Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 986

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Увс аймаг, Тэс сум, 6 дугаар багт оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО87100207, Борлууд овогтой Довчингийн Өлзийхишигийн нэхэмжлэлтэй, 

       Хариуцагч: Увс аймаг, Тэс сум, 6 дугаар багт оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО88081812, Еншөөбү овогтой Батмөнхийн Пүрэвжавт холбогдох,

        Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Өлзийхишиг, хариуцагч Б.Пүрэвжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Д.Өлзийхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр Б.Пүрэвжавтай 2009 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү П.Сэржбүдээ, 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин П.Гэрэлтшинэчулуун нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж, агсам согтуу тавьж зоддог, мөн янз бүрийн хүүхнүүдтэй холбогдоод яваад байгаа. Энэ хугацаанд 2015 оны 10 дугаар сард мөн 2018 оны 1 дүгээр сард эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл тус тус гаргаад эвлэрч амьдарсан. Миний хувьд 2 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш хүүхдийн хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлж байгаа тул хамт амьдрах боломжгүй байна. Мөн 2 удаа эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрч байсан тул эвлэрүүлэн зуучлагчид оруулахгүй шууд шүүхээр хурдан хугацаанд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдэдээ хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

       Хариуцагч Б.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Д.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэртэйгээ эвлэрэх хүсэлтэй байна. Салах болвол 2 хүүхдээ өөрийн асрамжид авна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

        Нэхэмжлэгч Д.Өлзийхишиг нь хариуцагч Б.Пүрэвжавт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдүүдээ би өөрийн асрамжид авна” гэж маргасан.  

          Нэхэмжлэгч, хариуцагч нар 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Еншөбү овогтой Пүрэвжавын Сэржбүдээ, 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Еншөөбү овогтой Пүрэвжавын Гэрэлтшинэчулуун нар төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

         Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарыг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар ажиллагаа хийсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, түүнчлэн дээрх 2 сарын хугацаанд хариуцагч нь нэхэжлэгчийн эрх, эрх чөлөө, бие махбодид нь халдаж, гэмтэл учруулсан нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/ЗШ/223 дугаар шийтгэвэрээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Өлзийхишиг, Б.Пүрэвжав нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

       Мөн хүүхдүүдийн насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү П.Сэржсүдээ, охин П.Гэрэлтшинэчулуун нарыг эх Д.Өлзийхишигийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

       Харин хариуцагч нь шүүх хуралдааны явцад “Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна” гэсэн тайлбар, хүсэлт гаргасан боловч үүнийг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзэх боломжгүй байгаагаас гадна тухайн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй ба тухайн хүүхдүүдийг өөрийн асрамждаа авснаар ямар орчин нөхцөлд, яаж өсгөх гэж байгаагаа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.  

         Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү П.Сэржсүдээ, охин П.Гэрэлтшинэчулуун нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Пүрэвжаваар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийхишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвжаваас 119.326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өлзийхишигт олгох нь зүйтэй.

            Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдав.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борлууд овогтой Довчингийн Өлзийхишиг, Еншөөбү овогтой Батмөнхийн Пүрэвжав нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Еншөбү овогтой Пүрэвжавын Сэржбүдээ, 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Еншөөбү овогтой Пүрэвжавын Гэрэлтшинэчулуун нарыг эх Д.Өлзийхишигийн асрамжид үлдээсүгэй.

        3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү П.Сэржсүдээ, охин П.Гэрэлтшинэчулуун нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Пүрэвжаваар тэжээн тэтгүүлсүгэй.  

          4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

      5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

          6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийхишигээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.326 /нэг зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвжаваас 119.326 /нэг зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өлзийхишигт олгосугай.    

         7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

        8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хариуцагч Б.Пүрэвжавын “Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА