Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

        Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, 7-12 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ80041606, Шаавай шалбаг овогтой Харнүдэнгийн Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар багт оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ81061570, Зуутраг овогтой Ишбалын Ууганбаярт холбогдох,

          Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн, хариуцагч И.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие И.Ууганбаяртай 2006 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулан, хамтын амьдралаа зохиосноос хойш И.Ууганбаяр нь “Увс хүнс” ХК-нд жил өнгөрүү ажилласанаас өөр ажил хийж байгаагүй. Өөрийнхөө цалингийн зээлээр 4 тал хашаатай газар, 4 мотоцикль, машин И.Ууганбаярт худалдан авч өгсөн боловч И.Ууганбаяр зарж үрээд алга болгосон. И.Ууганбаяр бид хоёр хамтран амьдрах хугацаандаа хүүхэдтэй болоогүй. И.Ууганбаяр нь гэрээс гадуур явж Отгоо, Дарьсүрэн, Г.Хандаа гэгч эмэгтэйчүүдтэй эр эмийн харилцаатай болсон ч гэсэн тэсч тэвчин амьдарсаар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү У.Учралыг нярай үед нь үрчлэн авсан. Улмаар И.Ууганбаяраар овоглон амьдарч байгаад хүү У.Учралыг 2 сартайд нь Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад ор сураггүй болж, хамт амьдралгүй 4 жил гарангийн хугацаанд тус тусдаа амьдарч байна. Цаашид И.Ууганбаяртай хамтран амьдрах боломжгүй болсон тул эд хөрөнгийн маргаангүй байгааг харгалзан үзэж гэрэлтийг яаралтай цуцалж өгнө үү. У.Учралыг миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

            Хариуцагч И.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х.Пүрэвсүрэнтэй 2006 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ мөчөөс хойш эхнэр Х.Пүрэвсүрэн, түүний ээж, ах нарын дарамтад амьдарч эхэлсэн. Тэд нар олон удаа нийлж зодож, гэмтэл учруулж ч байсан. Зарим нэг үүссэн шархны сорив одоо ч арилаагүй байна. Бид 2 нийлж, машин авч, би тагсинд явж амьдралдаа нэмэр болж байсан. Би ээжийнхээ тэтгэвэр оролцуулж “Иж планета-4” мотоцикль авсан байсан. Үүгээрээ ч таксины үйлчилгээ хийж амьдарч байсан. Эхнэрийн цалингийн зээлээр авсан машины үнэ, 4 тал хашааны үнийг хамтран төлөлцөж байсан. Гэтэл эхнэр Х.Пүрэвсүрэн өөрийн хамаатан Намсрай овогтой Жамаа гэх залуутай бэлгийн харьцаанд ордог нь мэдэгдсэн. Тэр Жамаа намайг зөндөө дарамталж салахыг шаарддаг байсан, “Ална” гэж сүрдүүлдэг байсан. Х.Пүрэвсүрэнгийн ээж, Жамаагийн аав, ээж ч энэ тухай мэдэж байсан. Би энэ бүх дарамтаас болж, Улаанбаатар хот явж, тэнд ажилд орсон. Гэтэл “Би буруугаа ойлгож байна, дахин дарамтлахгүй, ийм тийм зан гаргахгүй, эргээд ир, хүүхэд өргөж аваад амьдаръя” гээд байхаар нь эргэж ирсэн. Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй, ажил төрөлд муу учир хүүхэд тэжээх боломж муу гэдгээ мэдэж байсан учир дургүй байсан. Гэвч хүчээр үрчилж аваад надаар овоглосон. 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү У.Учралыг өргөж авсан. Би 3 сар хүртэл өөрөө асарч байсан. Эхнэр Х.Пүрэвсүрэнгийн өөрийнх нь зан хувирч, дахин дарамталж, заазуур шидэх зэрэг үйлдэл гаргаж байв. Ингээд би ээж, ах нарт нь “Ингэж амьдарч чадахгүй, охиноо аваарай” гэж хэлээд Улаанбаатар хот явсан. Одоо 4 жил тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд би өөрөө худалдаж авсан 6 ханатай гэрийг намайг байхгүй үед цуцаж аваад явсан, мөн миний ахыг дарамталж 2.000.000 төгрөг авсан. Мөн дүүгийн нэр дээр Хас банкнаас 1.000.000 төгрөгийн утас зээлээр авахуулаад нэг ч төгрөг өгөөгүй, миний дүү төлж байна. Би өөрөө бичиг үсэггүй, гэр оронгүй, ажил хийсэн ч зарим байгууллага цалингаа өгөхгүй байгаа зэргээс амьдрал хүнд байна. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Тэтгэлэг төлүүлэхээр болвол би хүүхдээ өөрийн асрамжид авна” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн нь хариуцагч И.Ууганбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдээ би өөрийн асрамжид авна” гэж маргасан.  

          Гэрлэгчид 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Нэхэмжлэгч, хариуцагч нар 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэд 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү У.Учралыг үрчлэн авч, өөрсдийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

           Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 оны 1 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, тус шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар ажиллагаа хийсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, мөн нэхэмжлэгч нь цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэснийг тус тус харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х.Пүрэвсүрэн, И.Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

         Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү У.Учралыг эх Х.Пүрэвсүрэнгийн асурамжид үлдээх нь зүйтэй байх бөгөөд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан тул хариуцагчийн “Миний зөвшөөрлийг үл харгалзан Х.Пүрэвсүрэн хүүхэд үрчлэн авч, миний нэрээр овоглосон” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү У.Учралыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг И.Ууганбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ууганбаяраас 170.582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэнд олгох нь зүйтэй.

            Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.  

           Харин хариуцагч нь шүүх хуралдаанд “Хүүхдэд тэтгэлэг төлөх боломжгүй, харин өөрийн асрамжид авна” гэсэн тайлбар гаргасан боловч үүнийг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзэх боломжгүй байгаагаас гадна тухайн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй ба тухайн хүүхдийг өөрийн асрамждаа авснаар ямар орчин нөхцөлд, яаж өсгөх гэж байгаагаа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шаавай шалбаг овогтой Харнүдэнгийн Пүрэвсүрэн, Зуутраг овогтой Ишбалын Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ОЮ13320733, Зуутраг овогтой Ууганбаярын Учралыг эх Х.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

          3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү У.Учралыг 11 нас хүртэл нь  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг И.Ууганбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.  

          4. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

      5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

         6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ууганбаяраас 170.582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэнд олгосугай.    

        7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

      8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хариуцагч И.Ууганбаярын “Хүүхдээ өөрийн асрамжид авна” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА