Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 3512

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо   тоотод оршин суух Ц овогт Г Х /РД:  , утасны дугаар:  /

Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо   тоотод оршин суух Секел овогт Б Н /РД:  , утасны дугаар:  /

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 4,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э

хариуцагч Б.Н

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б овогтой Нтай 2017 оны 07 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд 2500000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохиролцсон. Мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Гэтэл Н нь өнөөдрийг хүртэл зээлийг төлөх талаар санаачлага гаргаагүй бөгөөд нэг ч удаа холбогдоогүй бүр уулзахаас зайлсхийж, утсаа авахгүй байгаа. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 2500000 төгрөг, хүү 250000 төгрөг, алданги нь 1375000 төгрөг буюу нийт 4125000 төгрөг болж байна. Алдангийн тухайд гэрээнд зааснаар өнөөдрийг хүртэл тооцоогүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцсон болно. Б.Н нь зээлээ төлөхгүй, холбоо барихгүй, зээлийг төлөхөөс зайлсхийж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байна. Иймд зээлдэгч Б.Наас зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 2500000 төгрөг, хүү 250000 төгрөг, алданги нь 1375000 төгрөг буюу нийт 4125000 төгрөгийг гаргуулан надад олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *УБГ улсын дугаартай тоёота харриер маркийн авто машиныг Г.Х нь Б.Наас 14000000 төгрөгөөр худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Энэ баримтыг Б.Н барьж байгаад зураг авахуулсан баримт ч мөн хэрэгт байгаа. Талууд машиныхаа бичиг баримтыг шилжүүлэх талаар удаа дараа ярилцаж байгаад шилжүүлэхгүй байсаар Г.Х ажлаар хөдөө явсан нь үнэн. Тэр үедээ Б.Н би машинаа нэр дээр чинь шилжүүлэх боломжгүй байна чи хөдөө явчихаад ир, харин ирэхэд чинь шилжүүлсэн байна гэж тохиролцсон. Ингээд хөдөө явж байгаад ирээд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр уулзахад Б.Н би шүүх дээр маргаантай байж байгаад шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай болж нэмж зээл авсан байгаа, би зээлээ төлж байгаад машиныг чинь нэр дээр чинь шилжүүлнэ гээд Г.Хаас 2500000 төгрөг зээлчих, би чиний машиныг нэр дээр чинь шилжүүлээд өгье гэж хэлээд авсан байдаг. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2500000 төгрөгөө өгсөн. Мөнгө зээлүүлсний дараа мөн нэр шилжүүлж өгөхгүй явсаар байгаад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр машиныг нь Г.Хы нэр дээр шилжүүлж өгсөн. Бичил глобус ББСБ-тай холбоотой зээл Б.Нтай л холбоотой болохоос Г.Хы хөдөө явсантай ямар ч холбоогүй. Зээлийн гэрээг хуульд заасны дагуу нотариатаар баталгаажуулсан, зээлийн гэрээний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0,5 хувиар алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг тооцож нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н нь 2017 оны 4 сард иргэн Г.Хд *УБГ улсын дугаартай Тоёота Харриер маркийн машиныг 16500000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед миний машин Бичил глобус ББСБ ХХК-ийн барьцаанд байсан. Иргэн Г.Х нь автомашиныг худалдаж авах үед машиныг өөрийн эгчийн нэр дээр буулгана гээд надад бэлэн 14000000 төгрөгийг өгч, үлдсэн 2500000 төгрөгийг буюу Бичил глобус ББСБ ХХК-д төлөх ёстой мөнгийг нэр шилжүүлэхдээ өгнө гэж тохироод яваад өгсөн юм. Г.Х нь бүтэн 3 сар машиныг нэр дээрээ шилжүүлж аваагүйн улмаас ББСБ-ын зээлийн хүү алданги, өсөж байсан тул миний бие 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Г.Хы машины үлдэгдэл 2500000 төгрөгийг авав. Тухайн зээлийг миний нэр дээр явж байсан учраас бас 3 сар зээл графикийн дагуу төлөгдөөгүйн улмаас хүү алданги нь өндөр гарч зээлийг бүрэн төлж Г.Хы нэр дээр шууд машиныг буулгах боломжгүй болсон юм. Тухайн үед Г.Х нь машиныг нэр дээр нь болгох боломжгүй болсон учраас 2500000 төгрөгийг надад зээлийн хэлбэрээр гэрээ хийж өгсөн юм. Яагаад гэвэл би уг мөнгийг зээлд хийхгүй намайг худлаа ярьж хуурна гэсэн үүднээс зээлийн гэрээ болгосон юм. 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш миний бие машины бүх зээлийг төлж, 2 сарын дотор машиныг нэр дээр нь шилжүүлж өгнө гэж амлаад 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр бүх зээлийг хааж Г.Хы нэр дээр машиныг шилжүүлж өгсөн юм. Иймд бидний хооронд тооцоо дууссан гэж ойлгоод 2 тийшээ болцгоосон юм.

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 онд өөрийн эзэмшлийн Тоёота харриер маркийн авто машиныг иргэн Г.Хд 16500000 төгрөгөөр зарсан. Худалдах, худалдан авах гэрээ хийж, мөнгөө бэлнээр авъя гэтэл Г.Хд мөнгө нь бэлнээр байгаагүй. Мөн Г.Х миний машиныг эгчийнхээ нэр дээр авна гээд тухайн үед надтай гэрээ байгуулаагүй. Надад 14000000 төгрөг өгч, машиныг авч явсан. Тухайн үед миний машин Бичил глобус ББСБ-ын зээлийн барьцаанд байсан. Г.Х үлдсэн 2500000 төгрөгийг намайг машинаа зээлээсээ чөлөөлж, эгчийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн тохиолдолд өгнө гээд яваад өгсөн. Би зунжингаа хүлээсэн боловч Г.Х хөдөө байна гээд машинаа шилжүүлж аваагүй. Тухайн үед машин миний нэр дээр байсан болохоор би дахиад Бичил глобус ББСБ-иас 2017 оны 5 сард зээл авсан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын сүүлээр Г.Х уг машиныг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гээд үлдсэн 2500000 төгрөгийг аваад хүрч ирсэн. Би чамайг ирэхгүй болохоор нь нэмж зээл авсан. Одоогоор би мөнгөгүй байгаа болохоор 9 сар гаргаад машинаа чиний нэр дээр шилжүүлж өгье, харин 2500000 төгрөгөө надад өгчих би зээлийн төлбөртөө өгье гэхэд Г.Х надад баталгаа хэрэгтэй гээд та машинаа миний нэр дээр шилжүүлж өгөхгүй бол энэ 25000000 төгрөгийг та надаас зээлж авсан болно гээд надад зээлийн гэрээ байгуулж өгсөн. Ингээд 9 сард Бичил глобус ББСБ-ын зээлийг төлж чадалгүй байж байгаад 2017 оны 12 сард зээлээ хааж, машинаа Г.Хы нэр дээр шилжүүлж өгсөн. Ингээд бүх тооцоо дууссан гэж бодож байтал 2500000 төгрөгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Г.Х хариуцагч Б.Над холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,750,000 төгрөг, алдангид 1,375,000 нийт 4,125,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ бичгээр хийгдсэн байх ба уг гэрээгээр зээлдэгч Б.Н нь зээлдүүлэгч Г.Хаас 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 2,500,000 төгрөг зээлжээ. Уг гэрээний дагуу хариуцагч 2,500,000 төгрөг хүлээн авсан талаар маргадаггүй бөгөөд харин мөнгийг зээлж аваагүй, Г.Хд худалдсан автомашины улсын бүртгэлийн гэрчилгээний нэр шилжүүлэх баталгаа болгож автомашины үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулсан гэж маргаж байна.

Хариуцагч Б.Н нь өөрийн эзэмшлийн, Бичил глобус групп ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр зээлдүүлэгч Бичил глобус групп ХХК-ийн өмчлөлд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн *УБГ улсын дугаартай тоёота харриер /Toyota harrier/ маркийн автомашиныг нэхэмжлэгч Г.Хд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр худалдсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов. Хариуцагч маргаж буй үндэслэлтэйгээ холбогдуулан Бичил глобус групп ХХК-иас нотлох баримтаар гаргуулсан *УБГ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашиныг барьцаалсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон баримт, Б.Наас Г.Хы өмчлөлд автомашин шилжүүлэх хүсэлт, Г.Хы өмчлөлд автомашин шилжүүлэх Бичил глобус групп ХХК-ийн албан бичиг нь Б.Ныг Бичил глобус групп ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ, Г.Хтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр биелүүлсэн болохыг нотолж байх бөгөөд Г.Хд автомашинаа 16,500,000 төгрөгөөр худалдсан болохыг, автомашины үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан болохыг нотлохгүй байна.

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдсэн, уг гэрээгээр *УБГ улсын дугаартай автомашиныг 14 сая төгрөгөөр худалдаж, 9 сая төгрөгийг хүлээн авсан, үлдсэн 5 сая төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгөхөөр тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзнэ. Хүсэл зориг гэдэг нь тухайн этгээд юу хүсэж, түүний үр дүн юу байх вэ гэдгээ тодорхойлох үйл явц бөгөөд түүнийг илэрхийлж байгаа байдлыг хүсэл зоригийн илэрхийлэл гэнэ. Энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө этгээд хүлээн авах буюу хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагддаг байна. Иймд Б.Н нь автомашинаа 16,500,000 төгрөгөөр худалдахаар хүсэл зоригоо илэрхийлсэн болохоо баримтаар нотлоогүй тул 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал Б.Нын хүсэл зоригийг автомашины үнийг 14 сая төгрөгөөр тогтоосон гэж үзнэ. Үүнээс гадна хариуцагч тайлбартаа Г.Хд автомашиныг худалдах үед Бичил глобус групп ХХК-д зээлийн үлдэгдэл 3 сая гаруй төгрөг байсан,машинаа нэр дээрээ шилжүүлж аваад буцаагаад Г.Хы нэр дээр шилжүүлж өгөх боломж байсан боловч би тухайн үед 14,000,000 төгрөгөө өөр зүйлд хэрэглэсэн байсан гэснээс үзвэл нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан 14 сая төгрөгөөр тухайн үедээ Бичил глобус групп ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, автомашиныг Г.Хы өмчлөлд шилжүүлэх боломжтой байжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн үүрэг нь худалдаж буй эд хөрөнгөө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагчийн үүрэг нь эд хөрөнгийн үнийг төлөх нь гол үүрэг байдаг. Энэхүү гэрээний үүргээ худалдан авагч Г.Х биелүүлж, гэрээгээр тохирсон үнийг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэсэн байхад худалдагч Б.Н нь бусдын өмчлөлөөс автомашиныг чөлөөлж, Г.Хы өмчлөлд шилжүүлээгүй нь шударга ёсонд нийцэхгүй. Хариуцагчийн энэ үйлдлийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд хариуцагч Б.Нын автомашины улсын бүртгэлийн гэрчилгээний нэр шилжүүлэх баталгаа болгож автомашины үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

Хариуцагчийн маргаж буй үндэслэл, тайлбар нотлогдоогүй тул зохигчийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч зээлийн гэрээний үүрэгт зээл 2,500,000 төгрөг, 2 сарын хүү 250,000 төгрөг нийт 2,750,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Уг үүргээ биелүүлээгүй 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 332 хоног хэтэрсэн, хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 2,750,000 төгрөгийн тал болох 1,375,000 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагчаас 4,125,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С овогт Б Наас 4,125,000 /дөрвөн сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц овогт Г Хд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид 80,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА