Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1293 

 

 

 

       2022            10             18                                                                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч: И.С, түүний өмгөөлөгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн И.С-т холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт И-гийн С /РД:********/,

Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******** газар зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Алтан-Овоо 0 дүгээр гудамж 0 тоотод оршин суух хаягтай,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0000 дугаартай тогтоолоор, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч И.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 0 дүгээр гудамжны 0 тоот хашаан дотор хохирогч Х.Ч-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:                

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч И.С нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 39 дүгээр гудамжны 34а тоот хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Ч-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -Хохирогч Х.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг өнгөрч байхад ах С-ны хамт өөрийн амьдардаг гэр болох Сонгинохайрхан дүүргийн 36 хороо Алтан-Овоо 0 тоот хаяг хашааны өрлөгийг хийгээд байж байтал манай доод талын айлын хашааны зүс таних залуу согтуу орж ирээд үг хэлээр доромжлоод байхаар нь манай ах С тухайн хүнийг хашаанаас гар гэж хэлсэн чинь нөгөө залуу өөдөөс нь бас хэрэлдээд манай ахыг цохих гээд барилцаад авахаар нь би салгах гээд дундуур нь ороод болиулаад нөгөө зүс таних залууг хашаанаасаа түлхэж гаргасан чинь нөгөө зүс таних залуу шууд миний зүүн талын нүд рүү гараараа 2-3 удаа цохисон тэгтэл манай ах С хашаанаас гарч ирээд намайг аваад хашаа руу оруулсан. Тэгтэл намайг цохисон залуу манай хашаа руу дагаж орж ирээд над руу дайраад байхаар нь би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэр залуу та нар намайг барахгүй, гэр орныг чинь шатаана, би та нарыг насан туршдаа мартахгүй гээд хараагаад байсан... С гэдэг манай хажуу айлын хөрш залуу байсан. ...Ср их хэмжээний согтолттой байсан... эмчилгээний зардлын 148.000 төгрөгийн баримт байгаа. Ухархайн ханын хагалгаа нь 3 сая төгрөг болно. Энэ тухай эмнэлгээс тодорхойлолт гаргуулсан байгаа...” гэх мэдүүлэг автаст хэргийн 14-р хуудас/,

               -Гэрч Х.С-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тухайн үед миний бие өөрийн хашаа болох Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо 39-34а тоотод өөрийн төрсөн дүү Чтэй хамт задгай хашааны урд хэсэгт блок өрж, шавар зуурч байсан. Гэтэл өдөр 15 цагийн орчимд манай хашааны доод айлын ах манай хашаагаар ороод ирсэн. Орж ирэхдээ тэр ах архи уучихсан байсан ба "та нар юу хийж байгаа гөлөгнүүд бэ?” гээд томроод байсан. Тэгэхээр нь би дургүй хүрээд “чамд ямар хамаатай зайл цаашаа" гээд хэлсэн. Тэгээд бид 2 зууралдсан ба би хашааны хаалгаар гаргах гээд түлхтэл манай дүү Ч агаа юу болоод байгаа юм гээд хүрээд иртэл тэр ах шууд үгийн зөрүүгүй 2 удаа цохиод авсан. Тэгээд манай дүүгийн зүүн нүдний хөмсөгнөөс цус гарсан ба би дүүдээ хандаад цагдаа дуудаад өг гээд хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,    

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:  

               “...1. Х.Ч-ийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

               3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл хохирогч гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч И.С-ын яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал нийлж байна. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь гэрчээр өгсөн гэх мэдүүлэг дээр тодорхой ярьсан байгаа...” гэж /хавтаст хэргийн 49-р хуудас/ мэдүүлж байсан.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 54-р хуудас/, Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тодорхойлолт /хавтаст хэргийн 55-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийнх 56-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 57-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 85-88-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 59-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 60-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 61-р хуудас/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 62-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 79-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 92-95-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Шүүгдэгч: Би тэр өдөр ажлаа тараад гэр рүүгээ харьж явсан. Манай дээд хашааны 2 залуу юм хийж байсан. Би туслах санаатай ахаасаа юу авах уу гэж асуух гээд согтуу орсон. Орсон чинь намайг учир зүггүй чирч гулдраад, зодоод эхэлсэн. Би согтуу байсан учраас хөөрөөд та 2-ыг ална гэж хэлсэн гэв.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Х.Ч-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч И.С нь хохирогч Х.Ч-ийн эрүүл мэндэд нүүр рүү нь гараараа цохисон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч И.С-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.Ч нь хохиролд 3,148,000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 148,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна.

Хэрэгт авагдсан баримт, учирсан хохирол, хор уршгийн байдлаас үзэхэд хохирогч Х.Ч-ийн зүүн нүдний ухархайн доод ханын хугарал гэмтэл үүссэн бөгөөд хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай, хагалгааны зардал 3 сая төгрөг болно гэж эмчлүүлэгчийн карт, эмнэлгийн тодорхойлолтод дурджээ.

  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан тул хохирогчид зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай зардал үүссэн байна гэж дүгнэсэн болно.

Иймд дээрх хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч И.С-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Ч-эд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч И.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч И.С-ын хувьд 2014 оноос эхлэн тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалаа төлөөд явж ирсэн. Иймд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зөв гэж үзэж байна гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч И.С-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч И.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг /Нийслэлийн хот тохижилтын газар зам талбайн үйлчлэгч ажилтай/ нөхцөл байдлыг нь харгалзан үзсэн тул торгох шийтгэл оногдуулах нь тохиромжтой гэж үзэв.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.С нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт И-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар И.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

 

          5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.С-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Ч-эд олгосугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА