| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2022/0203/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/174 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/174
2022 10 19 2022/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0203/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
улсын яллагч Ж.Батбаатар,
шүүгдэгч П.М , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.П.М-т холбогдох эрүүгийн 2239000000284 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч П.М нь 2022 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Гүрмийн нуурны эрэгт байрлах “Зуун сарнай” амралтын газрын 05 тоот амралтын гэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нзвтэрч Ш.Э-ыг тус. тоот гэрт амарч байхад нь түүний ширээн дээр орхисон байсан Самсунг А-8 маркийн гар утас, иргэний үнэмлэх, виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч Ш.Э-д 268.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч П.М :
...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баян-Овоо суманд хадмындаа хүүхдүүдээ хараад амьдарч байсан. Тэгээд ажлын газар болох алтны нөхөрлөл дээрээс хоёр машинтай найзууд маань сумын төвд ирээд дэлгүүрийн гадаа уулзаад архи согтууруулах ундааны зүйл худалдаж авсан байсан. Тэгээд аялаж зугаалах зорилгоор нуурын эрэг дээр очиж өдөржин уугаад нэлээн согтсон байсан орой болоод хөгжим тавихаар майхантай хүмүүс байсан болохоор холдоод амралтын баазаас хойшоо км орчим зайд 2 машинтайгаа очоод чийгний гудас дэвсээд суугаад хөгжим тавьж бүжиглэсэн. Тэгээд харанхуй болоод 2 эмэгтэй найз машинынаа аваад нөгөө хоёрыг суулгаад урьд талын амралтын бааз руу чигтэй явсан. Би эхнэр нөхөр 2 найзтайгаа үлдэсэн. Амрах цаг болсон байна гээд бид хэдэд хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд ирэхгүй нэлээн хэдэн цаг болохоор нь би гурав араас нь чийгний гудасаа аваад явсан. Яг зогссон газрын багцаалдаж очиход нэг амралтын бааз байсан. Тухайн үед нэлээн согтолтой байсан. Нөгөө хоёр хүн маань зүүн талаас нь тойрсон би харин хашааг нь даваад хойноос нь орсон. Ороод дотуур нь тойроход харагдахгүй байсан. Тухайн үед амралтын бааз руу орсноо санахгүй байгаа. Тэгээд явж байгаад нөгөө хэдтэйгээ үүрээр нуурын эрэг дээр таараад намайг хадмынх руу хүргэж өгсөн. Тэгээд маргааш нь сумын хэсгийн төлөөлөгч Раднаабазар намайг дуудаж уулзсан. Тэгэхэд Раднаабазар намайг өчигдөр чи найзуудаа хайгаад явж байна гээд амралтын баазын гадаа таарсанаа санаж байна уу гэж асуусан. Тэгэхэд нь би санахгүй байна гэхэд чи амралтын баазын зүүн талын амрагч нарын өрөө рүү орж ширээн дээр байсан утсыг чи авсан байна гэсэн. Тэгээд би халаасанд нэг утас байхаар нь би авснаа санахгүй байна. Би согтуу байсан болохоор санахгүй байна уучлаарай гэж хэлээд Раднаабазарт хүлээлгэж өгөхөд хавтсан дотор нь иргэний үнэмлэх, виза карт байсан байна лээ. Би согтуугаар ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239000000284 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч П.М ын 2022 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Гүрмийн” нуурны эрэгт байрлах “Зуун сарнай” амралтын газрын 05 тоот амралтын гэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нзвтэрч Ш.Э-ыг тус.тоот гэрт амарч байхад нь түүний ширээн дээр орхисон байсан “Самсунг А-8” маркийн гар утас, иргэний үнэмлэх, виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан үйл баримт нь
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
“Фэйр Валуэшн” ХХК-ий 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №252 дугаартай ...Иргэн Ш.Э-ны иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, “Самсунг А-8” маркийн гар утас гэсэн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 07 дугаар сарын 25-ны байдлаар 268.300 /хоёр зуун жаран найман мянга гурван зуу/ төгрөг болно... гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
хохирогч Ш.Э-ны : ...Миний бие Хэнтий аймгийн Бэрх тосгоны 1 дүгээр хороо 68-1-1 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт оршин суудаг. Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед Бэрх хотоос эхнэр хүүхдүүдтэйгээ хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт байх Гүрмийн нуурын амралтын газар руу амрахаар явсан. Тэгээд тухайн өдрөө явж байгаад замдаа шаварт суугаад 18 цагийн үед Гүрмийн нуур руу очоод “Зуун сарнай” гэх амралтын газарт гэр бүлээрээ байрласан. Тухайн очсон оройдоо гэр бүлийнхэнтэйгээ хамт Гүрмийн нуурын усанд гэр бүлийнхэнтэйгээ хамт орчихоод “Зуун сарнай” гэх амралтын газар руугаа оччихоод хоолоо хийж идэцгээгээд 23 цагийн үед бүгдээрээ хаалгаа хаачихаад амарцгаасан. Маргааш нь өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ний өглөө босоод утсаараа ярих гээд хартал миний хар өнгийн хавтастай, хар өнгийн самсунг А-8 маркийн утас болон хавтсан доторх хаан банкны хоёр өөр дансны виза карт, иргэний үнэмлэх зэрэг зүйл алга болсон байсан...Үгүй ээ 2022 оны 07 дугаар сарын 13-14-ний шилжих шөнө унтаж байхад хүн хаалга онгойлгож орж ирээд гараад явсан. Гэхдээ тэр хүн удахгүй гараад л явчихсан харин ямар хувцастай байсан нь харагдаагүй...Тийм ээ би гомдол саналтай байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч Т.Төмөрсүхийн:...Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Шовохын" 2-4 тоотод эхнэр гурван хүүхдийн хамт оршин суудаг. Би П.М гэх залуугийн аав, ээжийг нь сайн мэднэ. Ер анх М ыг жаахан байхад нь Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг есөн хүн гэх газарт аав, ээжийнхтэй нь саахалтаар оршин суудаг байсан. Түүнээс хойш М манай сумын хүргэн болоод олон жилийн хугацаа болж байна. Манайхаас 2022 оны 07 дугаар сарын 10-д гаргаад яг хэдний өдөр ирснийг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн үдээс өмнө 11 цагийн үед дүү нь аймгаас ирээд байж байна танай илүү гэрт хувцсаа түр тавьчихъя алтны бригад руугаа явахдаа ирээд авъя бензин авчихаад ирнэ гээд гарсан. Манай гэрт ирэхдээ цэнхэр өнгийн улсын дугааргүй маркийг нь мэдэхгүй мотоциклтой ирсэн. Тэгээд тэр орой доо манай гэрээс хувцсаа ирээд авсан. Тэрнээс хойш манай гэрт дахин ирээгүй...манай гэрт даавуунд боосон хувцастай ирсэн өөр зүйлгүй ирсэн.../хх-ийн 14 дүгээр хуудас/,
гэрч Д.Батболдын:... Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух хаягтай байдаг хэдий ч тус сумын 4 дүгээр багт эхнэр 4 хүүхдийн хамт оршин суудаг. Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Овоо сумын 4 дүгээр багт “Зуун сарнай” гэх нэртэй амралтын газрыг ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны орой Хэнтий аймгийн Бэрх хотоос амрагчид ирээд манай 5 номерийн гэрт байрласан. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хэдэн цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн намайг амралтын газраа очих үед амрагч Ш.Э нь надад хандан өчигдөр шөнө унтаж байх үед хүн орж ирээд миний утас, түүний ард байсан хаан банкны 2 виза карт, иргэний цахим үнэмлэхийг аваад явсан байна гэж хэлсэн...Үгүй ээ надад хэлэхдээ унтаж байсан болохоор хараагүй гэж хэлсэн. Уг нь манай амрагчид амрахдаа хаалгаа хаагаад амарцгаадаг юм.../хх-ийн 17-18 дугаар хуудас/,
сэжигтэн П.М... Миний бие иргэний үнэмлэхний хаягаараа Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай байдаг хэдий ч Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суудаг. Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай найзууд Норовлин сумаас хоёр тээврийн хэрэгсэлтэй зургуулаа ирээд үдээс хойш Баян-Овоо сумын 4 дүгээр багт байх “Гүрмийн нуур” гэх газар руу очоод нуурын эрэг дээр майхан барьцгаагаад тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгээд тухайн орой буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны орой амралтын баазуудаас хойшоо нэлээн зайдуу гараад хөгжим тавьж бүжиглэцгээгээд хажуугаар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор хэсэг хугацааны дараа яг хэдэн цаг болж байсанг нь мэдэхгүй байна хоёр тээврийн хэрэгслээ асаагаад 4 эмэгтэй найз маань амралтын газруудын зүг чиглээд яваад өгсөн. Тэрнээс нь хойш би эмэгтэй найзуудыгаа хайгаад амралтын газруудын гадуур тээврийн хэрэгслүүдийг нь хайж алхаж байгаад нэрийг нь мэдэхгүй амралтын газар руу ороод урдуур нэг гэр байхаар нь ортол ширээн дээр хар өнгийн утас байхаар нь би түүнийг аваад гарсан. Тухайн үед буюу 2022 оны 07 дугаар сарын 13-14-ний шилжих шөнө бас хэдэн цаг болж байсанг нь мэдэхгүй байна. Намайг тухайн гэр амралт руу ороход хүмүүс нь унтаж байсан...Тухайн үед найзуудыгаа хайж яваад орчихсон ортол ширээн дээр нь утас байхаар нь аваад гараад ирсэн.../хх-ийн 22 дугаар хуудас/,
яллагдагч П.М ын:....Тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр найз Ариунболд, Уранчимэг, Төмөрсүх, Оюунгэрэл, мөн Уранчимэгийн найз болох 2 эмэгтэйн хамтаар 2 машинтай Хэнтий аймгийн Норовлин сумаас Баян-Овоо сумын төвд ирсэн. Би Баян-Овоо сумын төвд байсан юм. Сумын төв дээрээс найзуудтайгаа нийлээд Баян-Овоо сумын 4 дүгээр багт байрлах Гүрмийн нуурын эрэг дээр гудас дэвсээд архи, болон пиво ууцгаасан. Үүний дараа “Гүрмийн” нуурны амралтын газруудын хойд талд нэлээн зайтай гараад хөгжим тавьж бүжиглээд мөн архи, пиво ууцгаасан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Миний согтол их байсан. Бүжиглэж байхад Төмөрсүх, Оюунгэрэл нар машинаа асуугаад яваад өгсөн. Би найз Ариунболд, Уранчимэг нарын хамт үлдээд дэвсээд сууж байсан чийгний гудсаа аваад явган явсан. Тэгээд машинтай явсан найзуудыгаа хайж байгаад харанхуй шөнө нэрийн мэдэхгүй амралтын газрын хашаагаар ороод хашаан дотор байсан гэрээр ортол хүмүүс унтаж байсан. Тэгээд ширээд дээр хар өнгийн хавтастай гар утас байхаар нь аваад гарсан. Тухайн шөнө 2022 оны 07 дугаар сарын 13 наас 14-нийг шилжих шөнө байсан бөгөөд хэдэн цагт амралтын газрын гэрээр орж гар утас авснаа мэдэхгүй байна. Тухайн үед миний согтолтын хэмжээ их байсан болохоор яагаад хулгай хийснийг мэдэхгүй байна. Маргааш буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ний өглөө би тухайн гар утсыг нөгөө найзуудын нэгнийх нь гар утас байх гээд өөрийхөө хувцас хийгээд авч явж байсан. Хар цүнхэнд хийцэн байсан. Тухайн гар утасны хавтасанд байсан виза карт, иргэний үнэмлэхийг Баян-Овоо сумын мөрдөгч Раднаабазарт хүлээлгэн өгсөн.Би тухайн гар утасны хавтасанд виза карт, иргэний үнэмлэх байхыг огт анзаараагүй. Раднаабазар цагдаад хүлээлгэж өгөхдөө л виза карт, иргэний үнэмлэх байсныг мэдсэн....Үгүй надтай хамт ороогүй. Амралтын газрын хашааны гадаа үлдсэн шиг санаж байна. Ариунболд, Уранчимэг нар гэрээс гар утас авсаныг мэдээгүй. Миний согтолт их байсан тул зарим нэг зүйлийг сайн санахгүй байна....надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 48 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч П.М ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 72-75 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч П.М ын 2022 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Гүрмийн нуурны эрэгт байрлах “Зуун сарнай” амралтын газрын 05 тоот амралтын гэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нзвтэрч Ш.Э-ыг тус. тоот гэрт амарч байхад нь түүний ширээн дээр орхисон байсан Самсунг А-8 маркийн гар утас, иргэний үнэмлэх, виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч Ш.Э-д 268.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж.Батбаатар:
....шүүгдэгч П.М нь 2022 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Гүрмийн нуурны эрэгт байрлах “Зуун сарнай” амралтын газрын 05 тоот амралтын гэр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нзвтэрч Ш.Э-ыг тус. тоот гэрт амарч байхад нь түүний ширээн дээр орхисон байсан Самсунг А-8 маркийн гар утас, иргэний үнэмлэх, виза карг ззргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч Ш.Э-д 268.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт хохирогч, гэрч нарны өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ:
....өмгөөлөгч миний бие гэм буруугийн хуралд өмгөөлөгчөөр орж ирсэн. Миний үйлчлүүлэгч П.М гэм буруугийн хувьд маргаагүй буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч П.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ согтуу байсан, хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдээгүй зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч П.М :
...хийсэн хэрэгтэй маш их харамсаж байна. Ахиж ийм үйлдэл хийхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч П.М ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.
Учир нь шүүгдэгч П.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч П.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч П.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах...” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч П.М ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-үүдэд хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.М ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэж гэмт хэрэгт тооцохоор заасан.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гурван зуун нэг нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй бөгөөд дээрх хохирол, хор уршиг учирсанаар төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдлийн улмаас бага хэмжээнийн хохирол буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, түүнээс доош хохирол, хор уршиг учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхаар заасан.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдэд дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван зуун нэг нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гагцхүү тухайн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хуульд заасан хүндрүүлэх шинжүүдийн аль нэгийг хангаж үйлдсэн бол төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүгдэгч П.М нь иргэн Ш.Э-ны амарч байсан гэрт нэвтрэн түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, 268.300 /хоёр зуун жаран найман мянга гурван зуу/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хохирол, хор уршгийн хэр, хэмжээнээс шалтгаалахгүйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнээрээ “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэсэн хүндрүүлсэн шинжийг хангаж байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Тэрээр шүүгдэгч П.М нь бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Ш.Э-д учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч П.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж:Батбаатар:
...шүүхээс шүүгдэгч П.М ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдаж байна ...гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ:
....Шүүгдэгч П.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч П.М :
....шүүхийн шийдвэрийг дагна, хөнгөрүүлж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч П.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг нь харгалзан хорих ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тогтоох нь тохирно гэж тус тус дүгнэлээ.
Шүүгдэгч П.М т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Эрдэнсайханы эд хөрөнгөд 268.300 төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс болох хохирогч Ш.Э-ны “Самсунг А-8” маркийн гар утас, иргэний үнэмлэх, виза карт зэргийг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч Ш.Э нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсээ хүлээн авсан, шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь болох нь хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэлээр, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч П.М ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239000000284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.П.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ш.Э нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.П.М-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2239000000284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.П.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.П.М-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэж тоолсугай.
6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.П.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН