Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/1266/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1300 |
Огноо | 2022-10-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1300
2022 10 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч: Д.Ууганцэцэг,
гэрч: Б.Б,
шүүгдэгч: Л.Ж, түүний өмгөөлөгч П.Г,
шүүгдэгч: Л.Д, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д, Л.Ж нарт холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. С овогт Л-ын Д/РД:000000000000/,
Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр******** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, белазын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Ногоон чулуутын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, урьд:
-Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
2. Б овогт Л-ын Ж /РД:00000000000/,
Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Милено кашимер” ноос ноолуурын үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Ногоон чулуутын 0 дугаар гудамжны 0тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Ногоон чулуутын 0 дугаар гудамжны 0 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Л.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Хашааны хаалга хаасангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 0 дугаар гудамжны 0 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ах Л.Д-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “духанд няцарсан шарх. хамрын үзүүрт зулгаралт, баруун тохой шуунд цус хуралт, баруун гуянд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Л.Д, Л.Ж нар гэр бүлийн хамаарал бүхий төрсөн ах дүү байх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 0 дугаар гудамжны 0 тоот хашаанд “Хашааны хаалга хаасангүй” гэх асуудлаас болж бие биетэйгээ маргалдан улмаар шүүгдэгч Л.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Ж-ыг үсдэж, чирж, толгой руу нь модоор 2-3 удаа цохиж, биед нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Л.Ж нь төрсөн ах Л.Д-ийг хүрзээр цохиж биед нь “духанд няцарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, баруун тохой шуунд цус хуралт, баруун гуянд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ ганцаараа хоёр лааз пиво уучихаад цонхоороо хартал хашааны хаалга онгорхой орхисон байхаар нь би дүүтэйгээ хамт ажилладаг зүс таних 40 орчим насны эмэгтэй дээр очоод “Хашааны хаалгаа хаахгүй бол манай нохой хашаанаас гараад хүн урчихаж магадгүй” гэж хэлэхэд тухайн эмэгтэй “Би мэдэхгүй байна. Та хариуцсан хүнтэй нь ярь” гээд тоохгүй байсан. Яг энэ үед манай төрсөн дүү Ж гаднаас машинтайгаа ирсэн ба над руу уурлаад “Яагаад манай ажилтанг загнаад байгаа юм бэ?” гээд дайраад унасан. Надтай маргалдаад над руу хашаанд байсан хүрз аваад дайрахаар нь хүрзийг нь булааж аваад үснээс нь гараараа бариад газар нидэрч унагаад хашаанд байсан саваа модоор нуруу руу нь хоёр удаа цохиод холдоод явах гэтэл манай дүү газраас хүрз бариад миний зүүн хөмсөгний дээд талд болон хамар дээр 1 см зүссэн. Мөн баруун гарын тохой, баруун хөлний гуяны гадна хэсэгт тус бүр нэг нэг удаа хүрзээр цохиод гүйгээд явчихсан. ...Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн, баруун гарын тохой хөхөрсөн, баруун гуя хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 27-28 хуудас/,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 0-0 тоотод байрлах “Милео кашемир” нэртэй ноос ноолуурын үйлчилгээний байран дээрээ ирээд 13 цаг 30 минутын орчимд ...хашааны том хаалгаа онгорхой орхиод явсан. Би буцаад ирэхэд хашааны хаалга хаалттай, би буугаад хашаанд ороход ажлын үүдэн дээр Д манай ажилтан Баясгалан руу хараалын үгээр дайрч давшлаад байхаар нь “Чи одоо гэр рүүгээ яв. Яах гээд байгаа юм бэ?” гэж хэлчихээд хашааны хаалга онгойлгоод машинаа оруулах гэтэл намайг хойноос “Муу г... минь, юу гээд байгаа юм бэ?” гээд миний хойноос машины дугуй шидээд, газраас тармуур аваад толгойны зүүн дээд хэсэгт 2-3 удаа цохисон. Гараараа үснээс зулгааж доош дарж унагаад, толгойн хойд хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Үснээс зулгааж 2 метр орчим чирсэн. Манай ажилтан Баясгалан гарч ирээд Д ийг татаж авах гээд дийлэхгүй, би арай хийж гарнаас нь үсээ татаж аваад бид хоёр зайгаа авах гээд түлхэх үед дийлдэхгүй өөдөөс дайраад байсан. ...Д миний толгойн зүүн хойд хэсэгт 1 метр 50 см орчим урттай модон тармуураар 2-3 орчим цохисон. Дараа нь толгойн хойд хэсэгт гараараа 3-4 орчим цохисны улмаас толгой маш их өвдөж байна. Үснээс зулгааж доош нь чирсний улмаас хуйх маш их хөндүүртэй, үс унаж халцарсан байдалтай байна. ...Учирсан хохиролтой холбоотой эм, эмнэлгийн зардлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...Би зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 37-38 хуудас/,
-Гэрч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай захирал Ж Баянхошууны эцэс рүү хоол авч ирэх гээд машинаа унаад явсан. Ойрхон явсан учир хашааны том хаалга онгорхой орхисон. Ж ыг яваад удаагүй байтал ах Д нь орж ирээд “Хаалга хаасангүй. Заавал хааж бай” гээд над руу үгээр дайраад байхаар нь “Тэгвэл тэр дүүдээ хэл” гээд зогсож байтал Ж орж ирээд тэр хоёр “Хаалга хаасангүй” гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдаад байхаар нь би ажил руугаа яваад орчихсон. Удалгүй 5-10 минутын дараа тэр хоёрын дуу нь өндөрсөөд зодолдож байгаа юм шиг сонсогдохоор нь гараад харсан чинь Д , Ж ыг модон иштэй төмөр савраар толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Дараа нь үснээс нь зулгааж доош нь дараад гараараа хэд хэдэн удаа толгой хэсэг рүү нь цохисон. Би очиж Д ийг арай хийн салгаж “Гэртээ ор” гэхэд Ж ыг ална гээд дайраад байсан. Би “Гэртээ ор” гээд түлхээд зогсож байтал миний цамцан дээр цус дуслаад хартал Д ийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан. Би сандраад Ж руу харсан чинь хүрз бариад зогсож байсан. ...Ж ын үс нь туг тугаар унаж. гарын хоёр шуу хэсэг нь улайчихсан, духны зүүн дээд талд хавдсан, өвдөг нь шалбарсан байсан. Д ийн зүүн хөмсөгний дээд хэсэгт 2 см орчим зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 47-48 хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-лийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай:
“...1. Л.Д ийн биед духанд няцарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, баруун тохой шуунд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь уналтаас үүсэхгүй.
4. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Шинэ гэмтлүүд байна.
7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:
“...1. Л.Ж ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Шинэ гэмтэл байна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч нарын мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Өмгөөлөгчөөс Л.Д ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 83-87-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70-р хуудас/,
Өмгөөлөгчөөс Л.Ж ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 105-р хуудас/, тээврийн хэрэгсэлийн бүргэлгүй лавлагаа /хх-ийн 94-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 103-104-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь би үнэн, зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Л.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би 13 цаг 30 минутын орчимд хашаанд орж ирсэн. Өглөө ажил хөөцөлдөж байгаад ирсэн юм. Хаалганы хувьд бол 5-10 минут л онгорхой байлгасан. Намайг гадаа машинтай зогсож байхад л дуу нь хадаад манай ажилтан руу орилоод байсан. Тэгээд би очоод боль, битгий хэрүүл хийгээд бай гэж хэлээд цаашаа явсан. Гэтэл араас чи муу гичий юу гээд байгаа юм бэ гээд миний ар талд тармуураар цохиод, үснээс чирээд толгой түрүүгүй зодсон. Үг хэлэхийн завдалгүй намайг зодсон. Би энэ хүнийг гэмтээгээгүй, би ажил хөдөлмөрөө хийж явж байгаад хүчирхийлүүлсэн. Би үнэхээр гэм буруутай байсан бол цагдаад өгөөд явж байх уу. Би өдийд 50 настай, намайг ажил хийлгэхгүй байнга хашаа түгжиж, нохой сул тавина. Бид хар багадаа тэр хашаанд өссөн. Би энэ ажлыг 2013 оноос хойш хийж байгаа. Сүүлийн 2 жил энэ ах маань манай хашаанд ирж амьдрах болсон. Би ер нь бол алуулах л шахсан. Би энэ хүнийг гэмтээгээгүй, энэ хүнийг гэмтээж ч чадахгүй. Надад гомдолтой гээд ингээд сууж байгаад харамсаж байна. Би үнэхээр гомдолтой байна, энэ хүнийг би хүчирхийлээгүй, зодоогүй. Үснээс чирээд явж байхад би энэ хүнийг яаж, хаана нь цохих юм бэ. Цаашаа хараад явж байхад зүүн тал руу цохиод, нүүр хэсэг рүү ч гэсэн цохисон. Миний зүүн талын чих байнгын хатгаастай болсон.ы Би өрх толгойлсон ганц бие ээж. Би биеэ ч эмчлүүлж чадахгүй байна. Энэ хүчирхийлэл хэдэн жил үргэлжлэх юм бэ. Миний ээж өнөөдөр 90 настай, би ээжтэйгээ хамт амьдардаг. Орой ажлаасаа ирэхэд энэ хүн архи уугаад миний охин, ээжийг айлгасан л сууж байдаг. Би хэдэн жил ингэж амьдрах юм. Энэ хүн миний бүтэн нэрийг мэдэхгүй, ална, гичий, янхан л гэдэг. Тухайн үед би хойшоо яваад 10 минут боллоо, битгий хэрүүл хий гэж л хэлсэн. Энэ бол анх удаа биш. Би үнэхээр гомдолтой байна. Хэдэн жилийн дараа юу болохыг мэдэхгүй байна. Би цагдаа өмнө дуудаж өгч байсан. Тэр өдөр гичий минь цагдаагаа дууд гэсэн. Б.Б бид хоёр гүйгээд гарсан гэв.
Хохирогчоор Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэр бүл, садан төрлийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, татгалзаж байна гэв.
Хохирогчоор Л.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний тархи толгой байнга өвддөг, зүүн талын чих өвддөг, хатгадаг болсон. Бие маань хөх няц болсон. Миний нүүр хэсэг, толгой хэсэг рүү гараа зангидаж цохиж, нүдсэн. Тармуураар хэд хэдэн удаа толгой руу нүдсэн. Ална гээд дайраад байсан. Би эмчилгээний зардал гээд мөнгө нэхэмжлээгүй. Хамгийн гол нь би энэ хүчирхийллийг зогсоомоор байна. Би дахин хүчирхийлүүлмээргүй байна. Би охин хүүхэдтэй, би охиндоо хэдэн сар жил амьд харагдмаар байна. Намайг ална гээд л дайраад байсан. Б.Баясгалан арай гэж салгасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Б мэдүүлэг өгөхдөө: Л.Д согтуу байсан бөгөөд хашааны хаалга хаасангүй гэж уурлаж загнаж байсан. Би дүүдээ хэлээ гэж хэлсэн. Ж гаднаас орж ирээд тэр хоёр хашаанд маргалдаад байсан намайг гарч очиход Ж ын толгой руу Д савраар цохиж байсан. Би салгаад Д ийг гэртээ ор гэхэд нүүрэнд нь зүсэгдсэн шах үүссэн байсан гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 00000 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Д ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл,
Мөн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Ж ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Д ийн хувьд нь маргааны улмаас хохирогч Л.Ж ын нуруу, тохой хэсэгт нь мод болон гараараа үсдэж цохисон байгаа нь, шүүгдэгч Л.Ж нь Д ийн энэ үйлдлийн хариуд түүний нүүр хэсэгт нь хүрзээр цохиж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай үйлдэл” гэж тус тус дүгнэсэн болно.
Шүүгдэгч Л.Ж хохирогч, шүүгдэгч Л.Д ийн биед хохирол учруулаагүй халдаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргаж оролцсон ч, Л.Д ийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “намайг хүрзээр цохисон” гэсэн, гэрч Б.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2 удаа гэрчээр мэдүүлэхдээ “Ж гартаа хүрз барьсан байсан, Л.Д ийн нүдний дээд хэсэгт 2 см орчим шарх үүссэн, цус гарсан” гэсэн мэдүүлэг зэргээс Л.Ж ын үйлдлийн улмаас Л.Д ийн биед гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэсэн болно.
Хэдийгээр Л.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Ж ын биед халдсан үйлдлийн хариуд нь Л.Ж хүрзээр цохисон үйлдэл байх боловч Д ийн довтолгооны хэлбэр, учрах аюул хор уршгийн байдлыг харгалзан үзэхэд аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын шинж байхгүй буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч хохирогч Л.Ж , Л.Д нар нь гэр бүлийн хамаарал бүхий төрсөн ах дүү нар байх боловч тус тусдаа амьдардаг, маргалдсан учир шалтгаан нь хувийн харилцааны улмаас буюу бие биенийхээ тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас бие биенийхээ эрүүл мэндэд халдсан санаа сэдэлт, хэргийн нөхцөл байдлуудыг нь үнэлж, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд шүүгдэгч Л.Д, Л.Ж нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Д, Л.Ж нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Л.Д нь одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Л.Ж нь 41,000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдол саналтай гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Д, Л.Ж нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс Л.Д, Л.Ж нарыг харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна гэж үзэж гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Л.Ж ын тухайд эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой болох нь тогтоогдож байгаа. Л.Д ийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт тэтгэвэрт байдаг талаар мэдүүллээ. Л.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн байдлаар маргадаггүй. Хохирогч Л.Ж ын зүгээс түүнээс нэхэмжилж байгаа хохирол төлбөргүй тул шүүгдэгч Л.Д ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Л.Ж ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох, уг торгуулийн ялыг , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Л.Д, Л.Ж нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар 1 ширхэг хүрз хураагдсан бөгөөд уг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэв.
Шүүгдэгч Л.Д ийн өмгөөлөгч Д.Г дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн гэдэг утгаараа ялыг хөнгөлөх хангалттай үндэслэл байгаа. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож өгнө үү. Хохирогчийн тухайд бол дүүдээ гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн гэв.
Шүүгдэгч Л.Ж ын өмгөөлөгч П.Г дүгнэлтдээ: Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх нөхцөл байдлыг анхаарах байх. Миний үйлчлүүлэгч бол хууль зүйн мэдлэггүй хүн. Мэдлэггүй учраас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгчийн эрх зүйн маргааныг гэм буруу дээрээ маргасан гэж үзэж болохгүй. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өмгөөллийн үйл ажиллагааг явуулж байгаа. Л.Д ийг 550 нэгж, миний үйлчлүүлэгчийг 600 нэгж гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ хэргийн сэдэлт, зорилгыг анхаарч үзэх байх. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хүнд зовиур шаналал авсан учраас биеэ хамгаалах чадваргүй болсон, хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байна. Өөрийн амь нас, эрүүл мэндийн байдлыг хамгаалах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Улсын яллагчийн санал хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.Д, Л.Ж нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Л.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд шүүгдэгч Л.Д тэтгэвэр байдаг, шүүгдэгч Л.Ж “Милено кашимер” ноос ноолуурын үйлдвэр ажиллуулдаг байдлууд болон хэн хэндээ хохирол төлбөргүй байгааг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзэж тус бүрд торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д ид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцэж байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Д, Л.Ж нар нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Л-ын Д , Б овогт Л-ын Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д ид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Л.Д, Л.Ж нарт торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА