Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1347

 

 

 

       2022            10             31                                                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Б.Ундрах,

шүүгдэгч: Б.У /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т  холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Б-гийн У /РД:00000000000/,

Монгол улсын иргэн, **** оны *** сарын ***-ний өдөр **** аймгийн ****** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Зээлийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо задгай тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 сарын 20-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “33” нэртэй зочид буудалд иргэн П.Б-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж  “зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний булгарал, зүүн нүдний доод зовхи, баруун гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:                

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.У нь 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “33” нэртэй зочид буудалд иргэн П.Б-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж  “зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний булгарал, зүүн нүдний доод зовхи, баруун гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               - Иргэн П.Б-ээс гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр “SJ” зочид буудалд бусдад зодуулсан” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

               -Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний орой 16 цагийн орчим найз Болд-Эрдэнэ найзуудтайгаа халамцуу миний байгаа газар ирээд, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, “SJ” нэртэй буудалд орж архи согтууруулах ундаа уусан...Гэтэл шөнийн 03 цаг орчим Болд-Эрдэнийн найз өөрийгөө У  гэж танилцуулсан залуу намайг нүүр, нүдгүй цохиж байхад сэргэсэн юм. Би нэлээн согтолттой ямар шалтгаанаар маргалдсан талаар юу ч санахгүй байна. Ямар ч байсан У  намайг цохиж зодсон. Өөр хүн цохиж зодоогүй. Миний үүдэн 2 шүд хугарсан, нүүр, нүд хөхөрч хавдсан, эрүү хөндүүртэй, толгой өвдөж байна...Би хувийн “Мануул трейд” эмнэлэгт үзүүлж ёзоор авахуулаад буйлны эмчилгээ эмчийн зөвлөгөөг 350.000 төгрөгөөр өөрийнхөө зардлаар авсан. Мөн 42.000 төгрөгийн эм авч уусан...У  надад хохирлын 2.785.000 төгрөгийг миний дансаар шилжүүлж өгсөн. Одоо би хоёр шүд хийлгэхийн тулд дахин эмчилгээ шаардлагатай байгаа бөгөөд “Мануул трейд” эмнэлэг нь уг эмчилгээг хийхэд 5.750.000 төгрөг болно гэж хэлээд баримт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 66-р хуудас/,

               -Гэрч О.Б-нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б, У  нарын аль аль нь согтоод, нэг нэгнийхээ үгийг сөргөөгөөд байсан. Тэгээд би унтаад сэрэхэд хажууд хоорондоо зодолдоод байхаар нь салгаад тусад нь унтуулсан. Гэтэл өглөө 7 цагийн үед цагдаа нар ирчихсэн, Б-ийн амнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Д-гийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000000 дугаартай:   

               “...1. П.Б-ийн биед зүүн дээд үүдэн 1,2-р шүдний булгарал, зүүн нүдний доод зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

               3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

               4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.У яллагдагчаар өгсөн: “...би их хэмжээгээр архи согтууруулах ундаа уусан болохоор ямар шалтгаанаар маргаснаа санахгүй байна. Ямар ч байсан Б-ийн нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон...Би 2022 оны 08 сарын 30-ны өдөр 2.850.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн...” гэж /хх-ийн 60-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 27-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 28-р хуудас/,  шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 29-р хуудас/, тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, 2018.02.20-ны өдөр төрсөн У.Мөнгөн-Од, 2016.09.15-ны өдөр төрсөн У.Мөнгөнсор нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 34-35-р хуудас/, депозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35-45-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 51-53-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.У нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.У-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.  

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.У нь хохирогч П.Б-ын эрүүл мэндийн эсрэг халдаж нүүрэн тус газар цохиж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул гэм буруутай үйлдэл гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.У ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч П.Б нь 2,785,000 төгрөг авсан цаашид эмчилгээ хийлгэх  эмчилгээний зардлыг гаргуулахаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн боловч хохирол төлбөрийн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.У ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй. 

Харин хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлын хувьд үүдэн хоёр шүд нь хугарсан хор уршиг ихтэй байгаан нь үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж зааснаар хохирогч П.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.У-т  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаа саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.У мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно....” гэв. 

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.У ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.    

Шүүгдэгч Б.У-т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл  /эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ. 

Харин ажил хөдөлмөр эрхэлдэг байдал тогтоогдоогүй бөгөөд түүний учруулсан хор хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан торгох шийтгэл тохиромжгүй гэж дүгнэсэн болно.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т  480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хохирол төлбөргүй байгааг нь харгалзан багасгаж 300 цагийн нийтэж тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-т  сануулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Н овогт Б-гийн У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-т  сануулсугай.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Б гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

         

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА