Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2019/ДШМ/041

 

 С.Цд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч С.Ц

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Цын гаргасан давж заалдах гомдлоор С.Цд холбогдох эрүүгийн 1914002080152 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.Ц, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавъяа шагналгүй, 2018 оны 4 дүгээр сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,

С.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ноён” нэртэй караокед Д.Уг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: С.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Цыг хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, С.Ц нь ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэргийн учир С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар С.Цын эзэмшлийн гар утасыг битүүмжилсэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Цд хэрэгцээний дагуу буцаан олгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн С.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогч Уд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Би аав ээжийнхээ хувийн бизнест нь тусалж ковшоор ажил хийж газар шорооны ажил хийдэг. Миний хувьд одоо улирлын чанартай ажил эхэлж байгаа тул нийтэд тустай ажил хийх ял эдэлхэд хүндрэлтэй байна. Ажил хийж өөрөө дахин мөнгөтэй байдаг тул шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүгдэгч С.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ковшоор газар шорооны ажил хийж байгаа бөгөөд нийтэд тустай ажил хийх ялаа эдлэх гэхээр бусадтай байгуулсан гэрээ зөрчигдөн их хэмжээний алдагдалд орох гээд байна. Энэ байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Прокурорын шатанд С.Цтай зөвшилцөн торгох ял оногдуулах саналыг анхан шатны шүүхэд гаргасан хэдий ч шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл С.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ноён” нэртэй караокед Д.Уг нүүрэн тус газарт нь гараараа цохин унагаж, нүүр рүү нь 3-аас 4 удаа хөлөөрөө дэвсэн биед нь тархи доргилт, баруун нүдний ухархайн доод, урд, дээд хана болон хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, чамархай, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Энэ нь хохирогч Д.У, гэрч М.И, У.Н, Г.А болон С.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №132 дугаар шинжээчийн “...дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч С.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

С.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн прокурорын газарт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 39 тоот “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол үйлдэн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу С.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гарган хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэхдээ прокуророос яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнээс өөр төрөл хэмжээний ял оногдуулсан нь буруу байна.

Учир нь шүүхээс Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд, прокуророос яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тохирсон тохиролцоог хүндэтгэн үзэх ба хэрэв энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад санал зөрсөн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэх учиртай бөгөөд цаашид ийнхүү шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3, 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.

Иймд С.Цд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуульчлагдаагүй зүйл заалтаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих талаар дурдсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар...” хэмээн хоёр янзаар бичиж байгаа нь ойлгомжгүй, шүүгдэгчид оногдуулсан ялыг болон хүлээх үүргийг өөр өөр байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр харагдаж байгааг дурдаж, цаашид тухайн байгууллагын нэршлийг зөв хэрэглэж байхыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өндөр овогт С.Цыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 500 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан С.Цд хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээш цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан С.Ц нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

             ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                       М.МӨНХДАВАА