Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/02718

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 12 сарын 05 өдөр

                Дугаар 183/ШШ2018/02718

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э-ын нэхэмжлэлтэй,

/ /

 

Хариуцагч: Д.Ц-д холбогдох,

/ /

 

Хариуцагч: Р.С-д холбогдох,

//

 

Хариуцагч: А.Э-д холбогдох,

/ /

 

10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч Р.С, Д.Ц, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Э нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 хороо, 1 хэсэг, Дүнжингарав, ****** тоотод байрлах 678.1 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Цгаас 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл дээр Д.Цгийн нэр дээр газрын гэрчилгээ гарсны дараа иргэн Д.Ц нь Ц.Эын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Ингээд 2017 оны 4 дүгээр сард иргэн Д.Цгийн нэр дээр газрын гэрчилгээ гарсан хэдий ч Ц.Эын нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан тул Д.Цд газрыг худалдан авахаар өгсөн 10.000.000 төгрөгийг хариуцагч Д.Ц, Р.С, А.Э нараас буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед би гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч надад мөнгө өгөөгүй. Н.Э-ын данс руу Ц.Э өөрөө 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Ц.Эын данснаас Н.Э-ын данс руу шилжүүлсэн болох нь дансны хуулга, орлогын баримтаар нотлогдож байгаа. Би энэ мөнгөнд ямар нэгэн байдлаар хамааралгүй, би аваагүй учраас би хариуцахгүй. Гүйлгээний утганд газар худалдаж авах төлбөр гэж бичигдсэн байдаг. 2014 онд намайг ажил дээрээ байхад Р.Сирээд таны нэр дээрх Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо *-/**** тоотод байрлах газрыг хүнд зарахаар боллоо. Та эхлээд гэрээ хийчих. Гэрээгээ байгуулсны дараа мөнгийг нь авна гэж хэлсэн учир нотариат орж гэрээ байгуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа мөнгө орж ирээгүй. Энэ талаар намайг асуухад “таны нэр дээрх газрыг авахаа больсон. Оронд нь өөр хүний газар авахаар болсон“ гэсэн. Би тухайн үед “гэрээ байгуулсны дараа ямар нэгэн асуудал гарахгүй биз дээ“ гэж асуухад Ц.Этай ярилцаад тохиролцсон байгаа гэж хэлсэн. Гэтэл 3 жилийн дараа Н.Э гэдэг хүн мөнгө нэхэмжилсэн байна. Би мөнгө аваагүй учраас хариуцахгүй гэв.

 

            Хариуцагч Р.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **********тоотод байрлах газрын гэрчилгээ гараагүй, кадастрын зурагтай байсан бөгөөд Д.Цгийн нэр дээрх газрыг Ц.Э гэдэг хүнд А.Э гэдэг хүн холбож үзүүлээд, 10.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрчилгээ нь хэзээ гарах эсэх нь тодорхойгүй гэдгийг Ц.Э өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд бэлэн байсан 2.000.000 төгрөгийг надад өгсөн. Үлдэх 8.000.000 төгрөгийг дансаар А.Эын данс руу орсон. Тухайн үед надад дансаар шилжүүлж авах боломжгүй байсан тул А.Эын данс руу шилжүүлэн, дараа нь А.Эаас энэ мөнгийг би авсан. Эгч болох Д.Ц нь энэ мөнгөнд оролцоогүй. Би 10.000.000 төгрөгийг 6 сарын дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна, уг асуудлыг би хариуцна гэв.

 

Хариуцагч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014 оны өвөл 2 сарын хавьцаа Ц.Э надаас зайсанд 1 айлын газар байна уу гэсний дагуу би Р.С-тэй уулзуулаад тэр ч газраа наймаалцахаар болоод би зуучилсан. Би зуучлалын хөлсөө аваад, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Энэ нэхэмжлээд байгаа мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                                                                                                                                  

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Эын нэхэмжлэлтэй, Д.Ц, Р.Содномсүрэн, А.Э нарт холбогдох, 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Д.Ц, Ц.Э нар 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр аман хэлцэл байгуулан, уг хэлцлээр худалдагч Д.Ц нь Хан-Уул дүүргийн 14 хороо, 1 дүгээр хэсэг, Дүнжингарав, ********** тоотод байрлалтай, 678.1 м.кв талбайтай газрыг 10.000.000 төгрөгөөр худалдан авагч Ц.Эад худалдахаар тохиролцсон болох нь Д.Ц, Ц.Э нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хэлцэл, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ Д.Ц, Ц.Э нарын хооронд байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Уг гэрээний дагуу худалдан авагч Ц.Э нь 10.000.000 төгрөгийг худалдагч Д.Ц, хариуцагч Р.Содномсүрэн, А.Э нарт шилжүүлсэн болох нь, мөн худалдан авагч Ц.Эын өмчлөлд Хан-Уул дүүргийн 14 хороо, 1 дүгээр хэсэг, Дүнжингарав, ***** тоотод байрлалтай, 678.1 м.кв талбайтай газрыг худалдагч Д.Ц шилжүүлээгүй болох нь хариуцагч Д.Цгийн “...Р.Содномсүрэн, А.Э нар миний Хан-Уул дүүргийн 14 хороо, 1 дүгээр хэсэг, Дүнжингарав, *****тоотод байрлалтай, 678.1 м.кв талбайтай газрыг Ц.Э гэх хүнд худалдах болсон гээд гэрээнд гарын үсэг зуруулсан нь үнэн... гэхдээ надад мөнгийг нь өгөөгүй, уг газар миний өмчлөлд байгаа” гэсэн тайлбар, хариуцагч Р.С-ийн “...Д.Цгийн нэр дээрх уг газрыг Ц.Эад 10.000.000 төгрөгөөр худалдсан нь үнэн. Тухайн үед би бэлнээр 2.000.000 төгрөгийг авч, үлдэх 8.000.000 төгрөгийг А.Эын данс руу шилжүүлэн авсан. Би 10.000.000 төгрөгийг хариуцан төлнө. Газрын гэрчилгээг Ц.Э-ад шилжүүлж өгөөгүй” гэсэн хариу тайлбар, хариуцагч А.Эын “...Ц.Э надаас зайсанд 1 айлын газар байна уу гээд би Р.С-тэй уулзуулаад тэр ч газраа наймаалцахаар болоод би зуучилсан нь үнэн. Би зуучлалын хөлсөө аваад явсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэсэн хариу тайлбар, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хэлцэлд “...Ц.Э нь Хан-Уул дүүргийн 14 хороо, 1 дүгээр хэсэг, ****** тоотод байрлалтай, 678.1 м.кв талбайтай газрыг худалдаж авсаны төлбөр болох 10.000.000 төгрөгийг Д.Цд хүлээлгэн өгөв...” гэсэн бичилт, А.Э-ын Хаан банкин дахь 5070033163 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогджээ.

 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Ц.Эаас хэлэлцэн тохиролцсон үнэ болох 10.000.000 төгрөгийг худалдагч Д.Ц, хариуцагч Р.С, А.Э нарт шилжүүлсэн хэдий боловч Д.Ц нь Хан-Уул дүүргийн 14 хороо, 1 дүгээр хэсэг, ******** тоотод байрлалтай, 678.1 м.кв талбайтай газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ц.Э нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д “хуульд буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Д.Цгаас, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Р.С-ээс гэрээний дагуу шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй болно.

 

            Харин “...нэхэмжлэгч Ц.Эаас 8.000.000 төгрөгийг нь хариуцагч А.Эын дансанд шилжүүлсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байгаа хэдий боловч хариуцагч Р.Сшүүхэд гаргасан тайлбартаа “...тухайн үед Ц.Эаас 8.000.000 төгрөгийг шилжүүлж авах данс байгаагүй тул А.Эын дансаар 8.000.000 төгрөгийг би шилжүүлэн авсан, уг 10.000.000 төгрөгийг би хариуцан төлнө” гэсэн байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч А.Э нь нэхэмжлэгч Ц.Эын өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй, мөн түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Цгаас, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Р.Снараас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эад олгож, хариуцагч А.Эт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүхээс хариуцагч А.Эт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц, Р.Снараас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эад олгож, хариуцагч А.Эт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, Р.Снараас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эад олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.СЭМЖИД