Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0456

 

 

 

 

 

2021 07 05 128/ШШ2021/0456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С овгийн Т.Г

Хариуцагч: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаанд *** дугаарт унаач хүүхдийн *** дугаартай бүртгэгдсэн Т.Гын хонгор халзан зүсмийн их насны морийг уралдуулаагүй үүлдэрлэг байдлаар нь хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн З аймгийн Т сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Т.Г  би Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмаар их насны морьдын уралдаанд өөрийн хонгор халзан морийг оролцуулахаар бүртгүүлэхэд үндэслэлгүйгээр хасаж уралдуулаагүй байдаг.

Т.Г миний хонгор халзан их насны морь нь их насны морьдын уралдаанд уралдах гэсэн боловч үүлдэрлэг байдлын шаардлага хангаагүй гэж үзэн хасаж уралдуулаагүй нь үндэслэлгүй байсан тул эс зөвшөөрч Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан ба тус гомдлыг 2020 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн Х/641 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар шилжүүлсэн боловч гомдлыг шийдвэрлэсэн тухай ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан дүрмийн 11.4-т заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Үндэсний их баяр наадмаар мөрдлөг болгож ажилласан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Журам батлах тухай 05 дугаар тогтоолоор батлагдсан Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам-ын 3.1-т Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, биеийн хэсгүүдийн харьцаа /толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно гэж заасан ба хонгор халзан их насны морь нь дээрх шаардлагуудыг хангаж байхад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо хассан нь буруу байна. Хонгор халзан зүсмийн их насны морь нь 2019 оны Их хурд наадамд түрүүлсэн байгаагаас үзэхэд ч 1 жилийн дараа эрлийз гэх үндэслэлээр Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй хасах боломжгүй байна.

Иймд 2020 оны Үндэсний их баяр наадмын их насны хурдан морины уралдаанд Т.Гын хонгор халзан зүсмийн их насны морийг бүртгэхээс татгалзаж, уралдуулаагүй Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр их насны морины уралдаанд хонгор халзан зүсмийн их насны морийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар захиргааны акт амаар болон бичгээр гарах ёстой. 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хонгор халзан зүсмийн их насны морийг салбар хорооноос бүртгэхээс татгалзсан. Тухайн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргахад хариуцагчаас ирүүлээгүй, аман байдлаар гарсан талаар тайлбарладаг. Их насны морьдыг бүртгэсэн, уралдуулахаас татгалзсан бүртгэлийн жагсаалт хэргийн материалд авагдсан.

Маргааны хүрээнд 2005 оны Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам байдаг бөгөөд журмын 3.1 болон 3.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байна. Журмын 3.1-т сэрвээний өндрийн хэмжээг заасан байдаг. Журамд заасны дагуу морьдыг уралдуулахаас татгалзаж, хасах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан, дүгнэлтийг нотлох баримтаар хавсаргасан. Тухайн шинжээчийн дүгнэлтээр хонгор халзан зүсмийн морийг Монгол Улсад байгаа галшир удмын болон Х, С, Х аймгийн адуунуудын нийтлэг биеийн харьцааг харьцуулсан байдлаар шинжлэн судалсан. Сэрвээний өндөр, хүзүү, шилбэний уртын ерөнхий шинж нь нийтлэг байна гэж дүгнэсэн. Иймд салбар хорооноос гаргасан үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй гэсэн дүгнэлт нь хууль бус болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтийг гаргахдаа дараах дөрвөн шинжийг дурддаг. Соотон чихтэй, ямаан хоншоортой, дэл сүүл шингэн, харахад эрлийз морины шинжийг агуулсан байна гэж тайлбарладаг. Гэтэл эдгээр шинжийг нотолсон үйл баримт байхгүй. Уралдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр нь хуулийн үндэслэлгүй мөн холбогдох журмуудыг зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэж байна. MNS олон улсын стандартад заасан 2 хэмжигдэхүүн нь нотлох баримтаар авагдсан. Ямаан хоншоортой, шингэн сүүлтэй, соотон чихтэй гэх шинжүүдийг стандартад заагаагүй байдаг.

Морины хувьд Мөнххаан угшлын адуу гэж явдаг. Хонгор халзан зүсмийн их насны морь нь Их хурд 2019 оны наадамд түрүүлж байсан. Мөн бүсийн чанартай наадамд удаа дараа айрагдаж, түрүүлж байсан. Уралдах бүрдээ шинжлүүлж, бүртгүүлж байсан ч ямар нэгэн маргаан гардаггүй байсан. Гэтэл нэг жилийн дараа 2020 оны наадамд эрлийз гэдэг шалтгаанаар хассан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд хурдан морины уралдаанд Т.Гын хонгор халзан зүсмийн морьдыг уралдуулахгүй хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах дүрэм гэсэн 3 эх сурвалжийн хүрээнд маргаан өрнөж байна. Ардын хувьсгалын 99 жилийн ой буюу 2020 оны Улсын их баяр наадамд хурдан морины уралдаанд уралдахаар бүртгүүлсэн морьдоос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо морийг хасахдаа ямар нэгэн эрх зүйн хэм хэмжээ, шаардлага, стандарт тавилгүйгээр, комиссын гишүүд үзэмжээр хассан үйлдэлд гомдол гаргасан. Монгол морийг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журам одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, тухайн нас насны хурдан морины сэрвээний өндрийг харж, хэрэв нийцэхгүй эргэлзээ бүхий байвал дараах 6 шинжийг харгалзан үзэж, комисс шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Дүрмийн заалтаар их насны морины сэрвээний өндөр 141 см байх ёстой.

Шинжээчийн тухайн өдрийн үзүүлэлтээр хонгор халзан морь 138 см буюу их насны морь хэмжээнээсээ 3 см бага гэж тогтоогдсон. Журмын 3.3-т толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл зэргийг харьцуулан үзнэ гэж заасан. 2020 оны Улсын их баяр наадмын Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга гэрчээр оролцсон. Гэрчээр оролцохдоо шүүгчээс асуусан асуултууд болох морьдыг ямар үндэслэлээр шинжсэн бэ гэхэд нэг морины биеийн хэмжээс сэрвээний өндрийг хэмжихэд 20-оос 30 минут шаардлагатай байдаг учир гадаад шинжээр нь харсан гэж хариулдаг. Хоёрдугаарт Ямар учраас соотон гэж дүгнэсэн бэ гэхэд мэдэхгүй байна гэсэн. Хасагдсан хоёр морины духны өргөн ямар хэмжээтэй байсан бэ гэхэд хэмжээгүй учир хэлж мэдэхгүй байна, хонгор халзан их насны морь үүлдэрлэг байдлаар илт тэнцэхгүй байсан учир сэрвээний өндрийг хэмжээгүй гэсэн мэдүүлэг өгсөн. 2020 онд 1400 морь бүртгүүлээд, түүний 46 хувь орчим нь хасагдаад 800 гаруй морь 6 насны ангилалд уралдаж байсан.

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн Хурдан морины салар хорооны их насны морьдын үүлдэрлэг байдлыг тогтоосон баримтад толгой, хоншоор, чих, өрөмдлөг, дэл, сүүл гэсний ард нь зөвлөөд явсан байна. Ямар учраас монгол морины шинжийг агуулахгүй байгаа талаар тайлбарлаж бичээгүй байна. Их насны морьдын бүртгэлийн *** дүгээрт Т.Гын хонгор халзан 9 настай морь бүртгэгдсэн. Тухайн морь нь 2018 оны Улсын баяр наадамд түрүүлсэн, 2019 оны бүсийн наадамд түрүүлсэн, Их хурдад нэг айрагдсан. Бүртгэлийн хуудсанд хонгор халзан морьтой адил амжилттай морь бараг байхгүй.

Ардын хувьсгалын 99 жилийн ойд хонгор халзан зүсмийн их насны морийг уралдуулахаас татгалзсан үйлдэлд нэхэмжлэл гаргасан. Улсын их баяр наадамд жил бүр Хурдан морины салбар хорооноос санал гаргадаг. Тухайн саналд их насны морийг тогтсон нас гэж ангилдаг бөгөөд хонгор халзан зүсмийн морины хувьд сүүлийн наадам байсан. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Т.Гын дөрвөн морь Улсын их баяр наадмын уралдаанд түрүүлсэн. Үүлдэрлэг байдлын шинжилт, сэрвээний өндрийг хэмжээгүйн улмаас уяач болон унаач хүүхдийн эрхийг зөрчиж байна.

2015 оны Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журамд Сэрвээний өндөр нь дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий харьцаа эргэлзээ төрүүлсэн тохиолдолд эрлийз адууг уралдуулахгүй гэсэн заалтын дагуу хассан гэсэн тайлбарын хүрээнд маргаж байна. Тухайн хонгор халзан морийг хасахдаа ямар нэгэн байдлаар хоншоор, хүзүү, хүзүүний сүүл, дэл, сүүлний шинжилгээ хийгээгүй болох нь талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн хонгор халзан морийг уралдуулахаас хассан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад Т.Гын хонгор халзан зүсмийн их насны морийг бүртгэхээс татгалзаж уралдуулаагүй гэжээ. Гэтэл энэ хонгор халзан морь нь их насны морьдын бүртгэлийн *** дүгээрт бүртгэгдсэн байна.

Иргэн Т.Г хэргийн материалын талаар дурдахдаа хонгор халзан их насны морь нь их насны морины уралдаанд уралдах гэсэн боловч үүлдэрлэг байдлын шаардлага хангаагүй гэж үзээд хасаж уралдуулаагүй нь үндэслэлгүй гэжээ. Хурдан морины салбар хороо үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын саналыг үндэслэн байгуулагдаж ажилладаг ба энэ ажлын хэсэг нас, насны морьдыг үүлдэрлэг байдлаар хассан шалтгааныг тэмдэглэл хөтөлж баталгаажуулдаг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо хурдан морьдын үүлдэрдэг байдлыг тогтоох ажлын хэсгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/2378 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу малын генетик нөөц, удмын сан, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бүхий 7 хүний бүрэлдэхүүн ажиллаж хурдан морьдын үүлдэрлэг байдлыг тогтоож ажилласан. Дээрх ажлын хэсгээс хонгор халзан морь нь гадаад хэв шинжээр ямаан хоншоортой, соотон чихтэй, аман хүзүүний залгаа хүзүүний суулт буюу өмөлдрөг дээр, дэл, сүүл шингэн зэрэг шинжүүдээр үүлдэрлэг байдалд тэнцэхгүй гэж дүгнэж, хурдан морины уралдаанд уралдуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Т.Г өөрийн нэхэмжлэлдээ дурдсанаар хонгор халзан морь Их хурд хурдан морины уралдаанд уралдаж байсан нь 2020 оны Үндэсний их баяр наадмын хурдан морины үүлдэрлэг байдлын шалгуурыг хангана гэж хууль зүйн үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хонгор халзан зүсмийн морийг их насны морьдын бүртгэлийн *** дүгээрт бүртгэсэн. Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгээс наадамд уралдах 6 насны морьдын үүлдэрлэг байдлыг тогтоож шинжсэн. Уг ажлын хэсгээс хонгор халзан их насны морь, хүрэн халзан зүсмийн соёолон морьд нь гадаад хэв шинжээрээ ямаан хоншоортой, соотон чихтэй, аман хүзүүний залгаа, хүзүүний суулт буюу өрөмдлөг дээр дэл сүүл шингэн зэрэг шинжүүдээр үүлдэрлэг байдалд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаж, хурдан морьдын уралдаанд уралдуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Шийдвэрийг гаргахад тухайн морьдод сэрвээний хэмжилт хийгээгүй. Учир нь тухайн адуутай холбоотой шүдлэх ажил хийгддэг. Шүдлэх ажлын дараа үүлдэрлэг байдлыг гадаад хэв шинжээр нь харж тогтоодог. Тухайн морьд нь үүлдэрлэг байдал нэгэнт илэрхий байсан учир ажлын хэсгээс сэрвээний өндрийг хэмжээгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын 3.1-т заасныг үндэслэн уг хоёр морийг уралдуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын саналаар байгуулагдсан үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг тухайн морьд байгаа газар дээр нь очиж хурдан морьдыг ялгаж байсан. Үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүс мал эмнэлэг, малын удам зүйн мэргэшсэн албан хаагчид байгаа.

Хонгор халзан их насны морь нь Их хурд наадамд түрүүлж байсан гэж байна. Энэ нь тухайн морь нь монгол морины шинжийг агуулж байна гэж үзэх шууд үндэслэл болохгүй.

Бүртгүүлсэн морийг хасахдаа бүртгэлийн дугаарыг дугуйлж, хасагдсан морьдын жагсаалт үйлдсэн. Өөр тусдаа шийдвэр гардаггүй. Сэрвээний өндөр хэмжсэн, үүлдэрлэг байдлыг шалгасан тэмдэглэл үйлдсэн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос хонгор халзан морины сэрвээний өндрийг хэмжээгүй. Гадаад хэв шинжийн хувьд эрлийз адуу мөн гэж үзсэн.

Шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон хонгор халзан морь хасагдсан морь мөн эсэхэд гомдол, санал байхгүй.

Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжлийн мал зүйчид уралдуулах эсэх болон үүлдэрлэг байдлыг тогтоох асуудлыг газар дээр нь хэмжиж шийдвэрлэсэн. Тухайн морь нь гадаад хэв шинжээрээ Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журмын 3.3-т заасан шаардлагын хувьд нийцэхгүй гэж үзсэн. Цаашид холбогдох журмыг нарийвчлан зохицуулах шаардлага үүсэж байна. Шинэчлэн найруулсан төсөл Улсын Их Хуралд хэлэлцэгдэж байгаа. Малтай холбоотой удмын бүртгэлийн сан бий болгож, паспорттой болгож шийдвэрлэх нь зүйтэй талаар яригдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гэрчээр Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нарийн бичгийн бичгийн даргаар ажилласан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хурдан морины салбар хорооноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүсэлт тавьсны дагуу үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт орох мэргэжилтнүүдийн нэрсийг Хурдан морины салбар хороонд хүргүүлсэн. Ажлын хэсэг үүний дагуу ажилласан. Ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэй.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмын 3-т заасны дагуу ажилласан. Эхлээд үүлдэрлэг байдлыг биеийн ерөнхий галбир, биеийн хэсгүүдийн харьцаагаар тогтооно. Үүлдэрлэг байдлыг биеийн галбир, биеийн хэсгүүдийн харьцаагаар тогтоосны дараа сэрвээний өндрийг давхар хэмждэг. Үүлдэрлэг байдал гэсэн агуулгад биеийн ерөнхий галбир, дэл сүүл, биеийн хэсгүүдийн хэмжээс, сэрвээний өндөр бүгд хамаарна. Хонгор халзан морь биеийн ерөнхий галбир, дэл сүүл, биеийн хэсгүүдийн харьцаагаар үүлдэрлэг байдлын хувьд илт тэнцэхгүй байсан тул сэрвээний өндрийг хэмжээгүй. Гадна төрхийн хувьд эрлийз морь байсан. Биеийн ерөнхий хэв шинж нь ямаан хоншоортой, соотон чихтэй, дэл сүүл шингэн байсан. Улсын ангилал, ангийн ангилал гэж 2 янзын мэргэжлийн дүгнэлт байдаг. Үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг ангийн ангилал хийсэн. Улсын ангиллаар толгой, хүзүү, шилбэ, цээжний бүслүүр, хондлой зэргийг бүгдийг хэмжиж шинжих ёстой. Гэтэл 1 морийг хэмжихийн тулд 20-30 минут шаардагдах тул хэмжээгүй, гадаад хэв шинжийг харсан. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г нь 2020 оны Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаанд *** дугаарт, унаач хүүхдийн *** дугаартай бүртгэгдсэн хонгор халзан зүсмийн их насны морийг уралдуулаагүй үүлдэрлэг байдлаар нь хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь Үндэсний их баяр наадамтай холбоотой бүхий л харилцааг зохицуулах бөгөөд энэ хуульд Үндэсний их баяр наадам нь улсын баяр наадам, аймаг, сумын баяр наадмаас бүрдэхээр, улсын баяр наадмыг тэмдэглэх газрыг Засгийн газар тогтоохоор, Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ой болон нийслэлийн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр, баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор, үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол олгохгүй, улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд хурдан морь нь түрүүлсэн, айрагдсан тоогоор улсын алдарт, манлай, тод манлай уяач цол олгохоор, тэр дундаа түрүүлсэн, айрагдсан морьдын 50 ба түүнээс дээш хувьд нь азарга, их насны ангилалд байхаар, цол олгох уяачийн амжилтыг тооцохдоо тухайн уралдааныг зохион байгуулж буй Хурдан морины салбар хорооны бүртгэлийг үндэслэл болгохоор хуульчилсан байх тул 2020 оны Үндэсний их баяр наадамд уралдуулахаар бүртгүүлсэн их насны морийг хассан Хурдан морины салбар хорооны шийдвэр нь захиргааны байгуулагаас гаргасан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэсэн захиргааны акт мөн гэж үзэж шийдвэрлэлээ.

Т.Гын хонгор халзан зүсмийн их насны морь 2020 оны Үндэсний их баяр наадамд уралдах их насны морьдын бүртгэлийн *** дугаарт, унаач хүүхдийн *** дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг хонгор халзан зүсмийн их насны морийг үүлдэрлэг байдлаар нь Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй хасахаар шийдвэрлэж, үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөр хасагдсан морьдын жагсаалт үйлдэж, жагсаалтын 11-д унаач хүүхдийн *** дугаараар халзан морь бичигдсэн, уг жагсаалтад сэрвээний өндрийг хэмжсэн тэмдэглэгээгүй, журмын 3.3 үүлдэрлэг байдал хэсэгт толгой ямаан хоншоортой, чих соотон, хүзүү, хүзүүний суулт хэсэгт өмөлдрөг дээр, дэл сүүл шингэн гэсэн дэд хүснэгтэд зөвлөж тэмдэглэгээ хийсэн, мөн их насны морьдын бүртгэлийн *** дугаарыг дугуйлсан байна.

Нэхэмжлэгч нь ийнхүү бүртгэлээс уралдуулаагүй хассан Хурдан морины салбар хорооны шийдвэрийг захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа хэмээн уг шийдвэрийг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд, зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болохоор заасан бөгөөд Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмээр Хурдан морины салбар хороо нь морьдыг бүртгэх, уралдаанд оролцуулахгүй хасах, уралдааныг зохион байгуулах, уралдаантай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэх чиг үүрэгтэй байна.

Иймд 2020 оны Үндэсний их баяр наадамд уралдуулахаар бүртгүүлсэн их насны морийг хассан шийдвэрийг гаргасан, хууль, дүрмээр энэ чиг үүргийг хариуцсан Хурдан морины салбар хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж гомдол гаргасны дараа Хурдан морины салбар хороонд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан тул хариуцагчийг зөв тодорхойлсон гэж үзлээ.

Т.Гын хонгор халзан зүсмийн их насны морь 2020 оны Үндэсний их баяр наадамд уралдах их насны морьдын бүртгэлийн *** дугаарт, унаач хүүхдийн *** дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг хонгор халзан зүсмийн их насны морийг үүлдэрлэг байдлын хувьд гадаад хэв шинжээр ямаан хоншоортой, соотон чихтэй, аман хүзүүний залгаа хүзүүний суулт буюу өмөлдрөг дээр, дэл, сүүл шингэн зэрэг шинжүүдээр эрлийз буюу үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй гэж дүгнэж, Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй хасжээ.

Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нарийн бичгийн бичгийн даргаар ажилласан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Б шүүх хуралдаанд гэрчээр хонгор халзан зүсмийн их насны морь нь гадаад хэв шинж буюу ямаан хоншоортой, соотон чихтэй, дэл сүүл шингэн гэх мэт шинжүүдээр үүлдэрлэг байдлаар тэнцээгүй, гадна төрхийн хувьд илт эрлийз морь байсан, үүлдэрлэг байдлаар илт тэнцэхгүй байсан учир сэрвээний өндрийг хэмжээгүй гэж мэдүүлснээс, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хонгор халзан зүсмийн их насны морины үүлдэрлэг байдлыг тогтооход сэрвээний өндрийг хэмжээгүй, биеийн гадаад хэв шинжээр эрлийз морь гэж үзсэн хэмээн тайлбарласнаас үзэхэд Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг хонгор халзан зүсмийн их насны морийг үүлдэрлэг байдлын хувьд гадаад хэв шинжээр ямаан хоншоортой, соотон чихтэй, аман хүзүүний залгаа хүзүүний суулт буюу өмөлдрөг дээр, дэл, сүүл шингэн зэрэг шинжүүдээр эрлийз буюу үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй гэж дүгнэж, сэрвээний өндрийг хэмжээгүй байна.

Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор батлагдсан Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмын 3.1-д монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгохоор, 3.2-т монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ. Үүнд их нас 141 см, 3.3-т сэрвээний өндөр нь дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/-ын хувьд эрлийз адууг уралдуулахгүй гэж салаа утгатай, тодруулбал ерөнхий галбир, бие цогцосын хэмжээг, сэрвээний өндрийн хамт үндсэн үзүүлэлт болгож харгалзахаар заасан атал, нөгөө заалтаараа сэрвээний өндрөөр шаардлага хангасан ч биеийн ерөнхий галбир, бие цогцосоор эрлийз адуу гэж үзэж болохоор заажээ. Гэхдээ уг журмын баримтлах зарчимд ажлын хэсгийн нэрийг чиг үүргийнх нь байдлаар сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсэг хэмээн нэрлэсэн байдаг.

Нөгөөтэйгүүр сэрвээний өндөр хүрэхгүй ч биеийн ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/-ын хувьд эрлийз адуу гэж үзсэн бол уралдуулахгүй хасахаар заасан ч биеийн ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/-ын хувьд ямар байхыг эрлийз гэж үзэх, монгол адуу ямар байхыг заагаагүй тул 2020 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн хонгор халзан их насны морийг үүлдэрлэг байдлын хувьд тэнцэхгүй гэж хассан ямаан хоншоортой, соотон чихтэй, дэл, сүүл шингэн гэсэн шинж нь монгол адуу биш бөгөөд эрлийз адуу юм гэх үндэслэлийг шууд тодорхойлохгүй байна.

Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд үүлдэрлэг байдлыг тогтоох, үүлдэрлэг байдлаар уралдуулахгүй хасах талаарх зохицуулалт байхгүй, зөвхөн шүдлэх, шүдээр тохирохгүй морийг хасах зохицуулалт бий бөгөөд, 2020 оны 7 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Мал аж ахуй. Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага MNS 6464:2014 Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаан, хурдан морины бүсийн уралдаан, аймаг, сумдын хурдан морины уралдаан зохион байгуулахад хамаарах хурдан морины уралдааныг эрлийз /холимог цусны/ болон монгол адууны ангиллаар зохион байгуулахад уралдах морьдыг ялгахад баримтлах сэрвээний өндрийн хэмжээг тогтоох зорилго бүхий стандартаар сэрвээний өндрийн дээд хэмжээг тогтоосон, үүнд их насны морины сэрвээний өндөр 143 см, түүнээс доош байж гэмээнэ Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаан, хурдан морины бүсийн уралдаан, аймаг, сумдын хурдан морины уралдаанд уралдаж болохоор байна.

Ийнхүү үндэсний стандартаар Үндэсний их баяр наадамд монгол морьдтой уралдаж болох их насны морины сэрвээний өндрийн дээд хэмжээг заасан байхад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг баталж, ингэхдээ ерөнхий галбир, бие цогцосын хэмжээг, сэрвээний өндрийн хамт үндсэн үзүүлэлт болгож харгалзахаар, бас сэрвээний өндрөөр шаардлага хангасан ч биеийн ерөнхий галбир, бие цогцосоор эрлийз адуу гэж үзэж болохоор заасан, гэхдээ биеийн ерөнхий галбир, бие цогцосын хэмжээс ямар байвал монгол гэж үзэх, эрлийз гэж үзэхээ ялгаж тодорхойлоогүй, Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг энэ маргаанд хамаарах хонгор халзан зүсмийн их насны морины сэрвээний өндрийг хэмжихгүйгээр шууд ямаан хоншоортой, соотон чихтэй, дэл сүүл шингэн гэх стандарт болон журамд заагаагүй шинжээр эрлийз гэж тодорхойлж, энэ үндэслэлээр их насны морьдын бүртгэлээс хасаж уралдуулаагүй Хурдан морины салбар хорооны шийдвэр үндэслэлгүй болжээ.

Шүүхээс хүсэлт тавьж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв болон Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо НҮТББ-аас санал болгосноор Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, био технологийн сургуулийн багш, адуу судлаач, доктор, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, мал зүйч, адуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, адуу судлаач, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дэргэдэх Адууны үүлдэр, ашиг шимийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат мал зүйч, шинжээч, профессор, зөвлөлийн гишүүн, шинжээч мал зүйч гэсэн мэргэжлийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хонгор халзан зүсмийн их насны морины сэрвээний өндрийн хэмжээ, ерөнхий галбир, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл тус бүр ямар шинжтэй, энэ нь монгол морины шинжийг агуулж буй эсэхийг тогтоолгосон, шинжээчдийн дүгнэлтээр хонгор халзан их насны морь хоншоорын тойрог нь 56 см /хэмжилт хийж буй зургаар хоншоорын тойрог 50.5 см/, чихний урт болон тойрог 16 см, хүзүүний тойрог чахалзуураараа 72 см, хүзүүний урт 53 см, сэрвээний өндөр 138 см байх бөгөөд ямаан хоншоортой, соотон чихтэй болох нь тогтоогдоогүй, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хүзүү, хүзүүний суултын хувьд эрлийз гэх үндэслэлгүй байна. гэж дүгнэжээ. Дүгнэлтэд мөн эрдэмтдийн судалгаагаар эрлийз адууны толгойн урт 60 см ба түүнээс дээш байдаг бол энэ морины толгой 58 см буюу монгол адууны толгойн уртын дундаж хэмжээнд байгааг, их насны эрлийз морины хөлийн урт буюу өндөр 90 см-ээс дээш байдаг бол энэ мориных 82 см байгаа нь монгол адууны дундажтай адил байгааг, дэлний нарийн дунджаар 110.1 мкм, сүүлний нарийн дунджаар 160.4 мкм байгааг, энэ нь монгол адууны дэл сүүлний стандарт үзүүлэлттэй тохирч байгааг, монголд үржүүлж буй арабын эрлийзээс бүдүүн байгааг дурджээ.

Ийнхүү мал зүйч, адуу судлаач мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хийсэн дүгнэлтээр нэхэмжлэгч Т.Гын англи жи үсгэн тамгатай, хонгор халзан зүсмийн их насны морь нь сэрвээний өндрийн хэмжээ, ерөнхий галбир, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл тус бүрээр монгол адууны шинжийг агуулсан болохыг тогтоосон, 2020 оны Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг сэрвээний өндрийг хэмжихгүйгээр стандарт болон журамд заагаагүй шинжээр эрлийз гэж тодорхойлж 2020 оны Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаанаас хассан Хурдан морины салбар хорооны шийдвэр үндэслэлгүй, нэхэмжлэгч, уяач Т.Гын улсын их баяр наадамд морь уралдуулах, улсын цол хүртэх амжилт тооцуулах эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.8, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаанд *** дугаарт унаач хүүхдийн *** дугаартай бүртгэгдсэн Т.Гын хонгор халзан зүсмийн их насны морийг уралдуулаагүй үүлдэрлэг байдлаар нь хассан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА