| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03123/И |
| Дугаар | 183/ШШ2018/02716 |
| Огноо | 2018-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2018/02716
| 2018 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2018/02716 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ш“ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
//
Хариуцагч: А ХХК -д холбогдох,
//
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 44.208.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, хариуцагчийн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ХХК 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “А“ ХХК-тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нийт 75.472.500 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Худалдан авагч “А“ ХХК нь бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 8.000.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлсөн бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөг, нийт 46.000.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй бөгөөд үлдэгдэл төлбөр 29.472.500 төгрөгийг төлж барагдуулах талаар “А“ ХХК-д удаа дараа шаардаж байсан боловч төлбөрийг төлөөгүй. Иймд гэрээний үүргийн биелэлтэд 29.472.500 төгрөг, гэрээний 2.7-д заасны алдангид 14.736.250 төгрөг, нийт 44.208.750 төгрөгийг “А“ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Ш ХХК -тай бетон зуурмагийн гэрээ байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвийн барилгад авч хэрэглэсэн бөгөөд одоо үлдэгдэл 29.472.500 төгрөг өгөх нь үнэн болно. Манай байгууллага 2016 оны 5 дугаар сараас одоо хүртэл ажил үйлчилгээ явуулаагүй бөгөөд ямар нэгэн орлогын эх үүсвэргүй, өдийг хүрсэн ба би хорт хавдартайн улмаас ажил үйлчилгээ явуулаагүй болно. 29.472.500 төгрөгийг алданги 7.368.125 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Ш ХХК нь А ХХК -д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 44.208.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А ХХК , Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2015 дугаар “Бетон зуураг худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдагч Ш ХХК нь 75.472.500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг худалдан авагч А ХХК -д нийлүүлсэн, худалдан авагч А ХХК нь бетон зуурмагийн үнэнд 46.000.000 төгрөгийг худалдагч Ш ХХК-д төлсөн, үлдэх 29.472.500 төгрөгийг төлөөгүй талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.
Уг гэрээний дагуу хариуцагч А ХХК -иас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 29.472.500 төгрөгийг нэхэмжлэгч Ш ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК -иас 29.472.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7-д “төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувиар алданги тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш ХХК нь хавтаст хэрэгт авагдсан алдангийн тооцооллын дагуу 14.736.250 төгрөгийг хариуцагч А ХХК -иас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй хэдий боловч хариуцагчийн төлөөлөгч М-ын “...би хорт хавдар тусаж, манай байгууллага 2016 оны 5 дугаар сараас одоог хүртэл ажил үйлчилгээ явуулаагүй, санхүүгийн хүнд байдалд байгаа тул алдангийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны алдангийн хэмжээг 4.736.250 төгрөгөөр багасгаж, 10.000.000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч А ХХК -иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 29.472.500 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 39.472.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Ш" ХХК-д олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч А ХХК -иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 39.472.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.736.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 380.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 355.312 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД