Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0465

 

2021 07 07 128/ШШ2021/0465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:6081***/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу зохих өөрчлөлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрөл бүхий 500,55 га талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолтой давхцаагүй хэсгийг буцаан олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, иргэдийн төлөөлөгч У.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор хилийн заагт хамаараагүй талбайг Б ХХК-д буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Б ХХК-ийн эзэмшиж буй МV-015646 дугаартай, Шаазгайтын гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр анхМ ХХК-д 500.55 гектар талбайг эзэмшүүлсэн байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ХХ-06-02 тоот дүгнэлтээр Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг баталгаажуулж, Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 254 дүгээр тушаалаар Улсын геологийн нэгдсэн бүртгэлд нөөцийг бүртгэсэн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13-02-02 тоот дүгнэлтээр ордын Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан.

Энэхүү 500.55 гектар талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газрын хилийг Засгийн газар 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосны дагуу 2013 онд 56.95 гектар болгосон байсан.

Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 тогтоолын хүчингүй болгож, 2012 оны 194 тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгож, 2012 оны 194 дүгээр тогтоолын гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг болон ойн сан бүхий газрын хилийн заагт өөрчлөлт оруулсан. Иймээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор хилийн заагийг шинэчлэн тогтоож, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбай тодорхойлогдох болсон.

Ийнхүү ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн хилийн солбицол өөрчлөгдсөнөөр Б ХХК-ийн эзэмшиж байсан талбай чөлөөлөгдсөн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэр гарч МV-015646 дугаартай тусгай зөвшөөрлийн 56.95 гектар болгон багасгасан байсан талбай дээр өмнө нь эзэмшиж байсан, чөлөөлөгдсөн талбайгаас нь зарим хэсгийг нэмж 236.65 гектар болгон буцаан олгосон байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Б ХХК нь МV-015646 дугаартай тусгай зөвшөөрлийгМ ХХК-иас шилжүүлж авсан.

Б ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 512 дугаар шийдвэр хууль ёсны шийдвэр болж чадаагүй учраас хүчингүй болгуулахаар тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 512 дугаар шийдвэрийг Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох чиг үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас хууль ёсны шийдвэр биш гэж үзэж байна.

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 512 дугаар шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 13 дугаар зүйлийн 13.5, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын а/154 дүгээр тушаал,М ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/26 тоот албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд эдгээр эрх зүйн хэм хэмжээнээс төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тогтоосон болон хуулийн ерөнхий заалтуудыг эс тооцвол МV-015646 тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгох гол үндэслэл болгосон 2 зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ. гэсэн зохицуулалт болон МV-015646 тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн хилийн заагаас чөлөөлөгдсөн талаар зохицуулсан Засгийн газрын 2015 оны 289 тогтоол байна. Тодруулбал, энэхүү 289 дүгээр тогтоолоор хориглоогүй газарт ашигт малтмал хайх, ашиглах боломжтой, улмаар уг талбайг урьд нь эзэмшиж байсан этгээд нь давуу эрхтэйгээр үргэлжлүүлэн эзэмшүүлэх талаарх хэм хэмжээг үндэслэсэн байгаа юм.

Хариуцагч нь энэхүү үндэслэлээр MV-0156** дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг 2017 оны 512 дугаар шийдвэрээр нэмэгдүүлж олгохдоо захиргааны байгууллагын дур зоргын үндсэн дээр бус ямар хэмжээгээр нэмж олгох нь өөрөө үндэслэл болсон эрх зүйн акт болох Засгийн газрын 289 дүгээр тогтоолд нийцэх учиртай байтал уг тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоогүй буюу товчхондоо чөлөөлөгдсөн талбайг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үндэслэлгүйгээр буцаан өгөлгүй дутуу үлдээж, нөөц тогтоосон хэсгийг нь эзэмшүүлэхгүй үлдээсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хууль, түүнийг үндэслэн гарсан эрх зүйн актад нийцсэн үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй.

Захиргааны үйл ажиллагаа нь өмнөө тавьсан зорилгод хүрэхэд үр нөлөөтэй байх ёстой. МV-015646 тусгай зөвшөөрөл нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг явуулах эрхтэй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндсэн шаардлагын нэг нь тухайн талбай дээр хайгуулын ажлын үр дүнд олборлоход үр ашиг бүхий үйлдвэрлэлийн нөөц тогтоогдсон байх явдал суурь шаардлага байдаг. Гэтэл одоо МV-015646 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд тогтоогдсон нөөц нь одоо энэ тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн гадна үлдчихсэн бөгөөд хамгийн гол нь хуулиар хориглоогүй, мөн аливаа хэлбэрээр нөөцөд аваагүй, бусдад олгоогүй, нэхэмжлэгчийн давуу эрхээр эзэмших боломжтой хэсэгт байдаг. Үүнээс үзвэл тогтоогдсон нөөц байхгүй, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй талбайг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж нэхэмжлэгчид олгосон захиргааны байгууллагын энэ шийдвэр нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа үр нөлөөтэй байх тусгай зарчимд нийцээгүйн дээр нөгөө талаас өчнөөн үйл ажиллагаа, хөрөнгө зарж ажилласан хуулийн этгээдийг хуурч мэхэлсэн мэт шийдвэр байгаа юм.

Дээрхтэй уялдаад мөн захиргаа бодит нөхцөл байдалд, асуудлын агуулгыг хамаарсан шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн үзэмжээр, дур зоргоор бус хуулийн эрх хэмжээний сонголтын хүрээнд зөв сонголт хийж шийдвэр гаргасан эсэх нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тусгай зарчмын дагуу захиргааны үйл ажиллагаа явагдсан эсэхийг тодорхойлно. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 512 дугаар шийдвэрийг үзвэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг нэмэгдүүлэн ашиглалтын үйл ажиллагаагаа явуулахыг дэмжиж, хуулийн дагуу талбайг нэмж олгосон мэт боловч үндэслэл болговол зохих эрх зүйн актад нийцээгүй, хориглоогүй талбайг дур зоргоороо авч үлдсэн, тогтоогдсон нөөцтэй хэсгийг олгоогүй байгаа зэргийг нь үзвэл захиргаа үндсэн зорилгодоо нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дах хэсэгт ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх хуульд заасан үүргийг захиргааны байгууллага зохих ёсоор хэрэгжүүлж, MV-0156** дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайгаас нь хориглосон талбайн хил хаагуур дайрч байгаа, тус компанийн эзэмшиж байсан талбайтай ямар байдлаар давхцаж байгаад өөрчлөгдөөд, давхцалгүй хэсэг нь аль болсон зэргийг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоож, улмаар энэхүү шийдвэрийг гаргахад эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар, саналыг нь авч, зорилгодоо нийцсэн хууль ёсны шийдвэр гаргасан бол өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал үүсэхгүй байх байсан.

МV-015646 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг нэхэмжлэгч Б ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу тус хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бөгөөд хариуцагч хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах эрх, хайгуулын үйл ажиллагаа явуулж нөөц тогтоосон талбайдаа ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Маргаан бүхий 512 дугаар шийдвэрийг гаргахдаа мөн Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ гэж заасныг үндэслэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаас үзэхэд тухайн талбай нөөцөөс болон тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэх давуу эрхтэй байхаар хуульчилсан, иймд дээрх тохиолдолд ч мөн адил хасагдсан талбайгаас шинээр тогтоосон солбилцолд хамаарахгүй хэсгийг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх нэхэмжлэгчид байсаар байхад уг хуулийн зохицуулалтыг зөрчиж, чөлөөлөгдсөн нийт талбайг нь өгөлгүй, дутуу хэмжээтэйгээр өгсөн нь нэг талаас захиргаа үүргээ дутуу гүйцэтгэж, нэхэмжлэгчид буцаан олгогдох ёстой байсан талбайг нэмж олгохгүй эс үйлдэхүй гаргаж байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт зааснаас үзвэл тус хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох талбайг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хилийн заагт хамааралгүй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй бөгөөд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр буцаан авах давуу эрхтэй юм. Гэтэл хариуцагч 512 дугаар шийдвэрийг гаргаад, хууль, Засгийн газрын тогтоолоор хориглогдоогүй, чөлөөлөгдсөн талбайг нь буцаан өгөхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөөр байгаа тул тэрхүү зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 11.1.14 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийг хуулиар хүлээсэн төрийн захиргааны байгууллагаас энэхүү хуульд заасан үүргээ зохих ёсоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон тус хуулийг үндэслэн гарсан Засгийн газрын 289 дүгээр тогтоолд нийцүүлэн хэрэгжүүлж, нэхэмжлэгч Б ХХК-ийн МV-015646 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайг зохих ёсоор нэмж, буцаан олгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь шинээр, урьд нь эзэмшиж байгаагүй цоо шинэ талбай нэмж талбай авах гэж бус, харин тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайгаас нь хууль зүйн үндэслэлгүйгээр хасагдсан байгаа өмнө эзэмшиж байсан талбайгаа хуульд нийцсэн зохих шийдвэрийн дагуу буцаан олгохыг даалгуулахаар шаардаж байгаа болно. гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК 2020 оны 02 дугаар 03-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, тодруулж байна. Үүнд: 1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Б ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-0156** тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу зохих өөрчлөлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 3. Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрөл бүхий 500,55 га талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолтой давхцаагүй хэсгийг буцаан олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод маргаад байгаа нь яагаад ингэж багасгаж байгаагаа нэхэмжлэгч Б ХХК-д ямар газар нь шороон, чулуун орд тогтоогдсон, ямар газар нь урт нэртэй хуульд давхацсан гэх зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. 235.65 га талбайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримт цуглуулж хуучин эзэмшиж байсан талбай, одоо эзэмшиж байгаа талбайг давхцуулж авсан зургаас харахад 235.65 га талбайтай давхцаагүй, урт нэртэй хуульд ороогүй хэсэг байгаа гэж харагдаж байгаа. Энэ талбай нь шороон орд байна гэж батлагдаад ТЭЗҮ-г батлуулаад, нөөц хүлээн авсан ашиглалтын талбай ороод байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5-д заасан ажиллагаанууд хийгдээгүй, эзэмшигчийг, эрх ашиг зөрчигдөж болзошгүй этгээдийг оролцуулж шийдвэр гаргаагүй гэж маргаж байна.

2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 13/0202 дугаартай ТЭЗҮ байгаа энэ дээр далд аргаар алт олборлохоор ТЭЗҮ батлагдсан. Тухайн ой мод бүхий хөрсийг хөндөхгүйгээр алт далд аргаар олборлох гэж ТЭЗҮ батлагдсан. Бидний зүгээс хориглосон талбайн солбицол баталсан Засгийн газрын тогтоолыг хүндэтгэнэ. Ойн сан бүхий газартай давхцалтай газрыг буцааж өгье, харин ороогүй хэсгүүдээ буцааж авмаар байна гэдэг энэ үндэслэлээр гаргаж байгаа, хориглосон газартай давхцаагүй талбайд хөрсний доод давхаргаас олборлох ТЭЗҮ батлагдсан, байгаль орчинд ямар нэгэн байдлаар сүйтгэлгүй хөрсний бохирдол үүсгэхгүй гэх ийм аргаар батлагдсан.

Тусгай зөвшөөрлийн эрх нь шилжиж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор маргах эрхтэй байна. Тухайн этгээдийн нийт тогтоосон талбайг багасгаж байна. Энэ багасгаж байгаа асуудлаар нэхэмжлэгч маргах эрхтэй. 235 га талбайд нөөц байгаа. 500 га газар талбай дээр бүхэлд нь эрдэс баялаг, тундас, чулуун болон шороон орд байна. Бид 235 га талбай шилжүүлж аваагүй, тусгай зөвшөөрөл эзэмших эрх шилжүүлж авсан. Тэр процесс дунд тэр эрхийг зөрчих ажиллагааг төрийн захиргааны байгууллагад хийгдсэн байдаг. Тэгэхээр эрхийг шилжүүлж авахдаа маргах эрх нь үүсэж байгаа юм. Газар нь 250 га ч болоод л, 500 га ч болоод л байсан. 512 дугаар шийдвэрээр аль аль компанид нь эрх чинь ийм болж байна гэж танилцуулж ажиллагаанд оролцуулаагүйд гомдолтой байгаа.

2017 оны 512 тоот шийдвэрийгМ ХХК-д мэдэгдсэн л гэж байгаа болохоос яг гардуулсан гэх баримт байхгүй. Мэдэгдэл л байна. Гэхдээ мэдэгдлийг хүргүүлсэн байлаа гэхэд 512 дугаар шийдвэрээ энэ шийдвэр гарсан гэдгийг Б ХХК-д албан ёсоор гардуулж танилцуулсан нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгаа.

2018 оны 1 дүгээр сард гаргасан шилжүүлэх хүсэлтүүдэд талбайн хэмжээг сайн санахгүй байна. Хэмжээг тодорхой дурдаагүй байх. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд Кадастрын бүртгэлийн системийн тодорхойлолтод талбайн хэмжээ, солбицол нь дэлгэрэнгүй гарч байгаа болохоос биш 512 гэдэг шийдвэртэйгээ аль аль тал нь танилцаагүй байсан. Бид шилжиж байгаа талбайн хэмжээг мэдэж байгаа боловч эрх зөрчөөд байгаа актыг мэдэж гардаж авч байж шүүхэд хандах шаардлагатай. Маргаан бүхий захиргааны актаа гардаж аваагүй байсан учир 2018 оны 1 сард талбай хэмжээ багассан талаар гомдол гаргаагүй. 2018 онд үргэлжлүүлээд шүүхэд улсын бүртгэлтэй маргаантай байсан.

Актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой байгаа. Багасаад байгаатай холбоотой үйл баримтуудыг мэдээд байгаа боловч эрхийг нь зөрчөөд байгаа 2017 оны 512 дугаар шийдвэрийг бид нар мэдээгүй.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хөндөгдөж байсан. Анх энэ хэргийг анхан шатны журмаар хэлэлцээд шүүхээс шийдвэр гаргалгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Энэхүү захирамжид гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 229 дүгээр тогтоолоор хэлэлцээд энэ захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, тогтоолын тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122.7-д зааснаар энэхүү тогтоол нь эцсийн шийдвэр болно буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар эцсийн шийдвэр болно гэж заасан. Анхан, давах, хяналтын шатны шүүхээр ороод Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан, буцаахдаа захирамжтай холбоотой дүгнэлт өгөөгүй, хэргийн шийдэлд дүгнэлт өгч шийдвэрийг хүчингүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацааг хуулийн хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн тогтоолоор эцсийн байдлаар шийдэгдсэн. Энэ захирамж гарахдаа тодорхой хэд хэдэн үндэслэлүүдийг харгалзсан байдаг. Тэр ньМ ХХК-иас 2018 онд Б ХХК-д энэ лиценз шилжиж байх явцад 512 дугаар шийдвэрийг биечлэн очиж танилцаж болоогүй юм бэ гэж хандсан байдаг. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр лиценз шилжүүлсэн бүртгэлтэй холбоотой маргаан яваад 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүхийн 415 шийдвэр гаргаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. 2017 оны 512 дугаар шийдвэр ньМ ХХК-д хандсан боловч тухайн үед удирдлагын маргаан байгаад Б ХХК-д шилжүүлэх ажиллагаа шүүх дээр маргаантай байсан. 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 74424 дүгээр албан бичгээр 512 дугаар шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын хариугаар аваад 235 га газрыг эзэмших эрхтэй байна хэмээн анх удаа танилцуулсан байдаг. Тэгэхээр 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн албан тоотын дагуу эрх нь зөрчигдөөд 235 га болсон талбайн хэмжээг мэдээд 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахад талбайн хэмжээ өөрчлөгдсөн байна гэдэг үйл баримтуудыг мэдээд байгаа. Гэхдээ 512 дугаар акттай танилцаагүй байсан юм. 500 га газар байж байгаад 235 га газар болоход илэрцтэй талбай нь 235 га газарт хамаарч байгаа хэсэг ч байгаа, гадна ч үлдсэн хэсэг байгаа. 235 га газар болгохдоо 235 га газарт нөөц байгаа эсэх солбицлын хэсэг байхгүй, тодорхойгүй байсан гэдгийг анхаарч үзнэ үү. 512 дугаар шийдвэрт дагалдаад солбицлын цэг буюу дээд талын Шаазгайтын хэсэг орсон юм уу? ороогүй юм уу гэдэг шийдвэртэй танилцаагүй байсан. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны лицензийн баруун дээд буланд үндсэн орд байгаа. Тэгээд урт нэртэй хуульд нэлээд их хэсэг нь хамаарч байгаа. Энэ ордын хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байгаа. Энэ алтны үнэ өссөн үед маш олон жил хохироод явж байна. Ордыг ашиглах юм бол дээр нь байгаа ой мод, хөрс хөндөгдөхгүй. Зардал гаргаж хайгуул хийсэн байж ашиглаж чадахгүй боллоо. Гол нөөц нь 235 гектарын гадна нь ой модтой хэсэгт орсон. Үүнийгээ л авмаар байгаа юм. Албан ёсны хасалтаа хийсэн байсан. Сүүлд шилжүүлж аваад ашиглах гэтэл гол нөөц нь хасагдсан талбайд орсон гэдгийг мэдээд л асуудал хөндөгдөөд явж байна. Бид нар 235 га газар болсон гэдэг үйл баримтуудыг мэдээд байгаа. 2 компани бие биедээ тусгай зөвшөөрөл зараад байсан зүйл байхгүй. 1 эзэнтэй л компаниуд, 1 эзэнтэй л талбай, хоорондоо шилжүүлсэн. Орон нутаг бэлчээрийн газар гээд тусгай хэрэгцээнд авсан байгаа. Анхнаасаа 500 га газар байсныг нь 50 га болгосон, 235 га газар болгосон. Тэгээд очоод үзэхээр яг гол нөөц нь хасагдсан байна. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг анх 500 га газраар төлдөг байсан. Дараа нь 55 га газар болоод тэр хэмжээгээр төлж байсан. 235 га газар болоод тэр хэмжээгээр төлж байгаа, хэдэн га газраар ч төлөхөд бэлэн. Одоо бид заавал 500 га газар авах гээд байх зүйлгүй. Өөрийн нөөц баталсан хэсгийг аваад зарим хэрэглээгүй газруудыг хасуулна гээд байгаа юм. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа:М ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт орших өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-003246 тоот тусгай зөвшөөрлийн Шаазгайтын гол нэртэй 500.55 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 757 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын М\/-015622 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна.М ХХК 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/28 тоот албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МV-015622 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн тухай хүсэлт ирүүлснийг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр дээрх ашигт малтмалын ашиглалтын МV-015622 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг хүчингүйд тооцож, ашигт малтмалын ашиглалтын MV-15646 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хамт нөхөн олгосон байгаа.

2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож, уг тогтоолд дурдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд ашигт малтмалын ашиглалтын MV-15646 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчилсэн хэлбэрээр хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай 302 тоот шийдвэрээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 194 тоот тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч компанийн ашиглалтын MV-15646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 59.95 гектар болгосон. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-15646 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 235.65 гектар болгосон. Энэхүү шийдвэр нь хуулийн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд тус шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 7/6161 тоот албан бичгээр тус компанид хүргүүлж мэдэгдсэн байгаа.

Б ХХК нь 512 дугаар шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн дурдаад байгаа манай компанид сонсгох ажиллагаа хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 2017 онд 512 дугаар шийдвэрийг гарахад Б ХХК энэ тусгай зөвшөөрөлд хамааралгүй байсан, мэдэгдэх эрх зүйн зохицуулалтМ ХХК-д байсан, уг компани өөрөө 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/26 тоот албан бичгээр н.Баярсайхан гэж хүн тогтоолд нийцүүлээд солбицолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэлт гаргасан, үүний дагуу 2017 оны 512 дугаар шийдвэрээр тогтоолд нийцүүлж солбицолд өөрчлөлт оруулсан шийдвэр гарсан. 512 дугаар шийдвэрийг албан бичгээр мэдэгдсэн. Энэ талаар маргаан үүсгээгүй. Энэ шийдвэрийн талаарМ ХХК мэдэж байгаа. Анх Мориучи ХХК-иас нэхэмжлэгч 2018 оны 1 сард 24 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан. Энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа л 235 га газар л байсан. Гэтэл яагаад 500 га газар байх ёстой гээд маргаад байгаа юм бэ? Шилжүүлж авсан газар чинь л 235 га газар шүү дээ. Иймд Б ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол 2017 оны 512 дугаар шийдвэрээр хөндөгдөхгүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 235 га талбайгаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан. 500 га талбайгаар төлж байгаагүй.

Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг үндэслэсэн. Тус компанийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Дархан уул аймгийн Шарын гол сумын 235 га талбайг шилжүүлэх хүсэлтийн дагуу 24 дүгээр шийдвэр гарсан. Шийдвэртээ хүртэл 235 га талбай зааж өгсөн, шийдвэр, шийдвэрийг мэдэгдсэн албан бичигт солбицлыг заасан ба энэ талаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, шилжүүлсэн аль аль тал мэдэж байсан. Дээрээс нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд талбайн зураг гэж 2 хувь зураг байдаг. Үүнд солбицлыг га газартай нь бичдэг. Шийдвэр нь 2018 оны 1 дүгээр сард гарч байхаа болохоос биш шилжүүлэх процесс нь сар гаран явж байгаа. 2 компанийн захирал нь 2017 оны 512 дугаар шийдвэрээр 235 га газар гэдгийг аль аль тал нь мэдэж байсан атлаа одоо 500 га газар авах гээд маргах эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байгаа. Мөн төрийн захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байгаа. Хуучин 500 га газар байхад голоор нь усан сан явсан байдаг. Энэ нь 2 тусгай зөвшөөрөл болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч талын л зөв юм шиг байна. нэг эзэнтэй байсан юм байна. Аль аль талдаа талбайгаа мэдэж байсан л гэж үзэж байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу зохих өөрчлөлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрөл бүхий 500,55 гектар талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолтой давхцаагүй хэсгийг буцаан олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үйл баримтын хувьд Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт орших Шаазгайтын гол нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-003246 дугаар тусгай зөвшөөрлийн 500.55 гектар талбайд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 757 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-015622 дугаар /MV-15646 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлснээр 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр нөхөн олгосон/ тусгай зөвшөөрлийгМ ХХК-д олгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарах гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-15646 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн давхцсан үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 302 дугаар шийдвэрээр талбайн солбицолд өөрчлөлт оруулснаар талбайн хэмжээ 59.95 гектар болж, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулснаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр давхцалгүй хэсгийг буцаан олгож талбайн солбицолд дахин өөрчлөлт оруулж, ашигт малтмалын ашиглалтын MV-15646 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 235.65 гектар болжээ.

Ийнхүү Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон солбицлын дагуу талбайн хэмжээ, байршилд солбицлын дагуу өөрчлөлт оруулах тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчМ ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/26 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээр Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр талбайн солбицолд өөрчлөлт оруулж булангийн 70 цэг бүхий 235.65 гектар талбайн солбицлыг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлтээр солбицолд өөрчлөлт оруулжээ.

Ашигт малтмалын ашиглалтын MV-15646 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээ 235.65 гектар болгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг мөн өдрийн 7/6161 тоот албан бичгээр 235.65 гектар талбайн солбицлыг зааж тусгай зөвшөөрөл эзэмшигчМ ХХК-д мэдэгдсэн, уг албан бичгийн эхний нүүрийн доод хэсэгт 2017 оны 8 дугаар сарын 28-нд 1, 2 дугаар хавсралт, нүүр 1 хүлээн авлаа. гэсэн тэмдэглэлийг гараар бичиж гарын үсэг зурснаар[1] тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайн солбицол бүхий мэдэгдлийг хүлээн авчээ.

2010 ондМ ХХК-д олгогдсон MV-15646 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтаас үзвэл 1 дүгээр хавсралтад 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлснийг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолыг үндэслэн солбицолд өөрчлөлт оруулсныг 8 дугаар сарын 28-нд, 2018 оны 1 дүгээр сарын 05-нд тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 24 тоот шийдвэрээр Б ХХК-д шилжүүлснийг, 2018 оны 7 дугаар сарын 09-нд тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлснийг тэмдэглэсэн, 2 дугаар хавсралтад 2013 оны 7 дугаар сарын 09-ни өдрийн 302 дугаар шийдвэрээр 56.95 гектар талбайн солбицлыг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр 235.65 гектар талбайн булангийн 70 цэг бүхий солбицлыг 8 дугаар сарын 28-нд Д.Мягмарсүрэн тэмдэглэж, гарын үсэг, Кадастрын хэлтсийн тэмдгээр баталгаажуулсан байна.

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь хавсралтгүй бол хүчингүй, мөн хавсралт нь тусгай зөвшөөрлийн салшгүй хэсэг, гэрчилгээний хавсралтад тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн, хугацаа сунгуулсан, талбайн хэмжээ өөрчлөгдсөн, тусгай зөвшөөрөл шилжсэн гэх мэт тусгай зөвшөөрлийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг тухай бүр ямар шийдвэрээр ямар өөрчлөлт орсон тухай бүхий л мэдээллийг шийдвэр гарсан тухай бүр тэмдэглэж, Кадастрын хэлтсийн тэмдэг, гарын үсгээр баталгаажуулдаг, тусгай зөвшөөрлийн хуулбар, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт нь уурхайд байлгах баримт бичгийн бүрдэлд ордог. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээгээр тооцож жил бүр төлдөг.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг 235.65 гектар болсон гэдэг үйл баримтыг мэдэж байгаа ч 235.65 гектар болгосон 2017 оны 512 дугаар шийдвэрийг гардан авснаар талбайн солбицлоор нөөц тогтоогдсон талбай ороогүйг мэдсэн гэх маргаж буй үндэслэл няцаагдаж байна. Тодруулбал маргаж буй 2017 оны 512 дугаар шийдвэрээр талбайн солбицлыг 235.65 гектар болгож булангийн 70 цэгээр солбицлыг тогтоосон талаарх мэдэгдлийг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад талбайн хэмжээ, солбицол, ямар шийдвэрээр өөрчлөлт орсон мэдээллийг Кадастрын хэлтэс 2017 оны 8 дугаар сарын 28-нд тэмдэглэж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулснаар гардан авсан үйл баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтын хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид хадгалагддаг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ солбицол бүхий хавсралтын хамт хүчинтэй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт нь уурхайд байлгах баримт бичгийн бүрдэлд ордог хуулийн шаардлагаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчМ ХХК Кадастрын хэлстийн даргын 2017 оны 512 дугаар шийдвэрийг гардан аваагүй гэх, гардан аваагүйгээс тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн байршил, нөөц тогтоогдсон талбай орсон эсэхийг мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Моручи ХХК тусгай зөвшөөрлийг толгой компани болох Б ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргаж тусгай зөвшөөрлийг шилжүүлэх TR-008778 дугаартай өргөдөл, шилжүүлэхийг хүссэн тусгай зөвшөөрлийн баримт бичгүүд, тухайлбал талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг буулгасан шилжүүлж буй талбайн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн кадастрын зураг[2] 2 хувь, нөөцийн дэвсгэр зураг, тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч хуулийн этгээдийн гаргасан зөвшөөрлийн нотолгоо, тусгай зөвшөөрлийг шилжүүлж буй болон шилжүүлэн авч хуулийн этгээдүүдийн тодорхойлолт, тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ, 2 хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэргийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг Б ХХК-д шилжүүлснийг бүртгэж, 1 дүгээр сарын 08-ны өдөр 7/105 тоот албан бичгээр шилжүүлснийг бүртгэсэн талаар Б ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдэлд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн булангийн цэгүүд хэвээр болохыг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэгээ хийснийг тусгасан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад тусгай зөвшөөрлийн нүүр, хавсралт 4 хуудас, шийдвэрийн мэдэгдэл хүлээн авлаа гэж гараар бичиж гарын үсэг зурж, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг тэмдэглэсэн 1 дүгээр хавсралт, солбицол бүхий 2 дугаар хавсралтыг хүлээн авчээ.

Иймд нэхэмжлэгч Б ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг гардуулаагүй хэмээн маргаж, уг шийдвэрээр өөрчлөлт орсон талбайн байршлын солбицлыг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 7/4424 тоот албан бичгээр мэдсэн хэмээн маргаж буй нь няцаагдаж байна.

Түүнчлэн 2017 оны 512 дугаар шийдвэрээр талбайн солбицлыг тогтоох үед Б ХХК тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байсан тул солбицол тогтоосон шийдвэрийг түүнд гардуулах үүрэг төрийн захиргааны байгууллага хүлээхгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчМ ХХК-д 2017 оны 512 дугаар шийдвэрээр талбайн солбицол хэрхэн тогтсон, нөөц бодогдсон талбай нь багтсан эсэх мэдээлэл буюу уурхайн талбайн булангийн цэгийн координатын мэдээлэл бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, солбицол заасан хавсралт байсан, цаашлаад уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавих акт үйлдэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь талбайн солбицлыг тогтоосон 2017 оны 512 дугаар шийдвэртэй маргаагүй, тухайн солбицол бүхий талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрлийг толгой компанидаа шилжүүлэх хүсэлт гаргасан толгой компани шилжүүлэн авсан байх тул солбицол тогтоосон 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрх Б ХХК-д үүсэхгүй.

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзвэл маргаанд хамаарах тусгай зөвшөөрлийн өмнөх эзэмшигчМ ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр С.Загдаа, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр З.Сүмбэр бүртгэгдсэн, нэхэмжлэгч Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр З.Сүмбэр, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр З.Сүмбэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр З.Сүмбэр, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А.Цэнд-Аюуш, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр З.Сүмбэр бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор талбайн солбицолд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан, маргаж буй 2017 оны 512 дугаар шийдвэрээр талбайн солбицлыг 235.65 гектар болгож тогтоосон үед, энэ талаарх мэдэгдлийг гардан авсан 2017 оны 8 дугаар сарын 28-нд, мөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт гарган шийдвэрлүүлэх үед ч 2 хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 1 хүн байжээ.

Б ХХК тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсны 5 сарын дараа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор солбицолд өөрчлөлт оруулахаар албан тоот хүргүүлэхэд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр талбайн солбицолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Засгийн газрын 289 дүгээр тогтоолд заасан хүрээ хязгаараар биш буруу тодорхойлж манай компанийн нөөц бодогдсон талбай олгогдоогүй, 512 шийдвэрийг хүчингүй болгож, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын хүрээнд талбайн солбицлыг дахин тогтоож өгнө үү гэх хүсэлт гаргаж, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 7/4424 тоот албан бичгээр талбайн солбицлыг 2017 оны 512 дугаар шийдвэрээр гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалгүй хэсэгт өөрчлөлт оруулсан байна. Иймд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд Б ХХК-ийн гаргасан хүсэлтэд тодорхой хариу өгсөн байх тул ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу зохих өөрчлөлт оруулахгүй байгаа хууль бус гэж үзэх хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Б ХХК ньМ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг тогтоохдоо Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицлыг буруу тодорхойлсноос, нөөц бодогдсон талбай олгогдоогүй гэж маргах бөгөөд үүнийгээ Шаазгайт талбайн нөөц бодогдсон ихэнх хэсэг ойн сан бүхий газрын хилийн заагт орсон, бодит байдал дээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгох боломжтой, далд аргаар алт олборлох техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан хөрсөн дээрх ой модыг хөндөхгүйгээр доогуур нь далд аргаар олборлолт явуулна гэх байдлаар тайлбарладаг.

Эндээс 2 асуудал үүсч байна. 1/ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хууль тогтоогч гаргаж, уг хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрыг Засгийн газар солбицлын тоон утгаар тогтоож, энэ солбицлын тоон утгаар талбайн зураглал кадастрын мэдээллийн санд бүртгэгдэнэ. Засгийн газар өмнө нь тогтоосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагт 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж, дээрх хуулийн дагуу ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаанаас хамгаалагдах гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицлыг тогтоосон, солбицлын энэ тоон утгаар хилийн заагийн булангийн цэгүүд тодорхойлогдож, кадастрын мэдээллийн санд зурган хэлбэрээр хөрвүүлж бүртгэгдсэн.

Нэхэмжлэгч нь ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаанаас хамгаалагдах гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон Засгийн газрын шийдвэртэй маргаагүй атал солбицлын тоон утгыг мэдээллийн санд зурган хэлбэрээр хөрвүүлж бүртгэсэн үйл ажиллагаанд солбицлыг буруу тодорхойлсон гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын нэгжийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

2/ Ойн сан бүхий газрын хилийн заагт орсон талбайд далд аргаар алт олборлох техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан, хөрсөн дээрх ой модыг хөндөхгүй гэж шаардлагын үндэслэлээ болгон тайлбарладаг ч Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагт давхцалтай үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдох талбайн солбицлыг өөрчлөн тогтоосон шийдвэрийг хууль бус хэмээн хүчингүй болгуулахаар маргаж буй энэ хэрэгт хамааралгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Шаазгайтын гол нэртэй талбайд 2010 онд хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд ойн сан бүхий газарт орж буй талбайг хасаад үлдсэн талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэснийг энд дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолд заагдсан усан сан болон ойн сан бүхий газрын хилийн заагийг зурж хавсралтаар тогтоохдоо 289 дүгээр тогтоолоор хамгаалахаар зорьж буй ойн сан бүхий газрын солбицлын дагуу хилийн зааг зөв зурагдсан эсэх, техник эдийн засгийн үндэслэл нь хөрсөн дээрх ойн сан бүхий газрын байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх нөхцөл байдлыг шинжээч томилж тогтоолгох хүсэлтийг шүүх Засгийн газрын тогтоолоор хамгаалахаар зорьж буй усан сан, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицлыг мэдээллийн санд зөв оруулсан эсэх нь хариуцагч Кадастрын хэлтсийн үйл ажиллагаанд хамааралгүй, Засгийн газрын тогтоолоор ойн сан бүхий газраар баталсан бол олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй тул олборлолт явуулах нь ойн сан бүхий газрын байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тодруулах нь энэ хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийн ирээдүйд гаргах нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх тодруулах үүрэггүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгосон байдаг.

Нэхэмжлэгч Б ХХК нь Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр талбайн солбицолд өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усан сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг буруу тодорхойлж, нөөц бодогдсон талбайг олгоогүй гэж маргахдаа Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор олгох ёстой байсан газар хэмээн зураг үйлдэж ирүүлсэн[3], уг зураг нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайн 235,65 гектараас гадна Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий хэмээн тэмдэглэгдсэн тусгай зөвшөөрлийн талбайн догол хэсэгт байгаа зөв биш хэмжээтэй газар болон талбайн хойд хэсэгт байх ойн сан бүхий газар, мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай, тэр хэсэгт нөөц бодогдсон гол орд байгаа хэмээн тэмдэглэжээ. Мөн хүчин төгөлдөр 235.65 гектар талбайн буюу үндсэн ордын байршлын агаарын зургийг[4] ирүүлсэн, уг зурагт ч мөн адил ойн сан бүхий газар тодорхой харагддаг. Харин талбайн зүүн хэсэг дэх гол мөрний урсаж бүрэлдэх эх, усан сан бүхий газар давхцсан хэсгийг олгогдох ёстой хэмээн маргаагүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн Шаазгайтын алтны үндсэн ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, Шаазгайтын алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд авагдсан геологи-ашигт малтмалын зургаар[5] үндсэн орд, илрэлүүд нь олон хөтлийн даваанаас дээш ойн сан бүхий хэмээн ашигт малтмал олборлохыг хориглосон талбайтай давхцалтай хэсэгт, шороон орд болон илрэлүүд нь Шаазгайтын ам хэмээх ашигт малтмал олборлохыг хориглосон усан сан бүхий газартай давхцалтай хэсэгт, уурхайн ерөнхий дэвсгэр зургаар[6] талбайн хойд хэсэгт хайгуул хийсэн цооног, цэглэн сорьц авсан хэсэг, хэвтээ ам бүхий талбай байх бөгөөд энэ нь ойн сан бүхий хэмээн ашигт малтмал олборлохыг хориглосон талбайтай давхцалтай хэсэгт байрлажээ. Кадастрын хэлтсээс анх олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хориглосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, 2015 оны 289 дүгээр тогтоолоор хориглосон усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн талбай, 2017 оны 512 дугаар шийдвэрээр өөрчлөлт орсон 235.65 гектар талбайтай давхцуулан өнгөөр ялгаж ирүүлсэн[7] байна.

Шаазгайтын алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн уурхайн ерөнхий дэвсгэр зургийг Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор хориглосон усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн талбай, 2017 оны 512 дугаар шийдвэрээр өөрчлөлт орсон 235.65 гектар талбайтай давхцуулан өнгөөр ялгаж үйлдсэн зургаар[8] талбайн хойд хэсгийн ойн сан бүхий хэмээн хасагдсан талбайд цэгэн сорьц авсан цооног, сувгууд оржээ.

Иймд Засгийн газрын тогтоолоор ойн сан бүхий газраар тогтоож, ашигт малтмал олборлохыг хориглосон талбайтай давхцалтай, олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрөл бүхий 500,55 гектар талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолтой давхцаагүй хэсгийг буцаан олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн талбай орших Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар тогтоолоор Шаазгайт гэх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 15 жилээр авсан нь кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр талбайн хойд хэсэгт ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд багтаж хасагдсан хэсэгт давхцсан, Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Олон хөтөл даваа, Дархан хөтөл даваа гэх газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр талбайн голын догол хэсэг, зүүн хэсэгт усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд багтаж хасагдсан хэсэгт давхцалтай[9] байна.

Нэхэмжлэгч Б ХХК нөөц бодогдсон талбайд хамаарах Шаазгайт гэх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар тогтоолын давхцалтай хэсэгт холбогдуулан шүүхэд маргасан ч Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 528 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 18-ны 16 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрхээс дүгнээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.19-д заасан чиг үүргийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.19, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу зохих өөрчлөлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MV-0156** дугаар тусгай зөвшөөрөл бүхий 500,55 гектар талбайн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолтой давхцаагүй хэсгийг буцаан олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 125 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 144 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 33 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 180 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 175 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 176-177 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 178 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 208 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 207, 209 дүгээр хуудас