Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0547

 

“М а М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Б.М, М.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, М.А, И.Х нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21230000004 дугаартай нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх хэсгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 1, 2 дахь хэсэг /актын хавсралтын 2,3 дахь/ (15 649 746 203.1 төгрөг)-ийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 561 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Б.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/0898/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М а М” ХХК-иас “Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, М.А, И.Х нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21230000004 дугаартай нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх хэсгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 1, 2 дахь хэсэг /актын хавсралтын 2,3 дахь/ (15 649 746 203.1 төгрөг)-ийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 561 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “М а М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, М.А, И.Х нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрйн НА-21230000004 дугаартай нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх хэсгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 1, 2 дахь хэсэг /актын хавсралтын 2, 3 дахь хэсэг/ болох 15 649 746 203.19 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-аар тус компанийн боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрс (бусад) нь ашигт малтмалын хүдэр ангилалд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 81 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http://en.sxcoal.com)-ийн дагуу тооцох, энэхүү тооцсон үнэлгээ нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцно” гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулсан.

Шүүхийн шийдвэрийн “үндэслэл” хэсгийн 10 дугаарт шинжээчийн дүгнэлтээс “MNS 6457:2014 стандартын коксжих чанаргүй нүүрсний ангилалд хамаарах боломжгүй, учир нь эрчим хүчний зориулалттай саб-битумт буюу коксжих чанаргүй нүүрсийг тухайн стандартад тусгаагүй билээ” гэсэн хэсгийг иш татан авч шийдвэрлэсэн боловч, уг стандартад эрчим хүчний зориулалттай буюу хүрэн нүүрсний стандарт үзүүлэлтүүдийг тусгасан байсныг шинжээч тайлбарлаагүйг авч үзэх ёстой. Монгол улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр “Боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад нүүрс байна” гээд “Шинжилгээний дүн болон БТКУС-ийн ерөнхий тайлбар дүрмийн 1, 27 дугаар бүлгийн ерөнхий тайлбар, зүйл 27.01-ийн гарчгийн тайлбарыг үндэслэн ангилав” доорх хүснэгтээр татвар төлөгчийн 2018 оны 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9 саруудад экспортолсон 1,987,650.00 тонн нүүрсний дээжид хийсэн шинжилгээний үр дүн болон Сангийн яамны цахим хуудсаар зарласан коксжих чанаргүй нүүрсний чанарын үзүүлэлттэй зэрэгцүүлэн харуулъя.

Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнгээрх чанарын үзүүлэлт

Нүүрсний ангилал

БТКУС

Чийгтэй жинд тооцсон илчлэг

Үнслэг

Дэгдэмхий

Барьцалдах чанар

Бодит илчлэг

Чийглэг

Хүхэр

Хөөлт

Дүгнэлтийн

дугаар

Огноо

1

Боловсруулаагүй коксжих чанаргүй, бусад нүүрс байна

2701.19.10

5104

22.23

41.01

<6.0

3464

20.17

0.87

<1.0

26495

2017.11.29

2

5126

25.30

40.90

0

3757

19.80

0.84

0

27999

2018.03.21

3

4959

24.38

42.73

<6.0

3201

22.22

0.83

<1.0

28893

2018.05.15

4

4879.5

26.53

46.39

<15

3046

18.37

1.19

0

29625

2018.06.27

5

4871.5

24.10

45.00

<6.0

3147

22.27

1.02

<1.0

30586

2018.08.22

Сангийн яамнаас зарласан чанарын үзүүлэлт

Нүүрс

Төрөл

Нэр

Чанарын үзүүлэлт

Эх сурвалж

Боловсруулаагүй нүүрс

Кокосжих чанаргүй нүүрс

Барьцалдах чанар:

Дэгдэмхий:

Үнслэг:

Илчлэг:

http://en.sxcoal.com

G<50

V=28%-37%

A<=25, >25%

Q>5500, >=4500

 

Эрх бүхий байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлдэг бөгөөд энэхүү мэдээллийг зарлахдаа “боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс” нэртэй дээрх 4 чанарын үзүүлэлтийг хангасан тохиолдолд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар зохицуулсан.

Бид маргааны гол үйл баримт болох Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид нэхэмжлэгч компанийн мэдүүлсэн нүүрсний шинжилгээний үр дүнгээр “...тухайн нүүрсийг нүүрс, нүүрсжих чанаргүй, бусад боловсруулаагүй ... хуурай, бутархай, хар өнгөтэй чулуулаг төлөв байдалтай, ... уг нүүрсний эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг 4871.5-5126 ккал/кг...” гэж дүгнэсэн дүгнэлтийг үндэслэн “Коксжих чанаргүй нүүрсэнд” ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг эрх бүхий байгууллагаас зарласан үнээр тооцон ногдуулсан. Шүүхийн шийдвэрийн 14-т “М а М” ХХК-ийн экспортолсон 2701.19.10 БТКУС кодтой нүүрстэй харьцуулан үзвэл зах зээлийн үнийн мэдээлэлд илчлэгийн хэмжээг 5000>=4500 гэж заасан бөгөөд Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр нэхэмжлэгч компанийн нүүрсний илчлэг 2976-3400 ккал/кг гэж дүгнэснээс үзвэл нүүрсний чанарын гол үзүүлэлт болох нийт чийгийн хэмжээнд хүрэхгүй байх тул уг нүүрсийг 2701.12.13 БТКУС кодтой боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрстэй ижил ангилал гэж үзэж зах зээлийн үнийн мэдээлэлд сар бүр зарлагдсан гэх үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн нь бодит илчлэгээр тооцохоор заагаагүй, мөн зарласан үнийн мэдээлэлд нийт чийгийг хассан байгааг гол үзүүлэлт мэтээр авч үзсэн нь хууль бус юм.

Шинжээчийн дүгнэлтэд “Энэ төрлийн чулуун нүүрсийг битумт эсвэл саб-битумт нүүрсний аль нь болохыг тодорхойлдог чанарын гол үзүүлэлт нь илчлэгийн хэмжээ байдаг ба бусад чанарын үзүүлэлтүүд нь ойролцоо утгатай байхаас үл хамааран олон улсын хэмжээнд “Эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэгийн хэмжээ Qgr,m,mmf нь 5833 ккал/кг утгаас их бол битумт нүүрс, бага бол саб-битумт нүүрс гэж ангилдаг” гэж ирүүлснээс авч үзвэл дээрх гол үзүүлэлт болох Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр Эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг 4871.5-5126 ккал/кг... байгааг дүгнээгүй. Мөн Засгийн газрын 2015 оны 102 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.2-ын 9 дэх заалтыг өөрчлөн найруулсан. Уг өөрчлөлтөөр боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрсний чанарын үзүүлэлтийг “Барьцалдах чанар:Gi<50, Дэгдэмхий:Vdaf 28-37, >37 Илчлэг: Qar>5000, ≥4500, Үнслэг:Ad≤25, ≥25, нийт чийг:Wt<15” гэсэн чанарын үзүүлэлттэйгээр зохицуулсан. Эрх бүхий байгууллагаас 2018 онд зарласан “Боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс”-ний ангиллын үнийн эх сурвалжийг зарлахдаа Засгийн газрын 2015 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан чанарын үзүүлэлтээс “Барьцалдах чанар:Gi<50, Дэгдэмхий:V=28%-37%, >37% Үнслэг:А<=25%, >=25%, Илчлэг:Q>5500, >=4500” байхаар буюу нийт чийгийг оролцуулахгүйгээр хангасан тохиолдолд “Боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс” гэж үзэхээр зохицуулсан. Түүнчлэн эрх бүхий байгууллагаас 2020 оны 03 сараас эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http://en.sxcoal.com)-ийг “Боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс”-ийг чанарын үзүүлэлтээр нь 2 салган “Барьцалдах чанар: G<50, Дэгдэмхий: V=28%-37%, Үнслэг: А<=25%, Илчлэг: Q>5000” болон “Барьцалдах чанар: G<50, Дэгдэмхий: Ѵ>37% Үнслэг: А>=25%, Илчлэг: Q>=4500” гэж тусдаа зарласан нь дээрх үндэслэлүүдээр шийдсэн шийдвэрийг бүхэлд нь үгүйсгэж байгааг тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 561 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, И.Х нар нэхэмжлэгч “М а М” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21230000004 дугаар нөхөн ногдуулалтын актаар 19 420 584 292.63 төгрөгийн нөхөн татвар, 5 826 175 287.79 төгрөгийн торгууль, 3 884 116 858.52 төгрөгийн алданги, нийт 29 130 876 438.94 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.2. Нэхэмжлэгч “нөхөн ногдуулалтын актын 1, 2 дугаар хэсэгт заасан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар (ТТ-15) 2018 онд 1 987 650 тонн боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад төрлийн 244 993 109 080.23 төгрөгийн нүүрсний борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж төсөвт төлөөгүй гэж 19 083 282 586.27 төгрөгийн нөхөн татвар, 5 724 984 775.88 төгрөгийн торгууль, 3 816 656 517.25 төгрөгийн алданги, нийт 28 624 923 978.40 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч” Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслал зөвлөлд гомдол гаргажээ.

2.3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “... гомдол гаргагчийн үнийг тухайн хилийн боомтоор ижил ангиллын нүүрс экспортолж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнэд үндэслэн тооцуулахаар холбогдох материалыг татварын албанд ирүүлсэн С ХХК, Ж ХХК-ийн гэрээний /хэлцлийн үнэ/-тэй харьцуулахад 1-4 сард М а М ХХК-ийн үнэ 26-35 хувиар өндөр байгаа учраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр, 6-9 дүгээр сард 10.1-34 хувиар бага байгаа учраас олон улсын зах зээлийн жишиг үнээр тооцож төлбөр ногдуулахаар байна” гэж дүгнэн татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар 1 987 650.0 тонн 2701.19.10 БТКУС кодтой, боловсруулаагүй, коксжих чанаргүй, бусад төрлийн нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр, торгууль, алданги, нийт 28 624 923 879.41 төгрөгийн төлбөр ногдуулснаас 1-4 дүгээр сард ногдуулсан 8 650 118 450.80 төгрөгийн нөхөн татвар, 2 595 035 535.24 төгрөгийн торгууль, 1 730 023 690.16 төгрөгийн алданги, нийт 12 975 177 676.21 төгрөгийн төлбөрийг бууруулж, 10 770 465 841.83 төгрөгийн нөхөн татвар, 3 231 139 752.55 төгрөгийн торгууль, 2 154 093 168.37 төгрөгийн алданги, нийт 16 155 698 762.74 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

2.4. Улмаар нэхэмжлэгч “М а М” ХХК-иас “Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, М.А, И.Х нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21230000004 дугаартай нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх хэсгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 1, 2 дахь хэсэг /актын хавсралтын 2,3 дахь/ (15 649 746 203.1 төгрөг)-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг анхан шатны шүүх “... нэхэмжлэгч компанийн 2018 онд олборлож, борлуулсан коксжих чанаргүй, боловсруулаагүй, бусад ангиллын 2701.19.10 БТКУС бүхий нүүрсийг гэрээний үнээр баримтлан тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар байна, ... М а М ХХК-ийн экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох нөхцөл шалтгаан тогтоогдоогүй учир Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалын 2.3-д “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлох”-оор байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.5. Учир нь нэхэмжлэгч компанийн маргаж буй 2018 оны 6-9 дүгээр сард Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг стандартаар Чулуун нүүрсийг коксжих, сул коксжих, коксжихгүй гэж 3 ангилж байсан бөгөөд татварын улсын байцаагч нар уг хүчин төгөлдөр стандартын дагуу коксжих чанаргүй нүүрс ангилалд хамаарах нүүрсэнд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу АМНАТ ногдуулсан, харин зарим саруудад нь буруу ногдуулсан байсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл залруулсан нь хуульд нийцжээ.

2.6. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээс ирүүлсэн дүгнэлт нь маргаан бүхий цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан MNS 6457:2014 стандартыг бус харин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа MNS 6457:2023 стандартад үндэслэн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй гэж үзэхээр байна.

2.7. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баталсан бөгөөд Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.2-ын 9 дэх заалт, 2.4-ийн 4 дэх заалтыг тус тус өөрчлөн найруулсан ба ингэхдээ Коксжих чанаргүй нүүрсний чанарын үзүүлэлтийг Барьцалдах чанар Gi <50, Дэгдэмхий Vdaf 28-37, >37, Илчлэг Qar >5000, ≥4500, Үнслэг Ad ≤25, ≥25, Нийт чийг W<15 байна гэж заасан ба Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/73 дугаар тушаалаар “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт” дахь зарим үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсан бөгөөд тус өөрчлөлтөөр Коксжих чанаргүй нүүрс /эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгчийн хэмжээ 5833 ккал/кг-тай тэнцүү эсвэл түүнээс их байх/ бол 2701.12.13 кодтой, Коксжих чанаргүй нүүрс /эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсоноор илчлэгийн хэмжээ 5833 ккал/кг-аас бага байх/ бол 2701.19.10 кодтой байхаар кодолжээ.

2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М а М” ХХК-ийн экспортолсон нүүрс нь дээр дурдсан коксжих чанаргүй нүүрсний чанарын үзүүлэлтийг хангаж байхаас гадна Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн чийгтэй жинд тооцсон илчлэгийн 5 удаагийн шинжилгээний дүнгээр дундаж нь барьцалдах чанар G=08, Дэгдэмхий V40.9%, Үнслэг А=-25,3%, Илчлэг /ккал/кг/ Qar=3757, Qm=5126 ккал/кг гарснаар коксжих чанаргүй нүүрс болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193, 2015 оны 102 дугаар тогтоолуудын дагуу ийнхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн хэргийн оролцогч нарын хэн аль нь 2018 онд “М а М” ХХК-ийн экспортолсон нүүрсний хувь хэмжээ болон Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораториос гарсан дүгнэлтүүдтэй холбоотойгоор маргасан зүйл байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2.9. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ыг баталсан бөгөөд тус аргачлалын 2.1-д “Аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон бүх төрлийн нүүрсэнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 61 дэх хэсэгт заасан зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжид нийтэлсэн үнийн мэдээлэлд үндэслэн тооцно”, 2.2-т “Аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнийг үндэслэн тооцуулах тохиолдолд энэ аргачлалд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, энэ аргачлалд заасан мэдээ, мэдээллийн хамт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайланд хавсарган харьяалах татварын албанд хүргүүлнэ”, 2.3-д “Аж ахуйн нэгжийн нүүрс борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно” гэж тус тус заасан бөгөөд мөн аргачлалын 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцно” гэж заасан.

2.10. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хоорондох “М а М” ХХК, “Ж” ХХК, “С” ХХК, “Ц” ХХК нарын Татварын хяналт шалгалтад ашигласан АМНАТ-ын тооцоолол болон Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, гаалийн мэдүүлэг зэрэг баримтуудаар “М а М” ХХК-ийн 2018 оны 6-9 дүгээр сард экспортолсон коксжих чанаргүй нүүрсний борлуулалтын үнэлгээ нь дээрх 3 хуулийн этгээдийн борлуулалтын үнэлгээнээс 10-аас дээш хувийн зөрүүтэй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагч нарын “М а М” ХХК-ийн 2018 оны 6-9 саруудад экспортлон борлуулсан нүүрсний үнэлгээг Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 2.7 дахь хэсэгт зааснаар тооцоход бусад аж ахуйн нэгжийн борлуулсан үнээс 6 сард 34 хувиар, 7 сард 41-44 хувиар, 8 сард 18 хувиар, 9 сард 18-23 хувиар тус тус бага байсан тул татвар ногдох борлуулалтын үнэлгээг аргачлалын 2.1-д заасны дагуу тооцсон. Түүнчлэн Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 2.7-д “... ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцно” гэж нарийвчлан зохицуулсан” гэх тайлбар үндэслэлтэй.

Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч компанийн 2018 оны 6-9 дүгээр сард экспортолсон коксжих чанаргүй нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг жишиг үнийн аргаар тооцож ийнхүү төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс анх 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд ийнхүү захиргааны хэрэг үүсгэснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан ч энэхүү эрхээ эдэлж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй. Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг ханган, эрхээ эдлэх боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Б.Ж нарт шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т гэх өмгөөлөгчөөс гуурсан хоолойн багтраа оноштойгоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаатай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх боловч нэхэмжлэгчээс уг өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй байх төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах талаар хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул өмгөөлөгч Б.Т-ыг нэхэмжлэгч “М а М” ХХК-ийн өмгөөлөгч гэж шууд дүгнэх боломжгүй байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.6, 47.8, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М а М” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, М.А, И.Х нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21230000004 дугаартай нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх хэсгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 1, 2 дахь хэсэг /актын хавсралтын 2,3 дахь/ (15 649 746 203.1 төгрөг)-ийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.М, М.А, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 

 

                      ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН