Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/02734

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 12 сарын 06 өдөр

                Дугаар 183/ШШ2018/02734

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

/ /

 

Хариуцагч: Ө.Г-дхолбогдох,

/ /

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........... нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс Ө.Г-тай танилцан үерхэж, 2012 оноос гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү Г.Г мэндэлж, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн, 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуримаа хийсэн. Ө.Гнь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гарч яваад ямар ажлаар, хаашаа, юунд явсан нь тодорхойгүйгээр сураг чимээгүй болсон бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эргэж ирсэн ба ийнхүү удаан хугацаагаар явахдаа тоглоомын газраар явж байсан гэсэн бөгөөд өмнө нь зарим нэг удаа ийнхүү тоглоомын газарт тоглож байсан. Энэхүү үйлдлийн улмаас хадмууд бидний хооронд үл ойлголцол үүссэнээс болж би хүүхдээ аваад өөрийн гэртээ очсон. Үүнээс хойш өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа ба Ө.Гнь хүү бид хоёртой уулзаж, буруугаа ойлгох тухайд ярилцаж байгаагүй. Зохисгүй үг, үйлдлүүдийг байнга үзүүлж, миний суралцаж байсан сургуулийн гадаа хүлээж, намайг айлгах, машины түлхүүрийг удаа дараа булаан авч чирэгдүүлж байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Г-ыг миний асрамжид үлдээж, эцэг Ө.Г-с хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүгээ эцэгтэй нь уулзуулж байхад татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Ө.Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр Б.Снь гэр бүл болон эргэн тойрондоо байгаа аав, ээж, ах дүүсээ хүндлэх, амьдарч байгаа гэр орноо авч явах талаар бодохгүй харин ч миний аав, ээжээс буруу хайж өнөөдрийг хүрсэн. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний аав дээр ирж “би буруу сонголт хийсэн байна, танай хүүгээс сална” гэсэн байдаг. Надад ярилцах боломж ч өгөхгүй байсаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ирж эд зүйлсээ аваад явсан нь цаашид надтай хамт амьдрахгүй гэх шийдвэрийг аль хэдийн гаргасан байсныг ойлгосон. Би хүү Г.Г-тойгоо 2017 оны 7 дугаар сараас хойш 1.5 жилийн хугацаанд 4 удаа л хамт байсан ба хүүгээ санаж цэцэрлэгээс нь авах гээд очиход хүүтэй минь уулзуулахгүй хөөж, цэцэрлэгийн багш нартай нь нийлж удаа дараа хүүг маань өгч явуулаагүй, учир ойлгохгүй хэрэлддэг байсан. Миний бие гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин эцгийн хувьд хүүгээ долоо хоног бүрийн 5 дахь өдрийн орой цэцэрлэг болон амьдарч байгаа газраас нь авч 1 дэх өдрийн өглөө нь цэцэрлэгт нь хүргэж өгч долоо хоногийн нийт 3 өдөр хүүтэйгээ хамт байхыг хүсч байна. Мөн бидний гэрлэлт цуцлагдсаны дараа хүүг маань гадуурхах, ад үзэх, сурч боловсрох боломжийг нь хязгаарлах зэрэг тохиолдолд хүүг минь миний асрамжид шилжүүлэн өгөх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй, Ө.Г-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1. Б.С, Ө.Г нар 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2015 оны  дугаар сарын -ны өдөр бүртгүүлсэн болох нь Гэрлэлтийн бүртгэлийн ........ дугаар лавлагаагаар тогтоогджээ.

 

            Зохигчийн “...зан байдлын таарамжгүй байдлаас хойшид хамтран амьдрах боломжгүй” гэсэн тайлбар, мөн гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.С, Ө.Г нарын гэрлэлтийг цуцлав.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.

 

2. Гэрлэгчдийн дундаас 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү Монголмууд овогтой, Г.Г төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...... дугаар лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд хүү Г.Г нь эх Б.С-ийн хамт амьдарч, эрүүл бойжиж байгаа болох нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн  дүгээр тодорхойлолт,  өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчид хүү Г.Г-ийн эх Б.С-ийн асрамжид үлдээх талаар тохиролцсон байдал болон хүүхэд 4 настайг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Г.Г-ыг эх Б.С-ийн асрамжид үлдээх нь зүйтэй болно.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Г.Г-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг          Ө.Г-аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй юм.

 

Түүнчлэн талуудын тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 26.2-т заасныг баримтлан хүү Г.Г-ыг 7 хоног бүрийн Бямба гарагийн 13 цагаас Ням гарагийн 13 цаг хүртэл эцэг Ө.Г-тай байлгахыг эх Б.С-т даалгахаар шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.С, Ө.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Г.Г-ыг эх Б.С-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Г.Г-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Г-аас тэтгэлэг гаргуулсугай. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 26.2-т заасныг баримтлан хүү Г.Ган-Очирыг 7 хоног бүрийн Бямба гарагийн 13 цагаас Ням гарагийн 13 цаг хүртэл эцэг Ө.Г-тай байлгахыг эх Б.С-д даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Б.С, Ө.Гнар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-с улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД