Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1349

 

 

 

      2022             10             31                                                        

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,   

хохирогч А.А

шүүгдэгч: Х.И /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х.И-т холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Х-гийн И /РД:0000000000/,

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *******аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор Их засаг Олон улсын их сургуулийн 2 дугаар курст оюутан, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 0 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Х.И нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонгконг зочид буудалд иргэн А.А-ыг унтаж байхад хүзүүнээсээ нь монетон гинж, түрүүвчнээс бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.И нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонгконг зочид буудалд тухайн өдөр танилцсан А.А-тай хамт орж, үйлчлүүлж байгаад А.А-ыг унтаж байхад нь хүзүүнээс нь монетон гинж, түрүүвчнээс нь бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,

-Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонгконг зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий Сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

-Хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Лакс нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 04 цагийн орчимд тухайн баарнаас гараад мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн таксины жолооч залуутай хорооллын бичил орчимд байдаг караоке хаалттай байсан ба тухайн таксины жолооч залуутай нилээн юм ярьж сууж байгаад тухайн залуутай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болоод бид 2 хаачих уу гэж ярилцаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонгконг нэртэй зочид буудлын Б-1 давхарт байрлах саун массажинд орохоор болсон. Үйлчлүүлж байгаад би унтаад өгсөн байсан ба маргааш нь буюу 08 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд сэрэхэд тухайн хамт явсан таксины жолооч залуу байсан. Тэгээд би хүзүүндээ байсан монетон гинжээ үзэхэд байхгүй байсан. Мөн түрүүвчинд байсан 200.000-300.000 төгрөг байхгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

-Хохирогч А.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “..2.500.000 төгрөг авсан ба одоо 2.500.000 төгрөг авна..” гэх дахин мэдүүлэг /хх- ийн 19-р хуудас/,

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Ц-1347 дугаартай хөрөнгийн vнэлгээ “...5.000.000 төгрөгийн хохирлын үнэлгээ..” /хх-ийн 28-29-р хуудас/,

-Шүүгдэгч Х.И-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би хувиараа ээжийн эзэмшлийн 80-80 УНИ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашинтай гадуур таксинд явсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 04 цагийн үед Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Lux нэртэй баарны гаднаас 30-35 орчим насны эрэгтэй хүн аваад хаашаа явах уу гэж асуусан. Тэр хүн надаас караоке орох гэсэн юм гэж хэлэхээр нь хорооллоор караоке хайсан боловч олдоогүй. Тэгтэл тэр хүн надад хандаж хоёулаа массажны газар орох уу гэж асуусан. Тухайн үед 30-35 орчим насны эрэгтэй хүн массажны газрын төлбөрийг даасан. Тухайн үед 30-35 насны эрэгтэй хүн бид хоёр нэг газар хувцасаа тайлж шүүгээнд хийсэн. Тэр үед би тэр хүний гинжийг харсан бөгөөд тэр хүн монетон гинжээ шүүгээнд хийсэн.Тэгээд тэр залуу бид хоёр биеэ угаалгаж массаж хийлгэж байхад тэр залуу унтахаар нь босоод хувцас сольдог шүүгээн дээр очоод тэр залуугийн хувцсаа хийсэн шүүгээнээс бэлэн 200.000 төгрөг болон гинжийг аваад явсан. Би тэр залуугийн монетон гинжийг Чингэлтэй дүүрэг урт цагааны орчим гудамжинд явж байсан хүнд хандаж монетон гинж хэдэн төгрөгөөр худалдаж авах уу гэж асуухад тэр хүн надад хандаж 600.000 төгрөгөөр авъя гэхээр нь зөвшөөрөөд тэр үл таних хүнд 600.000 төгрөгөөр монетон гинжийг зарсан. Би гинж зарсан хүнээ хайсан боловч олдоогүй...” гэж /хх-ийн 90-91-р хуудас/ мэдүүлж  байсан.

Хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, депозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-73-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-84-р хуудас/, Их засаг Олон улсын их сургууль Дүрслэг урлаг, дизайн технологийн дээд сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн бүх зүйл үнэн. Тэр өдөр таксинд явж байсан. Тэгээд хохирогч А.А-тай баарны гадаа таарсан. Тэгээд эхлээд Бичил явсан, дараа нь 1 дүгээр хорооллын Хонг Конг зочид буудал орсон. Унтаж байхад нь монетан гинж, түрийвчнээс нь 200.000 төгрөг авсан гэв.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр клубын гишүүдтэй байж байгаад ганцаараа бааранд орсон. Энэ залуутай танилцсан, тэгээд хамт буудалд орсон чинь унтсан байсан, нэг сэрэхэд гинж байхгүй болсон байсан. Би 2.700.000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.И нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.И нь хохирогч А.А-ын монетон гинж /5,000,000 төгрөгийн үнэ бүхий/, түрүүвчнээс бэлэн 200.000 төгрөгийг хулгайлан авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.   

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Х.И-ын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу монетон гинж, бэлэн 200.000 төгрөгийг нь хариу төлбөргүйгээр, нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд хохирогчийн монетон гинж 5,000,000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.И-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.А нь шүүгдэгчээс 2,500,000 төгрөгийг хохиролд авсан бөгөөд үлдэх 2,700,000 төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.  

Шүүгдэгч Х.И-ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар хохирогч А.А-д учирсан хохирол болох 2,700,000 төгрөгийг шүүгдэгч Х.И-аас гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно гэв.

 

Шүүгдэгч: Гэм буруутайгаа хүлээж байна, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.И-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.   

Шүүгдэгч Х.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.   

          Харин шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан хувийн байдалтай, хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй хор уршгийг арилгаагүй нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-т 8 сарын хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3 д “... Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өнө суллаж, хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч Х.И-т Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамжаар Х.Итгэлтбаярын эдлээгүй үлдсэн 4 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох арга хэмжээг тус тус авсныг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлбэл зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Т овогт Х-гийн И-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-т 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3-д зааснаар шүүгдэгч Х.И-т Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар Х.И-ын эдлээгүй үлдсэн 4 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох арга хэмжээг тус тус авсныг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-т оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

         

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.И-аас 2,700,000 төгрөг гаргуулан хохирогч А.А-д олгосугай.

 

          7. Шүүгдэгч Х.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

         

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА