Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бд холбогдох 2216000680111 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, 34 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Энэрэл анагаах ухааны сургуульд ажиллаж байгаа, ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, Цогт овогтой Т.Б гэв.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т.Б-г “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 1-р зорилтын хүрээнд гүйцэтгэх ёстой “Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмыг хэрэгжүүлэх,

           2-р зорилтын хүрээнд гүйцэтгэх ёстой “шалгалт, шүүлэг, хичээлийн хуваарийг тухай бүр гаргаж үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, Боловсрол шинжлэх ухааны яам, Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуульд гарган өгдөг тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв гарган хүргүүлэх, хичээлийн явц, шалгалтад үнэлгээ хийх, хяналт тавих чиг үүргийг зориуд хэрэгжүүлэхгүйгээр Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай “Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын

          4 дүгээр зүйлийн 4.3-д заасан /хичээлийн төгсгөлийн дүн нь явц ба шалгалтын дүнгийн нийлбэрээс бүрдэх бөгөөд 70:30 харьцаатай байна. А.8-д заасан дараах тохиолдолд явцын үнэлгээг “үл тооцов” гэж үнэлэх шалгалтад оруулахгүй. 4.8.1-д заасан /хичээлийн явцын дүн 60 %-аас бага/, 4.8.3-д заасан \тасалсан, чөлөө авсан лекц, дадлага, семинарын хичээлийг тогтоосон хугацаанд нөхөж дуусгаагүй/,

          6.3-д заасан /суралцах эрхийг түдгэлзүүлэх/, 6.3.3-д заасан /нэг улиралд 6 багц  цагаас дээш хичээлийн хөтөлбөрийн дагуу шаардлага хангаагүй эсвэл хичээлд суугаагүй/, 6.3.5-д заасан /хөтөлбөрийн зөрүүг товлосон хугацаанд нөхөөгүй, амжилттай үнэлүүлээгүй бол/ гэснийг тус тус зөрчиж,

Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сувилагчийн ангийн оюутан Б.Цыг “Бичил амь судлал” хичээлийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны 4 хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлэн төгсөлтийн шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас Б.Цт С202111428 дугаартай бакалаврын диплом олгогдсон,

Мөн тус сургуулийн сувилагчийн ангийн оюутан Т.Оыг “Сэргээн засах”, “Хүүхэд сувилахуй II”, “Халдварт өвчин сувилахуй” “Нүдний өвчин сувилахуй” хичээлүүдийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн өмнөх Сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлж шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас Т.Од С20211428 дугаартай диплом олгогдсон,

Мөн тус сургуулийн сувилагчийн ангийн оюутан А.Уг “Бичил амь судлал” хичээлийн дүнгээ гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлж төгсөлтийн шалгалтад орох эрхийг олгуулж түүнд давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас А.Уд С202111443 дугаартай диплом олгогдож, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн үзэж Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2021 оны  төгсөлтийн үйл ажиллагаа цахимаар явагдсан. Хичээлийн зохион байгуулалт шалгалтын хуваарь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас зохион байгуулагдсан. Миний тухайд зохион байгуулалтын ажлыг хариуцаж ажиллаж байсан. Хэд хэдэн зөрүүтэй зүйл байгаа. Сургуулийн захирал нь төгсөлтийн шалгалтын комиссын дарга байдаг. Энэ нь төв сургуулиас томилогдож ирдэг. Миний хувьд нарийн бичгийн даргаар ажиллах үүрэгтэй. Төгсөлтийн шалгалтын комиссын тухайд би огт мэдэхгүй гэдэг зүйлийг ярьж байгаа нь тэр хүн ажилдаа огт оролцдоггүй байсан. 2 жил дараалан хичээл цахимаар хичээллэсэнтэй холбоотой оюутнуудын хичээлийн тооцоо маш их үүссэн. Бид нар хүүхдүүдийг шалгалт өгөх хүртэл боломжтой  байдлаар дэмжиж ажилласан. Оюутан хариуцдаг С.Ж, оюутны дүн хариуцдаг Б.У нар оюутнуудын нөхөлтийг хийгээд боломжтой байна гэдэг байдлаар төв сургууль руу явуулсан. Би энэ оюутнуудад давуу байдал олгосон зүйл байхгүй. 4 дүгээр сард манай аймагт ковидын  анхны тохиолдол бүртгэгдэж хатуу хөл хорионд  орсон. Энэ нөхцөл байдалд би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд ээжийнхээ эмчилгээний эм тариаг хүргэж өгч очоод хоригдоод тэр материалуудыг хянах ямар ч боломжгүй байсан. Зөвхөн утсаар холбогдож байсан.. Тухайн хүүхдүүдийг аль болох  хичээлээ нөх гэсэн.  Дахин шалгалтыг Манай сургуулийн хувьд төгсөх ангийн оюутнуудын дүн программд бүрэн орж дуусаагүй байхад төв сургуулиас нэгдсэн хуваарь гарсан учир бид нарт нэлээд хүндрэлтэй байсан. 14-21 хоногийн хугацаанд дахин авна гэсэн журам байдаг учраас нөхөлт хийж байгаа оюутнуудыг тухайн жилдээ багтаж нөхнө гэдэг байдлаар асуудалд хандаж байсан болохоос өөр ямар нэгэн санаа агуулж хүмүүст давуу байдал олгоогүй. Дүнтэй холбоотой асуудлыг Б.У өөрөө хариуцдаг. Би ямар нэгэн оюутан руу дүн чинь гараагүй байна гэж харилцах ямар ч боломжгүй. Т.О оюутны тухайд би нөхөлтөө хийж байгаа гэж ярьсан зүйлээ намайг утсаар ярьсан мэтээр мэдүүлгүүд яригдсан. Цар тахлын үед ажиллаж байсан эмч эмнэлгийн мэргэжилтэн хомсдолтой байгаа улсын онцгой комисс, боловсролын яам, эрүүл мэндийн яамнаас төгсөгчдийг шууд төгсгөөд ажил дээр гаргана гэдэг зүйл яригдсан учраас бид уян хатан хандаж байсан зүйл  байгаа. ...Би оюутнуудын нэрсийг хэдэн хичээлийн тооцоотой талаар мэдэхгүй арга зүйч нар нь тэрийг шалгаж байгаа. Оюутнууд нь хэлэхдээ нөхөлтөө хийсэн гэж хэлдэг. Би тэр оюутны дүнг мэдэж байсан байж шалгалтад оруулсан зүйл байхгүй. Үйл ажиллагааны хувьд арга зүйч нарт хяналт тавина. Дүнтэй холбоотой зүйлийг би хянахгүй. Би дүнг нь мэдээд оюутнууд руу яриагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Би 08 дугаар сарын 01-нд амарч байхад ирж ажлаа өг гэж ярьсан. Тэгээд ажлаа өгсөн. 3 оюутны тухайд шалгалтаас өмнө хичээл нөхөлтийн зөвшөөрөлтэй байсан. Хавсралт хэвлэх ажиллагаа сарын хугацаанд болдог. Намайг ажлаа өгсний дараа энэ оюутнууд нөхөлтөө хийж хавсралтаа хэвлэж авсан байсан. Эхний шалгалт 05 дугаар сарын 3-4 хооронд, дараагийн шалгалт нь 20-оор авагдсан байдаг. Ямар нэгэн хөл хорионд орсон, нөхөлтөө хийж чадаагүй бол дахин шалгалт өгөхөөр журамд зохицуулж өгсөн. Тухайн оюутнуудыг төгсөх боломжтой гэдэг байдлаар харж байсан. ...Дахин шалгалт 23-н гэж санаж байна. Намайг очдог өдөр аймгийн онцгой комисст анхны тохиолдол бүртгэгдээд 72 цагийн хатуу хөл хорио тогтоосон ямар ч эргэж орох боломжгүй байх хугацаанд төгсөх оюутнуудын нэрсийг явуул гэсэн. Тэгээд би Б.У, С.Ж хоёр руу ярьсан. Дүн гарч байгаа оюутнуудыг явуул гээд тухайн үед маш олон  оюутнууд хасагдаж байсан. Энэ бүгдийг манай 2 арга зүйч хариуцаад ажиллаж байсан. ...Т.О, А.У гэдэг оюутнуудыг хичээлийн тооцоогүй гэж явж байсан. Хавсралт хэвлэх гэхэд кредитийн тооцоо дутсан. Б.У тэрийг хариуцдаг. Дүнтэй холбоотой асуудлыг төв  сургууль зөвшөөрч явдаг учраас Б.У арга зүйчээс өөр хүн нэвтэрч орох боломжгүй байдаг. Б.У арга зүйч эхлээд дүнгийн тооцоогүй гэж байсан боловч хавсралт хэвлэх гэхэд кредитийн зөрүү гарсан. Энэ нь багшийн буруутай  ажиллагаанаас үүдэлтэй. Цаг хугацааны хувьд  хамгийн асуудал үүсгэсэн зүйл энэ байсан. Отгонтөгс багшийн хүүхдийн сувилахуй, Гүндэгмаа багшийн нүд судлал багшийн өөрийнх нь үсгэн тэмдэглэгээ тавиагүйтэй холбоотой асуудал үүссэн. ...Би өөрөө байсан гэхэд төгсөлтийн мэдээллийг авдаг. Хамгийн сүүлд нь тамгатай мэдээлэл явуулах ёстой. Тэр процесс манай сургууль дээр алдагдсан. С.Ж арга зүйчээс оюутнуудын нэр очсон. Тэр нэрсийн дагуу шалгалтад орох хүмүүсийн нэрс нээгдсэн. Ямар нэгэн хичээлийг Б.У шууд оруулах эрх байхгүй. Тусгай хүснэгт дээр нэр гаргаад программд оруулах эрхийг нээж өгнө үү гэж над руу явуулдаг. Тэр эрхийг би төв сургуулийн Энхтөр дарга руу явуулаад Энхтөр дарга  очсон нэрийг цахим сургалтын алба руу явуулаад Б.У арга зүйч дээр эрх нь нээгддэг гэв.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Т.Б нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбарт анагаах ухааны сургуулийн сургалтын бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа  өөрийн бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэтрүүлэх гэснийг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сургалтын бодлогын зохицуулалтын албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ёстой төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмыг хэрэгжүүлэх, 2 дугаар зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ёстой шалгалт, шүүлэг хичээлийн хуваарийг тухай бүр гаргаж үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж Боловсрол шинжлэх ухааны  яам, Анагаах шинжлэх ухааны Үндэсний сургуульд тайлан мэдээг цаг хугацаа бүрд үнэн зөв гаргаж хүргүүлэх, хичээлийн явцад хяналт тавих чиг үүргийг зориуд хэрэгжүүлэхгүйгээр Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хичээлийн төгсөлтийн дүн явц, тухайн шалгалтын дүнгийн нийлбэрээс бүрдэх ба 70*30 харьцаатай байна. Дараах тохиолдолд явцын үнэлгээг тооцож шалгалтад оруулахгүй. 4.8.1-д заасан хичээлийн явцын үнэлгээ 60 хувиас бага, 4.8.3-д заасан тасалсан, чөлөө авсан,  лекц, семинарын  хичээлийг заасан хугацаанд нөхөж дуусгаагүй, 6.3-д заасан суралцах эрхийг түдгэлзүүлсэн. 1 улиралд 6 багц цагаас дээш төлбөрийн шаардлага хангаагүй эсхүл хичээлд суугаагүй. 6.5-д заасан хөтөлбөрийг товлосон хугацаанд нөхөөгүй, амжилттай үнэлүүлээгүй гэснийг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн салбар Анагаахын сургуулийн сувилагчийн ангийн оюутан Б.Цыг бичил амь судлал хичээлийн дүн гаргуулаагүй байхад 2020 оны 04 дүгээр улирлын хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад орох оюутны нэрст оруулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргүүлэн төгсөлтийн шалгалт өгөх эрх олгож түүнд  давуу байдал  олгож улмаар Б.Цт С-202111428 дугаартай бакалаврын диплом олгогдсон. Мөн тус сургуулийн сувилагчийн ангийн оюутан Т.Оыг сэргээн засах, хүүхэд сувилахуй халдварт өвчин судлахуй, нүдний өвчин судлахуй хичээлийн дүн гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад оруулах оюутны нэрст оруулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар шалгалтад орох эрхийг олгож давуу байдал бий болгосон уг үйлдлийн улмаас Т.Од С-202111428 дугаартай диплом олгогдсон. Мөн тус сургуулийн сувилагчийн ангийн оюутан А.Угийн бичил амь судлалын хичээлийн дүн гаргуулаагүй байхад нь 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтад оруулах оюутны нэрст оруулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар шалгалтад орох эрхийг олгож давуу байдал бий болгосон. Уг үйлдлийн улмаас А.Уд С-202111443 дугаартай диплом олгогдож бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Мөн нэмэлт ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтууд зэргээс дүгнэж үзэхэд 2021 оны 05 дугаар сард Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны салбар сургуулийн төгсөх дамжааны сувилагчийн ангийн оюутнуудаас шалгалт авсан. Шалгалтын нэрсийг тухайн шалгалттай холбоотой, хичээл нөхөлттэй холбоотой арга зүйч Б.У хариуцдаг байсан. Б.У гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тухайн оюутнуудын ирцтэй холбоотой, хичээл нөхөлттэй холбоотой судалгааг гаргасан. Судалгаатай холбоотой 3 оюутан хичээл нөхөлт дутуу байсан. Надаас 2021 оны 05 дугаар сард улсын шалгалт эхлэхээс өмнө хичээл нөхөлтийн хуудсыг авсан гэж хэлдэг. Б.Угаас хуудас аваад хичээл нөхөлт хийсэн эсэх талаар сургалтын албаны дарга Т.Б хянах үүрэгтэй. Улсын шалгалтад оролцуулахаар энэ оюутнуудын нэрсийг явуулахдаа арга зүйч нараар дамжуулаад Т.Б дээр хянагддаг. Т.Б нь эцсийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль руу явуулдаг болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн Т.Б-ийн явуулсан мэйл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс харахад арга зүйч нар нь Т.Бд мэйл явуулаад Т.Б нь улсын шалгалтад оруулах код авах асуудлыг сургалтын албаны даргын хувьд хянах ёстой. Гэтэл өнөөдөр арга зүйч нар ийм алдаа гаргасан юм, арга зүйч нар явуулсан, надад хянах боломжгүй байсан гэдэг зүйлийг ярьж байна. А/19 дугаартай тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ тушаал журамд зааснаар 1-ээс дээш хичээлийн дүн гаргуулаагүй, хичээлийн явц тооцуулаагүй нэг ч оюутныг дур мэдэн салбар сургуулийн сургалтын албаны дарга захирал нь улсын шалгалтад оруулах эрхгүй гэдгийг салбар сургуулийн захирал Батбаатар, Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байгаа Баясгалан нар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Энэ байдлаас үзэхэд сургуулийн зохицуулсан журмыг зөрчиж тухайн оюутнуудыг дур мэдэн улсын шалгалтад оруулж оюутнуудад давуу байдал олгосон нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Тухайн оюутнуудын хичээл нөхөлттэй холбоотойгоор 2021 оны 08 дугаар сар, 09 дүгээр сард хичээл нөхөлт хийсэн. Улсын шалгалт 2021 оны 05 дугаар сард авагдсан. 08 сар, 09 сард хичээл нөхөж байгаа нь 2022 оны улсын шалгалттай холбоотой гэж тухайн багш нар ойлгосон. Гэтэл энэ зөвхөн 2021 оны 05 дугаар сард шалгалт эхлэхээс өмнө 4 сарын асуудал. 04 дүгээр сард хичээлээ нөхье гэдэг байдлаар сургалтын албаны даргатайгаа яриад хичээл нөхөлтийн хуудсаа аваад явсан боловч хэн нь ч хичээл нөхөлтөө хийгээгүй, бие даалтаа хийгээгүй учир багш нар нь хичээл нөхөлтөө хийгээгүй гэж үзэж үнэлэх ямар ч боломжгүй байсан. Улсын шалгалтад орох оюутны нэрстэй холбоотой Б.У нэг бүрчлэн шүүсэн байдаг. Тухайн  оюутнууд дүн гаргуулаагүй талаар мэдсэн. Үүнийг тухайн сургалтын албаны даргаар ажиллаж байсан Т.Б мэдэж байсан гэдэг нөхцөл байдлыг арга зүйч нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. Хичээл нөхөлт хийгээгүй, дүнгээ гаргуулаагүй байхад улсын шалгалтад орох эрхийг өгсөн. Тэгээд 08 дугаар сар, 09 дүгээр сард нөхсөн учраас хавсралтад оруулж хэвлэсэн гэж байгаа нь хууль дүрэм зөрчсөн асуудал. 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн асуудал яригдаж байсан. Тухайн хүүхдүүд 2021 оны 08 дугаар сар, 09 дүгээр сард хичээлээ нөхсөн. Гэтэл диплом олгох асуудал нь 5 дугаар сард авагдаад 2021-2022 оны нөхөлтөөр хийсэн дүнг хавсралтаар авсан. Сургуулийн захирал солигдсонтой холбоотой батлуулах гэж оруулаад тухайн үед багшаар ажиллаж байсан Гүндэгмаа нь миний хичээл дээр дүн гаргуулаагүй хүн яагаад 2021 онд төгсгөөд диплом гаргаж ирсэн юм бэ гэдэг асуудал яригдаад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл шалгагдсан. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хууль дүрэм журам зөрчсөн асуудал байгаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын А/19 дугаартай тушаал хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тухайн журмын дагуу анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулиуд бүгд жагсаалтаа гаргаад хүргүүлж байхад Говь-Алтай аймгийн салбар анагаахын шинжлэх ухааны сургууль нь жагсаалтаа хэн гаргуулж хүргүүлсэн нь мэдэгдэхгүй арга зүйчээ буруутгаж байна. Удирдах албан тушаалтан нь ийм зүйл ярьж байгаад прокурорын зүгээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Төв сургуулийн захирлын тушаалаар зохицуулсан журмыг хэрэгжүүлж чадаагүй, зөрчсөн, давуу байдал бий болгосон. Дүнгийн хавсралт гэдэг асуудал яригдсан. Тухайн нөхцөл байдал арга зүйч нарын багш нартаа танилцуулсан гэдэг асуудал яригдсан. Мөн хавтаст хэрэгт авагдаагүй ч гэсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрч С.Ж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгсний дараа мөрдөгчид нэг зүйлийг ярьдаг. Тэгээд мөрдөгч яагаад энэ зүйлийг мэдүүлэгтээ хэлээгүй юм гэхэд найз нөхөд учраас гэдэг зүйлийг хэлдэг. 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаан хойшилсны дараа өмгөөлөгч С.Жтой уулзаад чи албан тушаалтан биш учраас би ингэсэн гэдэг байдлаар мэдүүлэг өгчих гэж хэлсэн гэдэг. Мэдүүлэгт тусгуулаагүй дараа нь ингэж хэлсэн гэж мөрдөгч хэлсэн. Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь С.Ж руу уурласан зүйл байдаг. Чи яагаад шүүх хуралдаан дээр намайг буруутгаж мэдүүлэг өгөөд байгаа юм бэ гэдэг зүйлийг мөн ярьсан байдаг. Ингэхээр энэ хүн чи албан тушаалтан биш юм чинь энэ асуудлыг хариуцаад явбал Авлигатай тэмцэх газрын хэрэг биш болно гэдэг асуудлыг өмгөөлөгч ийм хууль зүйн зөвлөгөө өгөөд явж байгаа нь харамсалтай байна. Энэ талаар тэмдэглэлд тусгуулаад мэдүүлэг авахуулах гэхэд тэмдэглэлд тусгуулахгүй, ийм асуудал болсон юм гэдэг зүйлийг ярьсан байсан. Иймээс Говь-Алтай аймаг дахь Анагаахын шинжлэх ухааны салбар сургуулийн сургалтын бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж байсан Т.Б албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж анагаахын салбар сургуулийн сувилагчийн ангийн оюутан Б.Ц, А.У, Т.О нарт давуу байдал бий болгож  анагаахын шинжлэх ухааны төгсөх дамжааны оюутнуудын нэрсийг хүргүүлж, улмаар улсын шалгалтад оролцох эрхийг олгуулж диплом олгож бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа учир дээрх зүйл ангиар Т.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөллийн үгээ хэлэхээс өмнө  өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагааг зөрчсөн, намайг хууль бусаар гэрчид ийм асуудал хэлсэн гэж байна. Та прокурор байж болно, хэлэх үгээ хэлдэг байж болно. Би бас таны нөгөө талд хүний эрх ашгийг өмгөөлөөд орж байгаа, миний нэр төрийг бас хуулиар хамгаалдаг. Та хэлсэн асуудлаа Баянжаргалтайгаа өөрсдөө нотлоорой. Би албан ёсоор гомдол гаргана. Та нар ямар ч баримтгүйгээр юу яриад байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг цагаатгах байр суурьтайгаар оролцож байгаа. Хавтаст хэргийн 2-р хуудсанд Гүндэгмаа захирал гомдол мэдээлэл гаргасан байдаг. Б.У, Т.Б нар нь албан тушаалаа ашиглаж Б.Ц, А.У, Т.О нарт бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн диплом олгохоор бэлдсэн. Үүнээс хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж Т.Бат-Эрдэнийг сэрдсэн. Дараа нь диплом олгохоор бэлдсэн гэдэг. Хэрэв диплом олгогдоогүй бол давуу байдал олгогдох юм уу. Арга зүйч Б.У хх7-рт мэдүүлэг өгсөн. Диплом дээр тамга даруулахаар орж ирсэн.  Өөрөө хэвлээд авч ирсэн гэдэг. Тамга дараагүй диплом хүчинтэй юу, тэрийг диплом гэж үзэх юм уу. Ер нь тухайн диплом нь хэзээ хэвлэгдсэн юм. Гарын үсэг зурж баталгаажуулж байгаа хүн захирал байгаа. Сургалтын албаны дарга Т.Б нь 8 дугаар сард ажлаа өгсөн. 9 дүгээр сард тухайн оюутнууд хичээлээ нөхсөн гэдгийг гэрчүүд мэдүүлдэг мөн баримтаар тогтоогдсон. Уг дипломын хавсралт хэвлэгдсэн. Тэгэхээр диплом хэвлэгдээд бусдад очсон байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангид заасан давуу байдал олгогдсон гэдэг нь нотлогдох байх. Гэтэл диплом хэвлэгдээгүй байсан. Диплом дээр гарын үсэг зурдаг хүн нь сургуулийн захирал байгаа. Гэтэл сургуулийн захирал нь би мэдэхгүй, шалгалтад оруулах асуудлыг би хариуцдаггүй гэж мэдүүлсэн. Гарын үсэг бүрийн ард хариуцлага явж байдаг гэдгийг төрийн ажил хийж байгаа хүн, сургуулийн захирал хүн ийм мэдүүлэг өгч өөрөө ямар нэгэн хариуцлагаас мултрах гэж байгаад харамсаж байна. Хэрэв Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол сургуулийн захирал юу хийж байсан юм. Сургуулийн захирал оюутнуудыг төгсгөх сургалтын албанаас гарч байгаа тушаал дээр гарын үсэг зураад байгаа юм. Т.Б бэлдэж өгсөн бол гарын үсэг зурсан захирал нь юу хийж байсан юм. Тухайн үед сургалтын  үйл ажиллагаа ямар байсан талаар  захирал нь өөрөө мэдүүлдэг. Эмч эмнэлгийн мэргэжилтэн хомс байгаа учир аль болох төгсгөх, гэрч Б.У нь гэрчээр мэдүүлэхдээ, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ цар тахлын үед ийм чиглэл өгч байсан гэдэг. Гэрч С.Ж мэдүүлэг өгөхдөө хэн нэгнийг хохироохгүйгээр бүгдийг төгсгөх чиглэл өгч байсан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, шүүхээс хэрэг буцсаны дараа мөн өгсөн. М.Б мэдүүлэгтээ дипломыг арга зүйч нэр хэвлэдэг. Диплом дээр М.Б захирал гарын үсэг зурж тамга дардаг. Шалгалтад оруулах асуудал нь арга зүйч нарын ажил гэж гэрч нар нь мөн мэдүүлдэг. Журмыг харахад арга зүйч нар хариуцдаг, багш нар өөрөө дүнгээ оруулдаг. Дүн тавиагүйгээс болоод хүүхдүүд шалгалтад орсон. Процесстой холбоотой ийм асуудлууд байгаа. Процесстой холбоотой Т.Б буруугүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг нь авлигын гэмт хэрэг, 22.1-д заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг нь Т.Б-н хувьд байгаа юу. Урвуулан ашиглах гэдэг нь хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхэд ашиглаж буй хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно гэж байгаа. Энэ хүн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх ямар ашиг байсан юм бэ? ямар нэгэн субъектив шинж байгаа юм уу. Яллах дүгнэлтдээ давуу байдал олгосон гэж бичсэн. Ямар давуу байдал олгосон юм. Ажлын байрны тодорхойлолтод Т.Б гарын үсэг зурсан юм уу, хөдөлмөрийн гэрээ байгаа боловч гарын үсэг байхгүй. Арга зүйчийн ажлын байрны тодорхойлолт, албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулаад харагдаж байгаа. Диплом олгогдоогүй, дипломоо оюутнууд гардаж аваагүй. Хоёрдугаарт лицензийн шалгалтдаа ороогүй, эмчлэх эрхээ аваагүй. Энэ оюутнуудад ямар байдлаар давуу байдал олгосон бэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд прокурор хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй. Гэмт хэргийн сэдэл зорилго байхгүй.  Гэмт хэргийн сэдэл зорилготой яаж холбогдож байгааг тайлбарлах ёстой. Улсын яллагч үүнийг тайлбарлахгүй зөвхөн процесс л яриад байх юм. Энэ асуудлыг гэмт хэрэг мөн үү, гэмт хэрэг биш үү гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Иймээс миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг,  гэрч Ууганбаяр 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг өгсөн байгаа. Дипломын хавсралт хэвлэх ажлыг арга зүйч нар хариуцдаг. Өөрөөр хэлбэл С.Ж, Б.У нар хариуцдаг байсан. Мөн диплом дээр дүн шивэх ажиллагааг арга зүйч нар хариуцдаг гэж мэдүүлсэн. Тухайн дүн шивж байгаа асуудал нь Т.Бд хамааралгүй юм. Диплом олгох ажиллагаа, шалгалтад орох оюутнуудын нэрс, М.Б захирал ямар хариуцлага хүлээх юм. 2021 оны 11 дүгээр сарын 30-нд энэ хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэсэн мэдээллийг төв сургууль руу өгсөн байдаг. Гэтэл сарын дараа буюу 12 дугаар сарын 30-нд цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Энэ үйлдэл нь гэмт хэрэг биш байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2 удаагийн гомдол гаргадаг. Албан тушаалтай холбоотой хэргийг улсын хэмжээнд Авлигатай тэмцэх газар дагнан шалгаж байгаа. Энэ гэмт хэргийн шинж байгаа гэдгийг дагнан шалгаж байгаагийн хувьд энэ хэргийг хаах тухай санал гаргадаг. Хаах тухай санал гаргахаар элсэлттэй холбоотой, хоёрдугаарт энэ хүн багш болсон байхад  тэр нь дахиад гэмт хэрэг байж болзошгүй гэж мэргэжлийн хяналтын газар хүсэлт  гаргадаг. Мэргэжлийн хяналт үүний дагуу ажиллагаа явуулаад арга хэмжээ тооцохдоо ганцхан Т.Бд арга хэмжээ тооцдог. Яагаад ганцхан Т.Бат-Эрдэнийг ялгаварлан гадуурхаад байгаа юм. Бусад хүмүүст ямар арга хэмжээ авсан юм. Энэ талаар хавтаст хэрэгт байхгүй. Энэ нөхцөл байдал Гүндэгмаа захирал хувийн өс хонзонгийн сэдэлтэй, өөрийнх нь одоо байгаа албан тушаалд  очих нэрийдлээр зориуд санаатай цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шүүгдэгч болгоод сууж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Ийм учраас миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж прокурорын яллаж байгаа гэмт хэргийг үйлдээгүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагаатгаж өгнө үү гэв.

Улсын яллагч нэмэлт тайлбартаа: Өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Өмгөөллийн үгээ ёс зүйтэй хэлэх нь зүйтэй байх гэж хэлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэд хэдэн шинжийг заасан байдаг. Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэдэг асуудлыг оруулж өгсөн. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын  2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар төгсөлтийн өмнөх ажлыг зохицуулах журмыг заасан. Энэ журмыг зөрчиж төгсөх дамжааны хичээл нөхөлтөө хийж улсын шалгалтад орох эрхгүй оюутнуудад төгсөлтийн шалгалтад орох эрх олгосон. Гэрч нар мэдүүлдэг төгсөлтийн шалгалтад орохдоо салбар сургуулийн бодлого зохицуулалтын сургалтын албанаас нэрс явдаг. Нэрсийн дагуу анагаахын шинжлэх ухааны  үндэсний сургууль баталдаг. Аль хичээл дээр дүнг гаргуулаагүй гэдгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулиас мэдэх боломжгүй гэж гэрч нар мэдүүлдэг. Хавтаст хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд 2021 оны 01 дүгээр  сарын 28-ны өдрийн А/19 дугаартай журмыг хэрэгжүүлсэн талаар өмгөөлөгч болон шүүгдэгч аль аль нь ярихгүй байна. Энэ журмаар төгсөлтийн үйл ажиллагаа явагдах ёстой байсан. Хичээлийн дүн гаргаагүй бол улсын шалгалтад оруулах эрхгүй. Тэгэхээр та давуу байдал бий болгосон байна. Улсын шалгалтад орох эрхгүй хүнийг шалгалтад орох эрхтэй болгоод энэ хүмүүсийн нэрийг явуулаад батлуулж ирсэн. Сэдэл санаа зорилго нь санаатай байсан. Тухайн 3 оюутныг хичээлийн дүн гаргуулаагүй байгаа талаар арга зүйч нар мэдсэн. Тэгээд Т.Б даргад хэлсэн гэж мэдүүлдэг. Ковидын нөхцөл  байдал дээрээс ийм чиглэл өгсөн гэдэг зүйлийг хэлдэг. Гэтэл сургуулийн төгсөх дамжааны оюутнууд дүнгээ гаргуулаагүй, хичээл нөхөлт хийгээгүй бол оруулж болно гэдэг асуудлыг анагаахын шинжлэх ухааны сургуулиас ийм чиглэл өгөөгүй. Зөвхөн цахимаар шалгалт авах учраас цахимаар оролцох бололцоог хангаарай гэдэг асуудлыг ярьсан гэж гэрч Дархан-Уул аймгийн салбар сургуулийн захирал мэдүүлэг өгсөн. Энэ журмаар явах ёстой байсан. Гэтэл энэ журмыг зөрчөөд Говь-Алтай аймгийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн бодлого зохицуулалтын дарга Т.Б нь арга зүйч нараас гаргаж өгсөн  жагсаалтыг  батлаад дээшээ явуулсан. Банзаагаяаг яагаад татаагүй юм гэж байна. Шалгалттай холбоотойгоор сургалтын албаны хэрэгжүүлэх ёстой үүрэг гэдэг байдлаар тайлбарласан байгаа. Би сургалтын албаны даргын гаргаж ирснийг баталдаг болохоос тухайн хүүхдүүдийг дүнгээ гаргасан эсэх талаар хянах эрх байхгүй, программын эрх байхгүй гэдэг. Мөн эмч эмнэлгийн ажилтан бэлтгэхтэй холбоотой үүрэг чиглэл өгсөн гэдэг асуудал яригдаж байсан. Хичээл нөхөөгүй оюутнуудыг хичээл нөхөөд төгсгөх талаар үүрэг чиглэл өгөөгүй. Хэрэв хичээл нөхөх байсан бол 5 дугаар сараас өмнө хичээл нөхөх эсэх асуудлаар хяналт тавих үүрэг нь Т.Бд байсан. Гэтэл надад ямар ч хамааралгүй гэдэг зүйлийг ярьж байгаа нь өрөөсгөл ойлголт. Арга зүйч нарт хянах асуудал байдаг. Тэрийгээ хянаад  явуулсан гэж  мэдүүлдэг. Арга зүйч нарын мэдүүлгийг нэг бүрчлэн шинжлэн судлуулсан байгаа. Диплом дээр гарын үсэг зураад баталгаажсан, диплом хүчин төгөлдөр болсон байгаа. Дүнгийн хавсралт дээр зарим дүн гараагүй учир баталгаажаагүй байгаа. Улсын шалгалтад оролцох эрхгүй хүүхдүүдийг улсын шалгалтад оролцуулснаараа бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал бий болсон. Ингэснээр тухайн хүүхдүүдэд диплом олгогдсон. Диплом нь үнэт цаасан дээр хэвлэгддэг. Тухайн  дипломуудыг нотлох баримтаар тооцуулаад шүүх хуралдаан дээр авч ирсэн байгаа. Ийм учраас дээрх дурдсан нотлох баримт болон шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Т.Б нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймээс өмнөх дүгнэлтээ дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нэмэлт тайлбартаа: Журмаараа яваагүй гэдэг асуудлыг  ярьж байна. Журмаараа л явсан, амаар чиглэл өгсөн гэж гэрч нар мэдүүлдэг. Хамгийн гол асуудал нь тухайн үед багш нар нь дүнгээ тавиагүй гэдэг асуудал байгаа. Дүн яагаад тавиагүй гэдгийг багш нараас асууж тодруулаагүй. Кредитийн тооцоотой оюутантай харилцах, энэ асуудал нь арга зүйч Б.Угийн ажлын байрны чиг үүрэгт хамааралтай байх. Анагаахын шинжлэх ухааны салбар сургуулиудтай цахим хурал хийсэн. Ковидын нөхцөл байдалтай байгаа учраас эмч эмнэлгийн ажилтнуудыг хохироохгүй төгсгөх гэдэг асуудлыг ярьсан учраас би шалгалтад орох хүмүүсийн нэрсийг явуулсан гэж хэлдэг. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 45 минутад шалгалтын өмнөх орой, 05 дугаар сарын 04-ний өдөр буюу шалгалтын өдөр төгсөлтийн шалгалт эхэлсэн байхад төгсөлтийн шалгалтын нэрсийг Т.Б, С.Ж хоёр руу Б.У явуулсан байдаг. Шалгалтын өмнөх үйл ажиллагаа ийм байгаа. Одоогийн сургуулийн захирал Гүндэгмаа мэдүүлэхдээ нүд судлал хичээл дээр дүн гаргуулаагүй байж 500.000-1.000.000 төгрөг Т.Бд өгсөн гэж байгаа юм би шан харамж  өгөөгүй, Гүндэгмаа багш хичээл нөхөлтөөр хичээл заагаагүй миний дэвтэр дээр 83В үнэлгээ тавьж өгсөн. Надаас шалгалт аваагүй. Чи Т.Бд хэдэн төгрөг өгсөн тэрийгээ хэлбэл хавсралт дээр чинь тамга дарж өгнө гэж хэлээд хавсралт дээр нь тамга дардаггүй. Гэрч Төртогтох мэдүүлэг өгөхдөө захирал Гүндэгмаа гэдэг хүн Т.Бд хахуул өгсөн гэж байгаа. Бид хахуул өгөөгүй, бид  нарт ажил явдал гарсан нь үнэн гэж мэдүүлсэн. Т.Б гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юу, эсхүл зориуд хэн нэгний явуулга юм уу гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Өнөөдөр Гүндэгмаа нь сургуулийн захирал болсон учир Б.У зэрэг хүмүүс шүүгдэгчид ашигтай мэдүүлэг өгч чадахгүй. Учир нь ажил албан тушаалын хамааралтай болж байгаа. М.Б захирал тухайн үед өөрийгөө хамгаалсан мэдүүлэг өгсөн. Гэрч нарын мэдүүлэг нь эх сурвалжаа заах  ёстой. Мэдүүлэг өгч байгаагаас гадна ямар бичгийн баримт авагдсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Гэмт хэрэгт холбогдуулж байгаа бол тухайн хүний хувийн байдалтай холбоотой яллах болон цагаатгах талын  аль алиных нь нотлох баримтыг цуглуулах ёстой. Мөрдөгч энэ үүргийг хэрэгжүүлэх прокурор үүнд нь хяналт тавих ёстой. Дараа нь ял шийтгэл яригдлаа гэхэд би үйлчлүүлэгчээ цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Шүүх ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй учраас улсын яллагч энэ талаар  тодруулах ёстой. Хувийн байдалтай холбоотой асуудлыг тодруулсан юм уу. Өмгөөлөгч гомдол  гаргаад явж байхад энэ хэрэг шүүх  рүү шилжсэн байсан. Бид нарт баримт гаргаж өгөх боломж байгаагүй. Гэтэл ар гэр, хувийн байдалтай холбоотой яагаад тодруулаагүй юм. Улсын яллагч хэтэрхий нэг талыг барьж гомдол гаргасан Гүндэгмаагийн үгээр хэргийг шалгасан нь харагдаж байгаа. Яллах байр суурьтай  оролцсон гэдэг нь харагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны хувьд хэний эрх ашиг хөндөгдөж байна уу гэдгийг хамгаалах гэж оролцож байгаа. Прокурор хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, хуулиа хэрэгжүүлж ажиллаагүй. Иймээс ялыг хүлээн зөвшөөрөхгүй шүүгдэгчийг цагаатгуулах байр суурьтай оролцох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдээгүй цагаатгуулах байр сууриа дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шалгалтад оролцох оюутнуудын нэрсийн жагсаалтыг төв сургууль руу явуулах үед Т.Б-г Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд хөл хориотой байсан ба нэр бүхий 3 оюутнуудад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна хэмээн маргаж байна.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б-ний гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нотлох баримт  хавтас хэрэгт цугларсан байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь шүүхийн хэлэлцүүлгээр Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн сувилагчийн ангийн оюутан Б.Цын Бичил амь судлал, Т.Оын Сэргээн засах, Хүүхэд сувилахуй II, Халдварт өвчин сувилахуй,  Нүдний өвчин сувилахуй хичээлийн дүнгүүд гараагүй байсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч оюутан А.Угийн хувьд Бичил амь судлал хичээлийн дүн гарсан, нүдний өвчин сувилахуй хичээлийн дүн гараагүй байсан байна.

Прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шалгахад А.У нь Бичил амь судлал хичээлийн дүнг гаргуулаагүй байж байгаад төгсөх шалгалтад орсон гэж дүгнэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 

           Мөн тухайн хэрэгт шүүгдэгч Т.Б-г гэм буруутай гэж үзэх нотлох баримт хангалттай шалгагдаж тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Анагаахын шинжлэх ухааны төв сургууль руу шалгалт өгөх боломжтой оюутнуудын нэрсийн жагсаалтыг явуулах үед тус аймагт ковидын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг бүрэн зогсоосон аймгийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний А/182 дугаартай  захирамж гарсан, уг захирамж гарахаас өмнөх өдөр Монгол Улсын Засгийн газрын 78 дугаартай тогтоолд заасны дагуу Т.Б нь 3645 дугаартай нэвтрэх зөвшөөрөл авч Хөхморьт сум руу явсан байна. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 238-239 дугаар авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.Б-г Хөхморьт сумд байх хугацаанд буюу шалгалтын өмнө орой болон шалгалт эхэлсний өглөө Б.У нь С.Ж, Т.Б нар руу шалгалтад орох оюутнуудын нэрсийг мэйлээр хүргүүлэхэд Т.Б ажлын байран дээрээ байгаагүй, Хөхморьт сумд байсан тул хяналт тавих боломжгүй нөхцөл байдалд байжээ. Энэ нь С.Ж болон Б.У нарын мэдүүлэг, мэйл хүргүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

Мөн Б.Ц, Т.О нарын 1-4 хичээлийн дүн гараагүй байхад төгсөх шалгалтад орсон үйл баримт тогтоогдож байгаа боловч дипломын хавсралтаа аваагүй, улмаар лицензийн шалгалтад орох эрхгүй байсан зэргээс дүгнэхэд тэдгээрт давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний А/19 дугаартай сургуулийн захирлын тушаалаар нэр бүхий 3 оюутанд олгосон дипломыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нотлох баримт байхад улсын яллагч яллах дүгнэлт болон дүгнэлтдээ уг дипломууд хүчинтэй байгаа гэж тайлбарлаж байгаа байдал нь хэргийн байдалд бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд А.У нь Нүд судлалын дүнгээ гаргуулаагүй байхад Бичил амь судлал хичээлийн дүнг гаргуулаагүй байж байгаад төгсөх шалгалтад орсон гэж дүгнэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлгүй, Б.Ц, Т.О нарын 1-4 хичээлийн дүн гараагүй байхад төгсөх шалгалтад орсон үйл баримт тогтоогдож байгаа боловч дипломын хавсралтаа аваагүй, улмаар лицензийн шалгалтад орох эрхгүй байсан зэргээс дүгнэхэд тэдгээрт давуу байдал олгогдсон гэж үзэх үндэслэлгүй, шалгалт авах үед шүүгдэгч Т.Б Хөхморьт сумд байсан болох нь хавтаст хэрэгт байгаа дээрх нотлох баримтаар тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Б.Ц, Т.О, А.У нарт олгогдсон байсан дипломын хуулбарыг хүчингүй болгосон тушаал гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан А.Угийн С202111443, Т.Оын 202111428, Б.Цын С202111450 дугаартай дипломуудыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан, талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цогт овогт Т.Бд холбогдох 2216000680111 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Б-г цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2216000680111 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорт буцаасугай.

3. Шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.6 дугаар 1 дэх хэсэг, 45.7 дугаар зүйлд заасан журам болон эрхийг шүүгдэгч Т.Бд танилцуулсугай. 

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан А.Угийн С202111443, Т.Оын 202111428, Б.Цын С202111450 дугаартай дипломуудыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА