Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/237

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч О.Г******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Г*******эд холбогдох эрүүгийн 2215000000244 дугаартай, 163/2022/0231/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт О******* Г*******, Булган аймгийн Сайхан суманд ....оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн,  Орхон аймгийн Баян-Өндөр сумын .... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй /РД: ......3/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г******* нь Булган аймаг Бугат сумын 3 дугаар багийн нутаг Чулуутын ам гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг шинэс төрлийн босоо мод хөрөөдөж 1.032 метр куб түлээний хуурай мод бэлтгэж байгаль экологид 174.052 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход нийт 522.156 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г*******ийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000244 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Г******* нь Булган аймаг Бугат сумын 1 дүгээр багийн Тусгалт гэх газраас ойн цэвэрлэгээний ажлын зориулалтаар мод бэлтгэх БУА 22-034578 дугаарын эрхийн бичгийг Бугат сумын байгаль хамгаалагч Ч.Булган-Эрдэнээс авсан атлаа эрхийн бичигт заасан газраас бус Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг Чулуутын ам гэх газрын ойгоос бэлтгэх арга, огтлолтын төрлийг зөрчиж 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг шинэс төрлийн босоо мод хөрөөдөж 1.032 метр куб түлээний хуурай мод бэлтгэж байгаль экологид нийт 522.156 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Иргэний нэхэмжлэгч Ч.Б******* “Тухайн газарт ойн тусгаарлалт хийгдээгүй учир мод бэлтгэж болохгүй. О.Г******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр Бугат сумын 1 дүгээр баг Тусгал гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр заагдсан газраас мод бэлтгэх ёстой. Цэвэрлэгээний ажил гэдэгт унасан унанги мод болон үзүүр дорцов зэрэг модыг бэлтгэх ёстой. Ойд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

  1. Гэрч Л.Ү******* “уг 5......лсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сард худалдаж авч байсан. Би уг тээврийн хэрэгслийг П******* худалдаж авангуутаа Г******* гэх хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг Г*******эд шилжүүлж өгч чадаагүй байгаа” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

  1. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 3-р багийн нутаг Чулуутын ам гэдэг газар байв. Уг газар нь уулын зүүн хажуу талын энгэр газар ба ертөнцийн зүгээр урд зүгт харсан уулын жалга байв. Оролцогч Г*******ээр өөрөөр нь мод бэлтгэсэн газрын заалгаж... модны хожуулыг заалгаж үзлэгийг хийхээр тогтов. Зураг №1, 2 гэж дугаарласан ба 1 гэж дугаарласан модны хожуулын диаметр 27 см, газраас 25 см өндөр, №2 гэж дугаарласан модны диаметр 24 см газраас 18 см өндөр, №3 гэж дугаарласан модны хожуулын диаметр 21 см, газраас 57 см өндөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-14 дэх тал/,

 

  1.  О.Г******* нь ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх модонд үзлэг хийх ажиллагааг Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 16:10 минутад эхлүүлж ердийн цаг агаартай байгалийн гэрэлд ...... явуулав гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

  1. Шинэс төрлийн тайрч бэлтгэсэн 61 ширхэг модыг Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжилсэн, О.Г*******ийн ......лсын дугаартай Hyundai porter загварын тээврийн хэрэгслийг Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,

 

  1. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

  1. О.Г*******ийн хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн 56-58 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
  2. Булган сум дахь Сум дундын ойн ангийн шинжээч Б.Жавхлангийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд “Булган аймгийн Бугат сумын 3 дугаар баг “Чулуутын ам” гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй байна. Мод бэлтгэсэн Бугат сумын 3 дугаар баг Чулуутын ам гэх газарт зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн газар нь ногоон бүсийн буюу хамгаалалтын бүсийн ойд орж байна. Бэлтгэсэн мод нь түлээний зориулалтаар бэлтгэсэн шинэс төрлийн хуурай мод байна. Ойн цэвэрлэгээний ажлаар босоо мод унагаж болохгүй. Уг иргэний унагаасан 3 ширхэг модны өндрийн зэргийг тогтоож нийт эзлэхүүнийг гаргаад, түлээний модны МИ8 5413:2011 стандартын дагуу түлээгээр ангилж модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргана. Шинэс түлээний хуурай 1.032 м3 экологи-эдийн засгийн үнэлгээ нь 174.052 төгрөг” гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
  3. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З******* “... экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 174.052 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу учруулсан хохирол болох 174,052 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 522.156 төгрөгийн нөхөн төлбөр болж байна” гэх хохирлын үнэлгээ тооцсон акт / хавтаст хэргийн 67 дахь тал/,
  4. Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-622/4671 дугаартай дүгнэлтэд “Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 80.000 төгрөг” гэх зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, / хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
  5. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №222033 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...... улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 1.184.794 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 77-82 дахь тал/,
  6. Яллагдагч О.Г*******ийн “2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын ойн байцаагч Булган-Эрдэнэ гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг аваад Бугат сумын Чулуут гэх газраас эхлээд унанги ачсан чинь ачаа минь жоохон дутаад байхаар нь 3 ширхэг нарийн босоо мод унагаагаад машин дээр ачаад Орхон аймаг руу явж байсан чинь Орхон аймгийн самбартай хөтөл гэх газар цагдаа нар намайг зогсоогоод шалгаад тээврийг хэрэгслийг минь түр саатуулсан...өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл мөн цахилгаан хөрөө ашигласан” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 91-92 дахь тал/
  7. 2022 оны 09 сарын 09-ний өдрийн БУА серийн 22-034578 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, /хавтаст хэргийн 96 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Булган-Эрдэнэ, гэрч Л.Ү******* өгсөн мэдүүлэг, Булган сум дахь сум дундын Ойн ангийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №12 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч О.Г******* нь БУА 22-034578 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу Булган аймаг Бугат сумын “Тусгалт” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр цэвэрлэгээний ажлын зориулалтаар шинэс төрлийн түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан хэдий ч зөвшөөрөлд заасан газар, бэлтгэх арга, огтлолт төрөл зөрчиж  Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Чулуутын ам” гэх газраас 3 ширхэг шинэс төрлийн хуурай босоо мод хөрөөдөж 1.032 метр куб түлээний мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч О.Г******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлд зааснаас өөр газраас, бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж мод бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Г*******ийг Булган аймаг Бугат сумын 3 дугаар багийн нутаг Чулуутын ам гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг шинэс төрлийн хуурай босоо мод хөрөөдөж 1.032 метр куб мод бэлтгэж байгаль экологид 174.052 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход нийт 522.156 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч О.Г*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 174.052 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 522.156 төгрөгийн /хавтаст хэргийн 67 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг О.Г******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн төлөхөө илэрхийлсэн байх тул 522.156 /таван зуун хорин хоёр мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Г*******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Г*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Г*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Г*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 99-107 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г******* нь ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар багийн Агуйтын 14-7 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4/128 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүгдэгч О.Г*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч О.Г*******ийг 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг нь оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Г*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.184.794 төгрөгийн үнэлгээ бүхий ....... улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэл нь гэрч М.П өгсөн “...тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн иргэн Л.Үнэнхүүд итгэмжлэл хийгээд худалдсан, Л.Үнэнхүү нь нэр дээрээ шилжүүлэн аваагүй 2022 оны зун татвар нь над дээр гарч байсан, одоо шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч Л.Ү******* “........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сард М.Пүрэвбаатараас худалдан авсан. Пүрэвбаатараас авангуутаа О.Г*******эд 1.500.000 төгрөгөөр зарсан. Нэрийг нь шилжүүлж өгч чадаагүй байгаа” гэх мэдүүлгүүдээр О.Г*******ийн өмчлөл, эзэмшилд байдаг болох нь тогтоогдож байна.   

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 1.032 метр куб хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 61 ширхэг, шинэс төрлийн хэрэглээний хуурай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.184.794 төгрөгийн үнэлгээ бүхий 56-58 БУЛ улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн, зүүн талдаа шар өнгийн тагтай цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч О.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч О.Г*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б******* овогт О******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч О.Г******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Г*******ээс байгаль экологид учруулсан нийт хохирол 522.156 /таван зуун хорин хоёр мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 1.032 метр куб хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 61 ширхэг, шинэс төрлийн хэрэглээний хуурай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.184.794 төгрөгийн үнэлгээ бүхий 56-58 БУЛ улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгөтэй цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч О.Г*******ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Ч.Булган-Эрдэнэ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ