Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: ...............оршин суух, ........онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ............., Борлууд овогтой Ц.Б-ны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ............... сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

        Сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны  11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Ц нь хөдөө машинтай явж байгаад машиных нь зүүн талын гар гэдэг эд анги хугарч унасны улмаас хээр саатлаа гэж ярьсан. Тухайн үед би Малчин сумаас машин хөлслөн очиж, эхнэрээ аваад өөрийн машинаа хээр үлдээгээд ирсэн. Ингээд би 2018 оны 10 дугаар сарын 08-ны 1 дэх өдөр хээр байгаа машинаа засах зайлшгүй шаардлагатай болсон тул сургуулийн захирал Х.А-аад нөхцөл байдлаа танилцуулан чөлөө олгож өгөхийг хүссэн. Тухайн үед захирал Х.А надад чөлөө өгөхөөр зөвшөөрсөн бөгөөд би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр машины сэлбэг хайж олж аваад 09, 10-ны өдрүүдэд хээр хонож машинаа зассан. Гэртээ ирээд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өглөө босож ажилдаа явах гэсэн боловч миний биеийн байдал муудаж, даралт унаж, эмчилгээ хийлгэсэн. Үүний маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа бэлэн очсон. Машин эвдэрсэн газар ямар нэгэн сүлжээ барьдаггүй байсан учир ар гэрийнхэнтэйгээ ч утсаар холбогдож чадаагүй. Сургуулийн дотоод журамд зааснаар бид шаардлага гарсан үед 3 хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй байдаг тул би анх захирал Х.А-аас 3 хоногийн чөлөө хүссэн. Намайг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа ирэхэд захирал Х.Алимаа Улаанбаатар хот явсан байсан. Удалгүй хотоос ирээд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг өрөөндөө дуудаж уулзаад “Та 3 хоногийн ажил тасалсан, энэ нь таныг ажлаас халах үндэслэл болж байна” гэж загнасан. ... Ингээд удалгүй 2018 оны 10 дугаар сарын цалин тавихад миний цалингаас 3 өдрийн цалин 102.855 төгрөг хассан байсан. Би сар бүр тогтмол цалин авдаг ба үндсэн цалин 657.134 төгрөг, Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор 65.713 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 65.713 төгрөг, нийт 788.560 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 86.742 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 58.516 төгрөг суутгуулаад гар дээрээ 643.302 төгрөгийн цалин авдаг. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 26-нд үндсэн цалинд 571.421 төгрөг, Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор 57.142 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэлд 57.142 төгрөг, нийт 685.705 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 75.428 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 49.362 төгрөг төлж, гар дээр 560.916 төгрөгийн цалин авсан. Үүний зөрүү нь 102.855 төгрөг болж байгаа юм. Миний цалинг хасаж шийдвэрлэхдээ захирал ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, надад танилцуулаагүй тул хууль бусаар миний эрхэд халдсан гэж үзэж байна. Намайг байгууллагын дотоод журмын ямар зүйл заалт зөрчсөн, мөн Хөдөлмөрийн хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн яаж зөрчсөн талаар огт танилцуулаагүй, шууд амаар шийдвэр гарган цалин хассанд гомдолтой байна. Захирал Х.А амаар шийдвэр гарган миний цалинг хассан явдлыг надад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх эсэхийг би мэдэхгүй юм. Цалин хассан тушаалаа авах гэхэд “Тийм тушаал гараагүй” гэсэн. Хэрэв надад цалин хасах сахилгын шийтгэл ногдуулж байгаа бол бичгээр тушаал шийдвэр гаргах байсан гэж үзэж байна. Би захирлаас чөлөө авч явахдаа ажлаа зохицуулаад явсан бөгөөд орох ёстой байсан хичээлээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд нөхөж орсон болно. Иймд Увс аймгийн ......... сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын надад оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын цалингаас 3 хоногийн цалин 102.855 төгрөг хассан шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү ... Мэдээж би 102.855 төгрөгөө л хариуцагчаас гаргуулж авмаар байна” гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн ........... сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Тус шүүхэд багш Ц.Б-ны гурав хоногийн цалин буюу 102.855 төгрөг хүсэж гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар хүргүүлж байна. Багш Ц.Б 2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөө машин эвдэрсэн тул хагас өдрийн чөлөө хүссэнд бүтэн өдрийн чөлөө өгсөн билээ. Гэтэл 10 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд урдчилан мэдэгдэхгүйгээр, шалтгаангүйгээр ажил тасалсан бөгөөд тухайн багшийг хариуцан ажилладаг сургалтын менежер Н.Н-аас асуухад “Надад мэдэгдээгүй, мэдэхгүй” гэж хичээлийн хуваариа өөрчлөн зохицуулж, шинэ хуваарь гарган оруулж байсан. Мөн охин Б.Ө-аас асуухад “Аав согтуу унтаж байгаа, цай уучихаад буцаад унтсан” гэж хэлсэн билээ. Байгууллагын дотоод журамд цалинтай чөлөө олгох заалт байдаг боловч тухайн нөхцөл байдалд цалинтай чөлөө олгох боломжгүйг 10 дугаар сарын 15-ны өдрийн хамт олны хурал дээр багш, ажилчид, байгууллагын хуралд оролцож байсан сумын Засаг дарга Б.С, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б нарын дэргэд мэдэгдсэн билээ. Яагаад гэвэл эдгээр өдрүүдэд сургууль дээр аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.А-аар ахлуулсан ажлын хэсэг манай суманд ажиллаж байсан бөгөөд багш Ц.Б нь өдөр ажил тасалсан мөртөө 10 дугаар сарын 10-ны орой багш нарын баярын хурал, цэнгүүн дээр согтуу, 10 дугаар сарын 11-ний орой 6 цагийн цайллага дээр мөн согтуу орж ирсэн, өдөр хадам ээж нь сургууль дээр хайж ирсэн зэрэг нь хамт олон, сумын иргэдэд илэрхий байхад дотоод журамд заасан цалинтай чөлөөг олгох боломжгүй юм. Сургалтын менежер Н.Н-ийн ирцийн дэвтэр дээр тасалснаар бүртгэгдсэн, 10 дугаар сарын дунд ангийн багш нарын цагийн тооцооны хуудсанд тасалснаар тооцогдож орж ирсэн бөгөөд эдгээр нөхцөл байдал үнэн, ажлаа шалтгаангүйгээр тасалсан тул зөвшөөрч гарын үсэг зурж 10 дугаар сарын цагийн тооцоонд 3 хоног тасалснаар тооцогдсон болно. ... Төрийн албан хаагчийн ёс зүй, багшийн ёс зүйг ноцтойгоор зөрчсөн хариуцлагагүй цаг ашиглалтгүй, дэг журамгүй энэ мэт үйлдлийг хэвийн үзэгдэл мэт үзэж байгаа нь хамт олонд буруу үлгэр дуурайлал болж байгаад сэтгэл эмзэглэж байна. Ийм учраас багш Ц.Б-ийн нэхэмжилсэн 3 хоногийн цалин 102.855 төгрөгийг олгох боломжгүй гэж үзэж байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Увс аймгийн .......... сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, цалингаас үндэслэлгүй хассан 102.855 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд Увс аймгийн .......... сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал шатар, даамны багш Ц.Б-г 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх 3 хоногийн ажил тасалж, 10 дугаар сард ажлын 23 хоног байснаас 20 хоног ажилласан хэмээн үзэж, “... Ц.Б багшийг хариуцсан менежерийн хөтөлдөг “Ирцийн бүртгэл 10 сар” гэсэн баримтыг үндэслэн гарсан “Цагийн тооцоо”-ны баримтыг би гарын үсэг зурж баталгаажуулснаар Ц.Б-ийн цалингаас 3 хоногийн цалинг хассан” хэмээн тайлбарласан.

            Сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан “.......... сумын дунд сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.3-д “Түр чөлөө олгох” асуудлыг зохицуулсан байх ба 10.3.8-д “Дотоод журмын дагуу чөлөө авсан ажилтныг тусгай маягтын дагуу бүртгэж, шалтгаан нөхцөлийг тэмдэглэнэ” гэснийг талуудын хэн аль нь биелүүлээгүйгээс энэхүү маргаан үүссэн байх бөгөөд хэн, хэзээ, ямар шалтгааны улмаас хэд хоногийн чөлөө авч байгаагаа тусгай маягтын дагуу баримт хөтлөөгүй, улмаар хэрэв Ц.Б 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бие өвдөж, эрүүл мэндийн байдлын улмаас ажилдаа ирээгүй бол тэрээр үүнийгээ нотолсон баримтыг ажил олгогчдоо болон шүүхэд гаргаж ирүүлээгүй, урьдчилан мэдэгдэхгүйгээр ажил тасалсан нь тогтоогдож байх тул дотоод журмын 10.3.11, 11.1.1, 11.1.7-ийн С хэсэгт тус тус зааснаар сахилгын шийтгэл хүлээх нь зүйд нийцнэ.

          Мөн нэхэмжлэгч нь “10 дугаар сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд урьдчилан мэдэгдэх боломжгүй буюу утасны сүлжээгүй газарт эвдэрсэн машинаа зассан, 11-ний өдөр бие өвдсөн тул гэртээ өнжсөн” гэсэн тайлбар гаргасан боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

        Гэвч хариуцагч буюу ажил олгогч нь ажилтанд өөрийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл болон дотоод журмын дээрх холбогдох заалтын дагуу ямар сахилгын шийтгэлд, ямар арга хэмжээ авсан тухайгаа бичгээр баталгаажуулж, улмаар ажилтны цалин, хөдөлмөрийн хөлснөөс зохих хэмжээний суутгалыг хийх ёстой атал хариуцагч нь ийм бичгийн баримтыг үйлдээгүй болох нь тогтоогдож байна.

           Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т зааснаар “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ... үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж буюу ажил олгогчийг ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа “шийдвэр” гаргасан байхыг шаарджээ.

        Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн .......... сумын Ерөнхий боловсролын сургуулиас 102.855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-нд олгож шийдвэрлэв.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Малчин сумын Ерөнхий боловсролын сургуулиас 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-нд олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн .......... сумын Ерөнхий боловсролын сургуулиас 102.855 /нэг зуун хоёр мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-нд олгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-нд олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА