Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1348

 

 

 

 

       2022            10             31                                                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Н.Улсболд,

шүүгдэгч: Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын Г /РД:0000000000/,

Монгол Улсын иргэн,******** оны *** дугаар сарын ***-ны өдөр ******** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Алтан-Өлгий 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 02 жил, 06 сарын хорих ял оногдуулж, мөн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар, 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзаж, хугацааны өмнө сулласан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 05 жил, 06 сар, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 05 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 08 сар, 28 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн гадна хохирогч Ч.Э тэй “дайвар ачааны талаар” ярьж, улмаар маргалдаж, түүний нүүрэн хэсэгт баруун гараараа 2-3 дуаа цохисоны улмаас эрүүл мэндэд дээд уруулд шарх, дух, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн гадна хохирогч Ч.Э тэй маргалдаж, түүний нүүрэн хэсэгт баруун гараараа 2-3 дуаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, дух, хамар, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

               -2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хх-ийн 3-р хуудас/,

               -Хохирогч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний биед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг Драгон төв дээр Дархан-Уул аймаг чиглэлд дайвар болоод хүн зөөдөг хүн байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр С, найз О болон Г  нарын хамт том пиво уусан ба тухайн үед ууж сууж байхдаа Г тай Дархан-Уул аймаг руу авч явдаг дайвар болон хүний талаар ярьж маргалдаж эхэлсэн ба заамдалцаж маргалдаж байгаад Г ыг нүүр рүү нь мангасдсан бөгөөд зөрүүлээд миний нүүр рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гарахаар нь С, О хоёр бид хоёрыг салгасан. Тэгээд төд удалгүй цагдаа ирсэн хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. ...тухайн үед миний биед Г  нь миний нүүр рүү 2-3 удаа цохиод авсан ба тухайн үед миний хамар болон уруулнаас бага зэрэг цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

               -Гэрч Ч.Содбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед найз Г  болон Э  нар ууж сууж байхдаа Дархан-Уул аймаг руу авч явдаг дайвар болон хүний талаар ярьж маргалдаад байсан бөгөөд Э  нь Г ыг мангасдахаар нь Г  зөрүүлээд Э ийн нүүр рүү нь баруун гараараа цохисон. Тэгээд тэр хоёрын дундуур нь орж салгасан. ...Тухайн үед Г  болон Э  нар муудалцсан бөгөөд Э ийн биед л гэмтэл учирсан байх тухайн үед цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай:  

               “...1.Ч.Э ийн биед дээд уруулд шарх, дух, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

               3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

               4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Г ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед найз Содбаяр, найз Оогий болон Э ийн нарын хамт том пиво уусан ба тухайн үед ууж сууж байхдаа Э тэй Дархан-Уул аймаг руу авч явдаг дайвар болон хүний талаар ярьж маргалдаж эхэлсэн ба заамдалцаж маргалдаж байгаад Э  нь намайг мангасдахаар нь зөрүүлээд нүүр рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Э ийн хамарнаас цус гарахаар нь Содоо, Оогий хоёр бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-40, 49-59-р хуудас/, гэмт хэргийн зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 60-66-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай дүгнэлтээр: хохирогч Ч.Э ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.  

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ч.Э ийн эрүүл мэндийн эсрэг хохирогчийн нүүрэн тус хэсэгт гараараа 2-3 удаа цохисон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул гэм буруутай үйлдэл гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ч.Э  нь одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.

 

Шүүгдэгч: Хэлэх зүйл алга, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Бага насны 2 хүүхэдтэй, зээл төлдөг. Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Г ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.    

Шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл, ажил эрхлэлт /эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг/, /хувиараа хөдөлмөр эрхэлдэг/-ийн байдлуудыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т хохирол төлбөргүй байгааг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-ын Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Г т торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.    

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА