Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1282

 

 

 

 

       2022           10             17                                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Б.Чинзориг /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.Л, түүний өмгөөлөгч Т.Г,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Д, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-нд холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б-ын Д /РД:0000000000/,

Монгол улсын иргэн, ****оны ** дүгээр сарын **-ны өдөр *****хотод төрсөн. ***настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин, менежер мэргэжилтэй, хувиараа машин засвар хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

  

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны зам “Хуст Ойл” шатахуун түгээх станцын зүүн хойд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй "Suzuki Kei” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 12.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-г мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Д.Б-ийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.                                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны зам “Хуст Ойл” шатахуун түгээх станцын зүүн хойд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д “...эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтыг зөрчиж, хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, зогсоолын тоормос ажиллагаа муу, урд гэрлийн тусгалын эрчим шаардлага хангахгүй эвдрэлтэй "Suzuki Kei” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан Д.Б-г мөргөж, амь насыг нь хохирсон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

        -2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-12-р хуудас/,

        -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Осол гарсан талаар цагдаагийн алба хаагч залгаж хэлсэнээр мэдсэн. ...Манай хүүхдүүд аавыгаа нэхээд хэцүү байна...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 84-р хуудас/,

         -Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр манай талийгаач дүү Д.Б нь 16 цагийн үед над руу өөрийнхөө утсаар залгаад орой очиж хоноод өглөөний 06:30 цагийн автобусаар буцаж явна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-р хуудас/,

         -Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...яг тухайн үед бид хоорондоо юм яриагүй, хэсэгхэн чимээгүйгээр урд замаа хараад явж байтал гэнэт түс хийх чимээ гараад юм мөргөх нь сонсогдохоор нь би орилоод юу вэ гэхэд Д машинаа зогсоогоод буугаад машиныхаа урдуур тойроод маш сандраад орилсон. Юун хүн бэ гэж байгаа нь сонсогдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-р хуудас/,

          -Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр Улаанбаатар Партизаны чиглэлд нийтийн тээврийн автобус жолоодон шугаманд явж байсан. ...Орж ирэхэд нь эрүүл, согтуу байсан эсэхийг мэдэхгүй  байна. Жаахан хөл муутай хүн байсан буухдаа ганцаараа бууж байсан. ...Автобусанд орж ирээд надтай мэндлээгүй. Би зүс таньдаг болохоор хараад таньсан. Байнга мэндлээд байдаггүй. ...Гартаа таяг тулчихсан явж байсан. Бусдыг нь анзаараагүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-11-р хуудас/,

              -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Г.Х-гийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

              1. “...Талийгаачид тархи, цээж, хэвлийн хөндий мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүд: Хуйх гавлын оройн шарх хальс, их тархины баруун тал бөмбөлөгийн зулайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн олон хавирганы хугарлууд, эгэм өвчүү ясны хугаралууд, гол судас, хоёр уушгины шарх, няцрал, бүрэн авчийлт, зүрхний гадаргуугийн шарх, цээжний хөндийн 1300 мл цус хуралдалт, элэг дэлүүний язрал, хэвлийн хөндийн 500.0 мл цус хуралдалт, голтын эрхтнүүдийн цус хуралт, зүүн атгаалын зөрүүтэй хугарал, дээд баруун зүүн үүдэн шүднүүдийн хүзүүвч хэсгийн дээд баруун арааны булгаралт, баруун хөмсөгт няцарсан шарх, дух, зүүн нүдний доод зовхи хацар, хамрын үзүүр хэвлийд цус хуралт, хамрын хянга, баруун сарвуу, шуу өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтлүүд нь босоо байрлалд мохоо зүйлийн тухайлбал автомашинд мөргөгдөх үед нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

              3. Дээрх хавсарсан хүнд гэмтлүүд нь амь насанд аюултай.

              4. Шууд үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.

              5. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

              6. Талийгаач нь цогцосын гадна үзлэгээр нас бараад 4-5 цаг болсон байжээ.

              7. О/1/ бүлгийн цустай байна.

              8. Дээжүүдэд цусанд 3.0, ходоодны шингэнд 6.3, шээсэнд 3.1 промилл спиртийн зүйл илрэв. Дээжинд хорт бодис эмийн бодис димедрол илрээгүй. Цусанд 3.0 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 118-129-р хуудас/,

              -“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 000000 дугаартай:

              “...1. Suzuki кеу 00-00 ААА улсын дугаартай автомашин нь техникийн хувьд гэрлийн тусгалын эрчим шаардлага хангахгүй, хөргөлтийн радиатор урдаас хойш чиглэлтэй хэв гажилтанд орж шингэн дамжуулах гуурс хоолой гэмтсэн, хөргөлтийн шингэн гоожсон, урд нүүр, буфер, буфер дээр байрлах сетка хагарсан эвдрэл гэмтэлтэй, хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, зогсоолын тоормос нь зогсохгүй бүрэн бус, стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, нэгдүгээр тэнхлэгийн тоормос нь стандартын шаардлага хангаж байна.

              2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр хөргөлтийн радиатор урдаас хойш чиглэлтэй хэв гажилтанд орж шингэн «дамжуулах гуурс хоолой гэмтсэн, хөргөлтийн шингэн гоожсон, урд нүүр, буфер, буфер дээр байрлах сетка хагарсан эвдрэл гэмтэлтэй байсан.

              3. Хөргөлтийн радиатор хэв гажилтанд орж шингэн дамжуулах гуурс хоолой гэмтсэн, хөргөлтийн шингэн гоожсон, урд нүүр, буфер, буфер дээр байрлах сетка хагарсан эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл. Харин хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, зогсоолын тоормос ажиллагаа муу, урд гэрлийн тусгалын эрчим шаардлага хангахгүй эвдрэл гэмтэл нь автомашины ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

              4. Гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй байгаа эвдрэл гэмтэл нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлаж

тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлсөн байх боломжтой.

              5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн тоормосны системтэй.

              6. Тоног төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийн дүн туршилтын жолоодлогоос үзэхэд тоормосны системийн битүүмж сайн шингэний түвшин хэвийн, нэг болон хоёрдугаар тэнхлэгийн тоормосны систем ажиллаж байгаа боловч хоёрдугаар тэнхлэгийн тоормосны накладанд тохиргоо, зүгшрүүлэлт хийгдээгүйгээс тоормос зогсохгүй, урд гэрлийн тусгалын эрчим шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 147-156-р хуудас/

              -2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 437 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

              1 Жолооч Б.Д нь Замынхөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүрэг хүлээнэ а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” болон 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна / хавтаст хэргийн 159-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Д-ий яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед эхнэрийг Сонгодо эмнэлэгт үзүүлэхээр яваад эхнэр, эмчилгээ хийлгээд 12 цаг өнгөрч байх үед гараад ирэхээр нь тэндээсээ 100 айл орж автомашины салоны дууг дарах зорилгоор кноп авна гэж явсан бөгөөд 100 айл амарч байхаар нь Хайлаастад байх ахынхаа ажлын газарт оччихоод автомашиныхаа салоны дууг дарж, эрэг боолт чангалаад тэндээсээ 18 цагийн үед кино үзэх үү гэж эхнэртэйгээ хоорондоо ярьсан боловч лагер орж салхилъя гээд хойшоо явсан. Замаараа Номин хүнсний дэлгүүр орж юм аваад цаашаа явсан. Тухайн үед яг хаана очно гэсэн зорилгогүй явж байсан. Бид 2 зүгээр л салхилах зорилготой байсан. Эхнэр 5 сартай жирэмсэн учир хотоос гарч салхинд гарах гээд явж байсан. Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн миний нэр дээр байх Сукуки маркийн 00-00 ААА дугаарын автомашиныг жолоодон эхнэр хажууд суугаад бид 2 л явж байсан. Гүнт даваад цаашаа доошоо уруудаад явах үед зам нь муухай байсан учир эхнэр жаахан эмзэглээд байхаар нь дэлгүүрийн гадна зогсоолд юмаа идчихээд орой болчихлоо гэртээ харъя гээд хөдлөхдөө би ар гүнтээр давах нь зам нь муу, эхнэр бие нь эвгүйрхэх байх гэж бодоод Эмээлтээр хотруу орохоор хөдөлсөн. Бид яваад Партизан ордог замаар урагшаа явж байсан бөгөөд урд  машингүй, ард машингүй, өөдөөс машингүй байх үед нүдний үзүүрт урдуур нэг юм ороод ирэх шиг болохоор нь тоормос гишгэсэн боловч тас няс хийх чимээ гараад юм мөргөх нь мэдэгдсэн. Би зогсоод буугаад очтол машины урд хүн хэвтэж байсан. Би өөрийнхөө гар утсаар түргэн цагдаад дуудлага өгсөн....”гэж /хавтаст хэргийн 184-р хуудас/ байсан.

 Өмгөөлөгч нараас шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 162-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 163-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 164-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст  хэргийн 165-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 166-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 167-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 168-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.  

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Юуны өмнө надаас болоод энэ цагт энд цугларсан байгаа хүмүүсээс бүгдээс нь уучлалт хүсэж байна. Яг одоо надад тэр асуудал бодогдож байна. Юу ч гэсэн хохирогчийн эхнэрээс уучлалт гуйя. Би маш их харамсаж байгаа. Надад үнэхээр өөр хэлэх үг олдохгүй байна. Болсон хэргийн талаар ярихад 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн миний эхнэр тонус өгөөд 2-3 хоног гэдсээр нь хатгуулаад байсан юм. Тэгээд Сонгодо эмнэлэгт эхнэрээ үзүүлж 3-4 хоног эмчилгээ хийлгэсэн юм. Тэгсэн эмч эхнэрийг маань эхний төрөлт нь хүндрэлтэй болсон, агаар салхинд сайн гарга гэсэн юм. Аль болох эхнэрээ агаарт байлгахгүй бол 2 дахь хүүхэд чинь бүтэлттэй төрөх, амьгүй ч төрөх магадлал байна гэж хэлсэн юм. Тэр үед эмнэлэгт үзүүлэх гээд том хүүхдээ ээжид харуулсан байсан. Тэгээд хүүхэд байхгүй байгаа дээр агаарт хэдэн цаг ч гэсэн гаръя гээд гарсан. Хойшоо лагерийн зам руу явсан. Уг нь Хандгайт явна гэж ярьж байсан. Гэтэл яагаад ч юм Ар гүнтийн зам даваад цаашаа буусан юм. Тэгээд Ар гүнтээс уруудаад эхнэрээ жоохон салхинд суулгаж байгаад харанхуй болох нь гээд буцсан. Эхнэр бие засмаар байна, хатгуулаад байна гэсэн. Тэгээд эхнэрийг буулгаж бие засуулаад цаашаа хөдлөөд нээх удаагүй явж байтал нүдний үзүүрт юм бүртэлзэх шиг болсон. Нохой, шувуу байна гэж би харсан. Тормоз гишгэсэн, тэр үед л түс тас гээд л дуу гарсан. Би буугаад харсан чинь доор хүн хэвтэж байсан. Тэгээд шууд 103, 102 руу залгаад би ингэлээ, боломжтой бол яаралтай хурдан хүрээд ирээч гэж хэлсэн.  Цагдаа юунд ч битгий хүр, юуг ч битгий хөдөлгө гэсэн. Тухайн үед эмнэлэг маш удаан ирж байгаа юм шиг санагдсан. Болсон зүйл бол ийм л зүйл болсон. Би яг одоо тулгамдаад өөр зүйл ярьж чадахгүй байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хань н.Б өглөө хүүхдээ хүргэж өгчихөөд өдөр 12 цагт гэртээ байна гэж ярьсан. Би өглөө ажилдаа 7 цаг 20 минут гэж гарсан. 6 өнгөрч байхад би Партизан явлаа, эгч дээр очиж хоноод өглөөний 06 цаг 30 минутын автобусаар ирнэ гэж хэлсэн. Надад 11 цаг өнгөрч байхад Соёолжийн тэнд байдаг төв цагдаа дээр хүрээд ир гэсэн. Яг тэр үед надад нөхөр чинь өнгөрсөн гэж хэлээгүй. Би Соёолжийн тэнд үү гэхэд тийм гэсэн. Тэгээд намайг очиход өнгөрсөн гэдгийг хэлсэн. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй. Надтай 6 өнгөрч байхад ярихдаа өглөөний 6 цагийн автобусаар ирнэ, н.Туул эгчтэй уулзаад ирнэ гэж хэлсэн гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэсэн үйлдлийн шинж, хохирлын хэр хэмжээг хуульчилсан байдаг.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн дүрмийг зөрчсөн нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 999253 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 147-151-р хуудас/,

мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн нь 437 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 159-р хуудас/-аар тогтоогдсон бөгөөд дээрх дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон.

Мөн дээрх дүрмийг зөрчсөний улмаас авто осол болох шалтгаан нөхцөл бий болсон бөгөөд Д.Б уг ослын улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1030 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Б.Д-ий авто ослын улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн  яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Д-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Л-оос нийт 10,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 6,100,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед, 4,600,000 төгрөгийг шүүх хуралдааны үед төлсөн тул шүүгдэгч Б.Д-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Л нь бага насны 2 хүүхэдтэй байгаа нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж зааснаар гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Д-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хэдийгээр санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг боловч түүний Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулж дараах ялын саналыг гаргаж байна. Ялын саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзаж ялын саналаа гаргаж байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Д-ний гэм буруугийн байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн тогтоогдож  байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөлийг заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байдаг. Үнэхээр авто ослын гэмт хэрэг эрүүгийн эрх зүйд санамсар болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг гэж ойлгогддог боловч эрдэнэт хүний амь насыг санаатай байтугай санамсар болгоомжгүйгээр ч гэсэн эрдэнэт хүний амь нас хохирох ёсгүй. Иргэний болон олон улсын фактын 6 дугаар зүйлд амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх гэж заасан байдаг. Үнэхээр эрдэнэт хүний амь нас хохирсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зорчих эрхийг хязгаарлах юм уу, жолоодох эрхийг хасах ял тохиромжгүй гэж үзэж байна. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б  дүгнэлтдээ: Шүүгдэгч Замын хөдөлгөөний хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын буюу яллах дүгнэлтэд заасан зүйл заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээж, шударгаар хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй байж, энэ үйлдэлд харамсаж байгаагаа ар гэр, гэр бүлийн хүнд нь илэрхийлж, оршуулгын зардлыг төлөхөд өөрийн боломжоороо идэвхтэй тусламж, дэмжлэг үзүүлж, оршуулгын зардлыг нь төлж барагдуулсан үйл баримтууд нотлогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн ах дүү, төрөл төрөгсөд нараас уучлалт гуйж байна. Яагаад гэвэл би шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох хүрээнд, нотлох хүрээнд ярих зүйлүүд бий. Энэ хэрэг гарахад хохирогчийн зүй бус, буруутай байдал нөлөөлсөн байна. Хохирогч явганы хүний гарцаар зам гараагүй, гарцгүй гарамгүй газраар зам гарсан байна. Гарцгүй, гарамгүй газраар зам гарахдаа 2 талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг харж, тээврийг хэрэгслийг өнгөрч явсны дараа гарах зорчигчийн үүргээ биелүүлээгүйгээс энэ хэрэг гарсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх зэрэг олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх ялыг оновчтой тогтооно гэж заасан. Энэ хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Мөн гэмт хэрэг гарсны дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх гэж оролдсон, цагдаа, хуулийн байгууллага, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн нөхцөл байдал байна.  Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, зан төлөв, хувийн байдлын хувьд сайн, хүмүүжилтэй хүн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 төрлийн ял байна. Нэг ял нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, нэмэгдэл ялыг хэрэглэх, 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял байна. Дараагийн ял нь бол 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах заалттай юм байна. Өмгөөлөгчийн хувьд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна. Тийм учраас энэ хүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь оновчтой гэж харж байна. ... Нэмэгдэл ялын хувьд хуульд зааснаар байгаа тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Б.Д-ний хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн газрыг орхиогүй, эмнэлгийн байгууллага болон хүчний байгууллагыг дуудсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчийн буруутай үйлдлийн хувьд Ц.Бат-Өлзий өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Мөрдөгчийн  магадлалд хүнд зэргийн согтолттой, Замын хөдөлгөөний дүрмийн 2 заалтыг зөрчсөн нь тогтоогдсон. Мөрдөгч үүнийг гаргахдаа тусгай эрхтэй, олон жил энэ ажлыг хийсэн гэдгээ дурдсан байгаа.  Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд Б.Д бага байхад аав нь нас барж, ээж нь гадагшаа мөнгө олох гэж яваад олигтой мөнгө олж ирээгүй, бага насны дүүгийн хамт биеэ дааж олон жил мөнгө олж явсан юм байна. Ээж нь одоо группт байдаг, явж чаддаггүй. Б.Д өөрөө ганцаараа хөдөлмөр эрхэлж, түрээсийн төлбөр, 2 өвчтэй хүүхэд, эхнэрийн хамт байдаг. Энэ хэрэг болгоомжгүй, аль аль талын буруутай үйлдэл байгааг мөрдөгч тогтоосныг харгалзан үзээсэй гэж хэлэх байна. Заавал миний үйлчлүүлэгч Б.Д-нийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүй байх үндэслэл нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорьж тусгаарлаж байснаас гадуур байж, ар гэртээ байж, эхнэр, 2 өвчтэй хүүхдэдээ туслаад, хохирогч, түүний ар гэрт туслаад ажил төрөл хийгээд явах болов уу гэдэг үндэслэлээр Ц.Бат-Өлзий өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 санкц байгаа. Ял шийтгэл бол гарцаагүй. Гэхдээ зорчих эрхийг хязгаарлах ял маань ялын нэг төрөл шүү. Энэ төрлийн ялыг сонгож миний үйлчлүүлэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.Д-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан” /437 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: хохирогч талийгаач Д.Б нь ЗХД-ийн 5.6 “Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоер тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: д/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтын зөрчсөн гэх үндэслэлтэй байна/ гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүлийн хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Д-ний хувьд дээрх хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийгмээс тусгаарлан хорих ял шийтгэх шаардлагагүй гэж үзсэн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар тооцож, Цагдаагийн Ерөнхий Газрын нягтлан бүртгэлийн төвд тогтоолын хувийг хүргүүлбэл зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт Б-рын Д-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарласан ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Цагдаагийн Ерөнхий Газрын нягтлан бүртгэлийн төвд тогтоолын хувийг хүргүүлсүгэй.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Л гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА