| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00516/и |
| Дугаар | 911 |
| Огноо | 2018-11-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 4-12 тоотод оршин суух, 1998 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН98011504, Шарнууд овогтой Пунцанцогвын Тунгалагтамирын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 4-17 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ95030654, Харагчууд овогтой Ганболдын Отгонбаярт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Тунгалагтамир, хариуцагч Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Тунгалагтамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр Г.Отгонбаяртай 2015 онд танилцаж, 2016 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү О.Энх-Үйлс төрсөн. Хамтын амьдралын эхний жилд бусдын адил сайхан л амьдарч байсан сүүлийн жилд нөхөр маань байнга архи ууж уусан үедээ агсам согтуу тавин зоддог болсон. Миний хувьд 1 хүүхдээ бодон өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш хүүхдийн хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлж байгаа тул хамт амьдрах боломжгүй байна. 2017 оны 11 дүгээр сараас хойш гэрлэлт цуцлуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Шүүхээс өгсөн 3 сарын хугацаанд Г.Отгонбаяр нэг ч удаа ирж уулзаагүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй байх тул гэрлэлт цуцалж, насанд хүрээгүй хүүг миний асрамжид үлдээж, хүүдээ хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Г.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие эхнэртэйгээ эвлэрч, цаашид хамтран амьдрах хүсэлтэй байна. Сүүлийн үед эхнэр хүүхэдтэйгээ уулзаагүй нь үнэн. Би хөдөө ахынхаа мал маллаж байгаад ирсэн тул эхнэртэйгээ очиж уулзаж чадаагүй. Ер нь гэрлэлт цуцлуулах, хүүхдээсээ салахыг хүсэхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Тунгалагтамир нь хариуцагч Г.Отгонбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Гэрлэгчид 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү Харагчууд овогтой Отгонбаярын Энх-Үйлс төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, тус шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар ажиллагаа хийсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, мөн нэхэмжлэгч нь цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэснийг тус тус харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Отгонбаяр, П.Тунгалагтамир нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү О.Энх-Үйлсийг эх П.Тунгалагтамирын асурамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Энх-Үйлсийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Отгонбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.Тунгалагтамираас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Отгонбаяраас 100.382 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Тунгалагтамирт олгох нь зүйтэй.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харагчууд овогтой Ганболдын Отгонбаяр, Шарнууд овогтой Пунцанцогвын Тунгалагтамир нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Харагчууд овогтой Отгонбаярын Энх-Үйлсийг эх П.Тунгалагтамирын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Энх-Үйлсийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Отгонбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.Тунгалагтамираас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 /нэг зуун мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Отгонбаяраас 100.382 /нэг зуун мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Тунгалагтамирт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА