Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1273

 

 

       2022             10             13                                                     

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

насанд хүрээгүй хохирогч: Г.Г,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.А,

шүүгдэгч М.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М.Г-т холбогдох эрүүгийн 0000000000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О м овогт М-ын Г /РД:0000000000/,

Монгол улсын иргэн, ****оны ** дугаар сарын ***-ны өдөр ******** хотод төрсөн, ***настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт,  Сонгинохайрхан дүүргийн 0дүгээр хороо, Зээлийн 0 гудамж, 0 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Дэнжийн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч М.Г нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Дэнжийн 0 дүгээр гудамжны 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Г.Г-ийг үл ялих зүйлээр шалтаглан "Асуултанд нь хариулсангүй" гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, доод уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Дэнжийн 0 дүгээр гудамжны 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин Г.Г-ийг үл ялих зүйлээр шалтаглан "Асуултанд нь хариулсангүй" гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, доод уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Насанд хүрээгүй хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би ээж Б.А болон хоёр дүүгийн хамт эх үрсийн баяр тэмдэглээд гадуур явж байгаад 15 цагийн орчим гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав Г ганцаараа архи уусан согтуу байсан ба унтаад өгсөн. Манай ээж А дүү нарын хамт эмээгийн гэр рүү явсан ба би гэрт аавтай үлдсэн. Аав согтуу унтаж байгаад босож ирээд ээжийг хаана байгаа юм бэ гэхээр нь хоёр дүүтэй хамт эмээгийн гэр рүү явсан гэж хэлсэн. Согтуу байж байгаад ахин дахин ээж хаана байгаа юм бэ гэж асуугаад байхаар нь би эмээгийн гэр рүү явсан гэж хэд хэдэн удаа хариулсан. Дунд дүү Н-ыг хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би юу ч дуугараагүй. Аав дахин дахин "дүү чинь хаана байна?" гэж асууж байснаа гэнэт миний нүүр рүү алгадаад, дахин хэд хэдэн удаа гараа атгаж байгаад нүүр рүү цохисон. ...Би урдаас нь түлхээд гэрээс зугтааж гараад ээж А рүү залгаад аав намайг согтуу зодсон талаар хэлэхэд ээж цагдаад дуудлага егсөн. ...Миний доод уруул язарсан, хамраас цус гарсан, хамар хавдаж зовиуртай байна. ...Миний биед учирсан гэмтлийг төрсөн аав Г согтуу, гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан. ...Намайг манай аав Г цохиж зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй....Би толгойны зураг авахуулсан 320.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...Би гомдолтой байна, зүгээр байж байгаад аавдаа цохиулсандаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“...1. Г.Г-гийн биед хамар ясны хугарал, доод уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дугнэлт /хавтаст хэргийн 11-12-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч М.Г-гийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай бага охины төрсөн өдөр болоод би эхнэрээ "Хүүхдүүдээ аваад гарчихаад хooл унданд орчихоод ир" гэж хэлээд гаргасан юм. Би гэртээ ганцаараа байсан болохоор би дэлгүүрээс нэг шил архи аваад ганцаараа уусан юм. ...Нэг сэрсэн эхнэр хүүхэд ирчихсэн байсан. Эхнэр бага охиныг дагуулаад аав ээж дээр очих гээд явсан. Би гэрт том охин Г-гийн хамт үлдээд архиныхаа халуунд Г-ийг юм хийгээдэх гэсэн чинь манай охин өөдөөс уурлаад байсан. Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь алгадаж авсан чинь гэрээс гараад зугтаасан. Би араас нь харсан чинь хойд талын айл руу орж байгаа харагдсан. ...Би юм хийгээдэх гэсэн чинь уурлаад байхаар нь би алгадаж авсан юм. Би Г-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж авсан. ...Би урьд өмнө охиндоо гар хүрч цохиж зодож байгаагүй...” гэж /хавтаст хэргийн 45-46-р хуудас/ мэдүүлж байсан.

 Хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 21-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 24-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 25-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 26-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 27-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 28-р хуудас/,  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 29-32-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, бүгдийг нь ойлгож байна, гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хурлаас хойш уулзаагүй байгаа. Ээж рүү байнга утсаар ярьдаг. Тэр нь их дарамттай байдаг. Ээжийг дүү нарт үг зааж өглөө гэж хэлдэг. Одоо болтол би айдастай байгаа. Миний зүгээс өмнөх гомдол саналтай ижил байгаа. Өмнөх шүүх хурал дээр амар тайван амьдармаар байна, айдасгүй амьдармаар байна гэж хэлсэн байгаа гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай нөхөр архины хамааралтай болоод удаж байгаа. 2022 оны 02 дугаар сараас хойш архи уухаараа элдвээр хэлж доромжилж, шөнө үүрээр босож орилж хашхирдаг болсон. Харагдах байдал нь хүртэл ийм болсон. Битгий уу гэхээр ажилдаа яваад л уучихаад ирдэг болсон. 320.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Г нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Г.Г-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч М.Г-гийн үйлдэл нь “үл ялих зүйлээр шалтагласаны” улмаас насанд хүрээгүй хохирогч М.Г-ийн нүүрэн тус газарт цохиж хамрын ясыг нь хугалсан нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.    

Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий хүүхдийнхээ эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.гэр бүлийн бусад гишүүн.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

Иймд М.Г-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь эмчилгээний төлбөр 320,000 төгрөгийг авсан тул одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч М.Г-гийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, 2022.10.06-ны өдрөөс хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно...” гэв.

 

Шүүгдэгч М.Г: Байцаагч надад ажлын газрын тодорхойлолт гаргаж өг гэсэн бол би баримтаа гаргаж өгөх байсан. Яг ажил эхэлж байхад энд тэнд ажил хийх зав байхгүй. Би байнгын үндсэн ажилтай баймаар байна. Иймд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Г-т гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.   

Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-гт 360 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын санал гаргасан.

Харин шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын шинж чанар буюу насанд хүрээгүй төрсөн охиныхоо хамрын ясыг хугалсан, өөрийн үйлдлийн шинж чанар, үр дагаврыг бүрэн ухамсарлахгүй байгаа, насанд хүрээгүй хохирогч сэтгэл зүйн дарамттай байгаа/шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тогтоогдсон/ зэргийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь тохиромжтой байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” хязгаарлалт тогтоов.

Насанд хүрээгүй хохирогчид аюул учруулах эрсдэлтэй гэж үзсэн тул хязгаарлалт тогтоосон хугацаанд дээрх хуулийн 5.5 дугаар зүйлийн 2-т “Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.” гэж зааснаар “насанд хүрээгүй хохирогч Г.Г-тэй харилцахыг хориглох” хязгаарлалтыг тогтоож,

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд согтууруулах ундааны зүйл байнга, давтамжтай хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдсон тул мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар дээрх ял шийтгэгдэх хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүргийг тус тус хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5-дҮүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.гэж зааснаар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгчид зорчих ял хязгаарлах ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. 

Харин шүүгдэгч М.Г-гийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож /7х1/, эдлэх ялаас хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч О м овогт М-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй. 

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-гийг “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих”  мөн ял шийтгэл эдлэх хугацаанд мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 2-т зааснаар “насанд хүрээгүй хохирогч Г.Г-тэй харилцахыг хориглох”, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох;” үүрэг, хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Г-ийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялыг 2 сар 23 хоногоор тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, тогтоосон үүрэг, хязгаарлалтыг зөрсөн бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.    

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА