баримтанд ямар нэгэн байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй бөгөөд нөгөөтэйгүүр амь хохирогч нь тухайн зодуулсан үедээ өөрийн гар утсандаа хэнд зодуулсан талаараа тодорхой ярьсан ярианы бичлэгийг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураан авсан байхад тухайн нотлох баримтанд ач холбогдол өгөлгүй, үндэслэлгүйгээр шүүгдэгч Л.Лд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Х.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Х.Ц, Л.Л нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 шийтгэх тоггоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:
...Х.Ц нь архидан согтуурч мансуурсан үедээ Л.Лтай бүлэглэн 2017 оны 12-р сарын 11-ний өдөр хэрэлдэж маргалдсаны улмаас миний төрсөн дүү Н.Быг зодож амь насыг нь хохироосон юм. Энэ ноцтой гэмт хэргийн талаар тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7-р сарын 18-ны өдөр хууль ёны үндэслэл бүхий шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс 2018 оны 10-р сарын 23-ны өдөр шүүхийн магадлал гаргахдаа “Х.Ц, Л.Л нарын үйлдлээс шууд шалтгаалан хохирогч амь хохирсон байна" гэж дүгнэн хэргийг хүндрүүлэн зүйлчлэх тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан байдаг. Гэтэл 2019 оны 3-р сарын 27-ны өдөр хуралдсан анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа, Ч.Байгалмаа, Х.Отгонжаргал нар нь өмнөх гаргасан шийдвэрээсээ тэс өөр шийдвэр гаргасан нь маш их эргэлзээ бас хардлага төрүүлж байна.
Нэг л үнэн байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийгдээгүй нэг хэргийн талаар ийм хоёр өөр дүгнэлт гаргаж эрүүгийн хуулийг буруу тайлбарлан шүүгдэгч Х.Цг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж ял завшуулж байгааг хохирогчийн ар гэрийнхэн бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Х.Ц нь архи ууж согтуурхан миний дүү Н.Баттулыг хэл амаар басан доромжилж хэрүүл зодоон гаргаж энэ гэмт хэргийг эхлүүлсэн гол буруутай хүн болох нь хавтаст хэргийн материалаас харагддаг. Талийгаач дүү минь болсон хэргийн талаар утсаараа бичлэг хийж бодит байдлыг харуулаад өөрийн үгээр “энэ хоёр хүргэн нийлээд намайг зодчихлоо” гэж хэлсэн байгаа. Ийм тодорхой шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримтыг 2019 оны 3-р сарын 27-ны өдөр хуралдсан анхан шатны шүүх энэ удаадаа огт үнэлж дүгнэсэнгүй. Х.Ц нь талийгаач дүүг минь нүүр, бөгс рүү нь өшиглөсөн гэж эхний мэдүүлгүүддээ удаа дараа нотлон байцаалт өгсөн байдаг.
Мөн гэрч Д.Н нь Л.Лтай утсаар ярьсан тухайгаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ” талийгаачийг өнгөрчихлөө гэхээр нь би яагаад вэ гэхэд надад Ц ах бид 3 зодолдсон юм талийгаачийг би 2 цохиж, Ц ах нэг өшиглөж бас нэг цохиж авсан" гэж энэ хоёр хүн хоёулаа талийгаачийг бүлэглэн зодсон болохыг гэрчилж мэдүүлсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн тархи толгой нүүр, биеийн хэсэгт олон тооны гэмтлүүд илэрсэн бөгөөд эдгээр гэмтлүүд нь дан ганц Л.Лгийн нэг хоёр цохилтоор үүссэн байх боломжгүй юм. Х.Ц талийгаач дүүг минь нүүр рүү нь өшиглөж зодсон тухай Л.Лгийн мэдүүлгээс гадна бусад нотлох баримтууд хангалттай байсаар байтал эдгээрийг үнэлж цэгнэхгүй Л.Лгийн өмнөх мэдүүлгээсээ буцсан байдлыг үндэслэн анхан шатны шүүх нь “эргэлзээтэй байдал бий боллоо” гэсэн үндэслэлээр илт өрөөсгөл дүгнэлт гаргаж гэмт этгээдийг гэм буруугүйд тооцсон нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм. Шүүгдэгч Х.Ц өөрөө талийгаачийг Х.Лтай бүлэглэж өшиглөж зодсон гэж хэргээ хүлээн мэдүүлсээр байгаа.
Л.Л ганцаараа хэргээ даахаар шийдвэрлэсэн нь ойлгомжтой юм. Учир нь Х.Ц, Л.Л хоёр баз хүргэн нар бөгөөд ямар ч тохиолдолд Л.Л нь ял авах учир өөрөө хэргээ ганцаараа даагаад явах нь түүнд ашигтай гэж тооцсон бас бусад хүмүүс зөвлөсөн нь гарцаагүй. Талийгаач дүүг минь хүнд гэмтчихээд босч чадахгүй хэвтэж байхад Х.Ц нь эмнэлэгт аваачиж үзүүлэн яаралтай эмнэлэгийн үйлчилгээг авахуулсан бол дүү минь амьд байх байсан. Өөрөө талийгаачийг бусадтай бүлэглэж зодчихоод хүнд бэртсэнийг нь мэдсээр байж хүн чанар гарган эмнэлэгийн тусламж үзүүлээгүй ганцааранг нь орхиж явсанд нь бид гомдож байна.
Дүүгийн минь болсон хэргийн талаар утсаараа бичлэг хийж бодит байдлыг харуулаад өөрийн үгээр “...хоёр баз хүргэндээ зодуулчихлаа, энэ 2 чинь нийлээд зодчихдог юм байна...” гэж хэлсэн сүүлчийн үг нь үнэн гэж бодож байна. Талийгаач дүү минь хүнийг цохиогүй байхад цохилоо гэж хэлдэг хүн биш.
Л.Л гэрээс гарсаны дараа талийгаач дүүг маань цохиж унагасан, үүний дараа Х.Ц талийгаачийн нүүр рүү нь өшиглөсөн...” гэж анхны мэдүүлэг, анхны шүүх хурал дээр мэдүүлсэн. Мөн Л.Л анхны мэдүүлэгтээ талийгаач дүүт минь “ ...газар унасан хүнийг өшиглөж байдаг хэн бэ чи ..." гээд Х.Ц руу орилж дайрсан тухай мэдүүлсэн байдаг. Дээрх бүгдийг нь Х.Ц нь анхны мэдүүлэг, шүүх хурал дээр өөрөө ч хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан.
Л.Л, Х.Ц нарын анхны мэдүүлэг, дүүгийн минь нүүрэн дээрх /нүд, хамарны дундах/ шарх, газарт унаад босох гэж тэмцэж газар самардсаны улмаас гарын 10 хурууны үзүүр, хумс нь хөхөрч, хумсны завсар шороо дүүрч, цус хурсан байсан болон бусад нотлох баримтууд хангалттай байгаа нь Л.Л, Х.Ц нарыг талийгаач дүүг минь бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон нь баримт нотолгоотой байна.
Иймд Х.Цг энэ гэмт хэрэгт ямар ч хамааралгүй, талийгаач дүүд минь огт гар хүрээгүй хол хөндий байсан мэтээр дүгнэлт хийж гэм буруугүйд тооцсон Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3-р сарын 27 -ны өдрийн 2019/ШЦТ/79 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Х.Ц гаргасан хариу тайлбартаа: Хохирогч *******ын гомдолтой танилцлаа. Тухайн өдөр гарсан зодоон хэрүүлийг би эхлүүлээгүй, маргалдах шалтгаан нь талхны үйрмэг шидсэнээс болж Л.Лг архиа болъё гэж хэлснээс болж талийгаач Ба Лг боож авсан үүнээс зодоон эхэлсэн. Ба намайг хотоос гарахад аймагт орж ирэх хүртэл хүрээд ир гэж байнга залгасан. Мах идээд архи ууж байхдаа талхны үйрмэг шидээд байхад Л боль гэсэн хэлсэн нь талийгаачийн уурыг хүргэж, Лг заамдаж тэр 2 гарсан. Миний хувьд талийгаачийн нүүр бөгс рүү өшиглөсөн гэж нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. Харин болсон үнэн байдал буюу талийгаачийн нуруу, бөгс орчим 1 удаа өшиглөсөн гэдгээ удаа дараа мэдүүлсэн болно. Миний хувьд ах зан гарган зодооныг зогсоох гэж талийгаачийн бөгс рүү 1 өшиглөөд Лг цохиод авах гэтэл Л их уурласан байсан. Талийгаачийг цохиод унагаж байгааг хараад айгаад цохиж авч чадаагүй нь үнэн. Миний хувьд Лтай бүлэглэж талийгаачийг зодсон зүйл байхгүй. Энэ бүхнээ би үнэн зөвөөр анхнаасаа ярьсан. Талийгаач намайг 2 баз хүргэндээ зодуулчихлаа, энэ 2 чинь нийлээд зодчихдог юм байна гэж утсандаа бичлэг хийсэн байсан. Энэ бичлэгийг намайг хувцасаа өмсөөд гарах гэж байхад хийсэн юм байна лээ. Үүнийг зураг дээрээс харагдаж байгаа. Миний 1 удаа өшиглөсөн байдлыг талийгаач хэлсэн байна. Цагдаа нар Л бид хоёрыг эмнэлэгт үзүүлэхэд уулзсан. Тэгэхэд би Лд би нэг удаа өшиглөснөө цагдаад хэлсэн гэдгээ хэлсэн. Би бүх зүйлийг үнэн зөвөөр дандаа л давтаж ярьсан. Би талийгаачийг сандалаар цохиогүй, гэтэл цохисон болоод явчих гээд байгаа. Энэ байдлыг шүүх нягтлан үзэж зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Х.Цгийн өмгөөлөгч ******* гаргасан хариу тайлбартаа:
...Үхлийн шалтгаанд шүүгдэгч X.Цгийн ямар үүрэг оролцоотой байсныг дан ганц Л.Лгийн мэдүүлэгийг үнэлэхгүйгээр хохирогчийн амьд байхдаа бичсэн тухайн болсон явдлын талаар ярьсан бичлэг болон мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хэрэгт авагдсан материалуудад үнэлэлт, дүгнэлт өгсөнөөр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй юм гэжээ.
Утасны бичлэгээр бүлэглэн зодож бусдын амь насыг хохироосон гэж үзэх нь хэрэг үйлдсэн гэх хууль ёсны нотлох баримт биш гэж үзнэ. Учир нь Л.Л, Х.Ц нар нь яаж бүлэглэж зодсон хэн хэн нь хаана цохиж зодож гэмтэл учруулсан, үхэлд хүргэх гэмтлийг хэн нь учруулсан болохыг огт дурдаагүй байна. Нөгөө талаар хохирогч согтуурч мансуурсан байдалд байхдаа бичлэг хийсэн нь байдаг нь согтуурч мансуурсан үед мэдүүлэг авах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдвэл нотлох чадвараа алдах магадалтай гэж үзнэ.
Үндсэн хуульд заасан яллагдагч шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ноцтой зөрчиж хийсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөх үндэслэлүй гэж үзэж байна.
Харин шүүгдэгч Х.Ц нь бэртэл гэмтэлтэй байхад нь хохирогчийг аюултай байдалд орхисон,тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан хэрэг үйлдсэн байх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэцгээв.
Хохирогч ******* түүний өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэцгээв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирлын мөнгийг ******* аваад миний хүүхдүүдэд өгөөгүйд гомдолтой байдаг... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхэд гаргасан улсын яллагч *******гийн эсэргүүцэл, хохирогч *******ын гомдолд тус тус үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Л, Х.Ц нар нь согтуугаар, бүлэглэн, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Н.Быг зодож алсан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Л, Х.Ц нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ тэд бүлэглэж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байхад буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.
Хавтаст хэрэгт Л.Л, Х.Ц нар нь согтуугаар, бүлэглэн Н.Быг зодож алсан болохыг нотлох, нотлох баримтууд хангалттай авагдсан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр нотлох баримтуудыг өөр хооронд нь сайтар харьцуулан үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Х.Цгийн үйлдлийг эргэлзээтэй, хангалттай үндэслэл, шинж, нотолгоо бүрдээгүй гэж дүгнэхдээ талийгаач Н.Ба нь Х.Цд хандаж сандлаар цохичихлоо гэж хэлээд сууж байсан, яг сандлаар цохисон үгүйг нь хараагүй талаар тогтвортой мэдүүлдэг түүний энэхүү мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа шүүгдэгч Х.Цг яллах үндэслэл болохгүй буюу гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Лд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд “...Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө...хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” гэж заасан зорилго, зорилтуудыг зөрчсөн, хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байхгүй, зөвхөн нэг эх сурвалжтай, нэг шүүгдэгчийн мэдүүлэг нь нөгөөгөө илчилсэн буюу тухайн шүүгдэгчийн гэм буруу нь нөгөө шүүгдэгчийн анхны мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа тохиолдолд тэдгээрийг үнэлэхэд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “сэжигтэн,яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн заалт хамаарахгүй юм.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Лгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд авч үнэлэн хохирогч нь тухайн зодуулсан үедээ хэнд зодуулсан талаараа өөрийн гар утсандаа бичсэн яриаг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураан авсан бичлэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад шүүгдэгч нарын өөр хоорондоо ярьсан яриа зэрэг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй, ач холбогдол өгөлгүйгээр, үндэслэлгүйгээр шүүгдэгч Л.Лд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Х.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч *******ын гаргасан гомдол үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тус тус зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-д тус тус зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д зааснаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг үндэслэлээр мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦ/79 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Л, Х.Ц нарт холбогдох 1714000000186 тоот эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Лд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР
Б. БОЛОР-ЭРДЭНЭ