Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0578

 

“Ц г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч М.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц г” ХХК-ийн XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 482 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0306/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ц г” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ““Ц г” ХХК-ийн XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.15-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ц г” ХХК-ийн XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдэд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй гэсэн үндэслэл байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... төрийн захиргааны байгууллагад гаргахаар заасан боловч энэ нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгох үндэслэл биш юм. ... тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрхийг төрийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтанд хуулиар олгоогүй байна” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу “Ц г” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-021724 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд сунгуулах өргөдөл гаргасан, дуусгавар болгох үндэслэлд 1 сарын өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй бол гэсэн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрөл авсан даруйдаа хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, үүрэг хүлээж байгаагаа ойлгож “мэдэгдэл”-д гарын үсэг зурдаг. Тус мэдэгдлийн 5 дугаар зүйлд “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргана” гэж заасан. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

“Ц г” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд гүйцэтгэх захирал О.Т нь хөдөө орон нутагт ажиллаж байсан, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сунгах өргөдлийг хариуцагч байгууллагад гаргасан гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд нөгөө хувьцаа эзэмшигч төрийн захиргааны байгууллагад хугацаа сунгах өргөдлийг гаргах боломжтой байсан эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 482 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Ц г” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ““Ц г” ХХК-ийн XV-021724 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь маргаан бүхий тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд багтаан тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргасан, мөн тусгай зөвшөөрөл дуусгавар болох хуульд заасан үндэслэлүүдэд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй бол гэсэн үндэслэл байхгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хуульд нийцэхгүй...” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэжээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх нэхэмжлэгч “Ц г” ХХК-д Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Дэлгэрцогт нэртэй 625.66 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-021724 дугаар тусгай зөвшөөрлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд нэхэмжлэгч компаниас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хууль журамд заасан холбогдох бичиг баримтын бүрдлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн боловч уг асуудлыг хариуцсан ажилтан н.Х нь “1 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна, систем бүртгэхгүй гэж манай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан талаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурджээ.

2.3. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар “хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхтэй бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах талаар мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус хуульчилсан.

2.4. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй байх боловч ийнхүү тогтоосон хугацаанд хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй нь тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтад олгоогүй харин эсрэгээр өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, зардлын доод хэмжээг зарцуулан баталгаажуулах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгожээ.

2.5. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заасан.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН