Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 974

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: ...................... байрлах, улсын бүртгэлийн ................, регистрийн .............. дугаартай, “Н ф к” ББСБ-ийн ........... салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: У........... оршин суух,  .......онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар .............., Зуутраг овогтой С.Б,

        Хариуцагч: ............ оршин суух,  ......... онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ..........., Тайж овогтой Н.О нарт холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 2.243.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 325.200 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 4.073.905 төгрөгийг гаргуулах, мөн талуудын байгуулсан 102201931 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” болон “Баталгаат ипотекийн гэрээ”-нд заасан эд хөрөнгө, бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “Н ф к” ББСБ-ын ........ салбарын захирал Э.П.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Б 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн Нуundai Роrtеr маркийн, 17-11 ДАР улсын бүртгэлийн дугаартай, КМFХКS7ВР2U588604 арлын дугаартай автомашиныг барьцаалан сарын 4,5 хувийн хүүтэй 1.500.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Зээлийг авснаас хойш төлөлт огт хийлгүй явсаар өнөөдрийн байдлаар 1090 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийг төлүүлэх талаар зээлдэгч С.Б, хамтран зээлдэгч Н.О нартай байнга утсаар холбогдож, гэрийн болон ажлын хаягаар очиж мэдэгдэл хүргүүлэн, уулзаж байсан. 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр “Увс явсан” гэснээс хойш холбоо тасарсан, зээлдэгч огт холбоогүй байсан. Зээлдэгч С.Б нь зээлийг авсанаас хойш огт төлөлт хийгээгүй учир зээл төлөх эрмэлзлэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн С.Б, Н.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 2.243.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 325.200 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 4.073.905 төгрөгийг гаргуулж, мөн талуудын байгуулсан 102201931 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” болон “Баталгаат ипотекийн гэрээ”-нд заасан эд хөрөнгө, бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Н.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бид нөхрийн хамт анх 1.500.000 төгрөг зээлж авсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сард 50.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 400.000 төгрөг тус тус төлсөн. Тэгтэл одоо маш өндөр хүү гарсан байна лээ. Гэхдээ бид энэ төлбөрийг төлнө. Барьцаанд байгаа машин нь одоо манай хашаанд байж байгаа. Зээлийн төлбөрийн хувьд маргах зүйл байхгүй. Хугацаа л хэрэгтэй байгаа. Нөхөр маань ч гэсэн иймд саналтай байгаа. Өнөөдөр намайг яваад шийдвэр сонсчихоод ир гээд явуулсан” гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Н ф к” ББСБ-ийн ......... салбар нь хариуцагч С.Б, Н.О нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 2.243.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 325.200 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 4.073.905 төгрөгийг гаргуулах, мөн талуудын байгуулсан 102201931 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” болон “Баталгаат ипотекийн гэрээ”-нд заасан эд хөрөнгө, бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

          Зээлдэгч буюу хариуцагч С.Б, Н.О нар “Н ф к” ББСБ-ийн ......... салбартай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 102201931 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 1.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4,50 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн 102201931 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” байгуулж, зээлийн барьцаанд 17-11 ДАР улсын дугаартай, Хьюндай Портер маркийн, 2002 онд үйлдвэрлэгдсэн, аралын KMFXKS7BP2U588604, бага оврын ачааны автомашин, гэрийн тавилга, хөргөгч, телевизор зэргийг тус тус барьцаалсан байна.  

          Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

         Хариуцагч нар “Н ф к” ББСБ-ийн .... салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 4.073.905 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.   

       Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Б, Н.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 2.243.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 325.200 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 4.073.905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н ф к” ББСБ-ийн ......... салбарт олгож шийдвэрлэлээ.  

        Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар хариуцагч С.Б, Н.О нарын зээлийн барьцаанд тавьсан 17-11 ДАР улсын дугаартай, Хьюндай Портер маркийн, 2002 онд үйлдвэрлэгдсэн, аралын KMFXKS7BP2U588604, бага оврын ачааны автомашин, гэрийн тавилга, хөргөгч, телевизор зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

        Харин нэхэмжлэгчээс ““Баталгаат ипотекийн гэрээ”-нд заасан эд хөрөнгө, бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч нэгд, талуудын хооронд ипотекийн гэрээ байгуулагдаагүй, ийм гэрээ хэрэгт авагдаагүй, хоёрт, хариуцагч С.Б, Н.О нар зээлийн барьцаанд тавьснаас өөр ямар бусад эд хөрөнгөтэй, орлоготой болох талаарх нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, барьцааны гэрээнд “бусад хөрөнгө”-ийн талаар дурдаж, бусад хөрөнгө гэх зүйлийг барьцаалаагүй байх тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н ф к” ББСБ-ийн ........салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Н.О нараас 80.133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Б, Н.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 2.243.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 325.200 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 4.073.905 /дөрвөн сая далан гурван мянга есөн зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н ф к” ББСБ-ийн .................. салбарт олгосугай.

            2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар хариуцагч С.Б, Н.О нарын зээлийн барьцаанд тавьсан 17-11 ДАР улсын дугаартай, Хьюндай Портер маркийн, 2002 онд үйлдвэрлэгдсэн, аралын KMFXKS7BP2U588604, бага оврын ачааны автомашин, гэрийн тавилга, хөргөгч, телевизор зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ““Баталгаат ипотекийн гэрээ”-нд заасан эд хөрөнгө, бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н ф к” ББСБ-ийн ........... салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.133 /наян мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Н.О нараас 80.133 /наян мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н ф к” ББСБ-ийн Дархан салбарт олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА