Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/040

 

М.Ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч М.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Нарийн бичгийн дарга  Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Агийн гаргасан давж заалдах гомдлоор М.Ад холбогдох эрүүгийн 1814007180063 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, М.А, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 1 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 хоногийн хорих ял оногдуулсныг 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн магадлалаар 4 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг биечлэн эдэлж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 18 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн 2017 оны 8 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

М.А нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Ярдаг гэх газарт Б.Эийн эзэмшлийн Л-470 маркийн 08-04 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Адуучин овогт М.Аг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж  эдлэх ялыг 2019 оны 04 сарын 16-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан lexus-470 маркийн 08-04 БНХ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Эт буцаан олгож, шүүгдэгч М.Агийн эзэмшлийн №948328 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.А гаргасан давж заалдах гомдолдоо:

...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрвээ миний бие нь архи уугаагүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан гэдгийг би ухаарч байгаа бөгөөд үүнээс хойш архи дарс хэрэглээ больсон. С ахынхаас явах болоход Э ах нилээн согтуу байхаар нь би машиныг чинь баръя гээд би жолоо барьж явсан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б болон миний бие нь эрүүл мэнддээ хүндэвтэр хохирол авсан.Миний хувьд ослын дараа Улаанбаатар хотод гэмтэл согогийн эмнэлэгт хавирганы хугарал нь уушиг руу хатгаж хэвлийн хөндий рүү ус дүүрсэний улмаас хагалгаанд орсон, мөн хүзүүний хагалгаанд орж олон эрхтэний гэмтэлтэй бөгөөд баруун далны яс бяцарсан, хугаралтай, зүүн талын 2, 4-5 дугаар хавиргууд хугарч эгэмний дунд шугамаар шаантагласан, хүзүүний 7 дугаар нугалам шахагдаж хугарсан, хүзүүний 6-р нугалам 2 зэргээр гулссан, зүүн талын цээжний хөндийн цус хуралттай, зүүн умдаг ясны хугарал гэсэн гэмтэлтэй.

Одоогийн байдлаар эмчийн зөвлөгөөгөөр хагалгааны дараагаас эхлээд хүзүүнд суулгасан яс орлуулагч болон жийргэвчийг биед дасан зохицох хүртэл нь зүүх дэглэмтэй бөгөөд хүзүүний гэдийх тонгойх хөдөлгөөн ба эргэх хөдөлгөөн хязгаарлагдсан, байнга дотор муүхайрч хүзүү нугас руу хөшиж өвддөг, гар хөлийн үзүүр хүйтэн оргиж бадайрах зовиурууд илэрдэг ба цагдан хорих байрны эмчид өмгөөлөгчөөрөө дамжуулан мэргэжлийн эмчид үзүүлэх хүсэлт гаргасан байгаа.Хүзүү нурууны гулсалт гэсэн оношоороо 2019 оны 03 дугаар сарын14-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалтаар эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр гарч 6 сарын хугацаагаар группт орсон.

Мөн хавтаст хэрэгт эхнэр С.Огийн эрүүл мэндийн карт авагдсан бөгөөд эхнэр маань бас зүүн нүд хараагүй болж бидний амьдралд юм юм л тохиолдож байна.

Би хийсэн хэргээ гүнээ хүлээн зөвшөөрч ухамсарлаж байгаа бөгөөд миний эрүүл мэндийн байдал болон үйлдсэн гэмт хэрэг маань болгоомжгүй гэмт хэрэг болохыг анхааран үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэх эсвэл 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа шүүх хуралдаан гаргасан дүгнэлтэндээ;Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү  гэв.

Шүүгдэгч М.А  түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Миний бие болон ар гэрийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  М.Агийн давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд  үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн  судлахад  шүүгдэгч М.А нь  согтуурсан үедээ  2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Ярдаг гэх газарт Б.Эийн эзэмшлийн Л-470 маркийн 08-04 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад  онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж  зорчигч Б.Э, Э.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,  Б.Эийн тээврийн хэрэгсэлд 8290 000 төгрөгийн хохирол  тус, тус  учруулсан   хэргийн үйл баримт  болжээ.

Дээрхи үйл баримт нь  эрүүгийн  1814007180063 дугаартай  хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Б, гэрч С.С, иргэний нэхэмжлэгч Э.С, Б.Э нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, “...Э.Сын тархи доргилт  нь гэмтлийн хөнгөн зэрэгт”, “...Б.Эийн биед тархи доргилт  нь гэмтлийн хөнгөн зэрэгт”,” ...Х.Бын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт” тус тус хамаарах талаар шинжилгээний дүгнэлт гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн  672, 673, 05 тоот дүгнэлтүүд болон бусад  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээрхи нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдсэний дагуу  гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага  хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар хорих оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал,  гэм буруугийн  хэлбэрт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхийг  хүссэн шүүгдэгч М.Агийн давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж    давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Х.Бын нэрийг Х.Баянжаргал гэж буруу бичсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн  1.1 -д  тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын  04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон  48  хоногийг түүний эдлэх ялд нь   оруулан тооцсугай

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                              Б. БОЛОР-ЭРДЭНЭ