| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2022/0204/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/173 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/173
2022 10 19 2022/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0204/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
улсын яллагч Д.Чулуунпүрэв,
шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2239000000321 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь Хэнтий аймгийн Норовлин сум 4 дүгээр баг Дэрвэнгийн 2-4 тоотод хашаанд байх Т.Пүрэвжалын эзэмшлийн 5 ханатай монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.М нь “чи манай найзтай унт, чи явдалтай янхан, чамд буян болно шүү” гэж хэлсэн, 1 удаа алгадаж хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, улмаар хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай нийт 31.5 см урттай хутгаар А.М-ын хэвлий /хүйс/ хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлий /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Э : ...М-тай 2020 оны 06 дугаар сард танилцаад 2 жил хамтран амьдарсан. Бид 2 хоёр талд ажил хийж байсан. Би Монгол зам ангид тогооч хийж байгаад 14 хоноод бууж ирсэн. Тэр үер М ажилгүй байж байсан. Тэгээд маргааш нь бид 2 уулзаад байж байтал М шараа тайлах гэсэн юм ганц юм аваад өгөөч манай найзынд очьё гэсэн. Тэгээд найзынд очоод архи уусан маргалдаад намайг чи зам ангид явж байгаад зам ангийн эрчүүдтэй унтаж хэвтээ биздээ гээд намайг найзындаа доромжилж эхэлсэн. Тэгээд би тийм юм байхгүй ш дээ би 14 хоног ажил хийж байгаад ирлээ гэхэд чи зам ангид эрчүүд харчуултай унтаж хэвтээд ирсэн юм чинь манай найзтай унт гээд ууж идсэн үедээ алгадаад наймаг түлхсэн тэгээд тэр үед тэр хутгалах үйл явц болсон...эхлээд намайг янхан гичий банзалдаж байгаад ирсэн. Чи эрчүүдтэй унтаж хэвтээд ирсэн юм чинь манай найзтай унтвал Эрдэнэ зууд 100 мөргөсөнтэй тэнцэнэ гэж хэл амаар доромжилсон...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...хохирогчид эмчилгээний зардалд эхлээд 500.000 төгрөг, 200.000 төгрөг, 500.000 төгрөг, 30.000 төгрөг, 50.000 төгрөг, сая 1.800.000 төгрөг нийт 3.080.000 төгрөгийг төлсөн... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239000000321 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Э ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчим Хэнтий аймгийн Норовлин сум 4 дүгээр баг Дэрвэнгийн 2-4 тоотод хашаанд байх Т.Пүрэвжалын эзэмшлийн 5 ханатай монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.М нь “чи манай найзтай унт, чи явдалтай янхан, чамд буян болно шүү” гэж хэлсэн, 1 удаа алгадаж хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, улмаар хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай нийт 31.5 см урттай хутгаар А.М-ын хэвлий /хүйс/ хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлий /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт нь
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-8 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 582 дугаартай ...А.М-ын биед хэвлийн /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
хохирогч А.М ын: ...Би Э гэх эмэгтэйтэй 2021 оны 11 дүгээр сараас хойш хамтран амьдарч харьцаж байгаа. Сүүлийн хэдэн сарын хугацаанд би ажилд яваад Э охиных руугаа явсан байсан. Би Хэнтий аймгийн Норовлин суманд 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн орчимд Ганнэргүйгийн гэр рүү очсон чинь гэрт нь Э байж байсан. Тэгэхээр нь хугас шил архи байсныг Ганнэргүй бид 3 хувааж уугаад тухайн өдрөө Ганнэргүйгийн гэрт байж байгаад оройхон гарч Э бид 2 цугтаа 1 шил 0.75 граммын архи худалдан аваад Ганнэргүйн гэрт очсон чинь Ганнэргүй унтаж амарлаа та нар өөр айлд оч гээд байхаар нь би Э тэй Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 2-4 тоотод байрлах Пүрэвжал гэх найзынх руугаа очсон чинь Пүрэвжал нь гэрээ цоожлоод явчихсан байсан. Тэгэхээр нь Э бид 2 цугтаа гэрийнх нь хойд талын зуны байшингийх нь үүдний амбаарт худалдан авсан байсан архи хувааж уугаад буйдан дээр нь унтсан. Харин маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчимд Пүрэвжал гэртээ ирээд Э бид 2-г сэрээсэн. Тэгсэн чинь Э цүнхээ Ганнэргүйгийн гэрээс аваад ирье гээд явахаар нь би Пүрэвжалыг шартаж үхлээ хөгшөөн гэсэн чинь Пүрэвжал 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи дэлгүүрээс авч өгсөн. Пүрэвжал бид хоёр тухайн хараа нэртэй 0.75 граммын архийг хувааж уугаад сууж байсан чинь Э ирээд архинаас хувааж уусан. Тухайн үед Пүрэвжал архинаас 3 хундага аваад унтаж амарлаа гээд орондоо орсон чинь Э агсан согтуу тавиад уйлж бахираад байхаар нь чи айлд байгаа юм байж аятайхан байгаарай эсвэл энэ гэрээс яв гэж хэлээд Пүрэвжалын гэрийн баруун хойд хэсэгт дэр болон ор хөнжлийн даавуу налаад сууж байсан чинь Э хөргөгчний хажууд байсан хар өнгийн хутгыг аваад миний гэдэс хэвлий хэсэгт буюу хүйсний нүхний баруун талд дүрчихсэн. Тэгээд би гэдсээ дараад ч цус гараад нэмэргүй байхаар нь Пүрэвжалыг сэрээгээд Пүрэвжалд хандан хөгшөөн намайг Э хутгалчихлаа гэж хэлсэн. Харин Э намайг хутгалсан хар хутгаа хөргөгчний хажуу тал руу шидчихсэн. Тэгээд удалгүй эмнэлэгийн түргэн тусламж ирээд намайг үзсэн Тухайн үед би гэрийн зүүн урд талын хөргөгч байсны хажууд сууж байхдаа эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн....Тийм зүйл байхгүй...Би цохиж зодоогүй, ганц ч удаа гар хүрээгүй...Намайг Э 1 удаа хутгаар гэдэс хэвлий хэсэгт минь дүрсэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...Э-ийг ямар нэгэн ял битгий аваасай гэж хүсэж байна. Мөн Э-т би ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
хохирогч А.М-ын дахин өгсөн ...Тухайн өдөр би Пүрэвжалын гэрт Э 3-лаа нийлээд 0.75- н хараа нэртэй архи хувааж ууцгаасан. Э хэрэг болохоос өмнө 10 гаран хоног хөдөө зам анги дээр ажил хийж байгаад ирэхээр нь би тухайн хэрэг болох үед уур хүрээд Э-т хандаж “олон эрчүүдтэй банзалдаа биз янхан гэх зэргээр хэлж нэг удаа алгадаад мөн Пүрэвжалтай унт гэж хэлээд Э-ийг түлхтэл Э огцом эргэж тэнд байсан хутгыг барьж аваад миний гэдэс рүү дүрсэн асуудал байгаа... ...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ... /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
сэжигтэн Б.Э ийн: ...Би М-тай 2021 оны 11 дүгээр сараас хойш хамтран амьдрах болсон. А.М нь 2022 оны 05 дугаар сарын 20-нд Дорнод аймгийн газрын тосны байгууламжид ажиллахаар яваад харин би хотод охиныхоо гэрт түр хугацаанд амьдарсан. Харин би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин ' суманд ирээд зам ангид тогоочоор ажиллаж байх хугацаандаа найз Ганнэргүйгийн гэрт амьдарч байсан чинь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчимд М нь Ганнэргүйгийн гэрт тал шил 0.5 граммын архи барьчихсан ирээд цугтаа ууя гэхээр нь би тухайн архинаас нь хувааж уугаад дууссан. Тэгээд хэсэг хугацаанд Ганнэргүйгийн гэрт байж байгаад М дэлгүүрээс 1 шил ерөөл нэртэй 0.75 граммын архи худалдан аваад Ганнэргүйгийн гэрт очсон чинь Ганнэргүй согтчихсон гэрээсээ хөөгөөд байхаар нь бид 2 М ын найз Пүрэвжалын Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 2-4 тоотод байрлах гэрт нь очсон. Тэгсэн чинь Пүрэвжалын гэр цоожтой байхаар нь М бид 2 байшингийнх нь үүдний амбаарт ороод дэлгүүрээс худалдан авсан 0.75 граммын ерөөл нэртэй архиа хувааж уугаад амбаар дотор нь байсан буйдан дээр цугтаа унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөөний 08 цагийн орчимд Пүрэвжал гэх гэрийн эзэн залууг ирэхээр нь би Ганнэргүйгийн гэрээс очиж цүнхээ аваад буцаад Пүрэвжалын гэрт ирсэн чинь Пүрэвжал М нар нь 0.75 граммын Хараа нэртэй архи дөнгөж задлаад Пүрэвжалын гэрт нь ороод суугаад ууцгааж байсан. Тэгэхээр нь би Пүрэвжал, М нартай цуг суугаад архинаас нь хувааж уугаад байж байхдаа шөлтэй хоол хийж Пүрэвжал, М нарт идүүлсэн. Тэгээд Пүрэвжал унтлаа гээд орондоо ороод унтаад байж байхад нь М бид 2 тухайн архиа үргэлжлүүлээд ууж байсан чинь 10 цагийн үед М гэнэт намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжпоод чи явдалтай, янхан манай найзын хажуугаар орж хэвтэж баярлуулаач чамд буян болно шүү гээд намайг үсдээд алгадахаар нь би хөлдөөгчийн хажууд байсан хутгыг аваад М руу чичсэн чинь М ын гэдэс хэвлий хэсэгт нь дүрчихсэн. Тэгсэн чинь М ын гэдэснээс цус гараад нарийн гэдэс нь ил харагдахаар нь айгаад би хүн хутгалчихлаа ш дээ гээд Пүрэвжалыг дуудсан чинь Пүрэвжал сэрээд яанаа гээд байсан.. Тэгээд Пүрэвжал бид 2 эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн....Тухайн хутга нь хар өнгийн үзүүртэй, хар бариултай хутга байсан. Би анх тухайн хутгыг хөлдөөгч дээр байхад нь мах хирчээд хоол хийх үедээ хөлдөөгчний хажууд тавьчихсан байсан. Тэгээд маргалдах үед хөлдөөгчний хажуугаас аваад М ын гэдэс хэсэгт дүрчихсэн... ...М намайг үсдээд дараа нь зүүн шанаа хэсэгт алгадсан... ...М ын хамар хэсэгт хуучин шалбархай байсан. М аас асуухад хамраа юманд урчихсан гэж хэлж байсан... ...Би сайн мэдэхгүй байна. Өмнө нь юманд урчихсан байж магадгүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/
гэрч Т.Пүрэвжалын: ...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 2-4 тоотод эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Манай эхнэр хүүхэд Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Харин би гэртээ ганцаараа байгаа бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 14-ний орой гэрээ цоожилж гараад өөрийн төрсөн ээжийнхээ гэрт очиж унтаад маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчимд өөрийн гэртээ ирсэн чинь манай зуны байшингийн үүдний амбаарт М , Э нар тэврэлдээд унтаж байсан. Тэгэхээр нь би юу хийж байгаа юм бэ ядаж ороод унт гэсэн чинь М шартаж үхлээ ганц юмны мөнгө байна уу гэхээр нь би 09 цагийн үед дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 граммын архи, кола ундаатай цуг авч өгсөн. Тэгээд М , Э нартай тухайн архиа хувааж ууж байхдаа 3 хундага авч уучихаад буруу хараад хэвтэж байсан чинь 10 цагийн орчимд М гэнэтхэн чи намайг хутгалчихлаа шд ээ гэхээр нь би эргээд харсан чинь М ын гэдэс хэвлий хэсгээс нь цус гарчихсан гэдэс нь ил гараад бараг цувж байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь Э хэлэхдээ би хүн хутгалчихлаа яанаа гээд хашгираад байж байхдаа гартаа хар өнгийн хар бариултай манай хутгыг барьчихсан байж байснаа хөлдөөгчийн урд хаячихсан. Харин М хэлэхдээ намайг Э хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр би цагдаагийн байгууллагад болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...Тухайн хутга нь манай хоолны хутга байгаа юм. Миний мэдэхээр тухайн хутга нь хөлдөөгчийн хажууд газар байсан шиг санаж байна... Гар утсаа тавьж архи уусан гэж ярьцгааж байсан. Би М , Э 2-н яриаг сайн ойлгоогүй... М , Э нар нь өмнөх өдөр нь архи уугаад согтуу ирж манайд унтсан гэж байсан. Харин маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөө миний худалдан авч өгсөн хараа нэртэй 0.75 граммын архины талыг нь хүртэл уусан...Намайг анх 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөөний 08 цагийн орчимд гэртээ ирэхэд Э-ийн зүүн нүднийх нь доод хэсэгт юманд урчихсан юмуу майжуулчихсан юм уу гэмээр тавлачихсан соривтой байсан. Харин М ын хамрын үзүүр хэсэг нь бас хуучин тавласан шархтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Дандаа хуучин шалбархайнууд байсан.... Өөр хүмүүс байгаагүй. М .Э 2 л цугтаа архиа ууж байсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/
гэрч Т.Пүрэвжал: ...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би өглөө 10 цагийн үед гэртээ буюу Хэнтий аймаг норовлин сум 4 дүгээр баг 4-4 тоот дахь гэртээ иртэл манай гэрийн хойд талын амбаарт манай найз М хамтран амьдрагч Э-ийн хамтаар унтаж байсан. Тэгээд намайг очиход тэр хоёр сэрээд манай гэрт ороод бид 3 нийлж 1 шил 0.75-н хараа гэдэг архийг хувааж уугаад байж байтал Э бид хоёрт хоол хийж өгнө гээд манай гал тогооны шүүгээний хажууд сууж байсан. Тухайн архи ууж байх үед М Э-т хандаж “10 хэд хоног банзалдаж янхандаж явж байгаад ирлээ” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд би тэр хоёрын гэр бүлийн асуудал надад ямар хамаа байхав гэж бодоод бас шөнө нойргүй явж байгаад хөдөөнөөс ирсэн байсан болохоор ядраад унтаад өгсөн. Тэгээд удалгүй гэнэт М Э намайг хутгалчихлаа ш дээ гээд намайг дуудаж сэрээхээр нь би утсаараа сумынхаа цагдаа болон эмнэлэг рүү залгаж дуудсан....Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ээ... /хх-ийн 104 дүгээр хуудас/
гэрч Б.Ганнэргүйгийн: ...Би эхнэрийн хамтаар Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэнжийн 7-1 тоотод оршин суудаг. Э нь Улаанбаатар хотоос 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ирээд манайд байж байсан чинь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М хагас шил архитай орж ирэхээр нь Э бид нар цугтаа ууцгаасан. Тэгээд М , Э нар нь дахин дэлгүүр ороод нэг шил архи авч ирээд уух гээд байхаар нь би М , Э нарыг гэрээсээ хөөгөөд гаргачихсан. Харин маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өглөөний 09 цагийн орчимд Э орж ирээд цүнхээ аваад явсан. Би өөр зүйл мэдэхгүй...Тийм зүйл байхгүй эвтэй найртай байсан. Ер нь Э , М нар нь хамтран амьдраад бараг 1 жил болсон...Тийм зүйл огт байгаагүй. Нүүр, хацар биеийн ил харагдах зүйлс нь хэвийн зүгээр байсан....Тийм зүйл огт ажиглагдаагүй хэвийн байсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/
гэрч Б.Ганцэцэгийн: ...Э бол надтай нэг нутгийн охин байгаа юм. Ер нь багаас нь мэднэ. Сумандаа ирэхдээ манай гэрээр байнга орж гардаг...Миний мэдэхээр гэр бүлийн харилцаатай юм шиг байна лээ...Номхон дөлгөөн зантай, хүнтэй нийлэмжтэй, яриа хөөрөөтэй охин байдаг... Би ерөөсөө тэрийг нь мэдэхгүй ээ...Үгүй байх гэж бодож байна...Өөрөө надад энэ асуудлын талаар хэлж байсан. Ер нь сонссон... /хх-ийн 27 дугаар хуудас/
гэрч М.Сувд-Эрдэнийн: ...Минйй төрсөн ээж байгаа юм. Манай ээж 1974 онд Улаанбаатар хотод айлын 7 дахь хүүхэд болж төрсөн. 8 дугаар анги төгсөөд дараа нь тогоочийн курс төгсөж тогооч мэргэжилтэй болж байсан...Миний мэдэхээр 2 жилийн өмнөөс хамтран амьдарч байсан...хүнд тусархуу, хүлээцтэй хүн гэж боддог...Архи уудаг байсан. Тэгээд сая 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод спирал тавиулсан...үгүй ээ. Тийм асуудал гаргаж байгаагүй...Би энэ асуудлын талаар хүнээс сонссон. Тухайн хэрэг болдог өдрийн 15 цагийн орчимд мэдээд шууд Хэнтий аймаг руу гарсан. Тэгээд ирээд ээжээс болсон асуудлын талаар асуухад “Манай ээж хамтран амьдрагч М болон өөр нэг найзын хамтаар архи уусан. Тэгээд нөгөө 2 хүн нь ээжийг зүй бус үгээр хэлээд М нь ээжийг өөрийнхөө найзтай унт тэгвэл чи 108 мөргөсөнтэй тэнцэх хэмжээний буян үйлдэнэ гэж хэлэхээр нь манай ээж М ыг айлгах зорилгоор хутгаар өргөсөн чинь хутгалчихсан гэж хэлж байсан. Тухайн үедээ ээжийн ухаан санаа тогтворгүй байсан гэж хэлж байсан... Манай ээж тэр хүнтэй хамтран амьдарч байхад барьж байсан 2, 3 гар утас нь алга болж байсан. Тэгээд бас нэг удаа манайд нэг ирэхдээ манай ээжийг цохиж зодож байсан. Надад тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй... /хх-ийн 31 дүгээр хуудас/
яллагдагч Б.Э ийн: ...прокурорын тогтоолтой танилцлаа. Би энэ оногдуулж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би М гэдэг хүнийг 2019 оноос хойш мэднэ. 2020 оны 05 дугаар сараас эхэлж хамтран амьдарч байгаад 2022 оны 07 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Норовлин суманд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол зам” гээд компанид би тогоочоор ажилд орсон. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа буугаад Норовлин сумын төв дээр ирээд хамаатан Туяагийнд очиж хоноод маргааш өглөө нь Норовлин сумын танил Байгаль гэх эмэгтэй намайг гэртээ дуудахаар нь очтол тэдний гэрт М 08 цагийн үед ирсэн. ирэхдээ тал шил 0.5-н архитай ирэхээр Байгалийн нөхөр, М бид нар тэр тал шил архийг нь хувааж ууж дууссаны дараа би М-тай хамт банк орж цалингаа авчихаад дэлгүүр орж 0.5, 0.75-н ерөөл гэдэг 2 шил архи аваад эргэж нөгөө Байгалийн гэрт очиж 4-лээ авсан архиа ууцгаагаад амарч байтал Байгалийн нөхөр М бид хоёрыг хөөгөөд байхаар тэдний гэрээс гараад М ын найз гэх Пүрэвжалын гэрт орой харанхуй болсон байхад очиход Пүрэвжал гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь М бид хоёр Пүрэвжалын гэрийн хойд талд байдаг амбаарт нь ороод амарцгаасан. Тэгээд 14-ний өглөө болж бид хоёрыг унтаж байтал Пүрэвжал халамцуу ирэхээр нь М ыг сэрээгээд найз чинь ирж байна гээд Пүрэвжалын гэрт орж би хоол унд хийх санаатай усанд явж иртэл Пүрэвжал М хоёр нэг шил 0.75-н архи ууцгааж байхаар нь би цуг уугаад тэр хоёрт хоол хийж өгөөд байж байтал М Пүрэвжал хоёр хоорондоо" сексийн талаар юм яриад М намайг чи манай найзтай унт” гээд намайг түлхээд байсан. Тэгэхээр нь би эргүүлээд түлхтэл М намайг нэг удаа алгадсан тэгээд би цаашаа яаснаа мэдэхгүй байна... ...Би гэхдээ яг яаж юугаар гэмтэл учруулснаа санахгүй байна... тухайн үедээ би шоконд орчихсон байсан учраас одоо яг болсон асуудлын талаар санахгүй байна... Би тухайн үед болсон асуудлын талаар санахгүй байгаа....Би тухайн үед Пүрэвжалын гэрт байсан хар өнгийн хутгаар хоол хийж байсан.... Би хохирогч А.М ад өөрийн төрсөн охин Сувд-Эрдэний данснаас М ын эгч Ариунаагийн данс руу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, дараа нь 8 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, М ын данс руу 9 дүгээр сарын 21-ны өдөр 500.000 төгрөг хийсэн мөн 9 дүгээр сарын 1-ний;өдөр 50.000 төгрөг хийсэн. Нийтдээ 1.300.000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн байгаа... 2020 оны 05 дугаар сараас 2022 он хүртэл хамтран амьдарч байна. 2021 онд бол Улаанбаатар хотод бид хоёр М ын дүүгийн гэрт хамтран амьдарч байсан. Миний хувьд одоо М-тай сууна гэж боддог байсан... Үгүй ээ. 2021 оны 08 дугаар сард бид нар хадланд гарч байтал М намайг өөрийнхөө найз Адьяасүрэнтэй унтчих гэж хэлж байсан...Тэгсэн. Тэгтэл М манай найзтай унтвал бурханд мөргөсөнтэй тэнцэнэ гээд байсан...Би мэдэхгүй байна...Тиймээ...үгүй ээ... Улаанбаатар хотод хамтран амьдарч байхад нэг удаа зодуулж байсан. Ер нь бол архийг уухаараа олон хоног уучих гээд байдаг... /хх-ийн 86-87 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Э ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 69-74 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Э ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.М-ын “чи манай найзтай унт, чи явдалтай янхан, чамд буян болно шүү” гэж хэлсэн, 1 удаа алгадаж хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, хутгаар А.М-ын хэвлий /хүйс/ хэсэгт 1 удаа хутгалж, хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв: Шүүгдэгч Б.Э нь Хэнтий аймгийн Норовлин сум 4 дүгээр баг Дэрвэнгийн 2-4 тоотод хашаанд байх Т.Пүрэвжалын эзэмшлийн 5 ханатай монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.М нь алгадаж хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, улмаар хутгаар А.М-ын хэвлий /хүйс/ хэсэгт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй дурдах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг: ....гэм буруугийн хувьд маргаагүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн буруутай тогтоогдож байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Б.Э: гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Э ийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргадаггүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч Б.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх тухай ойлголт бөгөөд шүүгдэгч Б.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй буюу нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийснийг,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй буюу хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэг гэж ойлгохоор заасан.
Шүүгдэгч Б.Э ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдэд хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан 11.7 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх гэмт хэргээс бусад гэмт хэргүүд нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэргүүд юм.
Түүнчлэн шүүгдэгч Б.Э ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хамтран амьдрагч А.М ыг “чи манай найзтай унт, чи явдалтай янхан, чамд буян болно шүү” гэж хэлээд 1 удаа алгадах, зодох байдлаар хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Б.Э ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Пүрэвжал М хоёр нэг шил 0.75-н архи ууцгааж байхаар нь би цуг уугаад тэр хоёрт хоол хийж өгөөд байж байтал М Пүрэвжал хоёр хоорондоо" сексийн талаар юм яриад байсан... ...тэгээд Пүрэвжал унтлаа гээд орондоо ороод унтаад байж байхад нь М бид 2 тухайн архиа үргэлжлүүлээд ууж байсан чинь 10 цагийн үед М гэнэт намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжпоод “10 хэд хоног банзалдаж янхандаж явж байгаад ирлээ” гээд “чи явдалтай, янхан манай найзын хажуугаар орж хэвтэж баярлуулаач чамд буян болно шүү” гээд М намайг “чи манай найзтай унт” гээд намайг түлхээд байсан... ...би эргүүлээд түлхтэл М намайг үсдээд алгадахаар нь би цаашаа яаснаа мэдэхгүй байна... ...Би гэхдээ яг яаж юугаар гэмтэл учруулснаа санахгүй байна... тухайн үедээ би шоконд орчихсон байсан учраас одоо яг болсон асуудлын талаар санахгүй байна... ...Би тухайн үед Пүрэвжалын гэрт байсан хар өнгийн хутгаар хоол хийж байсан... гэх мэдүүлэг нь хохирогч А.М-ын ...Тухайн өдөр би Пүрэвжалын гэрт Э 3-лаа нийлээд 0.75- н хараа нэртэй архи хувааж ууцгаасан. Э хэрэг болохоос өмнө 10 гаран хоног хөдөө зам анги дээр ажил хийж байгаад ирэхээр нь би тухайн хэрэг болох үед уур хүрээд Э-т хандаж “олон эрчүүдтэй банзалдаа биз янхан” гэх зэргээр хэлж нэг удаа алгадаад мөн Пүрэвжалтай “унт” гэж хэлээд Э-ийг түлхтэл Э огцом эргэж тэнд байсан хутгийг барьж аваад миний гэдэс рүү дүрсэн асуудал байгаа... гэх,
гэрч Т.Пүрэвжалын ...Тухайн архи ууж байх үед М Э-т хандаж “10 хэд хоног банзалдаж янхандаж явж байгаад ирлээ” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд би тэр хоёрын гэр бүлийн асуудал надад ямар хамаа байхав гэж бодоод бас шөнө нойргүй явж байгаад хөдөөнөөс ирсэн байсан болохоор ядраад унтаад өгсөн... гэх мэдүүлгүүдээр, мөн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны 556 дугаар ...Б.Э ийн биед баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... гэх дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдлоо.
Дашрамд дурдахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Түүнээс гадна гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус доромжлох, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр төр, алдар хүндийг нь гутаах зэрэг үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болно.
Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.Э ийг “өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зэвсэг хэрэглэн хутгалж хүнд хохирол, хор уршиг учруулж буй үйлдэл нь хохирогчид учирсан хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв:
... Шүүгдэгч Э-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурьдуулах саналтай байна...гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг:
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэж албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э :
....хийсэн хэрэгтэй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Шүүх улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлгийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан ...2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь тухайн гэмт хэрэг нь гэмт этгээдэд өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдасны улмаас үйлдэгдсэнийг харгалзан үзсэнээс гадна хуульд заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэж, 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг тус тус эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй тул улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтүүдийг хүлээн авч хангаагүй болно.
Ингээд шүүх шүүгдэгч Б.Э т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг, мөн тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Э т тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээн авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Э ийн сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдасны улмаас хохирогч А.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Э нь хохирогч А.М ад эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нийт 3.080.000 /гурван сая наян мянга/ төгрөг төлсөн байна.
Хохирогч А.М нь шүүгдэгч Б.Э т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан хохирогч А.М-ын хүсэлт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч нарын шинээр гаргаж өгсөн “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Э ийн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Э ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай, нийт 31.5 см урттай хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг,
хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б.Э-ийг өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочиролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-т тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2239000000321 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай, нийт 31.5 см урттай хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН