Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0455

 

 

 

 

 

 

2021 07 05 128/ШШ2021/0455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.Ч ХХК,

Нэхэмжлэгч: Б ХХК,

Нэхэмжлэгч: Х ХХК,

Нэхэмжлэгч: Г ХХК ,

Нэхэмжлэгч: С ХХК ,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагч: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын У.Ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Г ХХК, С ХХК-иудад холбогдох хэсгийг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын Б ХХК, Х ХХК-иудад холбогдох хэсгийг, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Х дүүргийн ** дүгээр хороо, А нэхэмжлэгч нарын ашиглах эрхтэй газар дээгүүр 2020 оны 5 дугаар сард цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Ч ХХК, Б ХХК, Х ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, нэхэмжлэгч Г ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч компаниуд шүүхэд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

- Нэхэмжлэгч У.Ч ХХК, Б ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт А аманд У.Ч ХХК, Б ХХК-иуд нь газар ашиглах эрх эзэмшдэг.

Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт А аманд байрлах У.Ч ХХК, Б ХХК-иудын ашиглах эрхтэй газраар 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын барилгын ажил явуулахаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн ажилтнууд болон Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан тушааптнуудын хамт 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр машин механизмаа авч очиж хүч түрэн зарим тоног төхөөрөмж /ЦДАШ-ын бетон суурь/-ийг байршуулах ажиллагаа эхэлсэн. Ямар учраас компаниудын ашиглалтын газар дээр ЦДАШ-ын барилга барьж байгаа талаар тодруулахад Тус байршлаар Их тойрог 110 кВ-ын ЦДАШ-ыг барьж байгуулахаар болсон учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ЦДАШ-ын трасс явах газарт хамаарах танай компаниудын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэсэн тайлбар өгч, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаартай тушаалыг гардуулсан.

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/163 дугаар тушаалын У.Ч ХХК, Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

- Нэхэмжлэгч У.Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбараас маргаан бүхий захиргааны акт дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаал, уг тушаалыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277 дугаар тушаалын холбогдох хэсгээр өөрчлөлт оруулж, уг тушаалаа 2018 оны 09 сарын 17-ны өдрийн А/355 тоот тушаалаар агуулгыг давтан шинэчлэн гаргажээ.

Дээрх тушаалууд тус бүрт Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор шугамын зурвасыг хэсэгчлэн чөлөөлж байгаа агуулга, үр дагавар өөрчлөгдөөгүй байна. Тушаалууд нь Их тойрог ЦДАШ-ын трассыг шинэчлэн тогтоож байгаа агуулгатай бөгөөд нэхэмжлэгч компаниудын аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газар, түүний ойр орчим эрчим хүчний шугамын хамгаалалтын болон нөлөөллийн бүсэд хамрах үр дүнг бий болгож байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын У.Ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

- Нэхэмжлэгч У.Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаартай тушаал нь УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 537 дугаар шийдвэрийг зөрчиж, тушаалын зорилго агуулга болох Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилго өөрчлөгдөөгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-аар тогтоосон ерөнхий төлөвлөлтийг өөрчилж шүүхээр илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн агуулга үйл баримтыг дахин тогтоох, эрчим хүчний шугамын трассыг тогтоох эрх хэмжээ байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаартай тушаалын холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор өөрчилж байна. гэжээ.

- Нэхэмжлэгч У.Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/163 дугаартай тушаалыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар хүчингүй болгосон хэдий ч үр дагавар нь хэвээр үлдсэн. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэсэн хэдий ч УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 537 дугаар шийдвэрээр хамгаалагдсан газрын тодорхой хэсгээр өндөр хүчдэлийн шугам дайран өнгөрүүлэхгүй байх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр үлдсэн. Иймд А/163 дугаар тушаалын У.Ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулбал анхнаасаа үйлчлэлгүйд тооцогдож үр дүнд тухайн акт гарсан цагаас хойш түүнд үндэслэсэн бүхий л шийдвэр, үйлдэл, үйл ажиллагаа хүчингүйд тооцогдож, нэхэмжлэгч хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх хууль зүйн боломж бүрдэнэ.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/163 дугаартай тушаалын У.Ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

- Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбараас маргаан бүхий захиргааны актад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277 дугаар тушаалын холбогдох хэсгээр өөрчлөлт оруулж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар агуулгыг давтан шинэчлэн гаргажээ.

Тус тушаалаар УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 537 дугаар шийдвэр зэргийг зөрчиж тушаалын зорилго, агуулга болох Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилго өөрчлөгдөөгүй байна.

Мөн Б ХХК-ийн ашиглалтын газраас 0,12 га газрыг хэсэгчлэн цуцалсан хэвээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилж байна. гэжээ.

- Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Х ХХК нь Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт А аманд 1.0 га хэмжээтэй газар ашиглах эрх эзэмшдэг. Их тойрог 110кВ-ын ЦДАШ-ыг барьж байгуулахаар болсон үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ЦДАШ-ын трасс явах газарт хамаарахаар газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан агуулга бүхий 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277 дугаар тушаал гаргасныг Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1045 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277 дугаар тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. гэжээ.

- Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэл гаргасны дараа маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А/355 тоот тушаалыг шинэчлэн гаргажээ. Тус тушаалын хавсралтын 6-д зааснаар Х ХХК-ийн ашиглалтын газраас 0,21 га хэсэгчлэн цуцлагдахаар өмнөх тушаалын агуулга, үр дагавар хэвээр байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А/355 тоот тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилж байна гэжээ.

- Нэхэмжлэгч У.Ч ХХК, Б ХХК, Х ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч нар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний А/163, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалуудтай тус тус маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн дараах захирамжууд гарсан.

1/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 6143 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын У.Ч ХХК, Б ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг,

2/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8048 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг,

3/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 310 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг тус тус түдгэлзүүлсэн.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа байгууллагууд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд хүч түрэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс актын биелэлт түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийг үл тоон зөрчиж, 110 кВ-ын ЦДАШ-ын барилгын ажлыг эхлүүлсэн. Шүүгчийн захирамж зөрчсөнтэй холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 3529 дүгээр захирамж гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч эрчим хүчний барилгын ажлыг гүйцэтгэж дуусгасан.

Иймд дээрх захиргааны байгууллагуудын гаргасан шийдвэртэй нэхэмжлэгч компаниуд маргаж, улмаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсаар атал захиргааны шийдвэрийг албадах хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж Х, ** дүгээр хороо А  эрчим хүчний барилга байгууламж барьсан үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараах хэлбэртэй байна. 12.1.4 шүүгчийн захирамж, 12.2-т 3ахиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж заасныг, Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ, 82.2.1 гомдол гаргах хугацаа өнгөрсөн, 82.2.2 захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон гэж заасныг тус тус зөрчжээ.

Дээрх хууль бус үйлдлээр өндөр хүчдэлийн ЦДАШ болон тулгуурт цамхаг барьсны улмаас Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу захын утаснаас 2 тийш 20 м зайд аливаа хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нэхэмжлэгч Б ХХК өөрийн ашиглалтын газраас 3148 м.кв газар, У.Ч ХХК 3784 м.кв газар, Х ХХК 5509 м.кв газрыг тус тус зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөлд хүргэж байна.

Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр захиргааны шийдвэрийг албадах хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж ХД, ** дүгээр хороо А эрчим хүчний барилга байгууламж барьсан үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

- Нэхэмжлэгч Г ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт А аманд, Г ХХК, С ХХК-иуд газар ашиглах эрх эзэмшдэг.

Их тойрог 110кВ-ын ЦДАШ-ыг барьж байгуулахаар болсон учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ЦДАШ-ын трасст хамаарах үндэслэлээр манай компанийн газрын тодорхой хэсгийг ашиглах эрхийг хүчингүй болгосон агуулга бүхий 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277 дугаар тушаал гаргажээ.

Тушаалыг УИХ-ын тогтоол зөрчсөн, шүүхийн шийдвэрийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад улсын тусгай хэрэгцээний газрын зориулалтыг өөрчлөх, энэ зориулалтаар газрыг буцаан авах эрх байхгүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277 дугаар тушаалын, Г ХХК, С ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. гэжээ.

- Нэхэмжлэгч Г ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Хариуцагчийн тайлбараас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277 дугаар тушаалаа 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Шинээр гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалтай танилцахад мөн Г ХХК-ийн ашиглах эрхтэй 8,8 га газраас 0,12 га газрыг, С ХХК-ийн ашиглах эрхтэй 1,0 га газраас 0,24 га газрыг тус тус үндэслэлгүйгээр цуцалсан байна. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаал нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын, Г ХХК, С ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

- Нэхэмжлэгч, Г ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч Г ХХК, С ХХК тус шүүхэд хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дугаар сарын 17-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаалын С ХХК, Г ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаалын, Г ХХК, С ХХК-иудад холбогдох хэсгийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 310 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн А/355 дугаар тушаалын Г ХХК, С ХХК-иудад холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

Гэтэл хариуцагч нар нь шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг зөрчин 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 110 кВ ЦДАШ-ын барилгын ажлыг эхлүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хариуцагчийн гаргасан дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3529 дугаар захирамж гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч хариуцагч нар нь нэхэмжлэгч Г ХХК-ийн газар дээр гурав, С ХХК-ийн газар дээр нэг өндөр хүчдэлийн ЦДАШ-ын дөрвөн тулгуурт цамхагийн ажлыг хийж гүйцэтгэн дуусгасан болно.

Хариуцагч захиргааны байгууллагуудын гаргасан шийдвэртэй нэхэмжлэгч компаниуд маргаж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад захиргааны шийдвэрийг албадах хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж Х, ** дүгээр хороо, А-д эрчим хүчний барилга байгууламж барьсан үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн гаргаж буй энэхүү хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь ЦДАШ болон тулгуурт цамхаг барьсан тохиолдолд Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу захын утаснаас 2 тийш 20м зайд аливаа хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр захиргааны шийдвэрийг албадах хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж Х, ** дүгээр хороо А-д эрчим хүчний барилга байгууламж барьсан үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

- Нэхэмжлэгч Г ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний А/163 дугаар тушаалын Г ХХК, С ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр захиргааны шийдвэрийг албадах хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж Х, ** дүгээр хороо А-д эрчим хүчний барилга байгууламж барьсан үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

- Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний А/163 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр захиргааны шийдвэрийг албадах хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж Х, ** дүгээр хороо А-д эрчим хүчний барилга байгууламж барьсан үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалаар С ХХК-ийн газраас 0,24 га газрыг хэсэгчлэн хассан шийдвэрийг дахин гаргасан байх тул А/468 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэв.

Хоёр. Нэхэмжлэгч У.Ч ХХК, Б ХХК, Х ХХК, Г ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаалуудыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1/ УИХ-ын тогтоол зөрчсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/163 дугаар тушаалын 2-т Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор Б дархан цаазат газрын Зайсангийн аманд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтаар хэсэгчлэн цуцалсугай гэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/163 дугаар тушаалын хавсралтаар У.Ч ХХК-ийн ашиглалтын газраас 0,28 га, Б ХХК-ийн ашиглалтын газраас 0,18 га газрыг тус тус цуцалжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Их тойрог ЦДАШ-ын ажлын зураг төсөл, барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх зорилгоор манай компаниудын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байна.

Их тойрог 110 кВ-ын ЦДАШ, дэд станцын төслийн хүрээнд трассыг 2012 онд Эрчим хүчний газар, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Газрын алба, ТБЦДС ХК-ийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж шугамын трассын урьдчилсан судалгааг хийж, ЦДАШ-ын уртыг тодорхойлон хотын хэтийн төлөвлөлттэй уялдуулан трассыг тогтоосон байдаг.

Улмаар Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт инженерийн дэд бүтэцтэй холбогдох хэсэг дэх Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн төлөвлөгөө /2020-2030 он/-ний 1.1.7.2 Цахилгаан хангамж хэсгээр Их тойрог ЦДАШ-ын трассыг батлан гаргасан. Тус ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан трасс нь Богд-Хан амралтын газрын хашааны араар дайран өнгөрөхөөр буюу манай компаниудын газраас өөр газраар батлагдсан байдаг.

УИХ-ын тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөлтийн дагуу Эрчим хүчний яамны Бодлогын газрын 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2011/37 тоот, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Бодлогын газрын 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2011/4 тоот зураг төсөл боловсруулах даалгавар түүнд үндэслэн Электропроектсеть ХХК Ажлын зураг боловсруулсныг Барилгын хөгжлийн төв 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 119/2013 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан.

Тус батлагдсан трасс ажлын зургийн дагуу барилгын ажил явуулахаар Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 02/1015-18 тоот зөвшөөрөл олгосон.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх тогтоол, батлагдсан хүчин төгөлдөр ажлын зургаас өөрөөр байршилд газар чөлөөлөх арга хэмжээ авч, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалжээ.

2/ Шүүхийн шийдвэрийг зөрчсөн. Өмнө нь тус компаниудын ашиглалтын газраар эрчим хүчний 110 кВ-ын шугам явуулах трассыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/3918 тоот шийдвэрээр баталсан. Тус шийдвэртэй холбогдуулан манай компаниуд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компаниудын ашиглалтын эрхтэй газрын хооронд өнгөрүүлэхээр 110 кВ-ын ЦДАШ-ын трасс баталсан дээр дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/3918 тоот шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон болно. Тус шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоод байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/3916 тоот албан бичиг нь тодорхой нэг тохиолдлыг буюу Их тойрог ЦДАШ-ын батлагдсан трасс, ажлын зурагт зааснаас өөр байдлаар явуулах саналыг хүргүүлсэн, захиалагч болон гүйцэтгэгч компани нь уг санал, координатын дагуу эрчим хүчний барилгын ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байх бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-ь заасантай нийцэхгүй байна. ... Харин Их тойрог 110Квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын асуудлаар төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагатай зөвшилцсөн үндэслэлээр трассын цэгийн байршлыг эцэслэн хүргүүлж, улмаар уг трасс дайран өнгөрч буй тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй компаниудад дээрх шугамын ажлыг саадгүй явуулах нөхцөл бололцоогоор хангахыг мэдэгдэж, эрчим хүчний барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, холбогдох зөвшөөрөл, дүгнэлтээс өөрөөр явуулахаар гүйцэтгэгч компанид санал хүргүүлсэн трассын дагуу Их тойрог 110 Кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлжээ. гэж дүгнээд тус шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхийн шийдвэрээр илт хууль бусад тооцогдсон трассын дагуу 110 кВ-ын шугамын эрчим хүчний барилга барихад зориулж нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д "Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй гэж заасныг зөрчсөн.

3/ Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулиар шийдвэр гаргах дараах үндсэн дарааллыг тогтоосон. а. Нөхцөл байдлыг тогтоох /Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл/, б. Нотлох баримтыг цуглуулах /Захиргааны ерөнхий хуулийн 25.1/, в. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагааг явуулах /Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл/.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дээрх дарааллын алийг ч баримтлаагүй. Хэрэв тус журмыг баримталсан бол УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэр, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 119/2013 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан Ажлын зураг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/1015-18 тоот "Эрчим хүчний барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг баримт бичгүүдээр тус байршлаар эрчим хүчний шугам баригдахгүй, боломжгүй нь тодорхой байх тул түүнд зориулан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлгүй болох нь тогтоогдох байсан.

Сайдын тушаалд Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 9-ийг үндэслэжээ. Тус хуралдааны тэмдэглэлийн 9-д Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах болон агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Их тойруугийн 110 кВ-ын цагираг шугам тавихад зориулж тусгай хамгаалалтын бүс буюу Х дүүргийн *, ** дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 2 байршил /З ам, Х зоорь/-д газар чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгажээ. Засгийн газрын хурлын тэмдэглэлээс Их тойруугийн 110 кВ-ын трассыг өөрчлөн тогтоох агуулга байхгүй бөгөөд батлагдсан зургийн дагуу газар чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус шийдвэрийн зорилгоо Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын гзарын маргаантай асуудлыг шийдвэрлэх гэж тодорхойлсон боловч батлагдсан трасс, ажлын зургийн дагуу барилгын ажлыг явуулах зорилгоор Эрчим хүчний шугамын хамгаалалт бүсэд багтаасан газрын тодорхой хэсгийг чөлөөлж, цуцлах ёстой атал өөр байршилд газрыг хэсэгчлэн цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зарчимд нийцэхгүй, алдаатай шийдвэр болжээ.

4/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад улсын тусгай хэрэгцээний газрын зориулалтыг өөрчлөх, тус зориулалтаар газрыг буцаан авах эрх байхгүй.

Сайдын тушаал Газрын тухай хуулийн 16.1.13 болон 46.2-т заасныг үндэслэжээ. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна., 16.1.13-т үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж заасан. Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 18.1.2-т энэ хуулийн 16.1.13-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэж заажээ. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно, Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 1-д Засгийн газар хууль, тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна гэж заасан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэж, тус газрыг дээрх зориулалтаар тусгай хэрэгцээнд авч улмаар тухайн хэрэгцээнд үнэ төлбөргүй ашиглах тухай шийдвэр гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн, өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

Мөн тус хэсгээр Их тойрог төслийн шугамын трасс явуулахаар баталсан аливаа шийдвэр байхгүй байхад шинээр эрчим хүчний шугамын трассыг тогтоож байгаа агуулга бүхий шийдвэр гаргасан байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзнэ.

5/ Эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тухайд. Нэхэмжлэгч компаниуд дээрх газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг бөгөөд энэ талаар газар ашиглах гэрээ-нд тодорхой заасан байгаа. Компаниуд тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж, аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулсан, зориулалтын дагуу ашиглахаар барилгын ажлын зураг, төлөвлөлт зэргээр батлуулан бэлтгэл ажлаа хангаад байна.

Ашиглалтын газрын тодорхой хэсгийг эрчим хүчний шугам барихад зориулж цуцалснаар батлагдсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх боломжгүй болох мөн баригдсан барилгын ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулж аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчиж байна. Эрчим хүчний цахилгаан дамжуулах 110 кВ-ын шугам нь галын аюул дагуулахаас гадна агаар шатааж хуурайшуулж, агаар болон орчны хөрсийг тодорхой хувь хэмжээний эрчим хүчээр цэнэгжүүлж сөрөг ион үүсгэж, тодорхой давтамжийн цахилгаан соронзон орон үүсгэж байдаг нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, тархины хавдар, хорт хавдар өсгөх магадлалтайг тогтоосон байна. Ийм аюултай, эрүүл мэнддээ сөрөг нөлөөтэй орчинд хүн амрах, ажиллах боломжгүй бөгөөд манай компаниудын аялал жуулчлалын цогцолборын ажилчид болон үйлчлүүлэгчдийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний А/163, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/277, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалуудыг дараах байдлаар илт хууль бус захиргааны актын шинжтэй гэж үзэж байна.

а. Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан.

Маргаан бүхий захиргааны актууд Их тойрог Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтцийн ажлыг явуулах зорилгоор Газрын тухай хуулийн 16.1.13 болон 46.2-д заасныг үндэслэжээ. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар 16 дугаар зүйлийн 16.1.13 үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх" бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлнэ. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно, Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 1 Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна гэж заасан.

б. Хууль бус үйлдэл гүйцэтгэхийг харьяа байгууллагад зөвшөөрсөн. Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах эрх хэмжээг Улсын Их Хурал хэрэгжүүлнэ. гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор "Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын Инженерийн дэд бүтэцтэй холбогдох хэсэг дэх Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн төлөвлөгөө /2020-2030 он/-ын 1.1.7.2 Цахилгаан хангамж хэсгээр Их тойрог ЦДАШ- ын трассыг батлан гаргасан. Тус ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан трасс нь Богд-Хан амралтын газрын хашааны араар дайран өнгөрөхөөр буюу манай компаниудын газраас өөр газраар батлагдсан байдаг.

Гэтэл сайд УИХ-ын тогтоолоор батлагдсан нийслэл хотын хөгжпийн ерөнхий төлөвлөлтөөр батлагдсан трассыг зөрчиж шинэ трасс тогтоож байгаа нь хууль, тогтоомж зөрчин Хот төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Засгийн газар хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 6.1.2 Улсын Их Хурлаас тодорхойлсон хот байгуулалт, төлевлөлтийн төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж заасан чиг үүргээ хөсөрдүүлсэн байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр бүхэлдээ хууль, тогтоомж зөрчсөн шийдвэр бөгөөд мөн тус хууль бус шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэхийг харьяа байгууллага болон Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" шинжийг агуулж байна.

в. Хуулийн этгээдүүдийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор ерөнхий төлөвлөлтийн трассыг тогтоосон. Тус ерөнхий төлөвлөлтөд заасан трассаас өөрөөр одоогийн маргаан бүхий захиргааны актуудаар тогтоож буй эрчим хүчний 110 кВ-ын шугам явуулах трассыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/3918 тоот шийдвэрээр баталсан. Үүнийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 537 тоот шийдвэрээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоод байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй гэж заасныг тус тус зөрчиж дахин тухайн газраар эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам явуулахаар трасс тогтоосон байна. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэ агуулгаар нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн шинжийг агуулж байна.

Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дараах нэмэлт тайлбар гаргажээ.

- Нэхэмжлэгч У.Ч ХХК, Б ХХК, Х ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Трасс тогтоох агуулгаар газар ашиглах эрхийг цуцалж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Улаанбаатар хотын 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан Улсын Их Хурлын 2013 оны 2 дугаар 8-ны өдөр 23 дугаар тогтоолыг зөрчсөн. Ерөнхий төлөвлөгөөний 1.1.7.2 дахь заалтаар Улаанбаатар хотын цахилгаан хангамж Их тойруу төслийг хаагуур барихыг баталсан. Энэ батлагдсан трассын дагуу Эрчим хүчний бодлогын газар 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2011/37, 2011/40 тоот зураг төсөл боловсруулах ажлын даалгавар батлаад, энэ даалгавраар Э ХХК нь ажлын зураг төсөл боловсруулж, ажлын зургийг Барилгын хөгжлийн төв 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдөр магадлалын ерөнхий дүгнэлтээр баталсан. Ар зайсан хэсгээр дайрч өнгөрөх трасс нь Богдхан амралтын газрын хашааны хойгуур яваад уулын ар дээр очоод зүүн тийш эргэлт хийгээд Туул гол дээгүүр давна гэсэн байршлаар батлагдсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2015 оноос Улсын Их Хурлын тогтоолыг зөрчсөн хэд хэдэн шийдвэрүүд гаргаж, нэхэмжлэгч компаниуд маргаад Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр трассыг тогтоосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03918 тоот шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоосон, гэтэл дахиад уг байршлаар трасс явуулахаар 2018 оны А/163 дугаар шийдвэрээр газар ашиглах эрхийг цуцалсан. Шүүх илт хууль бус гээд шийдсэн байхад дахин тэр агуулгаар шийдвэр гаргасан нь илт хууль бус болсон. Шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг дахиж нотлохгүй гэснийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 16.1.13, 46.2 дахь заалтыг сайдын тушаал дээр үндэслэсэн. Гэтэл Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар Засгийн газар 16.1.13 дахь заасан асуудлаар тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний ашиглалтын журам тогтоох гэсэн эрхийг эдэлж байна. Харин асуудал эрхэлсэн яам бол Засгийн газарт санал оруулах эрхтэй. Газрын тухай хуулийн 19.1.6 дахь хэсэгт заасан шинжээрээ эрх хэмжээгүй этгээд захиргааны актыг гаргасан. Санал нь шийдсэн агуулгатай байна. У.Ч ХХК-ийн газар дээр эрчим хүчний трассыг явуулсан байгаа. 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан.Энэ нь тухайн актыг хэрэглэхгүй, түдгэлзэж зогсох агуулгатай байдаг. Захиргааны актын биелэлт түдгэлзсэн байхад А/163 тушаал дээр дурдагдаж байгаа зорилгыг хэрэгжүүлж эрчим хүчний шугамыг барьсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрчим хүчний трассыг өөрчилж тогтоосон шийдвэрээ 2018 онд Эрчим хүчний хөгжлийн төв хүчингүй болгосон. Одоо 2 дугаар хавтаст хэргийн 191 дэх талд авагдсан трасс хүчинтэй байгаа.

- Нэхэмжлэгч Г ХХК, С ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 тушаалаар Г ХХК-ийн 8,8 га газраас, 0,54 га газар үлдэж 0,24 га газрыг хэсэгчлэн цуцалсан. Шүүхэд нэхэмжлэлээ гаргаж маргах үед 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/163 дугаар тушаал хэрэгт авагдаад, энэ тушаалаар өмнө нь цуцалсан юм байна гэдэг үйл баримт харагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага маань 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А/355 дугаар тушаалаар дахиад Г ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны А/467, А/468 дугаартай 2 тушаалыг хариуцагч тал гаргаж өгсөн. Тухайн тушаалуудтай нь танилцахад 2018 оны 6 дугаар сарын 4-ний А/163 дугаар тушаалыг үлдээгээд бусдыг нь хүчингүй болгосон. Иймээс анх цуцалсан 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/163 дугаар тушаалын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг С ХХК-ийн хувьд 2019 оны А/468 дугаартай тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж байна. А/467 дугаар тушаалаар Г ХХК-ийн 8,8 га газрыг бүхэлд нь сэргээсэн.

Эдгээр тушаалууд Улсын Их Хурлын тогтоол, шүүхийн шийдвэр зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар заалтуудыг хэрэгжүүлээгүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Зайсангаар дамжих 110 кв-ын цахилгаан дамжуулах шугам энэ газруудаар дайрч өнгөрсөн гээд нэхэмжлэгч Г ХХК, С ХХК-ийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж байгаа бол үндсэн зураг төсөл нь хаагуур байна, аль аж ахуйн нэгжийн газрыг цуцлах ёстой вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Үүнтэй холбоотойгоор нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа буюу нэхэмжлэгч компаниудад энэ асуудлаар мэдэгдэх, газар чөлөөлөхтэй холбоотой асуудлаар урьдчилан танилцуулах гэсэн ажиллагаанууд хийгдэх ёстой. Гэтэл эдгээр ажиллагаа нэг ч хийгдээгүй.

А/163, А/277, А/355 дугаар тушаалуудаар Г ХХК-ийн 8,8 га газраас цахилгаан дамжуулах шугам барих нэрийдлээр хэсэгчлэн цуцалсан, гэвч А/467 дугаар тушаалаар бүхэлд нь сэргээсэн. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраар зураг зүйн шүүлт хийгдсэн. Тус зураг зүйн шүүлтээр маргаан бүхий тушаалуудаар нэхэмжлэгч Г ХХК-ийн хэсэгчлэн цуцалсан газар дээр 3 шон баригдсан. Гэтэл 2019 оны А/467 дугаар тушаалаар 8,8 га газрыг бүхэлд нь сэргээсэн боловч хүчин төгөлдөр газар дээр шугам, шон баригдсан. Хариуцагчийн сүүлд гаргасан тайлбараар А/163 гэдэг тушаал хүчин төгөлдөр байна гэж үзвэл хамгийн эхний шон шүүх үзлэг хийхэд тодорхой харагдсан Хүмүүн сургуулийн хашааны гадна догол үүсгээд барьсан шон нь өөрөө А/163 тушаалын огтлолцсон газар дээр дараагийн үргэлжилж байгаа зүүнээсээ баруун тийш баригдсан 2 шон маань цуцлагдаагүй газар дээр байгаа. Тэгэхээр манай газрыг цахилгаан дамжуулах шугам барих нэрийдлээр цуцалж энэ газар дээр бариагүй гэдэг нь бодитойгоор тогтоогдож байна гэж харж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/163 дугаар тушаалын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

С ХХК-ийн хувьд холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гарсан олон тушаалууд дээр аль аль дээр нь давхцаж байгаа. Газар дээр нь нэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шон анкэр баригдсан. Энэ шон маань тухайн газрын нэхэмжлэгч байгууллагыг эзэмшиж байгаа газрын голд нь байгаа. Өөрөөр хэлбэл энэ газар уулсын хажуу зайсангаас дээш богдхаан амралтын газар луу засмал замын ертөнцийн зүгээр баруун гар талдаа байгаа газар. Гэтэл С ХХК энэ газрыг аялал жуулчлалын зориулалттай ашиглахад бэрхшээлтэй. Иймд А/163, А/468 дугаартай тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

Дөрөв. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хариу тайлбартаа:

- Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Улаанбаатар хотын 100000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжих төвийн эрчим хүчний системийн ажиллагааг сайжруулах, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хангах зорилгоор шинээр баригдах дулааны цахилгаан станц, төвийн эрчим хүчний системд холбох Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил эхэлсэн. Уг бүтээн байгуулалтын ажилд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А/125 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын төсөлд улсаас 52.2 тэрбум төгрөг батлагдсан.

1/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/3918 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосон. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Тушаал хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/163 дугаар тушаалыг шүүх хүчингүй болгоогүй байхад нэхэмжлэгчдийн зүгээс нэхэмжлэлд ... гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхийн шийдвэрээр илт хууль бусад тооцогдсон трасын дагуу 110 кВ-ын шугамын эрчим хүчний барилга барихад зориулж нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан... гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

2/ Захиргааны ерөнхий хуулийн 24, 25.1, 26, 27 дугаар зүйлд заасан дарааллаар шийдвэрийг гаргасан. Засгийн газар болон холбогдох байгууллагын удаа дараагийн саналыг үндэслэн Их тойрог 110 кВ-ын трассын барилгын ажлыг явуулж газар чөлөөлөх асуудлыг манай яаманд даалгаснаар уг газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

3/ Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т .. Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана..., Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 ..үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар..., мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Нөхөн олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй..., 46 дугаар зүйлийн 46.2 -т ... Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно..., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т ...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..., мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д ... төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.... тус тус заасан хуулийн заалтуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах, цуцлах эрхийг олгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин, хөгжил, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах, шинээр баригдах дулааны 5 дугаар цахилгаан станц зэрэг хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлэхэд эдгээр нэр бүхий компаниуд өнөөдрийг хүртэл уг бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаад харамсаж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Тушаал хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/163 дугаар тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар Х ХХК-ийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан, уг А/277 дугаар тушаалын Х ХХК-д холбогдох заалтыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

- Г ХХК, С ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалыг Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 43 дугаар зүйлийн 43.6. 46 дугаар зүйлийн 46.2, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1180 тоот санал, Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэлийн 9 дэх заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрыг шийдвэрлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд газар ашиглах эрх авсан дээрх компаниудын эрхийг хэсэгчлэн цуцалсан.

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Улаанбаатар хотын 100000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжих төвийн эрчим хүчний системийн ажиллагааг сайжруулах, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хангах зорилгоор шинээр баригдах дулааны цахилгаан станц, төвийн эрчим хүчний системд холбох Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил эхэлсэн. Уг бүтээн байгуулалтын ажилд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/125 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Их тойрог цахилган дамжуулах агаарын шугамын төсөлд улсаас 52.2 тэрбум төгрөг батлагдсан.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах тухай А/355 дугаар тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

- Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

1/ У.Ч ХХК-ийн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Тушаалыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/163 дугаар тушаалаар У.Ч ХХК-ийн 2.01 га газраас 0.28 га газрыг хэсэгчлэн цуцалсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/277 дугаар тушаалын 1 дэх хэсгээр 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын хавсралтаас У.Ч ХХК-ийн нэрийг хасаж, У.Ч ХХК-ийн газраас хэсэгчлэн цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон байна.

2/ Г ХХК-ийн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг сэргээх тухай А/467 дугаар тушаалын 4 дэх хэсгээр 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаал, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалуудын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тушаалыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/163 дугаар тушаалаар 8.80 га газраас 0.02 га газрыг хэсэгчлэн цуцалсан тушаал хүчин төгөлдөр байна.

3/ С ХХК-ийн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг сэргээх тухай А/468 дугаар тушаалын 4 дэх хэсгээр 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаал, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалуудын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Тушаалыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/163 дугаар тушаалаар 1.00 га газраас 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалсан тушаал хүчин төгөлдөр байна.

4/ Б ХХК-ийн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Тушаалыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/163 дугаар тушаалаар 2.0 га газраас 0.18 га газрыг хэсэгчлэн цуцалсан, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Тушаалыг холбогдох заалтыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах тухай А/355 дугаар тушаалаар Б ХХК-ийн 2.0 га газраас 0.12 газрыг тус тус хэсэгчлэн цуцалсан байна.

5/ Х ХХК-ийн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Тушаалыг холбогдох заалтыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах тухай А/355 дугаар тушаалаар 2 га газраас 0.12 газрыг тус тус хэсэгчлэн цуцалсан.

Дээрх тушаалуудыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 43 дугаар зүйлийн 43.6, 46 дугаар зүйлийн 46.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Зайсангийн аманд газар ашиглагч иргэн аж, ахуйн нэгжийн газраар дайран өнгөрөх газрыг нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 220, 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кв-ын 2x15 МВА чадалтай Сонгино дэд станцыг яаралтай барьж Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээс хангах шаардлагатай болсон тул агаарын шугамын угсралт явагдах талбайг хэсэгчлэн цуцалсан.

Монгол Улсын 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 220 кВ-ын 10 км урттай 220/110/35 кВ-ын 2x125 МВА хүчин чадалтай Сонгино дэд станц, 110 кВ-ын хоёр хэлхээт 97 км урттай Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын 2x40 МВА хүчин чадалтай Зайсан дэд станц, 110/35/10 кВ-ын 2x40 МВА хүчин чадалтай Баянгол дэд станцуудыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр тендер зарлан, гүйцэтгэгчийг шалгаруулж, 2012 оны 10 дугаар сард Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулсан байна.

Үүнээс Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэл 44 км урттай Сонгино-Зайсан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэгчээр Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн ам, Хүүшийн амны шинээр татах агаарын шугамын трасс дайран өнгөрч байгаа тул газрын зөвшөөрлийг нь хэсэгчлэн цуцалсан.

Монгол Улсын эрчим хүчний салбарт 220/110/35 кВ-ын Сонгино-Зайсан 110 кВ дэд станц, Сонгино-Зайсан 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил бүрэн дуусч ашиглалтад ороогүйн улмаас дараах ноцтой хүндрэлүүдийг үүсгээд байна. Үүнд:

1/ Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал-ын цахилгаан хангамжийн 110/10 кВ-ын Хөшигт дэд станцын үндсэн тэжээлийн хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүчдэлд залгах техникийн боломж бүрдээгүйн улмаас тус нисэх онгоцны буудал олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлага хангахгүйд хүрч, үйл ажиллагааг нь эхлүүлэх хугацаа хойшлогдон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар тогтоолын хэрэгжилтийг хугацаанд нь хэрэгжүүлэх боломжгүй болсон талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газраас албан бичгүүд ирүүлээд байна.

2/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг 4,0 кВт чадал бүхий цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх төсөл, арга хэмжээний дагуу хийгдэж байгаа дэд станцууд эх үүсвэр талдаа хүчин чадал дутагдаж байна.

3/ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-импорт банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа Улаанбаатар-Мандалговь 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил дуусч техникийн комисс ажилласан боловч улсын комисс ажиллах нөхцөл Сонгино дэд станцаас шалтгаалж хойшлогдоод байна. Төвийн бүсийн нэгдсэн систем нь өвлийн горимын үед Улаанбаатар хотын зарим хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах горимд ажиллаж цаашлаад онцгой нөхцөл үүссэнийг анхаарч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн ам, Хүүшийн амны хэсгийн 110 кВ-ын агаарын шугамын трассыг чөлөөлөх асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн, гэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана гэж, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй, 46 дугаар зүйлийн 46.2-т Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 293 дугаар тогтоолоор Улаанбаатар их тойрог сүлжээ төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын дагуух газрын маргааныг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэлийн 9-т Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах болон агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Их тойруугийн 110 кВ-ын цагираг шугам тавихад зориулж тусгай хамгаалалтын бүс буюу Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 2 байршил (Зайсангийн ам, Хүүшийн ам)-д газар чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт даалгасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 27.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу Засгийн газар болон холбогдох байгууллагын удаа дараагийн саналыг үндэслэн Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэл 50 км урттай 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр татах агаарын шугамын трасс дайран өнгөрч байгаа барилга угсралтын ажпыг явуулж газар чөлөөлөх асуудлыг тус яаманд даалгаснаар уг газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин, хөгжил, Хөшигтийн хөндийн Олон Улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах, шинээр баригдах дулааны 5 дугаар цахилгаан станц зэрэг хөгжлийн томоохон төсөл буюу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд иргэн аж, ахуй нэгжүүд саад учруулж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

- Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар, дүгнэлтдээ: Засгийн газрын 2017 оны 44 дүгээрт хурлын тэмдэглэлийг хавсаргаад өгсөн. Засгийн газраас тогтоол гараагүй. Ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Ажлын хэсэг төлөвлөлтийг өөрчлөхөөр шийдвэрлээд дахин Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлбэл трассыг өөрчилж болно. Тийм шийдвэр гараагүй.

Нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Эрчим хүчний яам зэргээс удаа дараа газрыг яаралтай чөлөөлөх талаар албан бичиг ирж байсан. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1/341 дугаартай албан бичгээр газрыг яаралтай чөлөөлөх шаардлагатай байх тул хамтран ажиллана уу гэсэн утга бүхий албан бичгийг өгч байсан. Газрын аль хэсгийг цуцлах аль хэсгээр нь трасс явах уу гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдэхгүй, Эрчим хүчний яам болон Нийслэлийн Засаг даргаас албан бичгийг илгээж байсан. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д нөхөн олговрыг газрыг ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хамаарахгүй гэж байгаа. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан шийдвэр байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2019 онд Засгийн газар руу явуулж байсан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон. Газар чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгосон.

Нийслэлээс ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг газрыг хаагуур авч ашиглах талаар координатыг татсаны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам албан бичиг илгээсэн. Улсын Их Хурлын тогтоолоор шугам явах газрын байршлыг төлөвлөсөн ч Улсын Их Хуралд асуудлыг өргөн бариад өөрчлөх боломжтой. Трасс өөрчлүүлэхээр Улсын Их Хуралд өргөн барьсан төлөвлөлт баримт бичиг байхгүй. Газрын тухай хуулийн 16.1.13-т зааснаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоол байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалтай газрыг тусгай хэрэгцээнд авах шаардлагагүй гэж үзсэн. Тусгай хэрэгцээний газрыг 13 ангилж байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар тусгай хамгаалалтад авсан газарт бүтээн байгуулалт гээд 16.1.13-т зааснаар дахин тусгай хэрэгцээнд авах шаардлагагүй гэж үзсэн.

Манайх шугамын трассыг батлаагүй. Нийслэлийн Засаг дарга, Эрчим хүчний яамнаас тоот ирүүлсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яам шугам татах газрыг чөлөөлөх асуудлыг шийдсэн. гэв.

 

Тав. Хариуцагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хариу тайлбартаа:

- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан өндөр хүчдэлийн шугам буюу Их тойрог төсөл нь Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоол болон Засгийн газрын 2014 оны 114 тогтоолоор тус тус батлагдсан байдаг. Энэ төсөл арга хэмжээнд гэр хорооллын нийт 124900 айл өрхийн 40 хувь болон 49960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх, мөн шинээр баригдах 5 дугаар цахилгаан станцын эрчим хүчийг түгээх гол шугам болох зэрэг ач холбогдолтой. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын газар дээр зөвшөөрөлгүй ажил явуулж байгаа гэдэг нь үндэслэлгүй. 110 кВ-ын шугам буюу Их тойрог төслийн газрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хэсэгчлэн цуцалсан байдаг.

Энэхүү төсөл арга хэмжээнд манай байгууллага нь захиалагчийн буюу техникийн хяналт тавьж ажиллаж байгаа. Иймд манай газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

- Хариуцагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар, дүгнэлтдээ: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар барилгын угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж шугамыг тавьсан. Ашиглалтад ороод улсын комисс хүлээгээд авсан. Шугам тавих газрын байршлын тухайд манай байгууллага аливаа шийдвэр гаргаж оролцоогүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/163 дугаар тушаалаар тогтоосон трассаар барьсан. Тухайн шугам сүлжээний ажил буюу эрчим хүчний барилга байгууламжийн ажлын техникийн гүйцэтгэлийн хувьд хянадаг. Энэ Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болгосон мөн Нийслэлийн Засаг даргын тэмдэглэл байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг байгуулагдаж хийх ажилд багтсан.

Шүүхийн 2019 оны 310 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гараад шуудангаар ирэхэд нь л танилцсан. Гэхдээ нисэх онгоцны буудлыг яаралтай ашиглалтад оруулах, буудлын ойр хавын газар болон гэр хорооллын газрын айлуудыг цахилгаанаар хангах бүтээн байгуулалтыг хийх гэсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/163 дугаар тушаалаар тогтоосон трассын дагуу шугам татсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/163 дугаар тушаалаар шугам татах трассыг тогтоож өгсөн. 2018 оны магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан зургаар шугамыг барьсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/163 тушаалаар шугамын трассыг тогтоосон гээд уг трассын солбицлоор шугам татсан. Энэ тушаалд өөрчлөлт оруулсан 2018 оны А/277, А/355, 2019 оны А/468 тушаалуудыг манайх мэдээгүй. Энэ тушаалуудтай 2020 онд хэргийн материалаас танилцсан. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх цахилгаан дамжуулах агаарын шугамын трассд өртсөн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2018 онд А/163, А/277, А/355, 2019 оны А/468 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч компаниудын ашиглах эрхтэй газраас хэсэгчлэн цуцалсан, улмаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт хэрэгжүүлж нэхэмжлэгч компаниудын ашиглах эрхтэй маргаж буй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламж барьсан байна.

Тухайлбал,

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар У.Ч ХХК-ийн 2.01 га газраас 0.28 га газрыг, Б ХХК-ийн 2.0 га газраас 0.18 га газрыг, Г ХХК-ийн 8.80 га газраас 0.02 га газрыг, С ХХК-ийн 1.00 га газраас 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалж,

- 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалын 1 дэх хэсгээр 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын хавсралтаас У.Ч ХХК-ийн нэрийг хасаж, 2 дахь хэсгээр Б ХХК-ийн 2.0 га газраас 0.10 га газрыг, Х ХХК-ийн 1.0 га газраас 0.21 га газрыг, Г ХХК-ийн 8.8 га газраас 0.54 га газрыг, С ХХК-ийн 1.0 га газраас 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалж,

- 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын 1 дэх заалтаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалын 1 дэх заалтыг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Б ХХК-ийн 2.0 га газраас 0.12 га газрыг, Х ХХК-ийн 1.0 га газраас 0.21 га газрыг, Г ХХК-ийн 8.8 га газраас 0.12 га газрыг, С ХХК-ийн 1.0 га газраас 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалж,

- 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277, 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн 1.00 га газраас 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалж, 0.76 га газрын ашиглах эрхийг сэргээсэн байдаг.

Түүнчлэн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/467 дугаар тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277, 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн 8.8 га газрын ашиглах эрхийг сэргээжээ.

Дээрх шийдвэрүүдийг нэхэмжлэгч тус бүрээр, одоо ашиглах эрхтэй газраас нь цуцалсан шийдвэр аль нь болохыг тодруулбал,

- У.Ч ХХК-ийн 2008 онд ашиглах эрх авсан 1.9 га газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар 0.28 га газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэснийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар хүчингүй болгосон,

- Б ХХК-ийн 2011 онд ашиглах эрх авсан 2.0 га газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар 0.18 га газрыг хэсэгчлэн цуцалсан, мөн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 0.10 га газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэснийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгож, дахин 0.12 газрыг хэсэгчлэн цуцалсан,

- Х ХХК-ийн 2007 онд ашиглах эрх авсан 1.0 га газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 0.21 га газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэснийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгоод, дахин 0.21 газрыг хэсэгчлэн цуцалсан,

- Г ХХК-ийн 2011 онд ашиглах эрх авсан 8.80 га (газар ашиглах гэрчилгээнд 9 га, А/163 тушаалд анхны талбайн хэмжээг 8.80 га гээд 0.02 га хасагдсанаас 8.78 га үлдсэн гэж тусгасан) газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар 0.02 га газрыг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 0.54 га (0.20 га багтсан) газрыг цуцалж шийдвэрлэснийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгож, дахин 0.12 га газрыг цуцалсан боловч 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/467 дугаар тушаалаар 2018 оны А/277, 2018 оны А/355 дугаар тушаалын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 8.80 га газрын ашиглах эрхийг сэргээсэн,

- С ХХК-ийн 2016 оноос ашиглах эрх авсан 1.0 га газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар 0.24 га газрыг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар мөн 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэснийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгож, дахин 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалсан, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалаар 0.24 га газрыг хасаж, 0.76 га газрыг ашиглах эрхийг сэргээн өмнөх 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Мөн ийнхүү дээрх шийдвэрүүдтэй шүүхэд маргаж байх хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалаар нэхэмжлэгч У.Ч ХХК, Б ХХК, Х ХХК, Г ХХК, С ХХК-иудын газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгож, газар ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосныг У.Ч ХХК, Б ХХК, Х ХХК-иудын нэхэмжлэлээр тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 251, 253, 254 дүгээр шийдвэрээр маргаан бүхий актуудыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэсэн, улмаар 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаалын Г ХХК-д холбогдох хэсгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/467 дугаар тушаалаар, С ХХК-д холбогдох хэсгийг мөн өдрийн А/468 дугаар тушаалаар хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгосон 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/356 дугаар тушаал бүхэлдээ хүчингүй болжээ.

Ийнхүү нэхэмжлэгч нар Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайруулан тавих трассын зураг төслийг батлагдсан зургаар биш нэхэмжлэгч нарын ашиглах эрхтэй газар дээгүүр төлөвлөж газраас нь хэсэгчлэн цуцалсан нь хууль бус хэмээн дээрх шийдвэрүүдтэй маргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 6143 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын У.Ч ХХК, Б ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8048 дугаар захирамжаар 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын Х ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 310 дугаар захирамжаар 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 310 дугаар захирамжаар 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн А/355 дугаар тушаалын С ХХК, Г ХХК-иудад холбогдох хэсгийн биелэлтийг тус тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж, шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3529 дугаар захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн дээрх захирамжуудыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн хэдий ч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлж, 2020 оны 5 дугаар сараас барьж дуусгажээ.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр магадлан хэмжилт хийсэн А/05 дугаар дүгнэлтээр,

- У.Ч ХХК-ийн ашиглах эрхтэй 18723 м.кв газрын зүүн болон хойд хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар хэсэгчлэн цуцалсан байсан 2800 м.кв газар хамаарч, уг газар дээр цахилгаан дамжуулах агаарын шугамын шон баригдаагүй, харин агаарын шугам газрын хойд хэсгээр буюу цуцлагдсан байсан хэсгээр дайрсан,

- Б ХХК-ийн ашиглах эрхтэй 19732 м.кв газрын зүүн хойд болон хойд хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/163 дугаар тушаалаар цуцалсан 0.18 га, 2018 оны А/277 дугаар тушаалаар цуцалсан 0.10 га, 2018 оны А/355 дугаар тушаалаар цуцалсан 0.12 га газар байрласан, уг газар дээр цахилгаан дамжуулах агаарын шугамын шон баригдаагүй, харин агаарын шугам газрын хойд хэсгээр буюу цуцлагдсан хэсгээр дайрсан,

- Х ХХК-ийн ашиглах эрхтэй 9971 м.кв газрын зүүн хойноос баруун урагш чиглэлд дундуур нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/277 дугаар тушаалаар цуцалсан 2145 м.кв, 2018 оны А/355 дугаар тушаалаар цуцалсан 2145 м.кв газар байрласан, уг газар дээр цахилгаан дамжуулах агаарын шугамын шон баригдаагүй, харин агаарын шугам газрын дундуур буюу цуцлагдсан хэсгээр дайрсан,

- Г ХХК-ийн ашиглах эрхтэй 8.9758 м.кв газрын урд захаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/163 дугаар тушаалаар цуцалсан 192 м.кв, 2018 оны А/277 дугаар тушаалаар цуцалсан 5347 м.кв, 2018 оны А/355 дугаар тушаалаар цуцалсан байсан 1230 м.кв газар байршсан, уг газар дээр цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 шон баригдсан, агаарын шугам газрын урд захаар буюу цуцлагдсан байсан хэсгээр дайрсан,

- С ХХК-ийн ашиглах эрхтэй 10099 м.кв газрын хойд хэсгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/163 дугаар тушаалаар цуцлагдсан 2406 м.кв, 2018 оны А/277 дугаар тушаалаар цуцлагдсан 2429 м.кв, 2018 оны А/355 дугаар тушаалаар цуцлагдсан 2392 м.кв газар байршсан, уг газар дээр цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 шон баригдсан, агаарын шугам газрын хойд хэсгээр буюу цуцлагдсан хэсгээр дайрсан, харин 2019 оны А/468 дугаар тушаалд тус компанийн газраас хэсэгчлэн цуцалсан 0.24 га газрын эргэлтийн цэгийн солбицлыг заагаагүй тул цахилгаан дамжуулах агаарын шугам, шонтой давхцсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Хоёр. Дээрх маргаан бүхий актуудыг болон ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг эс зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар,

1. У.Ч ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

2. Б ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

3. Х ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

4. С ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/163 дугаар, 2019 оны А/468 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

5. Г ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах хэмээн тус тус тодорхойлжээ.

Гурав. Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгч нарын газраас хэсэгчлэн цуцалсан болон цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан захиргааны байгууллагуудын шийдвэр, үйлдлийг дараах үндэслэлээр хууль бус, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төсөл нь хотын 110 кВ-ын тойрог сүлжээний гадуур их тойрог 110 кВ-ын шугам, дэд станцуудыг 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих төсөл бөгөөд 6 ангилалд багцалсны 5 дахь нь 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км, хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралт, энэ төслийн хүрээнд Эрчим хүчний газар, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Газрын алба, ТБЦДС ХК-ийн хамтарсан ажлын хэсэг шугамын трассын урьдчилсан судалгааг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугамын уртыг тодорхойлон хотын хэтийн төлөвлөлттэй уялдуулан газар олголт, шугамын хамгаалалтын зурваст байгаа айл өрх, аж ахуйн нэгжийн мэдээллийг гарган төслийн бэлтгэл ажлыг хийсэн байна.

Улсын Их Хурлаас 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталсан, энэ баримт бичгийн зураглалын материалд инженерийн дэд бүтцийн хангамжийн 1.1.7.2-т цахилгаан хангамжийн төлөвлөлтийн зураг М:100000 масштабаар батлагдсан[1], инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зурагт шинээр барих 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам Зайсангийн аманд маргаанд хамаарах орчимд төлөвлөгдсөн[2].

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Бодлогын газар Их тойрог 110 кВ-ын төслийн 220/110/35 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 дүгээр хэсгийн Сонгино дэд станцаас Зуунмодны авто зам хүртэлх 20.5 км трасс, 2 дугаар хэсгийн Зуунмод авто замаас Зайсан дэд станц хүртэлх 23.516 км трассын ажлын зураг төслийг боловсруулах 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2011/37, 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2011/40 дугаартай даалгавар баталж, уг даалгавраар Э******* ХХК Их тойрог 110 кВ-ын төслийн 220/110/35 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 дүгээр хэсгийн Сонгино дэд станцаас Зуунмодны авто зам хүртэлх 20.5 км трассын, 2 дугаар хэсгийн Зуунмод авто замаас Зайсан дэд станц хүртэлх 23.516 км трассын Ажлын зургийг боловсруулсан[3],

Барилгын хөгжлийн төв 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 119/2013 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр төслийн 1 дүгээр хэсгийн Сонгино дэд станцаас Зуунмодны авто зам хүртэлх 20.5 км трассын Ажлын зургийг, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 566/2014 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр 2 дугаар хэсгийн Зуунмод авто замаас Зайсан дэд станц хүртэлх 23.516 км трассын Ажлын зургийг баталсан байна[4].

Ийнхүү батлагдсан ажлын зураг нь Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зурагт шинээр барих 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын Зайсангийн аманд маргаанд хамаарах орчимд төлөвлөсөн байршилд хийгдсэн[5], баталсан трассын ерөнхий тодорхойлолт /тайлбар/ хэсэгт шинээр баригдах шугам нь Ар зайсангийн амны үзүрт байрлах Богдхан амралтын хашааны хойд биеэр явж Зайсангийн амны зүүн уулын энгэрт очих ба уулын энгэр хэвлийгээр явж ... хэмээн трассын байршлыг заасан[6], энэ ажлын зургаар нэхэмжлэгч У.Ч ХХК, Б ХХК, Х ХХК, Г ХХК-ийн ашиглалтын газар дээгүүр давхцалгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс батлагдсан трассаар 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нэхэмжлэгч У.Ч ХХК, Б ХХК, Х ХХК, Г ХХК-ийн ашиглалтын газраас өөр байршилд баригдахаар төлөвлөгдсөн байжээ.

Харин нэхэмжлэгч С ХХК-ийн газрын дундуур зүүн урдаас хойш, эргээд баруун хойш байхаар трасс батлагдсан ч маргаан бүхий актуудаар хэсэгчлэн цуцалсан тус компанийн газрын хойд хэсэгт хөндлөн байршилд, хэмжээнд биш байна. Нэхэмжлэгч С ХХК батлагдсан зургаар биш өөрчилсөн зургаар трасс дайрсан гэх үндэслэлээр газрынх нь хойд хэсэгт хөндлөн байршилд 0.24 га газрыг цуцалсан А/163 дугаар тушаалтай, улмаар яг тэр хэмжээгээр байршлын солбицол заагаагүй цуцалсан А468 дугаар тушаалтай маргаж байгаа, 2012 оны ажлын зураг, уг зурагт магадлал хийсэн 2014 оны магадлалын ерөнхий дүгнэлттэй маргаагүй тул энэ давхцлыг тодруулан шалгах шаардлагагүй гэж үзсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/468 дугаар тушаалд С ХХК-ийн газраас хэсэгчлэн цуцалсан 0.24 га газрын эргэлтийн цэгийн солбицлыг заагаагүй тул УИХ-ын баталсан ерөнхий төлөвлөлт, магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан ажлын зургаар өртөх хэмжээ, байршилд цуцалсан эсэхийг дүгнэх боломжгүй, нөгөө талаар солбицлыг заагаагүй маргаан бүхий тушаалаар цуцалсан талбайн байршлыг шүүх өөрөөр тогтоох боломжгүй юм.

Эрчим хүчний яам 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 79/2013 дугаартай Эрчим хүчний барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл ийг Э******* ХХК-ийн ажлын зургаар Сонгино 220/110/35 кВ-ын дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажилд 2012 оны 6 дугаар сарын 18-наас 2014 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл олгож, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 02/1015-18 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 1 хүртэл хугацаа сунгаж олгосон, өөрөөр хэлбэл барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ батлагдсан трассын дагуу олгогдсон байдаг ч цахилгаан дамжуулах агаарын шугам маргаанд хамаарах энэ байршилд тухайн хугацаанд баригдаагүй.

Улмаар зураг төслийн гүйцэтгэгч Э ХХК-иас Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын 1.2 км трассын өөрчлөлтийн зургийг[7] магадлал хийлгэхээр ирүүлснээр Эрчим хүчний хөгжлийн төв 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 409/2018 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр[8] өөрчлөлтийн зураг төслийг баталсан ч 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрчлөлтийн зураг төслийг баталсан магадлалын ерөнхий дүгнэлтээ хүчингүй болгосон тухайгаа 1/1474 тоот албан бичгээр[9] мэдэгдсэн байдаг. 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зурагт 2018 онд хийгдсэн өөрчлөлтийн зургаар шугамын трасс нэхэмжлэгч компаниудын ашиглах эрхтэй газар дээгүүр төлөвлөгдсөн байсан зураг төсөлд магадлал хийсэн магадлалын ерөнхий дүгнэлт нь хүчингүй болсноор ийнхүү батлагдаагүй байдаг. Гэтэл маргаанд хамаарах байршлын 1.2 км трассын хүчингүй болсон өөрчлөлтийн ажлын зургаар, өөрөөр хэлбэл магадлалын ерөнхий дүгнэлтээр батлаагүй ажлын зургаар 2020 оны 5 дугаар сард эрчим хүчний шугам сүлжээний барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шугам сүлжээний трассыг өөрчлөх, тогтоох эрх байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгогдоогүй, тиймээс ч Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын байршлын солбицлыг эцэслэн тогтоож Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/3918 тоот албан бичгийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр ... Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын батлагдсан трасс, ажлын зурагт зааснаас өөр байдлаар явуулах саналыг хүргүүлсэн, захиалагч болон гүйцэтгэгч компани нь уг санал, координатын дагуу эрчим хүчний барилгын ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байх бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй ... гэж дүгнээд илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэр хуулийн төгөлдөр байна.

Өөрөөр хэлбэл шугам сүлжээний батлагдсан трассаас өөр байршилд трассд орсон үндэслэл зааж нэхэмжлэгч нарын ашиглах эрхтэй газраас цуцалсан шийдвэрүүд хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан маргаан бүхий тушаалуудад Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг үндэслэсэн байх ч түүнд уг заалтуудаар шийдвэр гаргах эрх олгогдоогүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т заасан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар Засгийн газар газрын харилцааны талаарх бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ. Мөн уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно гэх заалт ч төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааралгүй, Засгийн газар эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал байна.

Хариуцагч шийдвэрийн үндэслэлээ Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу гаргасан гэх боловч Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлд[10] Их тойруу 110 мкВ-ын шугам тавихад зориулж тусгай хамгаалалтын бүс Зайсангийн аманд газар чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад даалгасан, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлээр Сонгино дэд станцын барилга угсралтын ажилтай холбоотой шүүхийн маргааныг шийдвэрлүүлэх, барилга угсралтын ажлыг хийж дуусгахыг, шинэ нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах цахилгаан дамжуулах агаарын шугамын газрын асуудлыг шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгосон, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлээр шинэ нисэх онгоцны буудлын эрчим хүчний эх үүсвэрийг барьж холбох ажлыг эрчимжүүлж, 2020 оны 4 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайдад даалгасан бөгөөд Их тойруу 110 кВ-ын трассыг өөрчлөн тогтоох, газрыг тусгай хэрэгцээнд авах, батлагдсан трассаас өөр байршилд газар чөлөөлөх агуулгагүй, нөгөөтэйгүүр Засгийн газар хуулиар хүлээлгэсэн эрх хэмжээний хүрээнд тухайлбал Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд аливаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэрээ Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар тогтоол хэлбэрээр гаргадаг.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/439 дүгээр захирамжаар Засгийн газрын 2019 оны 25 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийг хангуулах, шинэ нисэх онгоцны буудлыг цахилгааны эх үүсвэр Их тойрог төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг яаралтай дуусгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байдаг ч ажлын хэсгээс шугамын трассыг өөрчлүүлэхээр эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлсэн асуудал байхгүй.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлээр Их тойрог төслийн Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 5.8 км, 44 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани буюу нэхэмжлэгчтэй 4 тэрбум төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн маргааныг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх, дуусгах, Зайсангийн аманд 1.5 км 110 кВ-ын шугамын трассын газар чөлөөлөх, барилга угсралтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахыг Тамгын газарт даалгасан нь энэ хэрэгт хамааралгүй байна.

Эдгээрээс үзэхэд маргаанд хамаарах 1.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын трассыг өөрчилсөн шийдвэр гараагүй, Засгийн газраас маргаж буй энэ байршлаар шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэ гэж үүрэг өгөөгүй, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийг ч ийм чиг үүрэгтэйгээр байгуулаагүй, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах, шинэ нисэх онгоцны буудлыг цахилгаанаар хангах ажлыг зохион байгуулахыг даалгасан, дээр дурдсанаар шугамын трасс өмнө нь нэгэнт батлагдсан, батлагдсан байршлаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгч нарын маргаан хамааралгүй, нэхэмжлэгч нар батлагдсан трассыг эрх олгогдоогүй этгээд өөрчилж, тэдгээрийн газар дээгүүр дайруулах болсноор, энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан, шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн шийдвэртэй маргаж байгаа, хариуцагч нарын үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч компаниуд саад учруулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Засгийн газраас маргаанд хамаарах байршлын газрыг дэд бүтэц, бүтээн байгуулалтын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаагүй бөгөөд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дархан цаазат газар буюу улсын тусгай хамгаалалттай газрыг дахин улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагагүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Учир нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зорилго, зориулалтыг хуулиар тодорхой заасан байхад өөр зориулалтаар тусгай хамгаалалтад авсан шийдвэр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газрыг ашиглаж буй этгээдийн эрхэд халдах хууль зүйн үндэслэл нь болохгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаанд хамаарах шийдвэрүүдийг буюу ашиглах эрхтэй газраас нь хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргахдаа эрх нь хөндөгдөх этгээдийг тогтоох, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар нотлох баримт гаргах боломжийг олгоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн, ингэснээр маргаанд хамаарах шийдвэрүүд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.7-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, цаашилбал хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус шийдвэрийн зорилгоо Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын гзарын маргаантай асуудлыг шийдвэрлэх гэж тодорхойлсон боловч батлагдсан трасс, ажлын зургаас өөр байршилд нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын газраас хэсэгчлэн цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зарчимд нийцэхгүй, алдаатай шийдвэр болжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан, Засгийн газрын тогтоолоор баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмээр эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 110 кВ-ын шугам хүн оршин суудаг газраар дайран өнгөрөх нөхцөлд шугамын захаас 2 тийш 5 м-ээр тогтоож, хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.

Иймд 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам газар дээгүүр нь байрших үндэслэлээр ашиглалтын газраас нь хэсэгчлэн цуцалсан хууль бус шийдвэр, батлагдсан трассаас өөр байршилд нэхэмжлэгч нарын ашиглалтын газар дээгүүр 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавьсан захиргааны шийдвэр нэхэмжлэгч нарын аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг нь хууль бусаар зөрчиж байна.

Нэхэмжлэгч нарын ашиглалтын газар дээгүүр баригдсан цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажилласан хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь шугамын трассын солбицлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар тогтоосон /энэ шийдвэрээс хойш нэхэмжлэгч нарын ашиглалтын газраас мөн дээрх үндэслэлээр хэсэгчлэн цуцалсан маргаан бүхий тушаалуудыг шугамын барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх үед мэдээгүй байсан гэх/ хэмээн тайлбарлах боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/163 дугаар тушаал ч тэр, түүнээс хойш гарсан маргаан бүхий тушаалууд ч тэр шугам сүлжээний трасс тогтоосон шийдвэр биш, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр тул эрх бүхий этгээдээс батлагдсан зургийг зөрчиж нэхэмжлэгч нарын ашиглалтын газар дээгүүр 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг захиалан бариулсан хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдэл алдаатай, хууль бус болсон бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар хууль тогтоомж, нэхэмжлэгч нарын газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хариуцагч нарын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Ийнхүү хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шугам сүлжээний батлагдсан трасст өртөөгүй нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг үндэсний хэмжээний томоохон дэд бүтэц, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэх үндэслэл зааж, тодруулбал Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-н Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэхэмжлэгч нарын ашиглалтын газраас хэсэгчлэн цуцалсан шийдвэрүүд болон газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж буй шийдвэрийг трасс баталсан шийдвэр хэмээн үзэж батлагдсан зураг төсөл, төлөвлөлтөөс өөр байршилд, бусдын ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

Гэхдээ хариуцагч захиргааны байгууллага өөрөө хүчингүй болгож шийдвэрлэснээр заавал биелэгдэх эрх зүйн үр дагаваргүй болсон шийдвэрт холбогдуулан гаргасан зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Тухайлбал,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын У.Ч ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх Нэхэмжлэгч У.Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүд тогтоогдсон хэдий ч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрөө энэ шийдвэрээ 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн, эрх зүйн үр дагаваргүй болсон байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах шаардлагагүй гэж үзлээ.

Мөн С ХХК-ийн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар 0.24 га газрыг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар мөн 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэснийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгож, дахин 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалсан, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалаар 0.24 га газрыг хасаж, 0.76 га газрыг ашиглах эрхийг сэргээн өмнөх 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноос үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар С ХХК-ийн 1.00 га газраас 0.24 га газрыг хэсэгчлэн цуцалсан шийдвэрийг одоо хүчин төгөлдөр гэж үзэхгүй, харин 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалаар 0.24 га газрыг хасаж, 0.76 га газрыг ашиглах эрхийг сэргээсэн шийдвэр хүчинтэй байна. Тиймээс хүчингүй болсон, эрх зүйн үр дагаваргүй болсон шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар 0.02 га газрыг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 0.54 га (0.20 га багтсан) газрыг цуцалж шийдвэрлэснийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар хүчингүй болгож, дахин 0.12 га газрыг цуцалсан боловч 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/467 дугаар тушаалаар 2018 оны А/277, 2018 оны А/355 дугаар тушаалын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 8.80 га газрын ашиглах эрхийг сэргээсэн, одоо уг газраас цуцалсан хүчин төгөлдөр ямарваа шийдвэр байхгүй, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалаар хэсэгчлэн цуцалсан шийдвэрийг одоо хүчин төгөлдөр гэж үзэхгүй тул 2018 оны А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.3-т заасан ажиллагааг шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажлын хэсгийн хэмжилт хийсэн зардалд 1,367,872 төгрөгийг нэхэмжлэгч нар урьдчилж төлсөн тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч нараас хуваан гаргуулж нэхэмжлэгч нарын төлсөн хэмжээгээр буцааж олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан,

а/ У.Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

б/ Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,

в/ Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,

г/ С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/468 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг, тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

д/ Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж тус компанийн ашиглах эрхтэй газар дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/163 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 175,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт тус бүр 35100 төгрөг, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 105,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК, Х ХХК, С ХХК-д тус бүр 35100 төгрөг олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажлын хэсгийн хэмжилт хийсэн зардалд нэхэмжлэгч нараас урьдчилж төлсөн 1,367,872 төгрөгийн 683,936 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас, 683,936 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулан нэхэмжлэгч нарын төлсөн хэмжээгээр нөхөж олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 170-173 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 245-246 дугаар хуудас

[3] Хэргийн 3 дугаар хавтсын 213-214 дүгээр хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 206-214 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 170-173, 3 дугаар хавтсын 213-214 хуудас

[6] Хэргийн 3 дугаар хавтсын 213 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 184 дүгээр хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 201-206 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 155 дугаар хуудас

[10] Хэргийн 2 дугаар хавтсын 148-150 дугаар хуудас