Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02260 дугаар шийдвэртэй, Я.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 261 528 293 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.Б,

Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Сарнай,

Хариуцагч С.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Алтангадас

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Б нь С.Ад мөнгө хэрэгтэй байна, зээлээч гээд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өөрийн Худалдаа хөгжпийн банкны 499228165 тоот ам.долларын дансаа барьцаалан зээл авч 36 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй ам.доллараар буцаан төлөхөөр тохиролцон зээлүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин мөнгө хэрэгтэй байна 60 000 000 төгрөг зээлээч гээд, 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй нэмж зээл авч баримт үйлдсэн.

С.А нь 36 000 ам.долларын гэрээг 2015 оны 7 дугаар сарын 22, 2016 оны 1 дүгээр сарын 22, 2017 оны 1 дүгээр сарын 22, 2017 оны 7 дугаар сарын 22 хүртэл нийт 4 удаагийн сунгалт хийсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс сар бүрийн хүү 1440 ам.долларыг 2015 оны 6 дугаар сарын 30 хүртэл 8 сарын хүүг төлсөн. Үндсэн зээлээс нэг төгрөг ч төлөөгүй. Хүүтэй нь бүгдийг төлчихнө, гэрээгээ сунгаад хүлээж байгаач, нэг мөр гэрээнийхээ тооцоог дуусгая гэсээр олон удаа сунгуулж хүлээлгэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тооцоо нийлж, С.Агийн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн дүн 60 480 ам.доллар болсон.

Зээлийн гэрээний хугацаа дуусах 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 7 сарын хүү буюу 1440$*7=10.080 ам.доллар, нийт 70.560 ам.доллар болж байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.доллар 2466 төгрөг байх ханшийн лавлагаагаар 70 560 ам.доллар буюу нийт 174 000 960 төгрөгийг С.А төлөх ёстой. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 60 000 000 төгрөг зээлдүүлсэн гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаа гэрээг сунгасан бөгөөд гэрээний хугацаанд дутуу төлж нийт 11 сарын хүү төлсөн. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тооцоо нийлэх үеэр зарим сард хүүд төлсөн мөнгийг үндсэн мөнгөнөөс хасуулах хүсэлт тавьж, үндсэн зээлээс хасч тооцон хүүд өөрчлөлт орж багасган тооцоо нийлэхэд 48 000 000 төгрөгийн үндсэн зээл, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хүү 29 927 333 төгрөг болж нийт 77 927 333 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Одоо гэрээний хугацаа дуусах 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 5 сарын хүү 1 920 000*5=9 600 000 төгрөг нийт тус гэрээгээр 87 527 333 төгрөгийг төлөх ёстой. Тооцоо нийлсэн өдрөөс хойш нэг ч төлөлт хийхгүй байгаа тул С.Агаас 2 зээлийн гэрээний төлөх ёстой дүн буюу нийт 261 528 293 төгрөгийг нэхэмжилнэ. 2015 оны 7 дугаар сар хүртэл С.А зээлийн хүүг хугацаанд нь тогтмол төлж байсан. Түүнээс хойш төлөлт саатаж давхар санхүүгийн хүнд байдалд орж байна. Иймд төлөгдөөгүй үндсэн зээл болон хүүг яаралтай барагдуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Боос 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 36 000 ам.долларыг, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 60 000 000 төгрөгийг тус тус тодорхой хугацаагаар зээлсэн. Зээлийн 36 000 ам.долларыг Монголбанкны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ханш 1 852,67 төгрөгөөр хөрвүүлэхэд 66 696 120 төгрөг болдог. Энэ зээлээс 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сар бүр 1 440 ам.доллар буюу 2 869 473,60 төгрөг, нийт 28 018 915,20 төгрөг төлсөн ба үлдэгдэл 38 677 204,80 төгрөг болоод байна.

Я.Боос 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлсэн 60 000 000 төгрөгөөс нийт 33 440 000 төгрөгийг төлсөн бөгөөд уг зээлийн үлдэгдэл 26 560 000 төгрөг болсон. Нийт авсан 126 696 120 төгрөгийн зээлээс 61 458 915,20 төгрөгийг буцаан төлсөн. Төлөгдөөгүй зээлийн нийт үлдэгдэл нь 65 237 204,80 төгрөг болох тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Агаас 104 632 840 төгрөгийг гаргуулж Я.Бт олгож, нэхэмжлэгчийн 156 895 453 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 681 114 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн төлсөн 1 465 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талууд 36 000 ам.долларын зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 22, 2016 оны 01 дүгээр сарын 22, 2017 оны 01 дүгээр сарын 22, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 4 удаа сунгалт хийсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс ар бүр хүү болох 1 440 ам.долларыг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, нийт 8 сарын 11 580 ам.долларыг төлсөн байна. 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаа хугацааг сунгаж, энэ зээлд 34 040 000 төгрөгийг төлсөн байна. Буцаан төлсөн нийт дүн дээр талууд маргахгүй байна. Зээлийн гэрээг талууд гараар бичиж хийжээ”, “2014 оны 04 дүгээр сарын 22-нд Я.Боос 36 000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авав”, “2014 оны 10 дугаар сарын 27-нд С.А нь Я.Боос 60 000 000 өтгрөгийг 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаа зээлж авав, хүүг сар бүрийн 27-нд төлнө” гээд зээлдэгч, зээлдүүлэгч нар гарын үсгээ зурсан байна. Гэрээг бичгээр хийгдсэн гэж үзнэ. Харин 36 000 ам.долларын зээлийн гэрээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 22, 2016 оны 01 дүгээр сарын 22, 2017 оны 01 дүгээр сарын 22, 2017 оны 07 дугаар сарын 22-ны хүртэл нийт 4 удаа, 60 000 000 төгрөг зээлийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаа сунгасан гэж талууд гарын үсгийг зурсан боловч ямар нэгэн он өдөргүй, хэдийд энэ сунгалтыг хийсэн, хэдий хугацаатай сунгасан нь тодорхойгүй, 2016 оны 11 дүгээр сарын 01 хүртэл сунгав гэснээс үзэхэд энэ хооронд 2 жил шахам хугацаа өнгөрсөн байх бөгөөд гэрээний хугацаа дуусмагц сунгаагүй байж болохоор байна. Иймд гэрээг сунгагдсан гэж үзэж, хүү төлүүлэх үндэслэлгүй байна” гэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Учир нь шүүгч энэхүү гэрээг бичгээр хийсэн, талууд гарын үсэг зурсан байна гэсэн нь энэхүү гэрээг бүхэлд нь буюу ямар нэгэн зөрчилгүй зээлийн гэрээ гэж бүрэн зөвшөөрсөн атлаа гэрээнүүдийн сунгалтыг талууд гарын үсэг зурж, баталгаажуулан, сунгалтын он сарыг тавьсан байхад сунгалт хийсэн гэж үзэхгүй байгаа нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Хариуцагч өөрөө гэрээн дээр сунгалт хийсэн хэсгүүд дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан, хүлээн зөвшөөрсөн байна. Иймд 36 000 ам.долларын гэрээний 4 удаагийн сунгалт, 60 000 000 төгрөгийн зээлийн 2 удаагийн сунгалтыг хууль зүйн бүрэн үндэслэлтэй, талуудын гарын үсгээр баталгаажсан гэрээний сунгалт гэж үзэж байгаа учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  /татгалзсан учир шаардлагагүй байх/

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Я.Боос 2014 оны 10 дугаар сарын 22-нд 36 000 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 27-нд 60 000 000 төгрөг зээлсэн. Өнгөрсөн хугацаанд ам.долларын зээлээс нийт 11 580 ам.доллар төлж 24 420 ам.доллар, харин 60 000 000 төгрөгийн зээлд 34 040 000 төгрөг төлж, 28 960 000 төгрөг тус тус үлдсэн. Зээлийн гэрээ талуудын хооронд нэгэнт байгуулагдаагүй болохоор Я.Б нь зээлийн хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан тооцооны баримтуудыг зээлийн гэрээнд тооцсон шүүхийн илт хууль бус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Я.Бмаад төлөх 24 420 ам.долларын зээлийн үлдэгдлийг төгрөгөөр биш, ам.доллараар төлнө. Монголбанк 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ам.доллларын ханшийг 2 463 төгрөгөөр зарласан байгаа. Иймд хариуцагчаас 28 960 000 төгрөг, 24 420 ам.доллар гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч С.Ад холбогдуулан зээлийн төлбөрт 261 528 293 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаагүй, хугацааг сунгаагүй, зээлийн үүргийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч С.А нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 36 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг ам.доллараар авах, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү төлөх нөхцлөөр зээлсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байгааг шүүх зөв дүгнэсэн байна. /хх6, 11/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

Хариуцагчийн хувьд төлбөр төлөх хугацааг сунгасан талаар бичгээр баримт үйлдэж, зохигчид гарын үсэг зурж баталгаажуулсныг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ сунгах хүсэл зоригоо илэрхийлж, дурдсан хугацаагаар зээлийн гэрээг сунгагдсан гэж үзнэ. Иймд хариуцагчид шүүхийн шийдвэрт заагдсан 104 632 840 төгрөгөөс илүү хэмжээний үүрэг үүссэн байх боловч нэхэмжлэгч давж заалдах гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд хариуцагчийн гомдлын хүрээгээр хязгаарлан, нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй асуудлаар буюу нэхэмжлэлээр хангасан дүнг өөрчлөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хариуцагч С.Агаас зээлийн гэрээний үүрэгт 104 632 840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 156 895 453 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА