Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/1298/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1321 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1321
2022 10 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч: Б.Энэрэл,
шүүгдэгч: П.Д /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Д-нд холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л овогт П-ийн Д /РД:000000000000000/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Нарантуул зах дээр тэрэг түрдэг ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, түүний охины хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баруун турууны 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.Д нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 0 тоотод иргэн Д.О-ийг “миний мөнгөө яаж зарцуулах чамд хамаагүй, чамд тайлагнах албагүй” гэж хэлээд түүний нүүр болон зүүн гарын булчин хэсэгт нь гараараа олон удаа цохиж, зодон, эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч П.Д нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 0 тоотод найз бүсгүй Д.О-ийг мөнгөнөөс болж маргалдан түүний нүүр рүү нь 3-4 удаа болон зүүн гарын булчин хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
- Иргэн Д.О-гийн цагдаагийн байгууллагад 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 17 минутанд гаргасан “...хамтран амьдрагч Д хүний нүүрлүү цохиод бүлцийлгээд хаясан...” гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3-р хуудас/,
-Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....найз залуугаасаа Соно аппликейшнийхээ зээлийг төлсөн юм уу? гэж асуухад нөхөр маань төлөөгүй байсан. Тэгээд би гар утсыг нь аваад мессежнийх нь хогийн савруу нь ороод үзэхэд хаан банкны данснаас нь 315.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн байна гэсэн мессеж устгагдсан байсан болохоор нь би найз залуугаасаа ямар учиртай гүйлгээ хийснийг нь асуухад нөхөр маань чамд хамаагүй би юм болгоноо чамд тамлагдах албагүй гэж хэлэхээр нь би нөхрөө дагуулаад Голомт банкны Тэгээд би картанд нь үлдсэн 90.000 төгрөгнөөс 35.000 төгрөгийг нь авч зээлээ сунгасан. Энэ хооронд миний найз залуу Д нь намайг хэл амаар доромжилж ...намайг харааж байсан. Дараа нь би гэртээ 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед босоод нөхрийгөө намайг дагаж яваад эмнэлэгт шинжилгээ өг гэхэд би яагаад шинжилгээ өгдөг юм. чи өөрийнхөө гэрт байгаа болохоор том байна уу? гэж хэлээд намайг үстэж аваад миний зүүн гар булчин хэсэгрүү баруун гараараа 4-5 удаа цохиж улмаар миний зүүн хацар луу баруун гараараа 3 удаа цохисон. ...намайг орлуу түлхээд орилохоо боль гээд байсан. Боосон асуудал байхгүй. Намайг Д зодож цохиж байгаагүй 2022 оны 05 сард намайг ажлын хүмүүстэй зугаалганд яваад ирэхэд бид хоёр маргалдаж байсан. Зодож цохисон асуудал байхгүй. Би мэдүүлэг дээрээ маргалдаж байсан гэж хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ..Миний найз залуу Д бид 2 байсан, өөр хүн байгаагүй ...Бид 2 албан ёсны гэр бүл биш. Д нь миний найз залуу, гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч эхлээд 4 сар болж байна. бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10, 12-р хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“...1. Д.О-гийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 52-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч П.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Намайг 200,000 төгрөг юунд үрсэн талаар асуугаад маргаан эхэлсэн. Би архи авч уусан гэж хэлэхэд надад итгэхгүй маргаан болсон. Мөн хоноод маргааш өглөө нь хэрүүлээ хийгээд орилж хашхираад байсан. Маргаан болох үед О бид 2 байсан өөр хүн байгаагүй...” гэж /хх-ийн 40-41-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 46-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 47-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 48-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.О-гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч П.Д нь хохирогч Д.О-гийн нүүр рүү болон гар руу нь хэд хэдэн удаа цохиж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Д-нг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Д-нг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч П.Д-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч П.Д нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч П.Д-нг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч П.Д-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэгийг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-нд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Д нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт П-гийн Д-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-нд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар П.Д-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА