Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1301

 

 

      2022             10             19                                            

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Н.Уранбайгаль,

шинжээч эмч Б.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э, түүний өмгөөлөгч Т.С,

шүүгдэгч: П.Б түүний өмгөөлөгч Р.М, Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Пү-йн Б /РД:0000000000/,

Монгол Улсын иргэн,***** оны *** дугаар сарын **-ны өдөр **** аймаг ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа барилгын мужаан ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0дүгээр хороо, цайзын 0-0 тоотод оршин сууh хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 цаг 50 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.64 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 22-ын товчооны замд “Е ш” ХХК-ийн эзэмшлийн “Ноndа” маркийн “Insight” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч “Э П” ХХК-ийн блокон хашаатай залгаа төмөр хаалгыг мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч 39 настай, эрэгтэй Т.Д-гийн амь нас хохирч, “Э П” ХХК-ийн эзэмшлийн төмөр хаалганы эвдрэлд нийт 385,000 / гурван зуун наян таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                             

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 22-ын товчооны замд “Е ш” ХХК-ийн эзэмшлийн “Ноndа” маркийн “Insight” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.64 хувийн согтолттой буюу согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч “Э П” ХХК-ийн блокон хашаатай залгаа төмөр хаалгыг мөргөж, уг автомашинд сууж явсан Т.Д-гийн амь нас хохирч, “Э П” ХХК-ийн эзэмшлийн төмөр хаалганы эвдрэлд нийт 385,000 / гурван зуун наян таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

- Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-15/

-П овогтой Б-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: /драйгер багаж ашиглан шалгахад 1.64 %/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би талийгаач Т.Д-гийн төрсөн ах нь байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн үүрээр 05 цагийн үед гэртээ унтаж байхад аав Н.Т орж ирээд дүү чинь осолд ороод өнгөрчихөж гэж хэлсэн тэгээд осол болсон талаар мэдсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

- Иргэний нэхэмжпэгч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллагын хашааг мөргөж, эвдрэл учруулсан байна. Компаниа төлөөлж цагдаагийн байгууллагад очиж уулзаарай гэж хэлсэн. ... манай байгууллага үнэлгээгээр гарсан 385.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

-Иргэний нэхэмжпэгч, хариуцагч О.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би машиндаа учирсан хохирлыг нэхэмжилмээр байна. ... тухайн тээврийн хэрэгслийг надаас Б-ийн дүү Б салах үедээ энэ машиныг хамтран зээлдэгч тул авч яваад үлдсэн зээлийг өөрөө төлөөд өөрөө энэ машиныг авна гээд аваад явсан. ...би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 54, 57/,

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би жолооны үнэмлэх байхгүй байсан тул Мөнхчулуун унаж байсан. Тэгээд би машиныг Мөнхчулуунаас салахдаа Мөнхчулуунтай тохироод би ББСБ-н зээлээ төлөөд яваарай гэж хэлээд өгсөн юм. Би бусдад учруулсан хохирлыг ББСБ-тай гэрээ хийж барагдуулна. Бусдад учруулсан хохирлыг төлнө. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 77, 80/,

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... энэхүү зам тээврийн осол хэрэг нь зээлдэгч тээврийн хэрэгслээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн буруутай үйлдлийн улмаас гарсан байх тул энэхүү эрүүгийн хэрэгт манай байгууллага иргэний хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ... манай компанийн зүгээс төлбөрийн үлдэгдэл 9.687.490 төгрөгийн зээлтэй байгаа учраас зээлээ хаачих юм бол манайхаас барьцаа хөрөнгөтэй холбоотой гомдол, санал байхгүй байна. Зээлээ төлж хаагаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг учраас автомашиныг буцаад хэвийн байдалд оруулж засвар үйлчилгээ хийлгүүлэх шаардлагатай байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 68, 71/,

-Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 22-н товчооны замд болсон Хонда Инсайт маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бетонон хашаа мөргөөд осол гаргасан хэргийн газар очсон миний зурсан гар зураг мөн байна. Тухайн автомашины дугуйнаас үүссэн мөр нь машины хөндлөн болох үед дугуйнаас үүссэн шарвалтын мөр байсан. Тухайн шарвалтын мөрнөөс хурд бодогдох боломжгүй яагаад гэвэл тээврийн хэрэгсэл чигээрээ биш хөндлөн явж байгаа мөн цааш яваад үл хөдлөх зүйл мөргөсөн эвдрэл ихтэй учраас хурд бодогдох боломжгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

- Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхайнгай аймаг руу ачаа авч явах гээд танил ах 2 ахтайгаа бид 3 3-н том ачааны машинтай явах гээд явж байтал 22-н товчооны замд 21 цагийн үед манай 2 ахын унаж явсан ачааны машин эвдэрчихээр нь замын дагуу зорчих хэсгээс гаргаж байрлуулаад би машинаа хараад манай хоёр хот руу яваад өгсөн.Тэгээд би хамгийн урд талд байрлаж байсан \/3 маркийн том оврын ачааны автомашин дотор ах нарыгаа хүлээгээд унтаж байтал шөнө 01 цагийн орчимд миний унтаж байсан машины баруун талын хаалгыг нэг хүн тогшихоор нь би сэрээд хартал нэг хар өнгийн машин айлын хашааг мөргөөд зогсчихсон байсан. Тэгээд тухайн хүн надад ирээд утсаар чинь дуудлага өгчье утсаа өгч байгаач гээд би 22-н товчооны цаана байдаг цанын баазны тэндээс найзтайгаа архи ууж явсаар байгаад сая хурдтай явж байгаад юу болсныг мэдэхгүй согтоод тасарчихаж тэгээд ирээд нэг мэдэхэд хашааг мөргөчихсөн байна яаж харин азаар чиний машиныг мөргөөгүй юм бэ хажууд зорчиж явсан хүн маань ухаангүй байна гэж хэлэхээр нь би жолооч нь яасан бэ гээд асуутал би өөрөө жолооч нь байна гээд миний утсаар цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн. Би тухайн үед болсон ослыг хараагүй. Би тухайн үед унтаж байтал миний машины хаалгыг хүн тогшихоор сэрээд тухайн ослын талаар жолооч нь гээд нэг хүн ирээд ярихаар нь мэдсэн. Тухайн хүн архи уучихсан согтуу их согтолттой байсан. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 86/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00000 дугаартай:

1. “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь, яс, нүүрний ясны хугарал, их тархины духны дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальс доорхи цус харвалт, духны хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 6-р хавирганы хугарал, зүүн доод зовхинд шарх, дух, зүүн хөмсөгний дээр, хамар, дээд, доод уруул, оочны зулгаралт, хоёр зовхи, хамар, уруул, хоншоор, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ, амь насанд аюултай хүнд гэмтэл байна.

3. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна.

4. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгалын замд цус бет орж амьсгал бүтэж нас барсан байна.

5. 2021.11.16-ны 00:50-д нас бараад 4-6 цаг болсон байжээ.

6. Талийгаач нь 3-р бүлгий цустай байна.

7. Талийгаачийн цусанд 2.8, ходоодны шингэнд 5.0, шээсэнд 3.6 промилли спиртийн зүйл илрэв. Ходоодны шингэнд нитрит, демодрол, хүчтэй хүчил шүлт илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 2.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна  гэх дүгнэлт /хх-ийн 103-107/,

- Шинжээч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... талийгаачийн цогцост учирсан гэмтэл, байгаа газар болгонд бүх хэсгүүдэд хүч үйлчилсэн буюу цохих, шахах, үрэх механизмаар үүсгэгдэж байгаа болохоор мохоо зүйлийн олон удаагийнх гэж байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 99/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 236 дугаартай:

1. Ноnda Insight маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй гэх 4 ширхэг дугуйн “баруун урд” гэж тэмдэглэсэн дугуйнаас бусад 3 дугуй нь стандарт шаардлага хангаж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнууд нь 4 улиралд ашиглах зориулалтай байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн “баруун хойд” гэж хаягласан дугуй нь хагарсан гэмтэлтэй байна.

        4. “баруун хойд” гэж хаягласан дугуйн хагарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн байна.

 5. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнуудад хадгалалтаас шалтгаалсан гэмтэл байхгүй байна.

6. Ашиглалтын хугацаа дууссан эсэхийг тогтоох боломжгүй.

7. Ашиглалтын хугацаа дууссан эсэхийг тогтоох боломжгүй.

8. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 144-158/,

- “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ: эзэмшигчийн нэр: Е ш и ББСБ ХХК, марк, загвар: Ноnda Insight, улсын дугаар 5351 УАН, эзэмшигчийг төлөөлж П.Б, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ- үнэлгээгээр тогтоогдсон дүн-7.226.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 171-175/

- “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ: эзэмшигч Энержитех Прогресс ХХК, үнэлсэн хөрөнгийн нэр- төмөр хашаа, хохирлын дүн- 385.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 183-188/,

- 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 339 дугаартай мөрдөгчийн магадлагаа: Ноnda Insight маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоноЛа/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч Т.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 194/,

-Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 222/

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр талийгч н.Д бид хоёр Зүүнхараад байж байгаад бэлэн байсан 20.000 төгрөгөөр нэг шил архи авч уусан. Бид хоёрт хонох айл байхгүй машинаа халаагаад унтах юм бол шатахуун дуусна, хот руу явъя гэж бид хоёр ярьж тохироод хот руу хөдөлсөн. Хохирогч н.Д ах Зүүнхараагаас Урьхан ортол барьсан. Урьхан дээр ирээд ахынх нь бие өвдөөд байна, үлдсэн 7-8 мянган төгрөгөөр жижиг юм ууя гэхээр нь би наашаа барьсан. 22-ын товчоогоор орж ирээд явж байтал машины арын дугуй хагарсан. Машин баруун тал руу руль булаагаад байсан. Замын хажуу талд жалгатай байсан. Тэгээд руль булаахаар нь зүүн тийшээ дараад тоормоз гишгэсэн. Машин гулгаж явсаар байгаад миний сууж явсан талын хаалгаар хашааны багана мөргөөд зогссон. Тэр үед доргилтоос болоод ухаан алдсан байж байгаад сэрсэн. Сэрээд харахад рульдээ шахагдсан босож чадахгүй байсан. Хажуу талын хүнийг сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь буруу талын хойд талын сандлаар буусан. Утсаа хайгаад олохгүй байсан. Тэгээд тэнд байсан машин дээр очоод хаалгыг нь нүдэж байгаад дуудлага өгсөн. Би гэрч гээд байгаа хүний мэдүүлгийг сайн ойлгохгүй байгаа. Тэр хүн маргааш нь намайг очиход ...та хоёр 11 цаг 40 минут гэхэд энэ хашааг мөргөсөн, чи 12 цаг 50 минут гэхэд гарч ирж дуудлага өгсөн, 12 цаг 50 минутад дуудлага өгсөн зураг чинь энд байна... гэж хэлсэн. Тэгээд 11 цаг 40 минутад осол болохыг хараад мэдэж байсан байж тэр хүн яагаад дуудлага өгч болоогүй юм бол, дуудлага өгсөн бол хохирогч анхны тусламж авах байсан байх гэж бодож байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ослын талаар би зөндөө ярьж байсан. Энэ хүн миний дүүг хүнд зодуулсан байсан гэж ярьдаг. Гэтэл миний дүү машин бариад явж байсан. Хохирол барагдуулах тал дээр арай хойрог хандаж байна. Шүүх хуралдааныг дахин дахин хойшлуулж хууль завших гэж байна уу гэж хардаж байна. Би 16.359.700 төгрөг нэхэмжилж байсан, 3.600.000 төгрөгийг авсан. Энэ төлбөрөөс хасаад 12.759.700 төгрөг нэхэмжилж байна. Ихэнх нь хоол хүнс, цагаан идээ авсан баримтууд байгаа. 21 хоног, 49 хоногт хүүхэд баярлуулсан, зэд авсан, шатахууны зардлыг баримтыг олж чадаагүй. Ганданд ном уншуулсан зардал бас ороогүй. Хөдөөнөөс том ах дуудагдаж ирээд ажил явдалд мөн орсон, энэ талаар баримт мөн байхгүй. Талийгаач дүү маань группт байсан. Хохирлын мөнгөө барагдуулж авна гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Б-ийн дээрх үйлдэл буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган улмаар хүний амь насанд хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн дээрх үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч П.Б болон түүний өмгөөлөгч нараас “дугуй хагарсан, шарвалт үүссэн тул зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон боловч үндэслэлгүй байна. Учир нь:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туай хуулийн 27.11 дүгээр зүйлийн “ мөрдөгч... шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж зааснаар 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 339 дугаартай мөрдөгчийн магадлагаа гаргасан дүгнэлтэд П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн,

-шүүх хуралдаан хэлэлцүүлэгт мөрдөгч оролцож “ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь осол болох шалтгаан болсон төдийгүй, дугуй шарвасан ч жолооч жолооны хүрдийг буруу дарсанаас замаас гарсан” гэж мэдүүлсэн,

- гэрч М.Н-ын “...шөнө 01 цагийн орчимд миний унтаж байсан машины баруун талын хаалгыг нэг хүн тогшихоор нь би сэрээд хартал нэг хар өнгийн машин айлын хашааг мөргөөд зогсчихсон байсан. Тэгээд тухайн хүн надад ирээд утсаар чинь дуудлага өгчье утсаа өгч байгаач гээд би 22-н товчооны цаана байдаг цанын баазны тэндээс найзтайгаа архи ууж явсаар байгаад сая хурдтай явж байгаад юу болсныг мэдэхгүй согтоод тасарчихаж тэгээд ирээд нэг мэдэхэд хашааг мөргөчихсөн байна яаж харин азаар чиний машиныг мөргөөгүй юм бэ хажууд зорчиж явсан хүн маань ухаангүй байна...” гэж мэдүүлсэн

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2513 дугаартай дүгнэлт гаргасан шинжээчийн эмч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт “талийгаачийн үхэлд хүргэсэн шалтгаан хүний хүний зүйлээс бус осолд орсоны улмаас амь насанд аюултай гэмтэл авч, осол болсон тухайн цаг хугацаанд нас барсан” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаас дүгнэн шүүгдэгч П.Б-ийн буруутай үйлдлийн улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч П.Б-ийн үйлдэл нь хэдийгээр хор уршиг, учрах үр дагаварыг хүсээгүй байснаараа болгоомжгүй гэмт хэрэг хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус, хор уршиг учирч болзошгүй нь илэрхий атал тэрээр хэт хайхрамжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон улмаар осол гаргасан байгаа нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарагдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилсэн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Б-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э нь “12,759,700 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс өмгөөлөгчийн зардлыг хасаж, үлдэх 11,759,700 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан оршуулахтай холбогдсон зардал гэж үзэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааны үед 7,000,000 төгрөгийг дансаар шижүүлж, үлдэгдэл хохирол төлбөрийг шүүгдэгч П.Б төлөхөө илэрхийлж оролцсон.

Иргэний нэхэмжлэгч нараас төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй болно.

Шүүгдэгч П.Б-ийг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э-ын хохирлын бодит зардал болох 4,759,700 төгрөгийг шүүгдэгч П.Б-өөс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж түүнийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар 11.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс 7.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 46 минут 27 секундэд дансаар шилжүүлсэн нь гар утас дээр баримтаас харагдаж байна. Үлдэгдэл 4.500.000 төгрөгийг 2022 онд багтааж төлөхөө илэрхийлж, хохирогч талаас гомдолгүй талаар тайлбар гаргасан байна. Т-ын Э гэх дансанд шилжүүлсэн байна. Иймд шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч П.Б-ийн урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нийт 143 хоног буюу 4 сар 23  хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээлээгүй болно” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлага дээр миний зүгээс тусгайлсан саналгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэж тохиролцсон. Үлдэгдэл төлбөр 4.500.000 төгрөгийг энэ онд төлнө гэдгээ илэрхийлж энэ хүмүүс гэрээ байгуулсан байна. Гэхдээ энэ төлбөрийг тогтоолд гаргуулахаар нэхэмжилж байна. Эрүүгийн хариуцлагатай холбоотой саналгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д: Эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэлэхээс өмнө тухайн зам тээврийн ослоос болж эрдэнэт хүний амь нас үрэгдсэн байдалд хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч болон бидний зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн үеэс өөрийнхөө гэм бурууг хүлээж байсан. Хохирол төлбөрийн хувьд сая тайлбараа хэлсэн. Хоорондоо ярьж тохиролцсон, ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэж хохирогч талаас илэрхийлж байгаа илэрхийллийг бид хүлээж авч байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол мөнгөө төлж барагдуулсан байна. Зам тээврийн осол бол тохиолдлын шинжтэй, санамсар болгоомжгүй үйлдэгддэг хэрэг. Осол болсны дараа өөрийн санаачилгаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Хувь хүний хувьд талийгаачтай 3-4 жил хамтарч ажил, хөдөлмөр эрхэлж явсан. Прокурор 2 жилийн хорих ял санал болгож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тусгайлсан санал хэлсэнгүй.  Миний хувьд 2 жилийн хорих ял санал болгож байгааг миний хувьд эсэргүүцэх байр суурь алга байна. Санамсар болгоомжгүй хэрэг үйлдсэн, залуу хүн алдсан байна. Миний үйлчлүүлэгч цаашид анхаарах хэрэгтэй. Хэрвээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол зүйлчлэл хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах байсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэгдэх байсан. Согтуугаар үйлдсэн тул хүндэрч байгаа. Миний хувьд ерөнхий ангийн хорих ялын доод ял 2 жилээр хариуцлага хүлээлгэхэд санал, хүсэлт алга байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М: Миний үйлчлүүлэгч П.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал алга байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч тал эмнэлгийн болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан. Тийм учраас улсын яллагчийн санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн саналыг үндэслээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хорих ялыг хөнгөрүүлэх үүднээс ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулж өгнө үү гэв.         

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ам бүл эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байдлыг нь харгалзан үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болох шүүгдэгч П.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд “хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн” нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Өмгөөлөгчийн зүгээс хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол... “ гэсэн нөхцлийг заасан байдаг тул шүүгдэгч П.Б-д хамаарахгүй.

 Дээрх зүйл ангид нэмэгдэл ял болох “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасах” шийтгэлтэй бөгөөд 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулахаар шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т ”Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэж заасныг тогтоолд дурдвал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 Шүүгдэгч П.Б нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд нийт 143 хоног цагдан хоригдсон хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Шүүгдэгч П.Б-ийн 1221019 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж, 02887519 дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан өгөх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-ийн Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Б овогт П-ийн Б-өд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Б-ийн цагдан хоригдсон 143 хоногийг хорих ял эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Б-ийг хорих ялыг эдэлж дууссаны дараа дээрх эрх хасах ялыг тоолсугай.

 

6.  Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

7. Шүүгдэгч П.Б-ийн 1221019 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж, 02887519 дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Б-өөс 4,759,700 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э-од олгосугай.

 

9. Шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

  

   10. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.УРАНГУА